Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 399

 

“А к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,

Шүүгчид:              Г.Банзрагч,

                               Х.Батсүрэн,

                               Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2020/0019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 405 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С /онлайн/ нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С-ны гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2020/0019 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 , 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А к” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 405 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2020/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С гомдолдоо: “...Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг тайлбарлан хэрэглээгүй тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгохоор хуульчилсан. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах зохицуулалтыг тусгасан бөгөөд 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан. Гэтэл хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаас үзэхэд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн А/622 дугаар захирамж болон 000324945 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч чухам ямар үндэслэлээр ингэж хүчингүй болгосон үндэслэлээ огт дурдаагүй байдаг. Ингэснээр хариуцагч холбогдох хуулийг зөрчсөн байсан.

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэрбээр Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зөрчигдсөний улмаас театрын эрх ашиг зөрчигдсөн. Иймээс маргаан бүхий актыг гаргах болсон гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” 482 дугаар, 513 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, аймгийн Х д т-ын баруун хойт талд орших 480 м.кв газрын зориулалтыг өөрчилж, 100 мянган айл хөтөлбөрийн хүрээнд нийтийн орон сууц барих төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийн оролцогчдоос эдгээр захирамжуудад маргаагүй. Театрын байнгын үйл ажиллагаа явуулж, эзэмшиж ашигладаг байсан газар нь 8394 м.кв байсан бөгөөд 2012 онд аймгийн Засаг даргаас олон нийтэд зар тавьж 480 м.кв газрыг бусдад эзэмшүүлж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй юм. Хэрэв театр нь өөрийнхөө газрыг бусдад эзэмшүүлж байгааг мэдсээр байж ямар нэгэн эсэргүүцэл, эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй мөртлөө 7 жилийн дараа зарга үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Улмаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт орших Х д т-ын баруун хойд талд байрлалтай 480 кв.метр газрыг “100 мянган айлын” орон сууц хөтөлбөрийн хүрээнд барилга барих төсөл шалгаруулах тухай зарыг “Монголын Үнэн” сонингийн 2012 оны 195 дугаарт нийтлүүлсэн байна. Дараа нь, сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай комиссын дүгнэлт, шийдвэрүүд болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 686 дугаар захирамжаар Өлгий сумын 5-р баг, хуучин кино театрын зүүн талд байршилтай 480 м.кв талбай бүхий орон сууц барих зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулалтаар ялсан 2661462 тоот регистртэй “А к” ХХК-д зөвхөн нийтийн орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “А к” ХХК-д 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Хэргийн оролцогчдоос эдгээр үйл баримтуудын талаар мөн маргаагүй.

6. Нэхэмжлэгч “А к” ХХК уг маргаан бүхий газарт 30 айлын орон сууц бариулахаар мэргэжлийн байгууллагаар барилгын зураг төсөв хийлгүүлж, улмаар барилгын суурь цутгах зорилгоор тус газрыг ухуулсан байдаг. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2013 онд 367 дугаар захирамжаар хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин хууль бусаар олгогдсон газар хэмээн үзэж, өөрийн гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 686 дугаар захирамжийг хүчингүй болгосон. “А к” ХХК-аас аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж эс зөвшөөрч Засаг даргын өөрт нь удаа дараа гомдол гаргаснаар аймгийн Засаг дарга гомдлыг хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А/622 дугаар захирамж гаргаж “А к” ХХК-ийн газар эзэмших эрхийг нь сэргээж өгсөн байна. Ингэхдээ хөршүүдэд энэ талаар мэдэгдэж зохих зөвшөөрлийг нь авч баримтжуулсан байдаг. Газар эзэмших эрхээ зохих журмын дагуу сэргээлгэж авсан “А к” ХХК нь өмнө хийж байсан төсөл хөтөлбөрийн ажлаа үргэлжлүүлж, аюулгүй байдлын үүднээс уг газрыг хашаалсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Идеал групп” ХХК-тай 62,000,000 /жаран хоёр сая/ төгрөгийн үнийн дүнтэй “Барилгын зураг төсөл зохиох боловсруулах гэрээ” байгуулж газар шорооны ажлыг эхлүүлсэн байсан.

7. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн тухайд: Баян-Өлгий аймгийн Х д т-аас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10064 м.кв газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл гаргаснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт зэрэг холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүд үйлдэгдэж, улмаар Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Өлгий сумын 11 дүгээр баг /хуучин 5 дугаар баг/-ийн нутаг дэвсгэрт байршилтай 9006001 регистртэй аймгийн Х д т-ын төрийн байгууллагын зориулалттай 8394 м.кв газрыг кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв болгож, зориулалтаар нь үргэлжлүүлэн 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тус хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х д т-ын дарга Б.А нь тухайн үед буюу 2018 оны 03 дугаар сард кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв олгохыг өөрөө зөвшөөрч газар эзэмших эрхийн 000441530 дугаар гэрчилгээг авч, газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж байжээ. Энэхүү үйл баримтууд шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд үүнийг хариуцагч болон гуравдагч этгээдээс үгүйсгэж чадаагүй юм. Гуравдагч этгээд аймгийн Х д т-т анх аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар 10400 м.кв газар олгосон тухай асуудал, түүнчлэн аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.С-ад 480 м.кв газрыг олгосон тухай асуудал болон эдгээр этгээдүүдийн хоорондын газар эзэмшихтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар шийдвэр нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” 482 дугаар, 513 дугаар захирамжууд гарахаас өмнөх үйл баримтууд тул тус хэрэгт хамааралгүй юм.

8. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөө бүхий хууль бус актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлүүдийг заасан юм. Шүүх нь “А к” ХХК-д газар эзэмшүүлсэн эерэг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/658 дугаар захирамжийг хууль ёсны гэж үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримталсан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, театрын газрыг 10400 м.кв газартай тул түүний газрыг бусдад эзэмшүүлснээр түүний эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй мэтээр дүгнэлт хийж, эерэг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн мэтээр дүгнэлт хийжээ. 2018 оны байдлаар театрын газрын хэмжээ нь 10064 м.кв байсан ба маргаан бүхий газартай ямар нэгэн байдлаар давхацдаггүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

9. Иймд, шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ”, 124.4-т “Хяналтын журмаар гаргасан гомдол нь энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана” гэж заасан; давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н нар хяналтын журмаар гомдол гаргасан боловч өмгөөлөгч С.Нургайып нь хяналтын гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй байх тул зөвхөн өмгөөлөгч А.С-ны гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

11. Хоёр. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаар “аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамж, 000324945 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн; нэхэмжлэгч “А к” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... аймгийн Засаг даргын 2012 оны 686 дугаар захирамжаар Х д т-ын урд талын 480 м.кв газрыг зохих журмын дагуу эзэмшсэн, ... ерөнхий төлөвлөгөөний дагуу 100 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд орон сууц барихаар газар авсан боловч тодорхой бус шалтгаанаар аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаар захирамжаар өмнөх захирамжийг хүчингүй болгосон, мөн Засаг даргын 2017 оны А/622 дугаар захирамжаар тухайн газрын эрхийг дахин сэргээн эзэмшүүлсэн байтал 2019 оны А/685 дугаар захирамжаар уг захирамжийг хүчингүй болгож, манай компанийн эрх, ашгийг хохироосон...” гэж тайлбарлажээ.

12. Гурав. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт 10400 м.кв газрыг Х д т-т эзэмшүүлж, 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэгж талбарын 031304283 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0179663 дугаар бүхий гэрчилгээ олгосон, мөн аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар захирамжуудаар газрын хэмжээг 8394 м.кв болгон багасгаж шийдвэрлэсэн; түүнчлэн, мөн аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.С-ад Өлгий сумын 5 дугаар багт 480 м.кв газар эзэмшүүлсэн байх боловч 2009 оны 217 дүгээр захирамжаар 204 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, 2010 оны 33 дугаар захирамжаар 2009 оны 217 дугаар захирамжийг хүчингүй болгосноор анх газар эзэмшүүлсэн 2008 оны 204 дүгээр захирамжийн үйлчлэл сэргэсэн; сүүлийн захирамжийг эс зөвшөөрч Х д т шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр “... анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт 10400 м.кв газрыг Х д т-т эзэмшүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар захирамжуудаар газрын хэмжээг үндэслэлгүйгээр 8394 м.кв болгон багасгаж шийдвэрлэсэн; тус Х д т-ын эзэмшил газраас тухайлбал, тус театрын баруун хойд тал, хуучин кино театрын зүүн талд байршилтай 480 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр иргэн Т.С-ад аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож; улмаар Х д т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 204 дүгээр, 2011 оны “Эзэмшил газрын хэмжээг залруулан газар эзэмшүүлэх тухай” 80, 525 дугаар захирамжууд”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

13. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр иргэн Т.С-ад эзэмшүүлсэн маргаан бүхий газар нь Х д т-т аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10400 м.кв газартай давхцаж байгаа; аймгийн Засаг даргын 2011 оны 80 дугаар, 2011 оны 525 дугаар захирамжуудаар газрын хэмжээг үндэслэлгүйгээр 8394 м.кв болгон багасгаж иргэн Т.С-ад олгосон талаар дүгнэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар дурдсан үйл баримтын талаар шүүх дахин нотлох шаардлагагүй.

14. Дөрөв. Шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг даргын 2012 оны 126 дугаар захирамжаар 480 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн ба 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дуудлага худалдааны ялагч үнийг төлөөгүй, дахин 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар захирамжаар 480 м.кв газарт нийтийн орон сууц барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэж, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн сонгон шалгаруулалтаар “А к” ХХК-ийг шалгаруулж, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамжаар тус компанид 480 м.кв газар эзэмшүүлсэн байна. Хэдийгээр аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаар захирамжаар “А к” ХХК-д газар эзэмшүүлсэн 686 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар 2013 оны 367 дугаар захирамжийг хүчингүй болгосноор тус компанид газар эзэмших эрх олгосон 2012 оны 686 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн. Улмаар аймгийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны А/622 дугаар захирамжийг үндэслэн 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

15. Хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд болон шүүхийн шинжээчийн дүгнэлтээр: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.С-ад эзэмшүүлсэн газар болон 2012 оны 686 дугаар захирамж, 2017 оны А/622 дугаар захирамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “А к” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Өлгий сумын 5 дугаар баг /шинээр 11 дүгээр баг/, аймгийн Х д т-ын баруун хойд талд буюу хуучин кино театрын зүүн талд байршилтай, нэгж талбарын 031304282 /шинэчлэгдсэн дугаар 8312017376/ гэсэн дугаартай, 480 м.кв талбайтай нэг байршилд байгаа, өөрөөр хэлбэл, урт өргөний хэмжээ болон заагийн хувьд бага зэрэг өөрчлөгдөж байсан боловч ихэнх хэсгээрээ давхцалтай нэг газар болох нь тогтоогдсон байна.

16. Дээрхээс үзэхэд, иргэн Т.С-ад 2008 онд эзэмшүүлсэн газар болон 2012 онд “А к” ХХК-д эзэмшүүлсэн газар нь нэг байршилд буй нэг газар бөгөөд уг газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд болох Х д т-т  анх эзэмшүүлсэн 10400 м.кв газартай давхцалтай болох нь тогтоогдож байгаа энэ нөхцөлд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн, энэ үндэслэлээр өмнөх хууль бус захирамжаа хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасанд нийцсэн хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл хуульд нийцжээ.

17. Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Х д т-ын 8394 м.кв газрыг кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ... дарга Б.А нь өөрөө зөвшөөрч, гэрчилгээ авч, гэрээ байгуулсан ...” гэж маргаж байгаа ч Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж олгосон аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар захирамжуудыг хүчингүй болгосноор Х д т-т анх 10400 м.кв газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн буюу уг захирамжийн дагуу газар эзэмших эрхийн 0179663 дугаартай гэрчилгээ хүчинтэй тул энэ талаар гаргасан гомдол няцаагдаж байна.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнэж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2020/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 405 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Ч.ТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧ                                                                      М.БАТСУУРЬ