Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01784

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01784

 

 

В.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/01878 дугаар шийдвэртэй,

В.Э-ын нэхэмжлэлтэй

“ХЗҮХ” ОНӨААТҮГ-т холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э-, түүний өмгөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

ХЗҮХгийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/140 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын 1 дэх хэсгийн “...хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж..., ...сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэх зэргээр...” гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй.

ХЗҮХгийн захирлын 2020 оны 99 дугаар тушаал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул нэхэмжлэгч В.Э- нь үндсэн цалингийн 40 хувийн урамшууллыг бусад албан хаагчдын нэгэн адил хүртэх эрхтэй тул 373,043 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

ХЗҮХгийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/149 дугаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Э-ыг урьд эрхэлж байсан ажил буюу ХЗҮХгийн Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,445,578 төгрөг, урамшуулалт цалин 373,043 төгрөгийг тус тус хариуцагч ХЗҮХгээс гаргуулан нэхэмжлэгч В.Э-т олгож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 8,445,578 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч В.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч ХЗҮХд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ихэсгэсэн шаардлагад төлсөн 11,932 төгрөгийг улсын орлогоос гаргуулан В.Э-т олгож, хариуцагч ХЗҮХгээс 156,047 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн шийдэл буюу тогтоох хэсгийн гол хэсэг болох “В.Э-ыг ...ажилд эргүүлэн тогтоосугай .... ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт... ба урамшуулалт цалин...төгрөгийг тус тус хариуцагч ХЗҮХгээс гаргуулан нэхэмжлэгч В.Э-т олгосугай" гэсэн заалтуудад хамааруулан гомдол гаргаагүй болно.

4.2. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг сонсгохдоо В.Э-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бухэлд нь хангаж шийдвэрлэлээ гэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт В.Э-т холбогдуулан гаргасан 2022 оны "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/140 тоот тушаал болон "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/149 тоот тушаалыг хүчингүй болгох агуулга нь орхигдсон байна. Мөн тогтоох хэсгийнхээ агуулгатай зөрчилдсөн ХЗҮХгийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/149 тоот "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалыг хучингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" гэсэн дүгнэлтийг шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ өгсөн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт өгөхийг хүсье.

4.3. Анхан шатны шүүхээс ХЗҮХгийн захирлын ёс зүйн зөвлөл байгуулсан тушаал нь өөрийнхөө гаргасан тушаалыг зөрчиж, түр тушаалтай хүмүүсийг тус зөвлөлд оруулсан гэх нэхэмжлэгчийн буруутгалыг үндэслэлтэй гэж үзсэн хэдий ч "Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм" болон ХЗҮХ-гийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд зөвлөлийн гишүүнд түр ажилтан ажиллаж болохгүй гэсэн зохицуулалт тусгагдаагүй байна гэсэн харилцан зөрчилтэй дүгнэлтийг өгчээ. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ёс зүйн зөрчил болон хөдөлмөрийн сахилгын зөрчил нь агуулга, хариуцлага хүлээлгэх субьект, зохицуулж байгаа хэм хэмжээгээрээ харилцан ялгаатай ойлголтууд болохыг хангалттай тайлбарласан хэдий ч эдгээр үндэслэл, тайлбарын талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдсангүй.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг /шүүхийн шийдвэрийн 24 дэх тал/-т "...нэхэмжлэгч 6 багц арга хэмжээ нийт 38 ажлыг хугацаанд бүрэн биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 сард нөхөн гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан ажил олгогчийг буруутгах боломжгүй юм” гэсэнд гомдолтой байна.

4.4.1. Эдгээр сургалтын шинжтэй ажлыг В.Э- нь өөрийн шууд удирдлагад ажиллах багш-арга зүйч-1, эрх зүйн сургалт хариуцсан ажилтан-1 гэсэн 2 хүний оролцоотойгоор хийж гүйцэтгэх шаардлагатай байсан боловч эдгээр ажилтнуудыг ажиллуулах нөхцөл боломжоор хангаагүй, В.Э-ыг ажлаас чөлөөлсний дараа эрх зүйн сургалт хариуцсан хүнийг ажилд авсан. В.Э- болон бусад ажилчдад сургалтын ажлыг давхар хариуцаж байсанд ямар нэг нэмэгдэл, цалин урамшуулал өгч байсан баримт хэрэгт авагдаагүй зэргийг анхан шатны шүүх ямар нэг байдлаар дугнээгүй;

4.4.2. Хариуцагчийн "сургалтын чиглэлээрх 6 багц арга хэмжээ нийт 38 ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй" гэх буруутгалын зарим хэсэгт хариуцагч Х.Эрдэм-Ундрах өөрөө буруутай буюу ажил хийх боломжгуй болгож байсан баримтуудыг нэхэмжлэгч нь өөрийн хэмжээнд шүүхэд хангалттай гаргаж өгсөн. Тухайлбал: Хариуцагч нь өөрийн баталсан хөтөлбөрөө үгүйсгэж, хэрэгжих боломжгуй болгосон, эрх зүйн хөтчийн давтан сургалтын анх батлагдсан хөтөлбөрийг шүүхэд гаргаж ирүүлэхээс санаатай зайлсхийсэн үйлдэлд нь дугнэлт өгөөгүй. Өөрийн баталсан хөтөлбөрөө хэрэгжих боломжгүй болгохын тулд нэр бүхий албан хаагчдыг дарамтлан хөдөө томилолтоор ажиллах боломжгүй болгосон баримт ч хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс арга буюу өөрийн цахим шууданд үзлэг хийлгэх замаар эдгээр нөхцөл байдлыг шүүхэд нотолсон; В.Э-ыг сургалт зохион байгуулах тохиолдолд Хүрээлэнгийн албан хаагчдад сургагч багшийн хөлс, урамшуулал олгох боломжгүй гэж байсан атлаа В.Э-ыг ажлаас чөлөөлөгдсний дараа хүрээлэнгийн албан хаагчдад сургагч багшийн хөлс урамшууллыг олгосон баримт хэрэгт авагдсан: Х.Эрдэм-Ундрах нь өөрөө В.Э-аас илүүтэйгээр сургалтын ажлууд тасалдах шалтгаан, нөхцлийг бий болгож байсан баримтууд хэрэгт хангалттай авагдсан байгаа гэтэл анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудад ямар нэг үндэслэл бүхий дугнэлт өгөөгүй болно. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх нь хэсэгт В.Э-ыг бухэлд нь буруутгаж дугнэсэн байгаад үндэслэл бүхий дүгнэлт өгөхийг хүсье. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт гомдолд заасан агуулгаар зарим өөрчлөлт оруулан, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт гарсан хэлбэрийн алдаа гаргасан. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлага хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б149 тоот “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тусгаагүй байна.

5.2. Шүүхийн шийдвэр агуулгын хувьд ойлгомжгүй, илэрхий алдаатай болсон.

5.2.1. ХЗҮХгийн захирлын Б149 тоот тушаалын тухай нэхэмжлэлийн шаардах хэсэгт тусгаагүй боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б149 дугаар тушаал нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж шүүх үзсэн. Гэвч Б149 дугаар тушаалын үндэслэл болсон Б140 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас В.Э-ыг ажилд нь эргүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн Б149 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж шүүхийн шийдвэрт бичигдсэн нь ойлгомжгүй байна.

5.2.2 ХЗҮХгийн захирлын Б140 тоот тушаалын тухайд  шүүх шийдвэрийн агуулгыг “ХЗҮХ нь Ёс зүйн зөвлөлийн журам батлахдаа Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.3.1-д “...сүүлийн 24 сарын хугацаанд ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй” гэдэг зохицуулалт байна. Ёс зүйн зөвлөлийн 5 гишүүний 4 нь энэ шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч өөрийнхөө баталсан шийдвэртээ өөрөө уналаа. Б149 дугаар тушаалд заасан зөрчил холбогдох нотлох баримт болон шүүхийн мэтгэлцээний үед тогтоогдсон, гэхдээ Б140 дугаар тушаалын үндэслэл болсон Ёс зүйн зөвлөлийн 01, 02 дугаар тогтоолуудыг гаргасан гишүүд нь хууль бус болохоор хүчингүй болж байгаа тул ажилд нь эгүүлэн тогтоож байна” гэж танилцуулж, шүүхийн шийдвэрт мөн тусгасан. Гэхдээ шүүх өөрийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ өөрийхөө шийдвэрийг өөрөө үгүйсгэж “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн ажиллах гишүүн түр ажилтан ажиллаж болохгүй гэсэн зохицуулалт тусгаагүй” гэдгийг үндэслэлдээ дурьдсан. Хариуцагчийн зүгээс заавал 2 жил тухайн байгууллагад ажилласан байна” гэж манай Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд байхгүй талаар шүүхийн шатанд мэтгэлцсэн.

5.3. Шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гараагүй, шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэсэн. Нэхэмжлэгч Б/140 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан байхад шүүх Ёс зүйн хороо хэрхэн байгуулагдсан талаар дүгнэж шийдвэрлэсэн нь буруу.

5.4. Шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч нарын хооронд сахилгын шийтгэл болон ёс зүйн шийтгэлийн алийг нь ногдуулах байсан эсэх, хууль хэрэглээ болон онолын мэтгэлцээн болсон тул үүнд дүгнэлт өгч шийдвэрлэх байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч нь “ёс зүйн сахилгын арга хэмжээ авах байтал сахилгын арга хэмжээ авсан” гэж маргасан. Хариуцагчийн зүгээс хууль зүйн болон онолын үүднээс тайлбаруудыг өгч 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн “хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүсэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийг хүртэл холбож субсумци хийж тал бүрээс нь сахилгын шийтгэл ногдуулах нь зөв гэж хамгаалсан боловч үнэлэлт дүгнэлт өгөөгүй ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.3.1-д “...сүүлийн 24 сарын хугацаанд ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гэдэг зохицуулалтыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхээс Хөдөлмөрийн дотоод дүрэм болон хөдөлмөрийн гэрээний аль аль заалт хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг үндэслэл болгож шийдвэрлэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Сонгон шалгаруулалтад оролцсон 5 хүнээс 4 хүн нь журамд заасан болзлыг хангаагүй гэж тайлбарласан. 5 хүнээс 2 хүн нь оролцсон талаар маргасан. Хариуцагч байгууллагын захирлын журамд сүүлийн 24 сар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэж заасан. Сонгон шалгаруултад н.Б-, н.С-, н.Э- нар оролцсон. н.Б- нь хариуцагч байгууллагын захирлын журмыг хангасан. Хүний нөөцийн мэргэжилтэн, байгууллагын дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн н.У-, н.Нарантуяа нар нь ажиллаж байгаа. Би дүрэм, болзол хангахгүй байгаа талаар хэлээгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад н.С-, н.Э- нартай холбоотой асуудлаар маргаж байгаа юу гэж шүүгч асуусан. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багшилдаг, давж заалдах гомдолдоо субсумци хийх гэж бичсэн. Уг үгийг юу гэж ойлгохыг мэдэхгүй байна, төрийн албан ёсны хэлээр шүүх хуралдаан явагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд өөр зохицуулалт бий.

6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б/149 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан мөн хуульд нийцсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн гэхдээ Б/149 дугаар тушаалд хуульд нийцсэн, Б149 тоот тушаал хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан. Уг эргэлзээ бүхий дүгнэлт нь давж заалдах гомдлын үндэслэл болж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол дүгнэлт нь давтан зөрчил гэдэгт 2 буюу түүнээс дээш зөрчил байх шаардлагатай. Зөрчил тус бүр тогтоогдсон байх ёстой. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан зөрчилд тооцогдохгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ноогдуулахгүй. Б/140 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тушаал хүчингүй болсон. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар тодорхой агуулга тусгаагүй байна, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд аль хэсгийг баримталж сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байгаа учраас уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

Ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил нь хоорондоо ялгаатай эрх зүйн ойлголт. Хөдөлмөрийн сахилгын зөрчилд төрийн үйлчилгээний албан хаагчид уг асуудал зайлшгүй хөндөгдөх учраас шүүхийн шийдвэр жишиг болох ёсгүй. Хариуцагч байгууллага нь төрийн бодлогыг тодорхойлдог, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Ёс зүйн зөрчил гэдэг нь 2019 оны Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэмд ёс зүйн хэмжээ зөрчсөн үйлдэл болохыг тусгасан, ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Ёс зүйн хариуцлагыг ёс зүйн зөвлөл хүлээлгэх ёстой, ажил олгогч хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан биш. Хариуцлагын төрөл нь уучлал гуйлгахыг даалгах, сануулах.

Гэтэл уг маргаанд хариуцагч байгууллагын захирал ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан. 2021 оны 12 дугаар сард ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Б/140, Б/149 дугаар тушаалыг хүчингүй болсон талаар нэг мөр тодорхой дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүй бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

6.3. Төлөвлөгөөнд заасан ажлыг гүйцэтгээгүй гэж хариуцагч тал маргадаг. Уг ажлуудыг гүйцэтгэх боломжоор хариуцагч байгууллага хангаагүй, төсөв төлөвлөгөөг батлаагүй, хүний нөөцийн ажилтнаар хангаагүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч байгууллагын захирал ажил горилогч нартай ярилцлага хийх үүрэг даалгаврыг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч өгсөн үүрэг даалгаврын дагуу хүний нөөцийн мэргэжилтэн, захиргаа удирдлагын хэлтсийн даргатай ярилцлага зохион байгуулж сонгон шалгаруултад оролцсон 2 ажил горилогчоос нэгийг нь сонгож, санал хэлсний төлөө жендэрээр нь ялгаварлан гадуурхлаа, тэгш бус байдал үүсгэлээ гэж үзээд нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 5 ажил горилогчоос 2 ажил горилогчийг сонгон шалгаруултад оролцуулсан болох нь н.У-, н.Г- нарын өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

2019 оны Засгийн газрын тогтоолоор баталсан дүрмийн дагуу ёс зүйн зөвлөлийн гишүүд нь сүүлийн 24 сар ёс зүйн зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар н.У- нь түр ажилтан, 12 дугаар сард ажлаасаа гарна гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл тус ёс зүйн зөвлөлд оруулсан. н.С-, н.Э- нар нь туршилтын хугацаанд ажиллаж байсан. Энэ нь холбогдох хуулийг зөрчсөн.

6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хууль хэрэглээний зарчмыг тодорхой заасан. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийг үндэслэж уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Шүүх ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тавигдах шаардлагыг хангасан, тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй тохирч байх, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой гэж зөв дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын асуудлаар гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гэх үндэслэлээр тухайн шүүх өөрөө хянах зохицуулалт юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол тодорхойгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч В.Э- хариуцагч ХЗҮХд холбогдуулан   2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/140 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон цахим баримтуудад үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан тэмдэглэлд илэрсэн нөхцөл байдлыг бичих гэсэн шаардлага хангагдаагүй байна.

3.1. Тодруулбал, хариуцагч талаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тухайн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөл байгуулсантай холбоотойгоор @ цахим шууданд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2022/01886 тоот захирамжаар хүлээн авч хангаж шийдвэрлэсэн ба үзлэгийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийж тэмдэглэл үйлджээ. Гэвч тэмдэглэлд цахим хаягуудын нэрийг бичиж, хэдийд цахим захидал явуулсан талаар дурдсан боловч уг цахим захидалд ямар нөхцөл байдал илэрснийг бичээгүй байна. Үзлэгийн тэмдэглэлд цахим харилцааны зургийг хавсаргав гэсэн нь уг зурагт бичигдсэн нөхцөл байдлыг үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдал гэж дүгнэхгүй. /1хх 84-85, 111-114, 175-193/

3.2. Мөн хариуцагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан @ болон e@ цахим шууданд ажилтны ажил гүйцэтгэлтэй холбоотой үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2022/03722 дугаар захирамжаар @ цахим шууданд үзлэх хийхээр, e@ цахим шууданд үзлэг хийх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Үзлэгийг шүүх 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр явуулж, тэмдэглэл хөтлөсөн бөгөөд тэмдэглэл мөн дээр дурдснаар нөхцөл байдлыг илрүүлж тэмдэглээгүй байна. /3хх 4-10, 13-15, 18-21 дэх тал/

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаанд дүгнэлт өгөх боломжгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/01878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА