Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,

            Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

           Хохирогч: Х.С,

       Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн А ургийн овогтой Б.Б-д холбогдох 1835000870164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1947 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Завхан аймгийн Сантмаргаз суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол хан” хоршооны дарга ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан  аймгийн Сантмаргаз сумын Холбоо багт оршин суух, Алтан гадас одонтой, Монгол улсын манлай уяач цолтой, ял шийтгүүлж байгаагүй, РД:............................, А ургийн овогтой Б.Б.

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б-ыг 26-76 ЗАН улсын дугаартай, Ниссан Датсун загварын автомашин ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн нутаг "Хар хад" гэх газраас хохирогч Х.С-гийн цагаан зүсмийн, 18 настай нэг тооны гүү, саарал зүсмийн нэг тооны унагыг хулгайлж, нийт 820000 /найман зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       1. Шүүгдэгч Б.Б-ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

        Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн нутаг "Хар хад" гэх газраас хохирогч Х.С-ийн цагаан зүсмийн, 18 настай нэг тооны гүү, ягаан саарал зүсмийн нэг тооны унага хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллаж байгаа нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

        Хохирогч Х.С-гийн Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн нутаг "Хар хад" гэх газар бэлчээрт байсан адуунаас 2017 оны 09 сарын 22-ны өдрөөс 23-ний өдрийн хооронд зүүн талын гуян дээрээ жинст олом тамгатай цагаан зүсмийн гүү, ягаан саарал зүсмийн охин унаганы хамт алдагдсан болох нь хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Манайх 2011 оноос хойш Баруунтуруун сумын Баян-айраг багийн Хар хад гэх газар жилийн дөрвөн улиралд тогтмол байдаг юм. Би өөрөө Хар хад бригадын манаач ажилтай юм. Би 2017 оны 09 сарын 22-ны өдөр 15 цагийн үед адуугаа услаад бэлчээрт гаргасан ба маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр  адуугаа услахдаа бүртгэж үзэхэд зөв гуян дээрээ жинст олом тамгатай, 18 настай цагаан зүсмийн гүү, мөн ягаан зүсмийн унага нь байхгүй байсан. Тэр хавьдаа хайсан боловч олдоогүй. Тухайн үедээ Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хол ойрын хүмүүсээс сураг тавьж байсан. Тэгтэл 2018 оны 3 сарын эхээр  манай “хуурай ах” Б залгаад "чиний алдсан унагатай гүү хаана байгаа талаар сураг сонслоо, хэд хоногоос очиж үзье" гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 сарын 07-ны өдөр Б ахын хамтаар түүний машинаар  Завхан аймгийн Сантмаргаз сум руу явсан. Сантмаргаз суманд очоод Б гэх айлын малын хашаанд очиж үзэхэд миний алдсан ягаан саарал зүсмийн унага байж байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахаар шийдээд Б ах бид хоёр буцаж ирээд  Увс аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Манай адуунаас алдагдсан гүү нь цагаан зүсмийн, 18 настай, зүүн гуян дээрээ жинст олом тамгатай, өтгөн дэл, сүүлтэй, ерөнхий биеийн бялдар сайтай, харин унага нь ягаан саарал зүстэй, борви, өвдөгний хэсэгтээ бор өнгийн үстэй, урт хүзүүтэй, нарийн шуумгар хоншоортой, шингэн дэл, сүүлтэй зэрэг содон шинж тэмдэгтэй. Алдагдсан цагаан зүсмийн гүү нь миний эцгээс өвлөн ирсэн адууны үр төл байгаа юм. Харин азарга нь 2014 онд Улаанбаатар хотоос Монгол Улсын тод манлай уяач Цээс 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр худалдаж авсан, хязаалан настай, цэвэр араб адууны үр төл байгаа юм. Алдагдсан цагаан зүсмийн гүүг 2002 онд дааган насанд нь эцгээс минь надад өвлөгдөж ирсэн жинст олом тамгаар тамгалсан. Уг гүүтэй цуг тамгалсан морьд манай адуунд байна. Завхан аймгийн Сантмаргаз суманд байх Б гэх айлын хашаанд байгаа даага нь 2017 оны 09 сарын 22-оос 23-ны өдрийн хооронд манай адуунаас алдагдсан унага мөн гэдгийг нь биеийн ерөнхий хэлбэр, зүс зэрэг содон шинж тэмдгээр нь таньсан ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46х/,

        гэрч Ж.Б-ийн “ Би 2017 оны 09 сарын 25-ны өдрийн орчимд гэртээ байж байтал хуурай дүү С миний гар утас руу залгаад "манай адуунаас цагаан зүсмийн, унагатай гүү 2 хоногийн өмнө хулгайлагдсан байна. Та таньдаг мэддэг хүнээрээ дамжуулан сураг тавьж байгаач гэж хэлсэн тул би өөрийнхөө найз нөхөд, таньдаг хүмүүстээ цагаан зүсмийн, зүүн гуяндаа жинст олом тамгатай, ягаан саарал зүсмийн охин унагатай гүү харж, сураглаж  байгаарай гэж захисан. 2018 оны 01 сарын 10-ны өдрийн орчимд Увс аймгийн Цагаанхайрхан суманд амьдардаг хүргэн А миний гар утас руу залгаад “ таны сураглаад байсан унагатай гүүний сураг Завхан аймгийн Сантмаргаз суманд гарч байна. Уг гүүний унага нь Б нэртэй айлын хашаанд тэжээгдэж байгаа юм шиг байна” гэж хэлсэн, би тухайн үед ажил ихтэй байсан тул Завхан аймгийн Сантмаргаз суманд очиж үзэж чадаагүй байж байгаад 2018 оны 03 сарын 02-ны өдрийн орчимд би Сд энэ талаар хэлж, 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд миний автомашинаар Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сантмаргаз сум руу явсан. Бид хоёр ойролцоогоор 16 цагийн орчимд Сантмаргаз суманд очоод Б гэх айлыг хайж олоод малын хашааг нь үзэхэд Сгийн алдсан цагаан зүсмийн гүүний унага байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандахаар шийдээд шууд Увс аймгийн төв рүү явсан. Улаангом суманд ирсний дараагаар дүү С цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52х/,

    гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би Х.Сгийн цагаан зүсмийн, ягаан саарал унагатай гүүг танина. Тэр унагатай гүү өнгөрсөн жил буюу 2017 оны намар 09 дүгээр сард хулгайд алдагдаад Х.С эрж хайгаад яваад байсан. Харин энэ хавар олж авсан гэсэн ” гэх мэдүүлэг,

    гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны намар намайг Цагаанхайрхан суманд гэртээ байхад Б ах утсаар ярьж “ ...ягаан саарал даага хулгайд алдсан, энд тэнд явахдаа харж, сураг тавьж яваарай” гэж захисан юм. Би 2018 оны 1-р сард эмээл зарахаар хөдөө сумуудаар явж байхдаа Завхан аймгийн Сантмаргаз сум руу машиндаа бензин авахаар ороод гарах үедээ шатахуун түгээх газрын хажууханд байсан 5-6 тооны бага насны адуунуудыг харсан. Тэнд Б ахын захиж байсан адуутай зүс ижил адуу байхаар нь Б ахад утсаар “таны алдсан адуутай зүс ижил адуу Завхан аймгийн Сантмаргаз суманд байна” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 01-р сарын 20-ны үеэр Улаанбаатар хот яваад 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улсруу явсан юм. Тэр адууны талаар дахин Б ахтай яриагүй”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 92-93х/,

     хохирогч Х.С-гийн Увс аймгийн Цагдаагийн Газарт 2018 оны 3дугаар сарын 8-ны өдөр гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

       Хохирогч Х.С-гийн алдсан цагаан зүсмийн гүү нь Завхан аймгийн Цэцэн-уул сумын 3 дугаар багийн нутаг Сонгино гэх газарт өвөлжиж байсан Г.Лгийн, ягаан саарал зүсмийн даага /унага/ нь Завхан аймгийн Сантмаргаз сумын Өлзийт хорооллын 7-11 тоотод оршин суух хаягтай Б.Бгийн маллагаанд тус тус байсан  болох нь хэрэгт авагдсан адуунд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар,  түүнчлэн уг гүү, унагыг шүүгдэгч Б.Б дээрхи нэр бүхий хүмүүст өгч хадгалуулсан нь гэрч А.Пийн “"...манайх 2017 оны 11 сарын 20-ны өдрийн орчимд  Завхан аймгийн Цэцэн уул сумын 3 дугаар багийн нутаг Сонгино нэртэй газар өвөлжөөндөө нүүж ирсэн. Одоо миний санаж байгаагаар 2017 оны 12 дугаар сарын эхээр гэртээ байж байтал нутгийн ах Б өөрийн пик-ап загварын цагаан  автомашинд цагаан зүсмийн гүү аччихсан хүрч ирсэн. Тэгээд хүргэн ах Л бид хоёрт хандан "энэ гүүг өвөлжүүлээд  өг" гэж хэлээд хоёр уут улаан хивэг, нэг уут овъёос өгчөөд авч ирсэн гүүгээ үлдээгээд явсан. Уг гүү нь хээлтэй байсан ба манай нутгийн өвс тэжээл таарахгүйн улмаас эцэж тураад 2018 оны 01 сарын дундуур хээлээ хаячихаар нь би Б гуайн утас руу залгаж "...таны авч ирсэн гүү эцэж тураад хээл хаячихлаа. Энэ гүү манайд байж онд мэнд гарахгүй юм байна" гэж хэлэхэд Б ах "чи ямар нэг аргаар онд оруул" гэж хэлсэн. Б гуайн хадгалуулсан гүү зүүн хойд талын гуян дээрээ хоёр ширхэг таван хошуу тамгатай, цагаан зүсмийн гүү байсан, түүнээс өөрөөр ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй. ...Б гуай цагаан зүсмийн гүүгээ манайд үлдээх үедээ "энэ гүү хээлтэй байгаа шүү, төлийг нь онд оруулаад авчихмаар байна” гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54х/,

       гэрч Г.Л-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн" Манайх Завхан аймгийн Цэцэн уул сумын 3-р багийн нутаг Сонгино гэх газар мал маллаж амьдардаг юм. 2017 оны 12 сарын эхээр гэртээ байж байтал Б ах өөрийнхөө Бик-ап загварын цагаан өнгийн авто машиндаа цагаан зүсмийн гүү аччихсан хүрч ирээд "энэ адууг онд оруулаад өгөөч" гэж хэлэхээр нь би зөвшөөрч гүүг авч үлдээд тэжээж эхэлсэн. Уг гүү нь хээлтэй байсан ба 2018 оны 1 сарын дундуур хээлээ хаясан. Уг цагаан зүсмийн гүү нь зүүн хойд талын гуян дээрээ шинээр дарсан 2 таван хошуу тамгатай, цагаан зүсмийн, дэлэнтэй гүү байсан. Уг гүүний зүүн хойд талын гуян дээр шинээр хоёр таван хошуу тамга дарсан нь тухайн үед мэдэгдэж байсан, түүнээс өөрөөр ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй. Б гуай цагаан зүсмийн гүүгээ манайд үлдээх үедээ "энэ гүү хээлтэй байгаа шүү, төлийг нь онд оруулаад авчихмаар байна” гэж хэлж байсан юм. Би хадам дүү Пийн хамт уг гүүг маллаж байсан юм ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56х/,

       гэрч Р.Л-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн "... 2017 оны 12 дугаар сарын эхээр гэртээ байж байтал нутгийн ах Б өөрийн Бик-ап загварын цагаан өнгийн автомашинд цагаан зүсмийн гүү аччихсан хүрч ирээд хүргэн Л, хүү П хоёрт маллуулахаар захиж, 2 уут хивэг, 1 уут овъёос үлдээгээд явсан. Уг гүү нь зүүн хойд талын гуян дээрээ хоёр таван хошуу тамгатай байсан юм. 2018 оны 1 дүгээр сарын дундуур хүү П "Б ахын үлдээсэн гүү хээл хаячихлаа, түүнд утасдаж хэлнэ гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60х/,

     гэрч Ч.Н / унага хадгалагдаж  байсан Б.Бгийн эхнэр/ -ийн  хэрэг бүртгэлтэд өгсөн: “ ... энэ цагаан саарал даага нь 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр манай тэжээврийн адуунуудтай цуг хашаанд ирсэн, гэрийн гадаа тэжээгдэж байсан юм. Уг даагыг би манай адуу юм байх гэж бодож байсан, гэтэл 2018 оны 3 дугаар сарын 10-ны үед Увс аймгаас тухайн адууны эзэн гэх хүн 2 цагдаагийн ажилтны хамт ирээд даагыг авч явсан. Тухайн саарал дааганд дарсан тамга нь манай адууны тамга мөн, харин хэзээ тэр дааганд тамга дарсныг мэдэхгүй байна, сүүлд би нөхөр Б.Бгээс асуухад манай сумын Б гуайгаас авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р 65х/,

       Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “ 2017 оны 10 дугаар сарын эхээр би гэртээ байтал манай сумын Б ах / манлай уяач/  ирж надтай уулзаад “ чи надад унагатай гүү хадгалж өгөөч гэж хэлсэн тул би зөвшөөрсөн. Тэгээд Б ах өөрөө манай хашаанд зөв гуяндаа олом тамгатай цагаан зүсмийн гүүг саарал зүсмийн охин унаганы хамт авчирсан. Би тэр унагатай гүүг адуундаа хадгалж байсан. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын эхээр тухайн гүү эцэж муудах шинжтэй байхаар нь би Б ах руу утсаар ярьж “ та ирж гүүгээ авахгүй бол манайд онд орохгүй юм шиг байна” гэж хэлэхэд Б ах ирээд саарал унагыг нь үлдээгээд цагаан гүүгээ аваад явсан. Б ах надад “ саарал унагыг тэжээгээд онд оруулж өгөөрэй” гэж хэлсэн. Цагаан гүүгээ Цэцэн-уул суманд Л гэгч хүнд өгч хадгалуулсан байсан. Харин  саарал даага/ унага/-ыг манайх хашаандаа тэжээж хадгалж байтал 2018 оны 3 дугаар сард Увс аймгийн Цагдаагийн Газрын ажилтнууд ирж, тухайн даагыг хулгайн даага гэж хэлээд аваад явсан.  Б ах анх надад тэр унагатай гүүг хадгалуулахаар авч ирэхдээ “  энэ унагатай гүүг алдчихгүй хадгалж байгаарай” гэж захисан тул би алдахгүйн тулд өөрийн адууны тамга болох таван хошуу тамгаар гүү, унага 2-ыг тамгалсан. Цагаан гүү урьд нь олом тамгатай байсан тул  би тэр тамган дээр нь дарж тамгалсан юм” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

          Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-айраг багийн нутаг "Хар хад" гэх газар бэлчээрт байсан адуунаас 2017 оны 09 сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн үед алга болсон унагатай гүү Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо багт оршин суух Б.Б-ын эзэмшилд хэзээ, яаж орсон талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

          Шүүгдэгч Б.Б өөрийн 104 тооны адуугаа 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг Баян-айраг гэх газарт оторлуулахаар авч ирж, Зүүнхангай сумын иргэн Б.Ц, Б.П нарт хадгалуулж маллуулсан, түүнчлэн өөрийн малд нийлсэн байсан цагаан зүсмийн гүү, ягаан саарал зүсмийн унага хоёрыг машиндаа ачиж явсан болох нь  гэрч Б.Ц-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “ 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр намайг Зүүнхангай сумын Айраг гэх газарт байхад Б гэх хүн 104 тооны адуу авч ирээд надад  “ адуутайгаа нийлүүлээд 10 хоног маллаад өгөөч”  гэхээр нь би зөвшөөрч, манай адуучин П гэх залууд Бын 104 тооны адууг хүлээлгэн өгсөн. Тэгтэл 4-5 хоногийн дараа П утсаар ярьж “ Бын адуунаас 4 тооны адуу дутаад байна, мөн адуун дотор цагаан зүсмийн унагатай гүү нийлсэн байна, та өөрөө ирж үзээч” гэж хэлсэн тул би очиж үзэхэд Бын адуунаас 4 тооны адуу дутсан. Тэгээд би Б ах руу залгаад “ таны адуунаас 4 тооны адуу дутаж байна, харин адуунд ногттой, цагаан зүсмийн, унагатай гүү нийлсэн байна, та өөрөө ирж үзээрэй” гэж хэлсэн. 2017.10.04-06-ны үед Б ах ирж адуугаа бүртгэж үзээд хүрэн, хээр, бор хээр, хул зүсмийн нийт 4 тооны үрээ байхгүй байна гэж хэлээд адуунд нийлсэн ногттой цагаан зүсмийн унагатай гүүг “ би эээмшиж авч явна” гэж хэлсэн. Тухайн үед Б П бид нар адуу байсан газар нутгаар 4 адууг хайгаад олоогүй. Тэгээд Б нь өөрийн эээмшлийн 100 адуугаа буцааж нутаг уруугаа авч явсан. Мөн дээр нь адуунд нийлсэн цагаан зүсмийн ногттой гүү, унагыг цагаан өнгийн Бик-ап маркийн машиндаа ачиж аваад явсан. Тэр үед Б  “миний авч явсан цагаан зүсмийн ногттой гүү, унагыг хүн асууж ирвэл над руу явуулаарай, би энэ унгатай гүүг маллаж байна” гэж хэлээд аваад явсан. Сүүлд 2018 оны 04 сарын 20-ны үед Б над руу залгаад нөгөө цагаан зүсмийн ногттой гүү, унага нь Баруунтуруун сумын адуу байсан байна, эзэн нь ирээд аваад явлаа. Би Б гэх хүнтэй 2000 оны үед морь уяж уралдуулж байхдаа танилцсан ” гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75х/,

      гэрч Б.П-ын хэрэг бүртгэлтэд өгсөн : “ 2017 оны 09-р сарын 29-ны өдөр Зүүнхангай сумын Баян-гол багийн нутагт гэртээ байж байтал Б буюу Ц ах ирээд "манай морь уядаг дотны хүн байгаа юм, адуугаа туугаад ирж байгаа, очоод тосоод авчихъя гэхээр нь би хамт явж Даланбулаг багийн Гозоорой гэх газар очиход Б гэх хүн 104 тооны адуу тууж ирсэн байсан. Тэгээд надад 104 тооны адууг хүлээлгэж өгсөн ба би адууг Баян-гол багийн нутаг “Баян-Айрагийн ар” гэх  газар бэлчээрт маллаж байсан, өдөрт 1 удаа очиж хараад тоолоод явдаг байсан.  2017 оны 10 дугаар сарын 04-5-ны үед байх Баяр-Айраг багийн нутаг дэвсгэрт байсан Бын адууг бүртгэж үзэхэд 4 тооны адуу дутсан тул Ц ах руу утсаар залгаж "Бын адуунаас 4 тооны адуу дутаж байна, мөн адуунд цагаан зүсмийн, унагатай гүү нийлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Ц, Б нар ирээд алдагдсан 4 тооны үрээгээ хайгаад олохгүй болохоор нь адуун дунд нийлсэн байсан цагаан зүсмийн унагатай гүүг өөрийн унаж явсан пик-ап маркийн машинд ачиж аваад явсан. Тэр үед Б  “энэ цагаан зүсмийн ногттой гүү, унагыг хүн асууж ирвэл намайг авч явсан гэж хэлээрэй ” гэж хэлээд аваад явсан.

Бын адуунд нийлсэн байсан цагаан гүү нь зөв талын гуяны доохон хэсэг буюу борвины хэсэгт таван хошуу шиг хэлбэртэй тамга дарагдсан байсан. Унага нь саарал өнгийн байсан ба ямар нэгэн тамга дарагдаагүй байсан. Би алдуул малыг олж авсан хүн нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх ёстой гэдгийг мэднэ. Тухайн үед адуунд нийлсэн гүү, унаганы талаарх мэдээллийг нутгийн эахиргааны байгууллад мэдэгдээгүй. Ц ахыг хэлчих байх гэж бодсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.Б нь уг гүү, унага хоёрыг машиндаа ачиж Сантмаргаз суманд хүргэж Б.Б-д хадгалуулж байгаад унагыг салгаж Г.Л гэх хүнд өгч хадгалуулсан үйл баримт тогтоогджээ. 

         Прокурор Б.Б-ыг хохирогч Б.С-гийн 2 тооны адуу хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтдээ дээр дурдсан хохирогч Д.С, гэрч Ж.Б, А.П, Г.Л, Р.Л, Ч.Н, Д.А нарын мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18/26 дугаартай : “ Цагаан зүсмийн, 18 настай гүүний зүүн хойд гуянд таван хошуу тамга, мөн хөлний борив хэсэгт олом тамган дээр 5 хошуу тамганы 3 хошууг нь гаргаж дарсан  тамга тус тус байна. Зүүн хойд хөлний борив хэсэгт дарагдсан тамга нь давхар дарагдсан тамга байна.Уг дарагдсан тамганууд нь шинжилгээнд хүргүүлсэн жинст олом тамган дээр таван хошуу тамгаар дарсан байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Агийн  “ Б нь 26-73 ЗАН улсын дугаартай, цагаан өнгийн Бик-ап загварын автомашинтай” гэх мэдүүлэг, гэрч С.Нийн “ Б.Б 11 дүгээр сарын сүүлчээр өөрийнхөө 4-5 тооны адууг хашаандаа авчирж тэжээж байсан. Хонгор азарга, шарга зүсмийн даага 2 , бор даага 1, эрлийз саарал даага 1 байсан” гэх мэдүүлэг, бод малын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэргийг яллах нотлох баримтаар дурдсан бөгөөд мөн шүүгдэгчийн гэм бурууг тогтоох шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж,  яллах үндэслэл болгож мэтгэлцсэн болно.

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь үндэслэлгүй, шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.  Учир нь яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байх боловч шүүгдэгч Б.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох хангалттай баримт, нотолгоо биш гэж дүгнэв.

  Тодруулбал : Хохирогч Х.Сгийн 2 тооны адуу Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн нутаг "Хар хад" гэх газар бэлчээрт байсан адуунаас 2017 оны 09 сарын 22-ны өдрөөс 23-ний өдрийн хооронд алга болсон нь нотлогдсон, харин уг 2 тооны адууг шүүгдэгч Б.Б хулгайлсан гэх нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “ Энэ гэмт хэргийн үйл баримтыг цаг хугацааны дарааллаар нь авч үзэх юм бол: 2017 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн Хар хад гэх газраас хохирогч Х.С-гийн хоёр тооны адуу хулгайд алдагдсан байдаг. Шүүгдэгч Б.Б-ын хувьд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац сумаас 104 тооны адууг Увс аймгийн Зүүнхангай сумын Гозоорой гэх газар хүргэж ирж, тус сумын хоёр иргэнд өгч маллуулсан байдаг. Энэ үйл явдал болсноос хойш 7 хоногийн дараа түүний адууг маллаж байсан Цэрэндорж, П нар нь 4 тооны адуу алга болсон гэж утсаар мэдэгдсэн талаарх гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч Б адуун дээрээ ирээд Х.С-гийн 2 тооны адууг хараад миний 4 тооны адууг хулгайж авсан хүмүүсийн авч ирсэн адуу байх гээд хоёр тооны адууг өөрийн машинд ачаад Завхан аймгийн Сантмаргаз сум руу авч явсан байдаг. Хулгайлагдсан унагатай гүү нь хохирогчийн унаган адуу учир ижил сүргээсээ тасарч явна гэж байхгүй. Хохирогчийн мэдүүлэгт дурдсанаар бол адуугаа гэрийнхээ гаднах худгаас усалдаг байсан гэсэн, тийм байхад ижлээсээ тасраад өөр аймаг сум дамжаад гүйгээд явчихгүй нь тодорхой, мөн хэрэгт авагдсан гэрч Эрдэнэпүрэв, Д нарын мэдүүлэгт  “унагатай гүү зам дагаад явж байсан, ойроос хараагүй учир ямар им тамгатайг хараагүй” гэж хэлсэн байдаг, тэдний харсан унагатай гүү нь С-гийн алдсан гүү гэдгийг нотлоогүй, иймээс ижлээсээ тасарч явсан гэдгийг хангалттай нотлохгүй юм.  Мөн Б нь унагатай гүүнд Бгийн адууны таван хошуу тамгыг даруулсан ба унага гүүг өөрийн гэр дээр байсан адуутайгаа хамт хадгалж болох байсан. Гэтэл бүр өөр сумын Г.Л гэгчид гүүг хадгалуулсан. Хадгалуулахдаа “ энэ гүү хээлтэй байгаа шүү, төлийг нь онд оруулаад авчихмаар байна” гэж хэлж захисан байдаг. Энэ нь тухайн гүүнээс хурдан удмын араб азарганы төл гарна гэдгийг мэдэж байсан, төлийг өөрийн болгож авна гэсэн хулгайн гэмт хэргийн шунахай сэдэлт, шууд санаа зорилгын үүднээс хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж байна. Мөн Б үнэхээр алдуул мал олсон бол түүнийг хадгалж хамгаалъя гэж бодсон бол хүний адууны тамга дарахгүй, нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан. Мөн Б.Бын хувьд 4 тооны адуу алдсан талаараа өөрийн оршин суугаа орон нутаг дахь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хавтаст хэргийн 87-р талд шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа бөгөөд үүнд “би алдуул мал олж авсан этгээд цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх ёстой гэдгийг мэднэ. Гэхдээ манай адуунд нийлүүлсэн унагатай гүүг мэдэгдэх ёстой гэсэн бодол төрөөгүй болохоор цагдаагийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй гэсэн байдаг. Гэтэл дараа нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “ Н гэдэг хүнд алдуул мал олсон талаар мэдээлсэн”  гэж мэдүүлсэн байдаг. Н гэдэг хүн бол тойрог хариуцсан цагдаагийн албан хаагч бөгөөд тэрээр энэ талаар өөрийн хувийн бүртгэлд бүртгэсэн гэдэг боловч энэ хүн ямар нэгэн байдлаар бусад хэсгийн төлөөлөгч нарт алдуул малын талаар зарлан мэдээлсэн талаар баримт байдаггүй. Хэрэгт Сантмаргаз сумын Д гэдэг мөрдөгчийн үйлдсэн баримт авагдсан, мөн Завханмандал сумын хэсгийн төлөөлөгч Гийн гаргаж өгөөд байгаа алдуул малын бүртгэл баримтууд үндэслэлтэй гэдэг нь эргэлзээтэй байдаг. Эдгээр баримтаар алдуул мал байжээ гэдгийг нотлох боломжгүй. Хохирогч нь Монгол улсын манлай уяач Ц гэдэг хүнээс араб азарга худалдаж авсан байдаг. Энэ хулгайд алдагдсан адуунд араб азарганы хээл нь явж байсан. Унага нь араб адууны төл байгаа. Б “хээлийг нь алдаж болохгүй, заавал онд оруулаарай. Заавал хээлийг авах хэрэгтэй” гэж захиж байсан гэдэг нь давхар нотлогддог. Тэгэхээр үүнээс юу харагдаад байгаа вэ гэвэл шүүгдэгч Б.Б нь энэ араб адууны хээлийг авах зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас бүрэн тодорхой харагдддаг” гэх дүгнэлт гаргаж  мэтгэлцсэн ба энэ нь мал хулгайлах гэмт хэрэг гарсан эсэх, шүүгдэгч Б.Б хэзээ, яаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох үндэслэл болж чадахгүй байна.

 

Хохирогч Х.С-гийн адуунаас 2017 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрийн хооронд алдсан 2 тооны адуу 10 гаруй хоногийн дараа Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт оторлож байсан шүүгдэгч Б.Б-ын адуунд нийлсэн байсан, уг адууг Б.Б ирж ачиж явсан, бусдад хадгалуулсан талаархи үйл баримт тогтоогдсоныг улсын яллагч үгүйсгээгүй ба алдагдсан адуу нь хурдан удмын, мөн хээл нь хурдан удмын байсан учир шүүгдэгч шунахай зорилгоор хулгайлж авсан гэж яллаж байгаа нь баримтаар нотлогдоогүй байна.

      Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн адуунд бусдын 2 тооны адуу нийлснийг ачиж явсныг   нууц далд  аргаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.  

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгчийг хулгайн гэмт хэрэгт  яллаад байна уу?, эсхүл алдуул мал завшсан гэдэг зүйл хэсгээр  яллаад байна уу? гэдгийг улсын яллагчийн дүгнэлтээс ойлгосонгүй. Улсын яллагчийн өнөөдөр ярьж байгаа нотлох баримт нь цагаан гүү, унага алга болсон гэх 2017 оны 9 дүгээр сарын 22-23-нд өдөр шилжих шөнийн үйл баримттай огт хамааралгүй, харин сүүлд Б.Б-ыг 2017 оны 10 сард тухайн хоёр адууг ачаад явснаас хойшхи баримтуудыг танилцуулаад байгаа учраас би эргэлзээд байгаа юм. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бид нар бүгд мэднэ. Б.Б-ыг 2017 оны 9 дүгээр сарын 22-23-нд өдөр шилжих шөнө Сантмаргаз сумаас 250-260 гаруй км газар давхиж ирээд энэ гүүг унаганы хамт ачиж авч яваад замдаа Зүүнхангай сумын нутагт буулгаад дараа дахиж ирж ачиж авч явсан гэж яллаад байгаа бол факт баримттайгаар тухайн өдөрт нь холбогдуулж шалгах ёстой. Б.Быг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг бодитоор тогтоох үүргийг мөрдөгч прокурорт хуулиар хүлээлгэсэн. Миний үйлчлүүлэгч цагаан гүүг ачиж явсан гэдэг дээр огт маргаагүй. Дараагийн ээлжинд сумуудын хэсгийн төлөөлөгч нарт зарлан мэдээлээгүй байсан гэдэг.  Зарлан мэдээлэх нь цагдаагийн ажилтны үүрэг болохоос биш Б.Б гэдэг хүний үүрэг биш. Тиймээс зарлан мэдээлээгүй гэдгээр Б.Быг буруутгаж болохгүй. Цагаан гүү хээлтэй байсан. Гарсан хээл нь араб азарганы төл гэж яриад байдаг. Энэ чинь адуу хээр бэлчиж явдаг. Цагаан гүүг Араб азарга гишгэж байгааг харсан, үзсэн түүнийг нотлох зураг, тэр хээлэнд үзлэг хийгээд, шинжлээд үүнд араб азарганы цус байна гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Нэгэнт эргэлзээгүй тогтоож чадаагүй зүйлээр таамаг дэвшүүлээд тэр таамгаараа хүнийг яллаж болохгүй. Дээрээс нь хавтаст хэрэг дотор хэдэн хурдан морь уралдаад айрагдсан талаар өргөмжлөл, фото зураг байсан. Энэ хэрэгт ямар ач холбогдолтой юм. Цагаан гүү уралдаж байгаагүй. Гүү уралддаггүй. Шаргал зүсмийн эм даага ч уралдаж байгаагүй. Алга болсон хоёр адуутай холбоотой нотлох баримтыг цуглуулах ёстой болохоос биш адуунд тавьсан азарга хурдан байсан эсэх дээр бид маргаагүй. Яагаад гэвэл азарга алга болоогүй. 2017 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр Зүүнхангай сумаас өөрийн адуунд нийлсэн байсан цагаан гүү, унагыг ачаад явсан гэдгийг хангалттай нотолсон байгаа. Улсын яллагч нь хулгайн хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй байна. Үүнийг хулгайн гэмт хэрэг гэж үзэх боломж байхгүй. Яг ийм нотлох баримт байгаа болохоор гэмт хэрэг гэж үзэж байна гэх хариулт өгөхийг улсын яллагчаас хүсэж байна.

Улсын яллагч шунахайн сэдэлт гэж яриад байна. Хуучин 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн 4 бүрэлдэхүүн гэж ярьдаг байсан. 2015 оны Эрүүгийн хууль дээр субъектив тал гэдэг зүйлийн талаар ярихаа больсон. Учир нь хүний тархи, оюун санаан дотор болж буй нарийн процессыг хүн гаднаас нь олж тогтоох боломжгүй гэж судлаачид эрдэмтэд үзсэн болохоор өмнө нь байсан “сэдэлттэй” гэсэн үгийг аваад хаячихсан. Гэтэл шунахайн сэдэлттэй гэж таамаглаж үүн дээрээ үндэслэж бусдад ял халдааж болохгүй” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Б.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй .

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “ Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан ба улсын яллагч шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэгт ялласан нь үндэслэлгүй, мал хулгайлах гэмт хэрэг гарсан эсэх, түүнийг хэн, хэрхэн үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй буюу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй  гэж дүгнэв.  Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. 

       Харин шүүгдэгч Б.Б-ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

     Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд  Б.Б-ын адуунд нийлсэн байсан 2 тооны адууг  хэн нэг этгээдийн оролцоотойгоор авчирсан, нийлүүлсэн гэх, тухайн үед адуу маллаж байсан Б.П, Б.Ц болон шүүгдэгч Б.Б нар уг 2 тооны адуу хаанаас, яаж ирсэн, хэнийх болохыг мэдэж байсан гэх нотолгоо тус тус хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хохирогч Б.С-гийн 2 тооны адуу алдагдсан гэх 2017 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдээс хойш 10 гаруй хоногийн дараа Б.Бын адуунд нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Бын адуунд нийлсэн 2 тооны адууг алдуул мал гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт : “ Манай нутагт зуншлага муу болсон  байсан учир 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн адуугаа  оторлуулахаар Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт тууж ирээд Б.П гэх залууд маллуулахаар өгсөн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 2, 3-ны өдрийн үеэр утсаар ярьж “таны адуунаас 4 адуу алга болчихлоо. Та өөрөө ирж хайх хэрэгтэй байна ” гэж хэлсэн тул би очоод тэр хавийн газар нутгаар хоёр өдрийн турш хайгаад олоогүй. Тухайн үед миний адууг маллаж байсан залуу “доголон цагаан гүү, саарал унагатайгаа таны адуунд нийлсэн байна. Энэ адууны эзэн нь манай эндхийн хүн биш, таны дөрвөн адууг авч явсан хүн үлдээсэн байх, энэ адууг хадгалж байсан дээр байх” гэж хэлсэн. Би миний алдсан адуутай холбоотой гэж бодоод  2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ачиж авч яваад сум дундын хэсгийн төлөөлөгч Н гэдэг хүнд бүртгүүлсэн. Унагатай гүү адуунд нийлсэн байсан, мөн өөрийн 4 тооны адуугаа алдсан талаар сум дундын хэсгийн төлөөлөгч Нт мэдэгдсэн. Тэр цагаан гүүг Б гэх залууд хадгалуулж байтал алдаад Эрдэнэхайрхан сумын нутгаас олж авсан. Би “Энэ адууг алдаж болохгүй. Болохгүй бол өөрийнхөө адууны тамгыг ч дараад сайн хадгалж бай” гэж хэлээд явсан. Тэр өвөл миний бие муудаад эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явсан. Манай нутагт зуд болж байна гэж надад хэлэхэд нь уг гүүг үхүүлж болохгүй талаар мөн би хэлсэн. Гэтэл удалгүй Эрдэнэпүрэв гэдэг хүн над руу утсаар ярьж цагаан гүү таны алдагдсан адуутай холбоогүй юм байна. Энэ цагаан гүү нь унагаа дагуулчихсан 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд засмал замын хажууд явж байсан гэж хэлсэн. Тухайн үед би буруу зүйл, эндүүрэл болсон гэдгийг мэдсэн. Миний хувьд 17, 18 настай  хөгшин гүү авах шаардлага байхгүй. Би манлай уяач хүн. Олон газраас олон хурдан адуу худалдаж авсан Миний хувьд хээлтэй гүүний унагыг ашиглах бодол байгаагүй. Цагдаагийн байгууллагад ч мэдэгдэхгүй байсан. Энэ цагаан гүүг миний алдсан адуутай холбоогүй юм гэдгийг сүүлд мэдсэн. Өвөл цаг их хэцүү, манайх хүн бүл муутай байсан болохоор унагатай гүүг өөр дээрээ байлгаж хадгалах боложгүй байсан тул зэргэлдээ Цэцэн-Уул суманд байх танил Лд өгч хадгалуулсан. Цэцэн-Уул, Сантмаргац хоёр сум хоорондоо13 км зайтай юм. Миний хувьд 3, 4 азаргатай,  араб, англи азарга ч байгаа.  Зүүнговь сумын баярт араб азаргаа их моринд тавиад уралдуулсан гэдгийг Х.С ч мэдэж байгаа. Бас мөн цоохор азаргатай гэдгийг ч мэдэж байгаа байх. Би одоо 70 нас хүрчихээд хүний 18 настай гүүний унагыг авахаар хулгай хийх хүн биш. Би сум орон нутагтаа нэр хүндтэй, олон төрлийн ажилд оролцоотой явдаг хүн” гэж мэдүүлсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-ын Цагдаагийн байгууллагад алдуул малын талаар бүртгүүлсэн гэх мэдүүлгийн үнэн эсэхийг тогтоох зорилгоор Завхан аймгийн Цагдаагийн газрын Завханмандал суман дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга ажилтай Р.Н, Сантмаргаз сумын хэсгийн төлөөлөгч Г.Д, Завханмандал сумын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч Л.Г нараас гэрчээр мэдүүлэг авсан, мөн тухайн цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчийн хөтөлдөг Алдуул малын бүртгэлд үзлэг хийсэн талаархи нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Тухайлбал гэрч Р.Н-ын  мөрдөн байцаалтад  өгсөн : “ Б.Б 2017 оны 10 дугаар сард байх, надтай утсаар ярихдаа “ 4 адуугаа хулгайд алдчихлаа, мөн манай адуунд унагатай, цагаан гүү нийлсэн байна” гэж хэлсэн.  Би Б-ын алдсан 4 адуу болон түүний  адуунд нийлсэн байсан гэх цагаан гүүний талаар хувийн дэвтэртээ бүртгэж авч байсан, тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэнэ гэж бодож байснаа мартсан байна лээ. Манай сумын алдуул малын бүртгэл дээр энэ талаар бүртгээгүй, би хувийн бүртгэл дээрээ бүртгэсэн. Дараа нь Б гуай над уруу утсаар ярьж, алдсан 4 тооны адууны талаар тодорхойлолт бичээд өг гэж хэлсэн, тухайн үед би амарч байсан тул би хэсгийн төлөөлөгч Г-ийг  алдсан малын талаар бичээд өгчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Д-ын “ Б.Б 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  манай цагдаагийн хэсгийн байранд ирж “ 2017 оны 10 дугаар сарын 5-ны үед миний адуунд цагаан зүсмийн унагатай гүү ирж нийлсэн байсан гэж, мөн өөрийн 4 адуугаа алдсан талаар бүртгүүлсэн. Тухайн үед Б.Б-ыг манай өрөөнд ирж малынхаа талаар бүртгүүлж байхад Р.Н дарга надтай цуг байсан тул энэ талаар мэдэж байгаа. Сүүлд Б над дээр ирж алдуул мал тэмдэглүүлсэн талаараа тодорхойлолт авна гэхэд нь би Н даргаас асуухад “ бичиг хийгээд өгчих” гэж хэлсэн тул унагатай гүү, 4 тооны адуу бүртгүүлсэн талаар бичиг хийж өгсөн” гэх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайлбал, Р.Н “ Б.Б-ын утсаар өгсөн мэдээллийг хувийн бүртгэлдээ бүртгэсэн, алдуул малын бүртгэлд бүртгэгдээгүй гэж мэдүүлсэн байхад Г.Д “ Б.Б өөрөө манай өрөөнд ирж бүртгүүлсэн, манай өрөөнд ирж малынхаа талаар бүртгүүлж байхад Р.Н дарга надтай цуг байсан тул энэ талаар мэдэж байгаа” гэж зөрүүтэй мэдүүлсэн,  түүнчлэн хэрэгт авагдсан, Сантмаргаз сумын цагдаагийн хэсгийн “Эрэн сурвалжлагдаж байгаа мал болон алдуул малын бүртгэл” гэх баримт нь хуулбараар авагдсан, эх баримтаас хуулбарласан гэх баталгаагүй, тус бүртгэлд тусгагдсан мэдээллүүдийг хэн, хэзээ бүртгэсэн нь тодорхойгүй, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн албан хаагчийн нэр, гарын үсэг, он, сар, өдөр бичигдээгүй, бүртгэлийн хуудас болон бүртгэсэн мэдээлэл нь дугаарлагдаагүй байх тул тус тус нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.  

Гэрч Л.Г-ийн өгсөн : “ Би 2018 оны 06 дугаар сарын 28-нд Завхан аймгийн Завханмандал суманд томилогдон ажиллаж байна. Би Б.Б гэдэг хүнийг таньдаггүй байсан. Гэтэл тэр хүн надтай ирж уулзаад “ би адуугаа алдсан хүн байна.  Би танай хэсгийн дарга Р. Н-т хэлсэн байгаа, надад тэмдэглэл бичээд өгөөч гэхээр нь би Б.Баас “ ямар утгатай юм бэ” гэж асуугаад өөрийнх нь хэлснээр бичээд өгсөн. Би ямар нэгэн баримт бичиг үндэслэж бичээгүй. Тэр өдөр Р.Н дарга аймгийн төвд ээлжийн амралтаа  авчихсан явж байгаад цагдаагийн үүдэнд тааралдсан,  тэгээд  Р.Н дарга надад хандаж “энэ Б.Б гэдэг хүнд адуу бүртгүүлж байсан талаар тэмдэглэл бичээд өгчих гэж хэлсэн. Би өөрөө юу ч мэдээгүй байж байгаад Б.Б-д тэмдэглэл бичээд өгчихсөн. Мөн Б нь Р.Н даргатай уулзсаны дараа орж ирээд “Увс аймагт миний адуу олдсон байгаа” гэж хэлсэн тул би өөрөөс асууж байгаад хэлснээр нь тодорхойлолт бичиж өгсөн. ...Дахиад тэр нэг өглөө 6 цагт ирээд урьд бичиж өгсөн тэмдэглэл чинь тамга тэмдэггүй юм байна, дахин бичээд  өгөөч гэхээр нь юу болохгүй байна гэхэд нь адуу алдсан гэж бичүүлэх нь буруу юм байна, миний адуунд адуу ирж нийлсэн  гээд бичээд өгөөч гэхээр нь  хэлснээр нь бичээд өгсөн. Тэр үед Р. Н дарга байгаагүй, ээлжийн амралтаа  авчихсан байсан. Тухайн үед Н дарга сүлжээгүй газар явж байсан болохоор тэр талаар асуух боломжгүй байсан ”гэх мэдүүлгээр Завхан аймгийн Завханмандал сумын цагдаагийн тасгийн “алдуул малын бүртгэл”-д Б.Б-ын 4 адуу алга болсон, адуунд нь унагатай гүү ирж нийлсэн талаар бүртгэгдээгүй байхад хэсгийн төлөөлөгч Л.Г алдуул мал бүртгэгдсэн тухай тодорхойлолт хийж өгсөн нь нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б өөрийн адуунд нийлсэн байсан бусдын 2 тооны адууны талаар нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б өөрийн адуунд нийлсэн 2 тооны адууг өөрийнх нь биш, бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, өөрөө дур мэдэн эзэмшилдээ авсан нь тогтоогдсон. 

 

Хохирогч Х.С-гийн алдсан 18 настай гүү 650.000 төгрөгөөр, унага 170.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нь хэрэгт авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн бод малын зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол алдуул мал завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан тул шүүгдэгч Б.Б-ын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Дээрхи үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Б.Б мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, мөн энэ гэмт хэргийн ойролцоо төрлийн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн үү гэвэл бас болохгүй байгаа.  Учир нь алдуул мал завшсан гэж үзэх гэхээр энэ хүн унагатай гүү адуунд нь нийлсэн байсан талаар цагдаагийн ажилтанд бүртгүүлсэн байдаг. Энэ байдлаар үгүйсгэгдэж байна. Миний үйчлүүлэгч Б нь гэмт хэргийн шинжтэй ямар нэг үйлдэл хийгээгүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь алдуул мал завших гэмт хэргийг 2017 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрийн үед үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарч, шүүгдэгч Б.Б алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа  өнгөрсөн нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.С алдсан 2 адуугаа Завхан аймгийн Сантмаргаз сумаас олж буцаан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таван хошуу дүрс бүхий малын тамга 1 ширхэгийг эзэмшигч Б.Бд буцаан олгож, мөн хэрэгт шүүгдэгч Б.Бын өмчлөлийн 26-76 ЗАН улсын дугаартай, Nissan Datsun маркийн автомашин битүүмжилснийг хүчингүй болгож, буцаан олгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Прокуророос шүүгдэгч А ургийн овогтой Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт   яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А ургийн овогтой Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таван хошуу бүхий дүрстэй төмөр тамгыг эзэмшигч Б.Б-д, хэрэгт Nissan Datsun маркийн, 26-76 ЗАН улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Б-д тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Х.С гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.АЛТАН