Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0614/З |
Дугаар | 221/МА2018/0632 |
Огноо | 2018-12-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0632
2018 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2018/0632 | Улаанбаатар хот |
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.У, хариуцагч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0681 дүгээр шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Б, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0681 дүгээр шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Г” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Б, Б.Н нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 250022755 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал О.У давж заалдах гомдолдоо: “...Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалын 1 дэх хавсралтаар “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2 дахь хавсралтаар “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг бичих загвар” нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3 дахь заалтыг зөрчсөн, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байхад шүүгч Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй гэж үзэн хамгийн чухал нотлох баримтыг маш буруу дүгнэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн 100 дугаар тогтоолын 3.3-д “хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “…Үндсэн …үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлого…” гэдэгт татвар төлөгч хэд хэдэн чиглэл, үйл ажиллагаагаар орлого олж байгаа тохиолдолд анх улсын бүртгэлд Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангилалд аль салбарын ямар үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг эрхлэхээр бүртгүүлсэн, түүнээсээ олсон орлогыг “үндсэн” гэж тооцно” гэж тайлбарласан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн олсон орлогод татвар ногдуулах зарчимд нийцэж байгаа юм. Манай компанийг үнэхээр 245.272.760,0 төгрөгийн албан татвар төлөх хэмжээний орлого очихоод татвар төлөхгүй нуусан юм уу, эсхүл бодит бусаар тайлагнаж, хий бичилт хийсэн юм уу, ер нь яг хэдэн төгрөгийн орлого бодитоор олсон юм гэдгийг нь тогтоогоогүй, тогтоохыг хүсээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт дурдсан хуулийн зүйл, заалтуудын нэгд нь ч ач холбогдол өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг харин нэхэмжлэгчийн эсрэг хандуулж хэт нэг талыг барьсан, шударга ёсонд нийцэхгүй, мэргэшсэн бус алдаатай шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
“Сэлэнгийн төгөл” ХХК-ийн 7430853 дугаартай падааны ажил гүйлгээ нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны санхүүгийн баримтаар бүрэн нотлогдож байхад шүүгч хайхарч үзэлгүй шийдвэр гаргасан. Тухайн баримт нь бүх талаараа 2 шатны маргаан таслах зөвлөлийн тогтоол, анхан шатны баримт, холбогдох хуулийн заалтаар актын нөхөн татвараас хасагдах учиртай.
Хариуцагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн тул нөхөн татвар төлөх ёстой гэдэг. Гэтэл уг хуулийн заалт нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан хуулиар 14.5 дахь заалт болж өөрчлөгдөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон. Өөрөөр хэлбэл нэгэнт хүчингүй болж өөрчлөгдсөн тухайн хуулийн заалт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэх ёсгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Гантөмөр, Б.Н нар нь “Г” ХХК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтөд хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн нийт 1.226.363,6 мянган төгрөгийн зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар 250038 дугаартай дүгнэлтийг[1] гаргасан байна.
Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдийн 09 дугаартай прокурорын тогтоолоор[2] О.У-т холбогдох эрүүгийн 2014250007284 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, Б.Н нар “Г” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хийж, 250022755 дугаар актаар[3] “Г” ХХК нь “Икс Ди Эф” ХХК, “Ти Эн Энд Юу” ХХК, “Сэлэнгийн төгөл” ХХК-иудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч татварт тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн 2.452.727.600,0 мянган төгрөгийн зөрчилд 245.272.760,0 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан байна.
Уг татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаар тогтоолоор[4] “Г” ХХК нь “Сэлэнгийн төгөл” ХХК-ийн 7430853 дугаар падаанаар 84.545.400,0 төгрөгийн худалдан авалтыг хасалт хийсэнд нөхөн татвар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөрчсөн гэж үзэн актаар 245.272.720,0 төлбөр ноогдуулснаас 131.090.900,0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 114.181.820,0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор[5] Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь “Сэлэнгийн төгөл” ХХК-ийн 7430853 дугаар падаанаар 84.545.400,0 төгрөгийн худалдан авалтын хасалтад хамаарахаар байна гэж үзэн хариуцагч нарын 2016 оны 250022755 дугаар актаар ногдуулсан 245.272.720,0 төгрөгийн нөхөн татвараас 169.090.800,0 төгрөгийн зөрчилд ногдох 16.909.080,0 төгрөгийн нөхөн татварыг хасч, 2.283.636.400,0 төгрөгийн зөрчилд ногдох 228.363.640,0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчилсөн байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь анхан шатны шүүхэд маргаан бүхий актыг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 250022755 дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгч нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж, батлан мөрдөөгүй, анхан шатны холбогдох баримтгүй гүйлгээг дансанд бичиж, бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэр бүхий компаниудаас бодитоор худалдан авалт хийж, татварын тайландаа хасагдах зардлаар тооцон төлбөл зохих албан татварыг бууруулсан гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ “Г” ХХК-ийн захирал О.У нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...2012 онд манай компани тендерт оролцохоор төлөвлөсөн бөгөөд компанийн борлуулалтын орлого хүрэхгүй байсан учраас нэр бүхий компаниудаас худалдан авалт хийж, борлуулсан мэтээр өсгөж тайлагнасан зүйл байгаа. Түүнээс бодитоор бараа, материал борлуулаад төлбөр, тооцоо авсан зүйл байхгүй...” гэх тайлбараар давхар нотлогдож байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.
Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж тус тус заажээ.
“Г” ХХК нь худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.
Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих...”, 34.2-т “татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаас үзэхэд акт, дүгнэлт аль аль нь татварын хяналт шалгалтын үр дүнд бичигдэх бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1-д зааснаар татварын улсын байцаагч нь татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх эрхгүй.
Харин хариуцагч татварын улсын байцаагч нар нь дахин хяналт шалгалт хийлгүйгээр өмнөх дүгнэлт гаргах үндэслэл болсон баримтууд дээр тулгуурлан, хариуцлага ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” /энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ гэж заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ болон давж заалдах гомдолдоо дурдсан 2014 оны 14/04 дүгээр “Хяналт, шалгалт хийх ажлын удирдамж”, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалыг захиргааны хэм хэмжээний актын нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй талаар зөв дүгнэлт хийжээ.
Тодруулбал, удирдамж нь эрх бүхий албан тушаалтнаас улсын байцаагчид хяналт шалгалт явуулах бүрэн эрхийг нээсэн буюу байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулсан дотогш чиглэсэн баримт бичиг байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “хариуцагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн... гэх боловч уг хуулийн заалт нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан хуулиар 14.5 дахь заалт болж өөрлөгдсөн... хүчингүй болж өөрчлөгдсөн тухайн хуулийн заалт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэх ёсгүй” гэж дурдсан ч татварын улсын байцаагч нарын хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн хугацаа буюу 2010-2012 онуудад үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтыг хэрэглэсэн нь зөв байх тул уг гомдлыг хүлээн авах үндэсгүй байна.
Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 15 дугаар тогтоолоор 169.090.800,0 төгрөгийн зөрчилд ногдох 16.909.080,0 төгрөгийн нөхөн татварыг хасч, хариуцагч татварын улсын байцаагч нарын 250022755 дугаар актаар ногдуулсан нөхөн татварыг 228.363.040,0 төгрөг болгож бууруулсан байхад шүүх маргаан бүхий актын уг холбогдох хэсгийг дахин хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.
Зүй нь нэхэмжлэгч компани урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах үед эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь холбогдох хэсгийг өөрчилсөн тохиолдолд тухайн хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, үр дагаваргүй болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг-141 дүгээр хуудас
[2] Хавтаст хэрэг-16 дугаар хуудас
[3] Хавтаст хэрэг-13 дугаар хуудас
[4] Хавтаст хэрэг-80 дугаар хуудас
[5] Хавтаст хэрэг-12 дугаар хуудас