Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0405

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 02 өдөр           Дугаар 221/МА2020/0240                          Улаанбаатар хот

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ийн өмгөөлөгч А.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... 1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгохоор хуульчилсан.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах зохицуулалтыг тусгасан бөгөөд 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан.

Гэтэл хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаас үзэхэд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн А/622 дугаар захирамж болон 000324945 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч чухам ямар үндэслэлээр ингэж хүчингүй болгосон үндэслэлээ огт дурдаагүй байдаг. Ингэснээр хариуцагч холбогдох хуулийг зөрчсөн байсан. 

2. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэрбээр Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зөрчигдсөний улмаас театрын эрх ашиг зөрчигдсөн. Иймээс маргаан бүхий актыг гаргах болсон гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай" 482 дугаар, мөн 513 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, аймгийн Хөгжимт Драмын Театрын баруун хойт талд орших 480 м.кв газрын зориулалтыг өөрчилж 100 мянган айл хөтөлбөрийн хүрээнд нийтийн орон сууц барих төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийн оролцогчдоос эдгээр захирамжуудад маргаагүй. Театрын байнгын үйл ажиллагаа явуулж, эзэмшиж ашигладаг байсан газар нь 8394 м.кв байсан бөгөөд 2012 онд аймгийн Засаг даргаас олон нийтэд зар тавьж 480 м.кв газрыг бусдад эзэмшүүлж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй юм. Хэрэв Театр нь өөрийнхөө газрыг бусдад эзэмшүүлж байгааг мэдсээр байж ямар нэгэн эсэргүүцэл, эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй мөртлөө 7 жилийн дараа зарга үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Улмаар Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-аас захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт орших ХДТ-ын баруун хойд талд байрлалтай 480 кв.метр газрыг “100 мянган айлын” орон сууц хөтөлбөрийн хүрээнд барилга барих төсөл шалгаруулах тухай зарыг “Монголын Үнэн” сонингийн 2012 оны №195 дугаарт нийтлүүлсэн байна. Дараа нь, сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай комиссын дүгнэлт, шийдвэрүүд болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 686 дугаар захирамжаар Өлгий сумын 5-р баг, хуучин кинотеатрын зүүн талд байршилтай 480 м2 талбай бүхий орон сууц барих зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулалтаар ялсан 2661462 тоот регистртэй “А” ХХК-д зөвхөн нийтийн орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэж аймгийн ГХБХБГ-аас “А” ХХК-нд 480 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Хэргийн оролцогчдоос эдгээр үйл баримтуудын талаар мөн маргаагүй. Нэхэмжлэгч “А” ХХК уг маргаан бүхий газарт 30 айлын орон сууц бариулахаар мэргэжлийн байгууллагаар барилгын зураг төсөв хийлгүүлж, улмаар барилгын суурь цутгах зорилгоор тус газрыг ухуулсан байдаг.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2013 онд 367 дугаар захирамжаар хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин хууль бусаар олгогдсон газар хэмээн үзэж өөрийн гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 686 дугаар захирамжийг хүчингүй болгосон. “А” ХХК-аас аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж эс зөвшөөрч Засаг даргын өөрт нь удаа дараа гомдол гаргаснаар аймгийн Засаг дарга гомдлыг хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А/622 дугаар захирамж гаргаж “Асгат-Кент” ХХК-ийн газар эзэмших эрхийг нь сэргээж өгсөн байна. Ингэхдээ хөршүүдэд энэ талаар мэдэгдэж зохих зөвшөөрлийг нь авч баримтжуулсан байдаг.

Газар эзэмших эрхээ зохих журмын дагуу сэргээлгэж авсан “А” ХХК нь өмнө хийж байсан төсөл хөтөлбөрийн ажлаа үргэлжлүүлж аюулгүй байдлын үүднээс уг газрыг хашаалсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Идеал групп” ХХК-тай 62,000,000 /жаран хоёр сая/ төгрөгийн үнийн дүнтэй “Барилгын зураг төсөл зохиох боловсруулах гэрээ” байгуулж газар шорооны ажлыг эхлүүлсэн байсан.

3. Нөгөө талдаа Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театраас 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 10,064 м2 газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл гаргаснаар аймгийн ГХБХБГ-аас кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт зэрэг холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүд үйлдэгдэж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Өлгий сумын 11 дүгээр баг /хуучин 5 дугаар баг/-ийн нутаг дэвсгэрт байршилтай 9006001 регистртэй аймгийн Хөгжмийн театрын төрийн байгууллагын зориулалттай 8394 м.кв газрыг кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв болгож зориулалтаар нь үргэлжлүүлэн 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тус хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөгжимт Драмын Театрын дарга Б.Асалбек нь тухайн үед буюу 2018 оны 3 дугаар сард кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв олгохыг өөрөө зөвшөөрч газар эзэмших эрхийн 000441530 дугаар гэрчилгээг авч, газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж байжээ. Энэхүү үйл баримтууд шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд үүнийг хариуцагч болон гуравдагч этгээдээс үгүйсгэж чадаагүй юм.

4. Гуравдагч этгээд аймгийн ХДТ-т анх аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар 10400 м.кв газар олгосон тухай асуудал, түүнчлэн аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.С-д 480 м.кв газрыг олгосон тухай асуудал болон эдгээр этгээдүүдийн хоорондын газар эзэмшихтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар шийдвэр нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” 482 дугаар, мөн 513 дугаар захирамжууд гарахаас өмнөх үйл баримтууд тул тус хэрэгт хамааралгүй юм.

5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөө бүхий хууль бус актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлүүдийг заасан юм. Анхан шатны шүүх нь "А" ХХК-д газар эзэмшүүлсэн эерэг нөлөө бүхий  захиргааны актыг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/658 захирамжийг хууль ёсны гэж үзэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримталсан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл Театрын газрыг 10400 м.кв газартай тул түүний газрыг бусдад эзэмшүүлснээр түүний эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй мэтээр дүгнэлт хийж эерэг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн мэтээр дүгнэлт хийжээ. 2018 оны байдлаар Театрын газрын хэмжээ нь 10064 байсан ба маргаан бүхий газартай ямар нэгэн байдлаар давхацдаггүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэтэл анхан шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2020/0019 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх иргэн Т.С болон нэхэмжлэгч “А” ХХК-д эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд гуравдагч этгээд Хөгжимт драмын театрын газрын баруун хойд талд байршилтай нэг газар болох талаар мөн маргаан бүхий газрын болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зургуудад орсон өөрчлөлтүүд, хариуцагч аймгийн Засаг даргаас маргаан бүхий газартай холбоотой болон  гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн талаар гаргасан удаа дараагийн шийдвэр зэрэг маргааны үйл баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн маргаан бүхий А/658 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасантай нийцсэн” гэсэн  үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн тус захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд Хөгжимт драмын театрт анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт 10400 м.кв газар эзэмшүүлж, 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэгж талбарын 031304283 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0179663 дугаар гэрчилгээ олгосон, аймгийн Засаг даргын 2011 оны 80, 525 дугаар захирамжуудаар театрын газрын хэмжээг 8394 м.кв болгож багасгасан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.С-д Өлгий сумын 5 дугаар багт 480 м.кв газар эзэмшүүлсэн байх боловч 2009 оны 271 дүгээр захирамжаар уг 204 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, 2010 оны 33 дугаар захирамжаар 2009 оны 271 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор иргэн Т.С-д анх газар эзэмшүүлсэн 2008 оны 204 дүгээр захирамжийн үйлчлэл сэргэсэн байна.

Уг шийдвэрийг Хөгжимт драмын театр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар шийдвэрээр “... хөгжимт драмын театр 10400 мкв газар эзэмшиж байсан нь тогтоогдож байна ... иргэн Сайдолдад олгосон газар нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаж байгаа нь ... тогтоогдсон ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн ... дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлээгүй ... “ гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж иргэн Т.С-д газар эзэмших эрх олгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 204 дүгээр захирамж, Хөгжимт драмын театрын газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2011 оны 80, 525 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг даргын 2012 оны 126 дугаар захирамжаар 480 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуудлага худалдаа явуулсан байх боловч дуудлага худалдааны ялагч үнийг төлөөгүйн учир аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар захирамжаар 480 мкв газарт нийтийн орон сууц барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, “А” ХХК-ийг шалгаруулсан, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамжаар тус компанид 480 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Гэвч аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаар захирамжаар “А” ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн 686 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар 2013 оны 367 дугаар захирамжийг хүчингүй болгосноор тус компанид газар эзэмших эрх олгосон 2012 оны 686 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны А/622 дугаар захирамжийг үндэслэн 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Үүний дараа аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож, анх газар эзэмшүүлсэн захирамжийн үйлчлэлийг сэргээсэн шийдвэр болох 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамж, 000324945 дугаар газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “А” ХХК эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан үйл баримтууд тогтоогдсон байна.

Хариуцагч маргаан бүхий актад Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслээгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтууд, маргааны үйл баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Хөгжимт драмын театрт анх 10400 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй, хариуцагчийн маргаан бүхий газрыг өмнө нь иргэн Т.С-д эзэмшүүлсэн болон Хөгжимт драмын театрын газрын хэмжээг удаа дараа багасгасан шийдвэрийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр театрын газартай давхацсан, газрын хэмжээг багасгасан нь буруу гэж шийдвэрлэсэн байхад гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж, дахин уг газрыг нэхэмжлэгч “А” ХХК-д /тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар Т.С ажиллаж байсан[1]/ эзэмшүүлсэн шийдвэрийг сэргээсэн нь хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, уг алдаа бүхий шийдвэрээ хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хуулиар олгогдсон эрх хэмжээнд нь нийцсэн, бодит байдалд тохирсон, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын “... тухайн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшсэн ... энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй ... театр өөрийн газрыг бусдад эзэмшүүлж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж гомдол гаргаж байгаагүй ... 7 жилийн дараа зарга үүсгэсэн нь үндэслэлгүй ... газар эзэмших эрхээ зохих журмын дагуу сэргээлгэсэн байсан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн С-д 480 м.кв газар эзэмшүүлэх үед кадастрын зураг үйлдэгдээгүй талаар газрын албанд ажиллаж байсан иргэд гэрчээр мэдүүлсэн, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...театрт эзэмшүүлсэн 10400 м.кв газрын нэгж талбарын хувийн хэрэгт үдэгдээгүй” гэх 35 дугаар албан бичиг хэрэгт авагдсан, төсөл сонгон шалгаруулалтын баримтад 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нэгж талбарын 031304282 дугаар бүхий иргэн Т.С-ийн эзэмшиж байсан гэх кадастрын зураг хавсаргагдсан, “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2013 оны 367 дугаар захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2017 оны А/622 дугаар захирамжийг үндэслэн 2018 онд тус компанид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үед маргаан бүхий газрын кадастрын зураг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байхаас гадна аймгийн Засаг даргын 2011 онд 80, 525 дугаар захирамжуудаар тус байгууллагын эзэмшил газрын хэмжээг багасгаж 8394 м.кв болгосон байх боловч уг захирамжуудыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга “... 2015 онд анх газар эзэмшүүлсэн захирамжаас илүү хэмжээгээр буюу 10531 м.кв газрын кадастрын зураг үйлдсэн, тухайн үед “А” ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан, 2017 оны А/622 дугаар захирамжаар тус компанид 480 м.кв газар эзэмших эрх сэргэсний дараа уг хэмжээгээр хөгжимт драмын театрын газраас хасч 10064 м.кв хэмжээгээр кадастрын зурагт оруулсан” гэж, газрын кадастрын мэргэжилтэн “... аймгийн Засаг даргын 2017 оны А/622 дугаар захирамж гарсан учир “А” ХХК-д эзэмшүүлсэн газар нь иргэн Т.С-д эзэмшүүлсэн газрын уртын хэмжээг 6 метрээр сунгаж, өргөнөөс нь хассан байдлаар зурагт тусгасан” газрын урт өргөний хэмжээ байршлыг ийнхүү тусгасан ...” гэж тайлбарласан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр иргэн Т.С болон “А” ХХК-д эзэмшүүлсэн 480 мкв газар ихэнх хэсгээрээ давхцаж байгаа болох нь тогтоогдсон талаар дүгнэгдсэн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Хөгжимт драмын театрт анх 2006 оны 392 дугаар захирамжаар 10400 м.кв газар эзэмшүүлсэн байх боловч 2011 оны 80, 525 дугаар захирамжуудаар газрын хэмжээг үзвэл 8394 м.кв болгож багасгасан, уг захирамжууд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсны дараа 2015 оны 08  дугаар сарын 19-ний өдөр захирамж шийдвэргүйгээр газрын хэмжээг 10531 м.кв болгосон, 2017 оны А/622 дугаар захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2013 оны 367 дугаар захирамжийг хүчингүй болгосны дараа тус 10531 мкв хэмжээнээс тооцон хасч театрын газрыг 10064 мкв болгож кадастрын зурагт оруулсан атлаа “А” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан 2018 оны А/172 дугаар захирамжид Хөгжимт драмын театрын эзэмшил газрыг 8394 м.кв байсныг 10064 м.кв хэмжээтэй болгосон гэж тусгасан үйл баримтууд тогтоогдсон байна.

Хэдийгээр аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар захирамжийн 1 дэх заалтад Хөгжимт драмын театрын төрийн байгууллагын зориулалттай 8394 м.кв газрыг шинэ зургийн дагуу гэсэн үндэслэлээр 10064 м.кв болгож, 2 дахь заалтаар театрт газар эзэмшүүлсэн 2011 оны 266 дугаар захирамжийг хүчингүй болгосон талаар заасан байх боловч 2011 оны 266 дугаар захирамж нь Хөрөнгө зарцуулах тухай өөр захирамж болохыг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд, маргааны үйл баримтуудаас үзвэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, газрын алба нь захирамж шийдвэргүйгээр төрийн байгууллага болох Хөгжимт драмын театрын эзэмшил газрын хэмжээг дур зоргоороо өөрчилсөн, маргаж буй газрыг өмнө нь иргэнд эзэмшүүлснийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүйг тогтоосоор байхад дахин бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг шүүх “... гуравдагч этгээдийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах” эрхийг зөрчсөн, мөн хуулийн 35.2 дахь хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах асуудал төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн, газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй ...” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр Хөгжимт драмын театрын дарга 2018 оны 03 дугаар сард театрт 10064 м.кв газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байх боловч театрын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 68 хүний гарын үсэг, хурлын тэмдэглэлийг хавсарган “театрын урд талбайд орон сууц барих гэж байгааг эсэргүүцсэн” агуулга бүхий гомдол гаргасан, хариуцагчийн маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлийн талаарх “...Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт харшлах өөр зориулалтаар бүхэлд нь ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэх тайлбар агуулгын хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын “... театрын дарга өргөдөл гаргаснаар ... кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт ... бусад баримт бичгүүд үйлдэгдэж, ... 2018 оны ... А/172 дугаар захирамжаар ... театрын газрыг ... 10064 м.кв болгож эзэмшүүлсэн ... үүнийг хариуцагч, гуравдагч этгээд үгүйсгээгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзвэл 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нэгж талбарын 8312008213 дугаар бүхий гуравдагч этгээд Хөгжимт драмын театрын эзэмшил 10064 м.кв газрын кадастрын зураг, мөн өдөр үйлдэгдсэн нэгж талбарын 8312017376 дугаар бүхий “А ХХК-ийн эзэмшил газрын зургийг давхцуулсан байдлаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын эзэмшил газар давхцалгүй боловч нэхэмжлэгчид гуравдагч этгээд Хөгжимт драмын театрын газрын орц гарцыг хааж газар эзэмшүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд анхан шатны шүүхийн  “... Хөгжимт драмын театрт анх 10400 м.кв газар эзэмшүүлсэн 2006 оны 392 дугаар захирамж хүчинтэй, 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.С-д эзэмшүүлсэн 480, 2012 оны 686, 2018 оны А/172 дугаар захирамжаар “А” ХХК-д тус тус эзэмшүүлсэн 480 м.кв газрууд нь нэг газар байх бөгөөд уг газраас өөр сул чөлөөтэй газар тухайн орчинд байхгүй нь нотлогдсон, кадастрын зурагт буусан 10064 м.кв хэмжээгээр хасч тооцоход Хөгжимт драмын театрын 10400 м.кв талбай бүхий газартай “А” ХХК-д эзэмшүүлсэн 480 м.кв газрын зарим хэсэг болох 336 м.кв талбай бүхий хэсэг давхацсан байна ...” гэх дүгнэлтийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР    

           

              ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

             ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас 2, 92, 95 дугаар тал