Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01704

 

 

 

 

 

 

 

2022 09 12 210/МА2022/01704

 

 

 

И ББСБ ХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03075 дугаар шийдвэртэй, И ББСБ ХК -ийн нэхэмжлэлтэй Х х ХХК , Ю.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 384,809,044.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Чухаг-2 хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод байрлах 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, Б.Пүрэвнайдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Х х ХХК И ББСБ ХК -тай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр В10020070304 тоот Зээлийн гэрээ, 10020070304/1 тоот Ипотекийн гэрээ, F10020070304/2 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулж 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр В10020051103 тоот Зээлийн гэрээ, С10020051103 тоот Барьцааны гэрээг байгуулж 120,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлсэн ба 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн В10020051103-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр, зээлийн дүнг нэмэгдүүлэх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулж 160,000,000 төгрөгийг тус тус олгосон.

Эдгээр зээлүүдийн барьцаанд хамтран зээлдэгч Ю.О ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Чухаг-2 хотхоны 00 дүгээр байр 00 тоотод байрлах 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулахаар барьцаалсан.

Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад байх эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, зээлийн гэрээний 6.2.5-д заасан зөрчлийг гаргасан, В10020070304, В10020051103 тоот зээлүүдийн гэрээний хугацаа дууссан, зээлдүүлэгчийн шаардлагыг биелүүлэхгүй зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тул 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцоолж хариуцагч нараас 2 зээлийн гэрээний үүрэгт 384,809,022.88 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ю.О ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102000 хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Х х ХХК , Ю.О нар нь И ББСБ ХК -тай 200,000,000 төгрөгийн, 120,000,000 төгрөгийн тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

Х х ХХК , Ю.О нар 300,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагаас 300,000,000 төгрөгийн зээл авч, 300,000,000 төгрөг төлсөн байхад нэхэмжлэгчээс дахин 343,000,000 орчим төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд гэрээг хуульд нийцүүлж байгуулахаар заасан. Иймд хуульд заасан хэм хэмжээг давсан, зөрчсөн гэрээ хэлцэл нь шаардах эрхийг бий болгохгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулж байгаа банк, эрх бүхий хуулийн этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн гэрээг байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол шаардах эрхгүй.

Иргэний хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар аливаа шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэгчид уг үүргийн шаардах эрх байгаа эсэх, хариуцагчид уг үүрэг гүйцэтгэх үүрэгтэй эсэхийг тогтоож шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Нэхэмжлэгч нь хүү тооцох үндэслэлгүй хугацаанд хүү тооцсон, зээл хүүгийн тооцооллыг буруу хийсэн, зээлийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гэх баримтаар 224,000,000 орчим төгрөг (54,476,454.87 төгрөг, 169,627,394.09) төгрөгийг төлсөн талаар бичсэн байдаг Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсан бол зээлдэгч гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид өгөх, зээлдэгч мөнгөн төлбөрийг шаардаж авах, мөн гэрээгээр тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Зээлдүүлэгч нь гэрээний үүргийг шаардах үндэслэл мөнгөн төлбөр шилжүүлсэн байх явдал юм.

2020 оны 07 дугаар сарын 03-н өдөр нэг талаас И ББСБ ХК -ийг төлөөлж Д.Б , нөгөө талаас Х х ХХК , түүнийг төлөөлж захирал Ю.О нар зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид 200,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн Гэтэл зээлдүүлэгчид 199,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй.

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 7.2.1-д тус тус заасны дагуу И ББСБ ХК -аас 1,000,000 төгрөгийг гаргуулж Ю.О ад олгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээний 3.2-т зээл олголтын шимтгэлийг төлөхөөр заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3, 19.6, зээлийн гэрээний 3.1.7-д зааснаар зээлийн шимтгэлийг талууд харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй. Талуудын хүсэл зоригийн илэрхийллээр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр болсон тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, Иргэний хуулийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3, 19.6-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х х ХХК , Ю.О нараас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн В10020051103 тоот зээлийн үүрэгт үндсэн зээл нь 157,093,553.41 төгрөг, хүү нь 82,707,713.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 12,810,554.10 төгрөг, нийт 252,611,624.32 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны В10020070304 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл нь 82,618,962 төгрөг, хүү нь 43,497,864.95 төгрөг, нэмэгдүүлсэн 6,080,574.53 төгрөг нийт 132,197,401.56 төгрөг, нийт 384,809,022.88 төгрөгийг гаргуулж И ББСБ ХК -д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг И ББСБ ХК -аас гаргуулж хариуцагч Ю.О ад олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х х ХХК , Ю.О нар энэхүү шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, Чухаг-2 хотхоны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,876,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд Ю.О аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг И ББСБ ХК -д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэх гэрээг байгуулсан, фидуцийн гэрээ зүйл нь зээлдүүлэгчийн эзэмшил, ашиглалтад байдаг. Гэтэл зээлдүүлэгч нь тээврийн хэрэгслийг гэрээний үүрэгт тооцолгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн фидуцийн гэрээний зүйлийн үнийн дүнг бодитойгоор тодорхойлуулах, шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгаж байсан талаарх баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан. Тус баримт нь талуудын үүргийг гүйцэтгэх хугацааг бодитойгоор тодорхойлоход чухал ач холбогдолтой байхад шүүх уг ажиллагааг хийхээс үндэслэлгүйгээр татгалзсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг сунгасан хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон. Нэхэмжлэгч нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хугацаанд хүү тооцож нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Х х ХХК -ийн нэр дээр фидуцийн гэрээ байгуулсан. Гэхдээ нэхэмжлэгч нь фидуцийн гэрээ биш баталгаат ипотекийн гэрээ болон барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Lexus-NX300h маркийн машиныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Ю.О , Ж.Б нарын 40,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалсан.

Дараа нь Х х ХХК -ийн нэр дээр зээл авахдаа фидуцийн гэрээний үнийн дүн болох 20,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож давхар барьцаалсан. Манай талаас Ю.О , Ж.Б нар 40,000,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөгдөөгүй тул фидуцийн эд хөрөнгийг хураан авсан.

Х х ХХК болон түүний гүйцэтгэх захирал Ю.О нарын хамтран орсон 200,000,000 төгрөг, 160,000,000 төгрөгийн зээлийн хувьд үл хөдлөх хөрөнгө нь нэг гэрээнд баталгаат ипотекийн гэрээгээр, нөгөө гэрээнд барьцааны гэрээгээр барьцаалагдсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгөх боломжтой бүх баримтыг гаргаж өгсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Х х ХХК , Ю.О нарт холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 11, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тус тус зээлийн гэрээний үүрэгт нийт 384,809,022.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч 1,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3.а. Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч И ББСБ ХК нь 120,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 3,9 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээлэх, зээлдэгч Х х ХХК , Ю.О нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг хуваарьт өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх16-18/

 

Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ю.О ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Чухаг-2, 601 байрны 00 тоотод байрлах 124 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх19/

 

3.б. Улмаар, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр И ББСБ ХК нь Х х ХХК , Ж.Б , Ю.О нарын хооронд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх зээлийн хэмжээг 40,000,000 төгрөг нэмэгдүүлж, 160,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 3,9 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хх93-94/

 

4.а. Үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр И ББСБ ХК нь Х х ХХК , Ю.О , Ж.Б нартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нар нь үндсэн төлбөр зээлийн хүүг эргэн төлөлтийн графикт заасан хуваарьт өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ. /хх79-81/

 

Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр И ББСБ ХК , Ж.Б нарын хооронд эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Б өмчлөлийн 00-35 УБЭ улсын дугаартай Lexus NX300H маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх82/

 

4.б. И ББСБ ХК нь Х х ХХК , Ю.О , Ж.Б нартай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх20-22/

 

Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр И ББСБ ХК , Ю.О нар нь зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ю.О ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын Зам гудамж 267 дугаар байрны 02 тоотод байрлах 249.75 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн хамт,

мөн өдөр И ББСБ ХК , Ж.Б нарын хооронд эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Б өмчлөлийн 00-35 УБЭ улсын дугаартай Lexus NX300H маркийн автомашиныг 20,000,000 төгрөгт тус тус барьцаалсан байна. /хх82, 99/

 

4.в. Талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хугацааг 9 сараар сунгасан нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх95-96/

 

Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар И ББСБ ХК , Ю.О нар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ипотекийн гэрээ гэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Ю.О ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 601 байр, 00 тоотод байрлах 124,41 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх23-24/

 

5.а. И ББСБ ХК , Х х ХХК , Ю.Оюунбат, Ж.Б нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 17, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар И ББСБ ХК , Ж.Б нарын хооронд байгуулагдсан эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйл болох автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн өмчлөлд шилжүүлэн авах замаар өрийг төлүүлэхээр талууд тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээр зээлийн болон фидуцийн гэрээнүүдийн нэг тал болох Ж.Б эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар тодруулж, холбогдох ажиллагааг хийгээгүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х х ХХК -ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,876,106 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ