Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01744

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01744

 

 

Ж.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/02106 дугаар шийдвэртэй,

Ж.О-ын нэхэмжлэлтэй,

“ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.О- нь 2016 оноос “ЗТГ” ОНӨААТҮГ-т санхүү бүртгэлийн хэлтсийн хангамжийн менежерээр ажиллаж байгаа бөгөөд намайг өвчтэй байх хойгуур тус газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б-319 тоот тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 23, 24, 09 дүгээр сарын 06, 07, 08, 10-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1.2. Дээрх өдрүүдэд би ажил таслаагүй бөгөөд 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд өвчтэй байсан.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан, миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй тул дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална"... 35.1.3 дахь хэсэгт “эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтаны ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан.

1.4. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, мөн ажил таслаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2021/012719 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин байдаггүй болох нь шүүхээс шалгасан баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчийн харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

2.1. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгууллагын даргын Б/319 тоот тушаалаар Ж.О-ыг ажлаас нь чөлөөлсөн.

2.2. Ж.О-ын хувьд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргаж, байгууллагын дарга нарын хурлаар орж, сахилгын шийтгэл авч байсан. Энэ хугацаанд Ж.О- ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ажил тасалсан тул байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар оруулсан. Хурлаар оруулах тухай мэдэгдэхэд “надгүйгээр асуудлаа шийд” гэж хэлээд ажлаа хаяад явсан. Тийм учраас эзгүйгээр нь шийдэж дээрх тогтоолыг гаргасан.

2.3. Нэхэмжлэгч өвчтэй байсан гэж тайлбарласан хэдий ч нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг гаргаж өгсөн байна. Маргаан бүхий тушаал гарсан өдөр болон эмчилгээний баримт зэрэг нь цаг хугацааны хувьд зөрсөн.

2.4. Ж.О- нь тайлбартаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, намайг үндэслэлгүйгээр халсан гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авагдаж, түүнийг нь танилцуулахад эс зөвшөөрч, тушаалтай маргах эрх нь байдаг ч гэсэн огт маргаагүй. Уг сахилгын зөрчлийн арга хэмжээг өөрт танилцуулахад “за ойлголоо, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэж хэлж байсан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ЗТГ” ОНӨААТҮГ-ын Санхүү бүртгэлийн хэлтсийн хангамжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ж.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ажилтан Ж.О- өвчтэй байсан гэх нэхэмжпэлийн үндэслэлээ нотлохоор Өвчний магадлагааг нотлох баримтаар цуглуулж өгсөн ба уг баримт нь тушаалд заасан хугацаа, зөрчил илрүүлснээс хойш олгогдсон буюу энэ нь ажлаас халсан тушаалын үндэслэлд хамааралгүй, коронавирусын шинжилгээ өгсөн цаг хугацаа, баримт нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19.30 минут байх ба энэ цаг хугацаа нь ажил олгогчийн сүүлийн тушаалын үндэслэлд хамааралгүй” гэжээ.

4.1.1. Гэвч ажил олгогчийн ажлаас халах тушаал гарах үед ажилтан нь өвчтэй байсан нь тогтоогдох бөгөөд Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан.

4.1.2. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах”-ыг аж ахуйн нэгж байгууллагад даалгажээ.

4.1.3. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халах хууль зүйн үндэслэлгүй байсан болно. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.2. Шийдвэрийн үндэслэлд “...Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмын 7.18.6-д ноцтой зөрчилд дараах тохиолдлуудыг тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:...." гэжээ.

4.2.1. Ж.О-ын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд дээрх ноцтой зөрчлийг дурдаагүй байна.

4.2.2. Мөн “ЗТГ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/319 дугаартай “Ж.О-ыг ажлаас халах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байдаг.

4.2.3. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халсан зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй болно.

4.2.4. Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан..." гэж зааснаар нзхэмжлэгчээс тайлбар мэдүүлэг авалгүй, өвчтэй байх үед ажлаас халах сахилгын зөрчил ногдуулсан болно.

4.2.5. Иймд хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/319 дугаартай тушаал нь үндэслэлгүй байна.

4.3. Мөн шийдвэрийн үндэслэлд “....Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д ...4.5.1-д ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, бусдыг айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгуулагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан бол... гэж тохирчээ" гэжээ.

Дээрх шийдвэрийн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд мөн сахилгын шийдвэр ногдуулсан тушаалын үндэслэлд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нотлох баримтаар гаргаж өгсөн өвчний магадлагаа нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж байна. Гэтэл тушаалын үндэслэлд 2021 оны 09 дүгээр сарын 06, 07, 08, 10-ны өдрүүдэд ажлаа тасалсан, ажилдаа ирээгүйн улмаас Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу болон мөн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар тушаал гаргасан. Энэ нь ажилтан Ж.О-ыг “Ковид-19 халдвар авсан, эмчилгээнд хамрагдаж байгаа” гэх шинжилгээ өгсөн цаг хугацаатай нийцэхгүй байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад зааснаар ажилтан Ж.О- нь эмчилгээнд хамрагдаж байгаа гэх баримтыг ирүүлээгүй тохиолдолд ажил олгогч ажлын байрыг хадгалах үүрэг хүлээхгүй. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ж.О- нь ажилдаа ирээд 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа тасалсан. Ковид-19 халдвар авсан гэдэг нь батлагдсан тохиолдолд ажлын байрыг хадгална, гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 19 цаг 35 минутад шинжилгээ өгсөн. Тушаалын үндэслэх хэсэгт хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 06, 07, 08, 10-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэх шалтгаанаар сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ж.О-ыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Энэ талаар зохигч гомдол гаргаагүй.

 

4. Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б-319 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.18.6, хөдөлмөрийн гэрээний 4.4.2 дахь заалтыг баримталж  ажилтан Ж.О-ыг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа  2021 оны 08 дугаар сарын 23, 24, 2021 оны 09 дугаар сарын 06, 07, 08, 10-ны өдрүүдэд тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/173 тоот тушаалаар Ж.О- 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр санхүү бүртгэлийн хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, харилцааны ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан гэх үндэслэлээр түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.  Ажилтан энэ тушаалд гомдол гаргаагүй тул тушаалыг хүчинтэй, ажилтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэнэ.

 

6. Ажил олгогч нь Б-319 тоот тушаалын үндэслэл болсон ажилтны гаргасан зөрчлийг олж тогтоосон байна.

 

7. Ажилтан Ж.О- 2021 оны 08 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ажил тасалсан нь Санхүү бүртгэлийн хэлтсийн ажилчдын 2021 оны 08 дугаар сарын цагийн бүртгэл, 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 08, мөн сарын 10-ны өдөр тус тус ажил тасалсан нь Санхүү бүртгэлийн хэлтсийн ажилчдын 2021 оны 09 дүгээр сарын цагийн бүртгэл, уг 2 бүртгэлд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр, хариуцагч байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

8. Ажилтан Ж.О- нь дээрх өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

8.1. Ж.О- нь Ковид-19 шинжилгээг түргэвчилсэн оношлуураар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн, шинжилгээний хариу эерэг гарсан, эмнэлгийн байгууллагаас түүнд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаа олгосон байх боловч уг баримтуудад заасан хугацаа нь сахилгын зөрчил гаргасан гэх дээрх хугацаанаас хойш байх тул уг баримтуудыг маргаанд хамааралгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцжээ.

8.2. “ГУ” БГБХНөхөрлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.О-т олгосон эмнэлгийн магадлагаанд түүнийг өвчний улмаас ажлаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр чөлөөлсөн гэх боловч уг магадлагаанд өвчтний өвчний онош бичигдээгүй, гарын үсэг зурсан эмчлэгч эмч Л.Э- эмчийн тамгаа дараагүй, ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй байдал нь эмнэлгийн магадлагаа гаргах журмыг зөрчсөн тул нотлох баримт болохгүйгээс гадна маргааны хугацаанд хамаарахгүй байна.

8.3. Ж.О-ын эгч нас барсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй гэх 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааг ажил олгогчоос ажилтан ажлаа тасалсан гэж үзээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

9. Хариуцагч байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралд ажилтан Ж.О-ыг оролцуулах талаар түүнд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

10. Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг олж тогтоосон байна. 

 

11. Ажил олгогч нь тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг баримталсан байх ба талууд уг заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон. Ажил олгогч нь тушаалаа хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг үндэслээгүй тул хөдөлмөрийн гэрээний 4.5.1-д заасныг анхан шатны шүүх дүгнэсэн нь шаардлагагүй байжээ.

 

12. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.18, 7.18.6-д: “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш өдөр ажил тасалсан ажлаа орхисон, чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш удирдлагад албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацааг хамаарна” гэж заасан нь ажилтныг ажлаас халах үндэслэл гэж тогтоожээ.

 

13. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан ажилтны гаргасан давтан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилд сахилгын зөрчил хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заасан бөгөөд уг хугацааны дотор гаргасан ажилтны сахилгын зөрчлийг давтан гэж үзнэ.  

 

14. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн Б-319 тоот тушаал хуульд нийцжээ. Иймд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

15. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/02106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА