Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 31

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бт холбогдох эрүүгийн 1835000870164 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1947 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Завхан аймгийн Сантмаргаз суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол хан” хоршооны дарга ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын Холбоо багт оршин суух, Алтан гадас одонтой, Монгол улсын манлай уяач цолтой, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ИК47041714, А ургийн овогт Б-гийн Б..

Шүүгдэгч Б.Б-ыг 26-76 ЗАН улсын дугаартай, Ниссан Датсун загварын автомашин ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн нутаг "Хар хад" гэх газраас хохирогч Х.Сгийн цагаан зүсмийн, 18 настай нэг тооны гүү, саарал зүсмийн нэг тооны унагыг хулгайлж, нийт 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч А ургийн овогт Б-гийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 

Шүүгдэгч А ургийн овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан таван хошуу бүхий дүрстэй төмөр тамгыг эзэмшигч Б.Бд, хэрэгт Nissan Datsun маркийн, 26-76 ЗАН улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Бд тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Х.С гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох”-оор тус тус заан шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурор дүгнэлтдээ: “...Увс аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх Б.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогчийн 2 тооны адуу хулгайлагдсан болох нь тогтоогддог ба шүүгдэгч Б.Бын адуу байсан гэх Зүүнхангай сумын Баян-Айраг багийн нутаг хооронд 120-130 км зайтай, шүүгдэгч Б.Б нь хохирогчийн 2 тооны адууг хулгайлж өөрийн адуу байсан гэх газарт аваачсан болох нь нотлогддог.

Гэтэл шүүх “хохирогч Х.С-гийн 2 тооны адуу Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн нутаг, Хар хад гэх газар бэлчээрт байсан адуунаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд алга болсон нь нотлогдсон, харин уг хоёр тооны адууг шүүгдэгч Б.Б хулгайлсан гэх нотолгоо хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Учир нь Мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс нууц далд аргаар, малыг бэлчээрээс нь хариулгагүй байхад нь хулгайлж авдагаараа ялгаатай, онцлог шинжтэй юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь малын эзэн болон бусад хүнд мэдэгдэхгүй, харагдахгүй байдлаар малыг хулгайлж авч өөрийн эзэмшилд оруулж, захиран зарцуулах боломжийг бий болгодог.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.С-гийн 2 тооны адууг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн нутаг,”Хар хад” гэх газраас хулгайлан авч Зүүнхангай сумын Баян-Айраг багийн нутагт байрлах өөрийнхөө адуунд нийлүүлж байгаад 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны үед өөрийн 26-76 ЗАН улсын дугаартай ниссан датсун маркын автомашинаар ачиж Завхан аймгийн Сантмаргаз суманд аваачсан болох нь тодорхой байна.

Гэтэл шүүх шүүгдэгч Б.Б-ын "...миний алдсан адуутай холбоотой байх гэж бодоод 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ачиж авч явсан" гэх мэдүүлгийг үндэслэж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин алдуул мал завшсан гэж зүйлчлэл хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаас шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хулгайд алдсан 2 адууг хариулгагүй, алдуул эсхүл өөрийнхөө 4 тооны адууг хулгайлсан хүн орхиж явсан адуу гэж үзэж алдуул мал ашигласан гэх мэдүүлэгт шүүх итгэж дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хулгайд алдагдсан 2 тооны адуу нь хурдан удамтай адуу болох нь хохирогч Х.С-гийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог.

Хэргийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Сгийн 2 тооны адууг хулгайлсан болох нь тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж” ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасан байх ба мөн хуулийн 1-д уг хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар тус тус хуульчилсан.

Тэгтэл шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах эсэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзж байна.

 

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 6-ны үед хохирогч Х.С-гийн алдуул мал буюу 2 тооны адууг завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Х.С-гийн цагаан зүсмийн гүү нь зүүн талын гуян дээрээ жинст олом тамгатай, ягаан саарал зүсмийн охин унаганы хамт 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хар хад “гэх газар бэлчээрээс алга болсон, алга болсон цаг хугацаанаас хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-ны үед уг бэлчээрээс 110-120 км газар бэлчээрт байсан Б.Бын оторлуулахаар Завхан аймгийн Сантмаргаз сумаас Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг Баян-Айраг гэх газарт авч ирсэн Б.П-О-оор маллуулж байсан адуун сүрэгт нийлсэн,

Уг 2 тооны адууг Б.Б нь өөрийн адуугаа Увс аймгаас буцааж авах үедээ машиндаа ачиж өөрийн нутаг Завхан аймгийн Сантмаргаз суманд авч ирж цагаан зүсмийн гүүг Завхан аймгийн Цэцэн-уул сумын 3 дугаар багийн нутаг Сонгино гэх газарт өвөлжиж байсан Г.Л-гийнд, ягаан саарал зүсмийн даага /унага/-ыг мөн аймгийн Сантмаргаз сумын Өлзийт хорооллын 7-11 тоотод оршин суух Б.Бгийнд тус тус хадгалуулж байсан, гүү, унага хоёрт Б.Б-гийн малын тамга дарсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Харин уг 2 тооны адуу өөрийн бэлчээрээс холдон өөр нутаг буюу 110-120 км байх Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг Баян-Айраг гэх газарт хэрхэн ирсэн өөрөөр хэлвэл  өөрийн хөлөөрөө ирсэн үү эсвэл хэн нэгэн этгээд хулгайлж ирсэн үү гэдэг нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримт буюу Б.Б-ын өөрийн сүрэгт нийлсэн 2 тооны адууг өөрийн өмч хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр Увс аймгийн Зүүнхангай сумаас өөр орон нутаг буюу Завхан аймгийн Сантмаргаз суманд өөрийн машинд ачиж ирсэн, улмаар гүү, унага хоёрыг салгаж гүүг Завхан аймгийн Цэцэн-уул сумын 3 дугаар багийн нутаг Сонгино гэх газарт өвөлжиж байсан Г.Лхагвасүрэнгийнд, ягаан саарал зүсмийн даага / унага/-ыг мөн аймгийн Сантмаргаз сумын Өлзийт хорооллын 7-11 тоотод оршин суух Б.Б-гийнд маллуулсан, цагаан зүсмийн гүүний зүүн хойд хөлний борив хэсэг дээр дарагдсан жинст олом тамган дээр Бгийн малын таван хошуу тамгыг давхардуулан дарсан, мөн ягаан саарал зүсмийн унаганы зүүн хойд талын гуянд Бгийн малын таван хошуу тамга дарсан зэрэг түүний идэвхтэй үйлдлийг дүгнэж, Б.Б-ыг бусдын алдуул мал завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл, зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй эс үйлдэхүйгээр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж тухайн малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлсэн шууд санаатай үйлдлээр гэмт хэргийн бүрдэл хангагдана.

Прокурорын “Б.Б нь хохирогч Х.С-гийн 2 тооны адууг хулгайлсан байхад шүүх үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох асуудлыг орхигдуулсан “гэх үндэслэлээр гаргасан эсэргүүцлийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судлавал:

Хэрэг бүртгэлтэнд гэрч Б.Ц   “ 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр намайг Зүүнхангай сумын Айраг гэх газарт байхад Б гэх хүн 104 тооны адуу авч ирээд надад  “ адуутайгаа нийлүүлээд 10 хоног маллаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч, манай адуучин Пүрэв-Очир гэх залууд Бын 104 тооны адууг хүлээлгэн өгсөн. Тэгтэл 4-5 хоногийн дараа Пүрэв-Очир утсаар ярьж “ Б-ын адуунаас 4 тооны адуу дутаад байна, мөн адуун дотор цагаан зүсмийн унагатай гүү нийлсэн байна, та өөрөө ирж үзээч” гэж хэлсэн тул би очиж үзэхэд Бын адуунаас 4 тооны адуу дутсан.

Тэгээд би Б ах руу залгаад “ таны адуунаас 4 тооны адуу дутаж байна, харин адуунд ногттой, цагаан зүсмийн, унагатай гүү нийлсэн байна, та өөрөө ирж үзээрэй” гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 06-ны үед Б ах ирж адуугаа бүртгэж үзээд хүрэн, хээр, бор хээр, хул зүсмийн нийт 4 тооны үрээ байхгүй байна гэж хэлээд адуунд нийлсэн ногттой цагаан зүсмийн унагатай гүүг “би эзэмшиж авч явна” гэж хэлсэн. Тухайн үед Б Пүрэв-Очир бид нар адуу байсан газар нутгаар 4 адууг хайгаад олоогүй. Тэгээд Б нь өөрийн эзэмшлийн 100 адуугаа буцааж нутаг уруугаа авч явсан. Мөн дээр нь адуунд нийлсэн цагаан зүсмийн ногттой гүү, унагыг цагаан өнгийн Бик-ап маркийн машиндаа ачиж аваад явсан ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75х/,

Гэрч Б.П-О: “2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Зүүнхангай сумын Баянгол багийн нутагт гэртээ байж байтал Бабар буюу Ц ах ирээд “манай морь уядаг дотны хүн байгаа юм, адуугаа туугаад ирж байгаа, очоод тосоод авчихъя гэхээр нь би хамт явж Даланбулаг багийн Гозор гэх газар очиход Б гэх хүн 104 тооны адуу тууж ирсэн байсан. Тэгээд надад 104 тооны адууг хүлээлгэж өгсөн ба би адууг Баянгол багийн нутаг “Баян-Айрагийн ар” гэх газар бэлчээрт маллаж байсан, өдөрт 1 удаа очиж хараад тоолоод явдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 04-5-ны үед байх Баяр-Айраг багийн нутаг дэвсгэрт байсан Бын адууг бүртгэж үзэхэд 4 тооны адуу дутсан тул Ц ах руу утсаар залгаж "Б-ын адуунаас 4 тооны адуу дутаж байна, мөн адуунд цагаан зүсмийн, унагатай гүү нийлсэн байна” гэж хэлсэн. Ц, Б нар ирээд алдагдсан 4 тооны үрээгээ хайгаад олохгүй болохоор нь адуун дунд нийлсэн байсан цагаан зүсмийн унагатай гүүг өөрийн унаж явсан пик-ап маркийн машинд ачиж аваад явсан” гэх мэдүүлэгийг тус тус өгсөн байна.

Гэрч нарын мэдүүлгээс үзвэл Б.Б нь хохирогч Х.Сгийн 2 тооны адууг нууцаар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон болох нь тогтоогдоогүй харин уг 2 тооны адуу түүний адуун сүрэгт нийлсэн тухай гэрч Б.Ц, Б.П-О нараас сонсож мэдэн, улмаар өөрийн машинд ачиж явсан нь тогтоогдсон байна.

Б.Б-ын дээрхи үйлдэл нь хулгайн гэмт хэргийн нууц далд аргаар үйлдэгдэх овъектив талын шинжийг хангахгүй байна.

Нөгөөтэйгүүр мөрдөгч, прокурор, шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд харин таамаглалд үндэслэж хэргийн байдлыг тогтоох боломжгүй юм.

Б.Б-т холбогдох хэрэгт Х.С-гийн 2 тооны адуу алга болох үе буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-23-ны хооронд Б.Б нь Увс аймагт байсан болох нь тогтоогдоогүй, мал хулгайлах гэмт хэрэг гарсан эсэх, Б.Б нь бусдын мал  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, прокурор энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг нотлох баримтаар үгүйсгээгүй тул Б.Быг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Б.Б нь өөрийн адуун сүрэгт нийлсэн 2 тооны адууг өөрийн өмч хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр Увс аймгийн Зүүнхангай сумаас өөр орон нутаг буюу Завхан аймгийн Сантмаргаз суманд авч ирэхдээ  өөрийн эзэмшлийн 26-76 ЗАН улсын дугаартай Nissan Datsun маркийн машинд ачиж ирсэн нь тогтоогдсон тул түүнийг бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэн уг тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Прокурорын эсэргүүцлийн “гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжтой.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-т заасныг баримтлан  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-т заасныг удирлага болгон ТОГТООХНЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтын”...26-76 ЗАН улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Бт буцаан олгосугай” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан мөрдөгчийн  тогтоолоор хэрэгт хураагдсан Б.Бын  26-76 ЗАН улсын дугаартай Nissan Datsun маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 4.500.000 / дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг улсын орлогод оруулсугай гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ