Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01707

 

 

 

 

 

 

 

2022 09 12 210/МА2022/01707

 

 

 

Ж.А , Ц.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/02129 дугаар шийдвэртэй, Ж.А , Ц.М нарын нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х , түүний өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат апартмент 2 орон сууцны барилгын 7-р блок, 0-р орцны 3 давхарт байрлах 00 м.кв талбай орон сууцыг худалдан борлуулах зарын дагуу үл хөдлөх хөрөнгийн зууч Rеmах Еаglе байгууллагаар дамжуулан гэрээний үндсэн дээр худалдан борлуулах эрх шилжүүлэн авсан Б ХК-ийн гүйцэтгэх захирал Б.С тай уулзсан. Тухайн орон сууцны бичиг баримтыг шалгахыг хүсэхэд Б ХК-ийн гүйцэтгэх захирал Б.С нь М ХХК-тай байгуулсан ЗГ/2105 тоот Орон сууц захиалгаар барих гэрээг үзүүлсэн.

Тус гэрээнд М ХХК дээрх орон сууцыг Б ХК-д шилжүүлэн өгсөн ба төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн байсан ба ерөнхий захирлын гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан тул эрхийн доголдолгүй гэж үзэж, Б ХК-тай орон сууц худалдан авах зөвшилцөл хийсэн.

Ингээд Б ХК-ийн данс руу гэрээний төлбөрийг бүрэн төлж, тухайн орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч М ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ 21/08 тоот Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан, гэрээнд тус компани Ж.А , Ц.М нар 78,31 мкв орон сууцны төлбөртэй холбоотой маргаангүй болно гэж тусгагдсан ба төлбөрийг шилжүүлснийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь мэдэж байсан.

 

Гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад ороогүй тул гүйцэтгэгч М ХХК-тай утсаар холбогдож мэдээлэл авахад орон сууц баригдаж байгаа, ямар нэгэн асуудалгүй, орон сууц ашиглалтад орохоор танай захиалсан орон сууцыг хүлээлгэж өгнө гэдэг хариуг өгч байсан.

2021 оны 12 дугаар сарын эхээр М ХХК-аас холбогдож ...Б ХК нь орон сууцны төлбөрийг төлөөгүй тул танайхтай байгуулсан гэрээг цуцаллаа гэж утсаар мэдэгдэж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21/12-01 тоот албан бичгээр гэрээг цуцалсан тухай мэдэгдсэн.

Иймд Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент-2 орон сууцны барилгын 7 дугаар блокны 1 дүгээр орцны, 3 дугаар давхарт байрлах 00 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч М ХХК нь Ховд аймгийн Мөст сумын давст 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод Арцат аппертмент-2 орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьсан. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М ХХК-ийн захирал н.Б ы хүү Б.М ... Б ХК-тай 2 ширхэг орон сууц захиалгаар бариулах гэрээ хийе гэх санал ирүүлснийн дагуу Б ХК-д гэрээ хийх зөвшөөрөл өгсөн.

Гэрээний 2-т төлбөрийг 15 хоногийн дотор төлөхөөр тусгаарай гэсэн боловч тусгаагүй байсан тул нэмэлтээр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр Б ХК-аас төлбөрийг баталгаажуулж 51 тоот албан бичиг авсан. Тус албан бичигт 2 орон сууцны м.кв талбайг 352,613 төгрөгөөр тооцож нийт 2,300,000 тооцон, төлбөрийг 17 хоногийн дараа М ХХК-ийн Хаан банк ХХК дахь дансанд шилжүүлж, төлбөр төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцож албан бичиг явуулсан.

М ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Б энэ мөнгийг аваагүй, нэхэмжлэгч нартай гэрээ хийх итгэмжлэлийг бусдад олгоогүй байхад Б.М дур мэдэн хууль бус гэрээ хийсэн. Мөн орон сууц захиалгаар бариулах гэрээг хуурамчаар үйлдсэн байдаг. Б.М нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш юм.

Энэхүү хуурамч гэрээг үндэслэж нэхэмжлэгч нар нь Б ХК-ийн данс руу төлбөрийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч уг төлбөрөө Б ХК-аас шаардах ёстой байтал уг компаниас татгалзсан.

М ХХК-ийн мөнгийг завшсан Б ХК-ийн хариуцлагыг хууль ёсны өмчлөгч хүлээх үндэслэлгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Маргаан бүхий орон сууцны төлбөрийг Б ХК, Ц.М нар хариуцагчийн данс руу шилжүүлээгүй. Нэхэмжлэгч нар нь хууль бус гэдгийг мэдсээр байж Б ХК-аас нэхэмжлээгүй нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нар нь мөнгө шилжүүлсэн компаниас байр буюу мөнгөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Ж.А, Б овогт Ц.М нарыг Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент-2, 7 дугаар блок, 1 дүгээр орц, 3 давхар, 00 тоот хаягт байрлах, 00 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А , Ц.М нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 1,058,515 төгрөг гаргуулж, 988,315 төгрөгийг улсын орлогод оруулж, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ж.А , Ц.М нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Маргаан бүхий орон сууцны зориулалттай барилга нь хариуцагч М ХХК-ийн хөрөнгөөр барьсан үл хөдлөх эд хөрөнгө юм. Орон сууцны үнэ буюу төлбөр, бараа материал худалдагчид төлөгдөөгүй бөгөөд орон сууцны үнийг төлсөн тохиолдолд худалдагч орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх боломжтой.

М ХХК-тай болон зэргэлдээ барилга барьж буюу компаниудад Б ХХК, түүний захирал Г.Б арматур нийлүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажилладаг, тодорхой хэмжээнд итгэл олсон байсан. Ингээд 14 хоногийн дотор арматур нийлүүлнэ, өөрийн захиалсан нэг байрыг бусдад шилжүүлэх боллоо хэмээн итгэл төрүүлэн М ХХК-ийн менежер Б.М г хуурч мэхлэн, иргэн Ж.А , Ц.М нартай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ 21/08 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

Б ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ 21/05 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан 2 орон сууцны захиалгын төлбөрийг албан бичигт заасан хугацаанд төлөөгүй учир М ХХК гэрээг цуцалсан талаар амаар болон бичгээр захирал Г.Б д мэдэгдэж, хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг өөр захиалагчийн эзэмшилд шилжүүлсэн.

Гэтэл Б ХХК-ийн захирал Г.Б нь М ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг ашиглан Ж.А , Ц.М нарыг залилан мэхэлж, компанийнхаа Хаан банк ХХК дахь 5129043318 тоот дансаар 125,296,000 төгрөг авсан. Уг мөнгө болон арматурын төмөр гэрээний төлбөр болгож М ХХК-д шилжүүлээгүй.

М ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, итгэжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Т.Б юм. Нэхэмжлэгч нартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан гэх Б.М д компанийг төлөөлөж гэрээ байгуулах эрх, итгэмжлэл олгоогүй. Тэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан эрх зүйн чадамжгүй этгээд тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт итгэмжлэлийг бичгээр болон амаар гаргаж болно гэж заасан ба М ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Т.Б өөрийн хүү Б.М д амаар итгэмжлэл олгосон.

Нэхэмжлэгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж Ж.Х М ХХК-тай гэрээ байгуулсан ба тухайн үед Б.М аавтайгаа утсаар ярьж мэдэгдэж байсан.

Б.М гэрчийн мэдүүлэгтээ аав хөдөө байсан бөгөөд тухайн гэрээнд гарын үсэг зурахыг надад хүлээн зөвшөөрсөн учир би гарын үсэг зурсан гэж илэрхийлсэн. Тус хэрэгт Б ХХК-ийн гүйцэтгэх захирал н.С , Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Б нар гэрчийн мэдүүлэг өгч Б.М хариуцагч компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй этгээд гэдгийг нотолсон.

Хэрэгт авагдсан гэрээг цуцлах талаар мэдэгдэлд Б.М гарын үсэг зурсан. Түүнийг хариуцагч талаас хүчин төгөлдөр мэдэгдэл, энэхүү мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээ цуцлагдсан гэж тайлбарладаг.

М ХХК-ийн захирал н.Б ы Б ХК-д 2 орон сууцыг борлуулж, үнийн дүнгээрээ арматур авахаар тохиролцоо хийсэн. Б ХК, М ХХК-ийн хооронд арматур нийлүүлэх удаан үргэлжилсэн тогтсон харилцаа байсан.

Гэрээний 3.1-д төлбөрийн нөхцөлийг бүрэн төлөгдсөн, төлбөрийн үлдэгдэлгүй, төлбөртэй холбоотой маргаан байхгүй гэж тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ж.А , Ц.М нар хариуцагч М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2 орон сууцны барилгын 00 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

 

4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... М ХХК, Б ХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээнд орон сууцны төлбөрийн үлдэгдэлгүй, төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гэж тусгагдсан байсан тул М ХХК-тай маргаан бүхий 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан, орон сууцны төлбөрийг Б ХК-д бүрэн төлж барагдуулсан. Гэтэл М ХХК-аас орон сууцны төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, гэрээг цуцлах талаар мэдэгдэж бидний эрхийг хохироож байна ... гэж тайлбарласан.

 

5.а. Талууд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэг тал Бэст Элект нь орон сууц худалдан авахаар захиалгын орон сууцны үнийг төлбөрийг бүрэн хийсэн, төлбөрийн үлдэгдэлгүй тул нөгөө тал М ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй Арцат апартмент-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн 7 дугаар блокийн 0-р давхар, 0-р орц 00 м.кв 3 өрөө орон сууцыг, мөн Арцат апартмент-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн 7 дугаар блокийн 7-р давхар, Баруун орц 75 м.кв 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

5.б. Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Ц.М , Ж.А нартай байгуулсан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2 орон сууцны барилгын 7-р блокийн 0-р давхар, 0-р орц 00 м.кв 3 өрөө орон сууцыг захиалгаар барих гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М ХХК-ийн Б ХК-тай байгуулсан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн 7 дугаар блокийн 0-р давхар, баруун орц 00 м.кв 3 өрөө орон сууц, 7-р давхрын баруун орц 75 м.кв 3 өрөө орон сууцыг захиалгаар барих гэрээ авагдсан байна. /хх64-71/

 

5.в. 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч М ХХК нь Б ХХК-тай маргаан бүхий орон сууцыг захиалгаар барих гэрээг байгуулсан, Б ХХК уг гэрээг үндэслэн орон сууцыг нэхэмжлэгч нарт худалдсан, тэрээр орон сууцны төлбөрт 125,296,000 төгрөгийг Б ХК-д шилжүүлсэн, М ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууц захиалах гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, орон сууцны эзэмших, өмчлөх эрх нэхэмжлэгч нарт шилжээгүй зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

5.г. Зохигчдын хооронд гэрээний нэршлээс үл хамааран, нэг талаас харилцан тохирсон 180,113,000 төгрөг төлөх, нөгөө тал нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2 орон сууцны барилгын 7-р блокийн 0-р давхар, 0-р орц 00 м.кв 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт учир дутагдалтай болсныг залруулах шаардлагатай.

 

6.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Б.М ...М ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан, компанийн захирал болох манай аав өөрөө зөвшөөрөл өгөөд би төлөөлсөн, аав тухайн үед орон нутагт явж байсан, нэхэмжлэгч нар гэрээ байгуулахдаа Б ХХК-д төлбөрийг төлсөн... гэж, Г.Б ... М ХХК-ийн захирал Баярсайхантай тохиролцсон бөгөөд бараа материал татах гээд мөнгө хэрэгтэй байна, энэ байраа өгөөч, цааш нь зарж болох уу гэхэд зөвшөөрч гэрээ хийж өгсөн, байр зараад орлогыг нь авах эрхийг М ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь зөвшөөрсөн ... гэж мэдүүлсэн байна.

 

Хариуцагч нь Б.М д компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурсан Б.М г М ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй бөгөөд тэрээр компанийн захирал Т.Б ы зөвшөөрлөөр нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан байна. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.б. Хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээг хуурамчаар байгуулсан, Б.М нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд нэхэмжлэгч нар хуурамч гэрээг үндэслэж Б ХК-ийн данс руу орон сууцны төлбөрийг шилжүүлсэн, Б ХК-ийн хүлээх хариуцлагыг орон сууцны хууль ёсны өмчлөгч хариуцахгүй гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нарын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр М ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд тус компанийг төлөөлж Б.М гарын үсэг зурсан байх ба тэрээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан этгээд биш боловч гэрээний нөгөө талдаа гэрээ байгуулах эрхтэй этгээд гэсэн ойлголтыг төрүүлсэн. Учир нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

 

7.а. Орон сууцны үнийг төлөөгүй учраас М ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б ХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Учир нь хэргийн 62 дугаар талд Б ХК-аас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч компанид ... 00 м.кв 3 өрөө орон сууц, 75 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрийг 2021.05.28-ны өдөр М ХХК-ийн ерөнхий захирал Т.Б ы Хаан банкны 5866111777 тоот дансанд бэлэн мөнгө шилжүүлнэ, уг хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд гэрээг хүчингүйд тооцно гэх агуулгатай хүсэлт байх боловч талууд гэрээний 3.1-д нийт захиалгын үнийг хийсэн бөгөөд төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн цаашид төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж тохиролцож, харилцан хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймд талуудын уг тохиролцоо нь Иргэний хуулийн 42 дугааар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсныг гэрчлэх баримтыг үүрэг гүйцэтгүүлэгч олгох үүрэгтэй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг маргаан бүхий орон сууц өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шууд хамааралгүй, өмчлөх эрхийн хүрээнд хамгаалагдах ашиг сонирхлын хүрээг тодорхойлсон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул залруулав. Нэхэмжлэгч нарын худалдан авсан зүйлийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан.

 

7.б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Б ХХК-тай арматурын төмөр нийлүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэх боловч нотлох баримтгүй. Б ХХК-ийн захирал Г.Б ... байрыг зараад мөнгөөр манай компани бараа материал худалдан авч, хариуцагч компанид шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нарын байрны төлбөрт шилжүүлсэн 125,296,000 төгрөгийг хариуцагч компанид шилжүүлэх ёсгүй гэж мэдүүлсэн. Талуудын байгуулсан гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн, цаашид төлбөрийн үлдэгдэлгүй талаар тусгасан байх тул хариуцагчийн орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээ цуцлагдсан гэх гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/02129 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ххх дүүрэг, 0 дүгээр хороо, Арцат апартмент-2, 0 дугаар блок 0 дүгээр орц, 0 давхар, 00 тоот хаягт байрлах, 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.А , Ц.М нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М ХХК-д даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,058,515 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ