Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01798

 

 

 

 

 

 

 

2022 09 23 210/МА2022/01798

 

 

 

Д.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02088 дугаар шийдвэртэй

Д.Т ын нэхэмжлэлтэй

Л.Э , Б.Т нарт холбогдох

орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, хариуцагч Л.Э , хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Л.Э , Д.Б нар нь Б.Т аас Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоотод байрлах орон сууцыг 116,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Тухайн үед миний бие Л.Э , Д.Б нарт өөр объектын үнэ 249,544,700 төгрөгийг буцаан төлөх байсан тул Л.Э гийн өмнөөс орон сууцны үнэ 116,000,000 төгрөгийг Б.Т т өгч, түүнд өгөх мөнгөнөөс хасуулахаар болсон. Гэтэл Л.Э дээрх мөнгөнөөс 116,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй.

Л.Э , Б.Т нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, улмаар тус орон сууцны өмчлөх эрхийг Л.Э д шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

1.2. Миний бие Б.Т т орон сууцны төлбөрт 116,000,000 төгрөг шилжүүлсэн талаар 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баримт байгаа тул Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Т ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Д.Т ын И ББСБ ХХК-аас өөрийн орон сууцыг барьцаалж зээл авсан. Улмаар Сүхбаатар дүүргийн З дугаар хороо, 0 дугаар хороолол 0 дугаар байрны 00 тоотод байрлах орон сууцыг Д.Т т худалдаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулаад зөрүү мөнгийг И ББСБ ХХК-аас авсан.

Ингэхдээ Д.Т ын хүсэлтээр өмчлөх эрхийг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л.Э д шилжүүлсэн.

Бодит байдалд орон сууцны өмчлөх эрхийг Д.Т т шилжүүлэх байсан ба би Л.Э гээс 116,000,000 төгрөг хүлээж аваагүй тул дээрх орон сууцны өмчлөгчөөр Д.Т ыг тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Хариуцагч Л.Э гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг Б.Т тай гэрээ байгуулж авсан тул Д.Т энэ талаар шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.Э , Д.Б нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох 404,538,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Д.Т нь тус хэрэгт маргаан бүхий 3 өрөө орон сууцны үнэ 116,000,000 төгрөгийн зарим хэсэг болох 75,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагадаа орон сууцны үнэ 116,000,000 төгрөгийг төлсөн гэж төөрөгдүүлэн ярьж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар тухайн маргааны зүйлийг өөр шүүх шийдэж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

3.2. Б.Т нь 2012 оны 06 дугаар сарын 19-ний итгэмжлэлээр өөрийн эх А.Ц г төлөөлж надтай бэлэглэлийн гэрээ байгуулсан ба тус итгэмжлэл хэлцэл хийгдсэнээр дуусгавар болсон. Иймд Б.Т нь энэ хэргийн хариуцагч биш юм.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т ын хариуцагч Л.Э , Б.Т нарт холбогдуулан гаргасан 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр гэж тооцож болох хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Л.Э , Д.Б нар 2012 оны 00 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Д.Т ын өмчлөлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороонд байрлах объектын урьдчилгаанд Лексус 570 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцож, үлдэх 99,544,700 төгрөгийг бэлнээр өгсөн. Тус гэрээний явцад Л.Э , Д.Б нар үл хөдлөх эд хөрөнгийг авахаа больж гэрээг цуцалсан тул өгсөн, авсан зүйлээ буцаасан.

Д.Т нь Л.Э , Д.Б нарт дээрх мөнгийг буцааж өгөхдөө өөрийн Бенз маркийн автомашиныг Л.Э д өгч, мөн маргаан бүхий орон сууцыг Б.Т аас 116,000,000 төгрөгөөр авч Л.Э д буцаан төлөх тооцоонд оруулж түүний өмчлөлд шилжүүлснээр өглөг, авлагын тооцоо дууссан.

Гэтэл хариуцагч Л.Э нь Д.Т т холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 400,000,000 гаруй төгрөгийн нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Д.Т нь Л.Э тэй 116,000,000 төгрөгийг дээрх төлбөрөөс хасаж тооцуулахаар тохиролцсон боловч хасаагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжгүй гэх шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

5.2. Л.Э Б.Т нарын хооронд Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдах үндэслэлгүй ба тэдний хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах байсан. Л.Э Б.Т нар нь үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зугтаж, тус гэрээг халхавчлах зорилгоор хууль зөрчиж бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй.

Хэлцэлд оролцогч талуудын хэн аль нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариу төлбөртэйгээр шилжүүлсэн.

5.3. Б.Т нь эх А.Ц гаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Д.Т ын хүсэлтээр иргэн Л.Э тэй бэлэглэлийн гэрээ байгуулсан тул Б.Т , Л.Э нарыг хариуцагчаар татсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй ба хоёр хариуцагчийн нэгийг нь хариуцагч биш гэж үзсэн хэлцлийн талаар бүхэлд нь эрх зүйн дүгнэлт хийх ёсгүй. Шүүхийн шийдвэр, дүгнэлт нь хоорондоо зөрчилтэй болсон бөгөөд шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Уг маргааны улмаас А.Ц гийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарахгүй этгээдийг хариуцагч мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

5.4. Маргаан бүхий орон сууцны үнийг Д.Т төлсөн болох нь 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээний баримт, Д.Т ын Инвест Капитал ББСБ болон Б.Т нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, кассын зарлагын ордер, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, Б.Т ын Зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлт, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн кассын зарлагын ордер, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн кассын зарлагын ордер, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн кассын зарлагын ордер зэргээр нотлогдоно.

Мөн хариуцагч Б.Т нь уг байрны 116,000,000 төгрөгийг Д.Т аас авснаа хүлээн зөвшөөрдөг.

Д.Т нь Б.Т т орон сууцны үнийг төлсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй.

5.6. Л.Э 41,000,000 төгрөгийг Д.Т т өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Маргаан бүхий орон сууц нь И ББСБ-аас Л.Э гийн авсан ззэлийн барьцаанд байгаа бөгөөд энэ зээлтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00136 дугаар шийдвэрээр Л.Э гээс 59,876,191 төгрөгийг гаргуулж И ББСБ-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад бодитой, үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Л.Э гийн тайлбарын агуулга:

6.1. Хэлцэлд оролцогч талууд худалдах, худалдан авах гэрээг татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан. Үүнд Д.Т ын ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэгч тодорхой үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй.

Л.Э , Д.Т нарын хоорондын төлбөр тооцооны маргаан энэ хэрэгт хамааралгүй ба энэ талаарх маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь тус хэлцэл гадаад илэрхийллийг бий болгосон бөгөөд бодит өмчлөх эрх нь шилжээгүй байхыг хүчин төгөлдөр бус хэлцэл гол шинжид хамаарна. Гэтэл бэлэглэлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйл, мөн хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шилжүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Бэлэглэлийн гэрээг үндэслэн өмчлөлийн зүйлээ шилжүүлсэн А.Ц гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй.

6.2. 2012 оны 00 дугаар сард Л.Э , Д.Б нар нь Д.Т тай 10 дугаар хорооллын объектод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 99,000,000 төгрөг, мөн автомашинаа 150,000,000 төгрөгөөр тооцож, хамтран ажиллах хэлцэл хийсэн. Уг хэлцлийн төлсөн төлбөрийг буцаан өгөхдөө Д.Т таньдаг хүн орон сууцаа зарах гэж байна, чи худалдаж ав, эцгийнхээ орон сууцыг буцааж 75,000,000 төгрөгт тооцож авъя, 41,000,000 төгрөгийг нь чи бэлэн мөнгөөр өг гэж хэлснээр 41,000,000 төгрөгийг бэлнээр өгч, маргаан бүхий орон сууцыг 116,000,000 төгрөгөөр худалдаж авч, бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Д.Т нь 2016 онд 10 дугаар хороололд байрлах объектоо бусдад худалдсан тул хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 2018 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Д.Т ыг ирээдүйд хамтран ажиллах гэрээнээс татгалзах талаар 2012 оны 06 дугаар сард мэдэж, орон сууцыг авч өгсөн гэх байдлаар шүүхийг төөрөгдөлд оруулсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, мөн Д.Б , Д.Т нарын мессежинд үзлэг хийж бэхжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Тухайн баримтад 116,000,000 төгрөгийн орон сууцыг 75,000,000 төгрөгт тооцож, бид хоёр орон сууцаа өгсөн гэх мессежинд Д.Т тухайн орон сууцыг авахгүй гэж хариулсан. Гэтэл тухайн 1 өрөө орон сууцыг хүү н.Оргилдоо 75,000,000 төгрөгөөр тооцож авч өгсөн гэдэг.

6.3. Л.Э нь 75,000,000 төгрөгөөр Д.Т ын эцэг н.Дэлэг гэх хүний орон сууцыг худалдаж авсан. Д.Т нь энэ орон сууцны үнийг Б.Т ын орон сууцны үнэд шилжүүлэх зөвшөөрөл олгосон атлаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор маргасан нь үндэслэлгүй.

6.4. Худалдах, худалдан авах гэрээний 2 хувийн татварыг худалдагч тал төлөхөөс татгалзсан тул худалдах, худалдан авах халхавчилж бэлэглэлийн гэрээ байгуулсан. Иймд тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл ба төлбөр тооцооны үр дагавар Д.Т т үүсэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Б.Т тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Л.Э , Б.Т нарт холбогдуулан 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээний дагуу Л.Э гийн өмчлөлд шилжсэн Сүхбаатар дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Т зөвшөөрч, хариуцагч Л.Э бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Т , Л.Э нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр бэлэглэгч Б.Т нь Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоотод байрлах 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бэлэг хүлээн авагч Л.Э д хариу төлбөргүйгээр бэлэглэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 5 дахь тал/

 

4.1. Л.Э , Д.Б нарын нэхэмжлэлтэй Д.Т т холбогдох 404,538,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00056 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 00 дугаар сарын 11-ний өдрийн 448 дугаар магадлалыг Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00960 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 63-66, 67-73, 121-134 дэх тал/

 

4.2. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Л.Э , Д.Б нар Д.Т т холбогдуулан зээлээр авсан барааны үнэ 154,994,100 төрөг, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул түүнд шилжүүлсэн 99,544,700 төгрөг, Лексус 570 маркийн автомашины үнэ 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

4.3. Д.Т нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татгалзлаа Л.Э , Д.Б нарт Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үнэд нь Лексус 570 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцож, 99,544,700 төгрөгийг бэлнээр авсан боловч тэд БНСУ руу явах болсноос гэрээнээс татгалзсан тул уг үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд худалдаж, тэдэнд өөрийн өмчлөлийн Мерседес Бенз С550 маркийн автомашиныг Лексус 570 маркийн автомашины оронд харилцан тооцон өгч, үлдэх 99,554,700 төгрөгт тэдний С.Т аас 116,000,000 төгрөгөөр худалдан авсан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 00 тоотод байрлах 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийн 75,000,000 төгрөгийг Б.Т т төлж, Л.Э гийн И ББСБ ХХК-аас авсан зээлд түүний өмнөөс 27,000,000 төгрөг төлснөөр төлбөр тооцоог дуусгасан гэх агуулгаар тайлбарлажээ.

 

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа маргаантай холбоотой 116,000,000 төгрөгийн орон сууцны асуудлаар Д.Т ын гаргасан тайлбар нь түүний энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгосон 116,000,000 төгрөгийг төлсөн тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэх тайлбартай холбоотой эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тус хэрэгт явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаан хэрхэн шийдвэрлэгдэж байгаа нь тодорхой бус болжээ.

 

Талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хэрхэн төлсөн талаар маргаж байгаа тохиолдолд дээрх байдлыг дүгнэх нь хэрэгт ач холбогдолтойгоос гадна үүнтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн эсэх асуудал хөндөгдөх учиртай.

 

6. Мөн хариуцагч Л.Э татгалзалдаа дурдсан 75,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид өгсөн гэх Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 60 дугаар байрны 31 тоотод байрлах 2 өрөө орон сууцны лавлагаа болон холбогдох бусад баримтууд хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

7. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02088 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806,100 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ