Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01856

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01856

 

 

 

 

 

 

 

2022 10 05 210/МА2022/01856

 

 

А.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03397 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ш-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, 111111 хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, 111111 тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн дугаарт бүртгэгдсэн газрын хууль ёсны эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М.Ш-тай харилцан тохиролцож Нийслэлийн 111111 тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай газар дээр хамтран малын түүхий эд, мах боловсруулах зориулалттай барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон. Уг барилга байгууламжуудыг барьж дуусгаад хамтран ажиллах, ашиг хуваах тул өөрийн эзэмшил, өмчлөлд байсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газар болон Ч- ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагчид худалдахаар харилцан тохиролцсон.

Газар болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төлбөрт 30,000,000 төгрөг, Ч- ХХК-ийн хувьцаа болон эрх шилжүүлэх төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг авахаар тохирсон боловч хариуцагч нь уг төлбөрийг шилжүүлээгүй. Шинээр үл хөдлөх эд хөрөнгө нэмж барихад хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй.

111111 тоот хаягт байрлалтай газар дээр хийсэн хөрөнгө оруулалт нь нийт 1 тэрбум орчим төгрөг болсон. Үүнд хариуцагч нь хөрөнгө оруулалт хийгээгүй, үргэлж нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг барилгын ажилд зарцуулж байсан атлаа өөрийн хөрөнгийг зарцуулсан гэж тайлбарладаг.

Хариуцагчид барилга байгууламж барихад шаардлагатай мөнгө гаргахгүй байгаа талаар хэлж, хамтран ажиллах хураамж гаргахыг шаардахад Одоо энэ бүх хөрөнгө нь байгуулсан гэрээний дагуу миний эд хөрөнгө болсон тул та нартай хамтарч ажиллахгүй гээд маргаан үүсгэж эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компани худалдах худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчээр тогтоолгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан 111111 тоот хаягт байрлах, 000671802 дугаартай гэрчилгээ бүхий Т-000000дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг зохих хуулийн дагуу гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан учраас гэрээнээс татгалзах боломжгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг бүрэн биелэгдэж дуусгавар болсон байх тул татгалзах тухай ойлголт байх боломжгүй.

Би нэхэмжлэгчээс 111111 тоот хаягт байрлах, 1801810962 нэгж талбайн дугаартай 9992 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай Э-000000 эрхийн бүртгэлийн дугаартай Иргэний газар эзэмших эрхийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан. Гэвч худалдагч тал газрын бүртгэлийг хийлгүүлэхгүйгээр газрын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийлгэж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байна.

Ч- ХХК-ийн А.А-гаас худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, түүний дагуу хүлээсэн үүрэг болох 1,000,000 төгрөгийг А.А-н хамтран амьдрагч болох БНХАУ-ын иргэн Ц--ийн Хаан банкны 5025862200 тоот данс руу 1,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Тиймээс гэрээний дагуу төлбөр тооцоог огт төлөөгүй гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ш-т холбогдох 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, 111111 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, 111111 тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн дугаарт бүртгэгдсэн газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 453,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-гаас орчуулгын зардалд 320,000 төгрөгийг гаргуулж, Элит хонгор ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа нэгдүгээрт, хариуцагч нь байгуулсан гэрээний үүрэг биелүүлээгүй буюу төлбөр төлөөгүй; хоёрдугаарт, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй буюу шаардлагатай хөрөнгө мөнгө гаргаагүй гэсэн үндэслэл илэрхийлж нэхэмжилсэн бөгөөд шүүх зөвхөн нэг дэх үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.а. Хэрэв шүүх талуудын хооронд худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн бол 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бичигдсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн аль нь болох талаар дүгнэлт хийх шаардлагатай байсан. Мөн нэхэмжлэгч А.А- нь өөрийн хууль ёсоор өмчилбөл зохих эд хөрөнгийг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн хувьд шүүх нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилгоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Иймээс шүүх 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол түүний үр дагавар болох өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.

4.б. Нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай хамтран ажиллаж тэнцүү хэмжээгээр хөрөнгө гаргаж үйлдвэрийн зориулалттай барилга барихаар харилцан тохиролцсон ч хариуцагч үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон бөгөөд энэ үндэслэлээ нотлохоор 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нийт 87 хуудас нотлох баримтыг тайлбарын хамт шүүхэд гарган өгсөн боловч шүүх уг нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор гарган өгсөн баримтыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үндэслэлийн талаар талууд мэтгэлцэх, нотлох баримтыг үнэлэх боломжийг хаасан, хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж ойлгож байна.

Анхан шатны шүүх талууд хамтран ажилласан, хөрөнгө оруулсантай холбоотой үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн дээрх үндэслэлд огт дүгнэлт хийгээгүйг илтгэж байна. Тухайн үндэслэлийг зааж шүүхэд нэхэмжлэл гаргасаар байтал тусдаа, дахин нэхэмжлэл гаргах боломжтой хэмээн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал Иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Хариуцагч талаас Иргэний хуулийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр хэлцлийн дагуу төлбөр тооцоогоо төлсөн. Төлбөр тооцоогоо төлж, хэлцлийн дагуу 240 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Ш-ын өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас төлбөрөө төлөөгүй гэж гомдолдоо дурдаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс Ц- болон түүний эхнэр болох А.А-д гэрээгээр тохиролцсон төлбөрөө бүрэн төлсөн. 31,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас баримт аваагүй гэж гомдолдоо дурдсан боловч тус баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолгүй баримт байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А.А-н дансны хуулгыг авах ямар ч ач холбогдолгүй. Анхан шатны шүүх тус баримтуудыг ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6.а. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргасан хариу тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргийг харьцуулан судлаад талуудын хооронд худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний жинхэнэ хүсэл зориг илэрхийлэгдээгүй, уг гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангасан хэлцэл хийсэн төдийгүй уг хүсэл зоригийн илэрхийллээ бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн.

 

6.б. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой байхад хариуцагч талын хамтран ажиллах зорилгоор анх энэ гэрээг хийсэн гэх тайлбарт дүгнэлт өгч хэргийг эргэлзээтэй байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

6.в. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд гэрчээр оролцсон этгээдүүдийн өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь хариуцагч маргаан бүхий хөрөнгүүдийн үнийг төлсөн гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэсэн нь бусад нотлох баримтыг хэрхэн яаж үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д ... гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д ... шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд үнэхээр гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй бол шүүх хурлыг хойшлуулж, гэрчүүдийг нүүрэлдүүлэн эргэлзээ бүхий байдлыг тодруулж болох байхад хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй.

 

6.г. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээний жинхэнэ хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж дүгнэхдээ үүнтэй холбоотой нотлох баримтыг дурдаагүйгээс гадна хууль зүйн талаасаа бодит дүгнэлтийг хийлгүйгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, газар болон компанийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь өөрөө дээрх гэрээг хүчин төгөлдөр хийгдсэн гэрээ болохыг нотолж байна. Учир нь гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах асуудал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний явцад үүсэх эрх зүйн харилцаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт худалдах худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Шүүхэд гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү гарвал нүүрэлдүүлэн мэдүүлэг авах эрх хэмжээ байдаг. Шүүх хуралдааны үеэр гэрч нарыг асуусан буюу хүсэлт хэлэлцэх шат өнгөрсөн болохоор боломж олдоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас шүүхэд дуудан ирүүлсэн гэрч нар зөрүүтэй тайлбар өгсөн учир нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан үр дагаврыг шаардсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч М.Ш-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компани худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Талууд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 111111 тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах,

3.б. Мөн өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 111111 тоот хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх,

3.в. Мөн өдөр Компани худалдах, худалдан авах гэрээгээр Ч- ХХК-ийн 100 ширхэг хувьцааг 1,000,000 төгрөг худалдах, худалдан авах,

3.г. Мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр худалдагч Ч- ХХК-ийн захирал А.А- нь 20,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй нэг бүр 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаатай 1 гишүүнтэй Ч- ХХК-ийн өөрт оногдох 100 хувийн энгийн хувьцааг М.Ш-т шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /1 хх. 6-14/

3.д. Анхан шатны шүүх талуудын хооронд 4 гэрээ байгуулагдсан байхад гэрээний харилцааг хангалттай дүгнээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй шийдвэрлэсэнтэй холбоотой.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүрэг шаардаж байгаа эсэх, мөн худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа эсэх, маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Түүнчлэн, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний маргааныг шийдвэрлэхэд хожим уг газарт хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан гэх барилгын өмчлөх эрхийн асуудал хөндөгдөх эсэхийг тодруулах нь зохигчдын хоорондын маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/18319 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 87 хуудас бүхий нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан атлаа тухайн баримтууд нь хэрэгт авагдсан байна. /3хх 32-119/

Нэхэмжлэгч нь дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргасан хүндэтгэн үзэх шалтгаантай, маргааны үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдолтой гэж тайлбарлаж байхад нотлох баримтыг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уг хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа хавтаст хэрэгт уг хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүйг анхаарах нь зүйтэй. /2хх 198, 205-207/

6. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/03397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 453,350 төгрөгийг, хариуцагчийн 312,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР