Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01837

 

 

 

 

 

 

 

2022 09 30 210/МА2022/01837

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01843 дугаар шийдвэртэй

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

Т ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 368,418,202 төгрөг, хохирол 170,183,852 төгрөг нийт 538,602,054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагчийн төлөөлөгч Р.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ажил гүйцэтгэгч Т ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас ажлын үр дүн байхгүй болсон тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 368,418,202 төгрөгийг буцаан гаргуулна.

1.2. Т ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас Х ХХК -д доорх хохирол учирсан.

Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд 61,881,137 төгрөг, барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг Шинэ цамхаг ХХК-д төлсөн.

Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул Р -аар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн. Дүгнэлт гаргахтай холбогдуулан Жаргалант гоёо ХХК-аар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлсөн.

Уг хог хаягдлыг зайлуулах ажлын хөлсөнд 45,000 төгрөг, тус барилгын 3 давхрын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854,000 төгрөг, дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд Их хар сүлд ХХК-д ажлын хөлсөнд 232,000 төгрөг, шилэн кабель, интернэт нүүлгэхэд С ХХК-д ажлын хөлсөнд 495,000 төгрөг төлсөн.

Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд Б ХХК-д 94,408,515 төгрөг төлсөн.

Т ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардалд 198,000 төгрөг төлсөн, нийт 170.183.852 төгрөг төлж хохирсон.

Иймд хариуцагч Т ХХК-аас гэрээ цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 368,418,202 төгрөг, учирсан хохирол 170,183,852 төгрөг, нийт 538,602,054 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Т ХХК нь Х ХХК -тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын өргөтгөлийн болон их засварын ажлыг хийж гүйцэтгэн, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгч, ажлын хөлсөнд 368,418,202 төгрөг авч талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон.

Х ХХК нь ажлын хөлсөнд төлсөн 368,418,202 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Манай байгууллагын гүйцэтгэсэн ажил доголдолгүй бөгөөд ажлын доголдлыг бидэнд мэдэгдэх боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд гэрээнээс учирсан хохиролд 170,183,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 537,668,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 934,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.А ийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 3,321,040 төгрөгийг гаргуулан Х ХХК дахь Ц.А ийн эзэмшлийн 5007135151 тоот дансанд, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 5,500,000 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК дахь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эзэмшлийн 100000142787 тоот дансанд тус тус оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,850,963 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,846,290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан тул гэрээт ажлын чанарын баталгааны хугацааг дуусгавар болгон ажлын гүйцэтгэлийн 5 хувиар тооцож захиалагчид үлдээсэн 18,420,910 төгрөгийг чөлөөлж өгөх хүсэлтийг 2013 оны 06 дугаар сард гарган Баянсүндрэл ХХК-аар засуулсан.

2013 онд шил ачуулахад гарсан зардал зэргийг хасаж тооцон 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот актаар шийдвэрлэн барьцааны 13,651,897 төгрөгийг буцаан олгосон. Чанарын баталгаат хугацаанд 4,769,013 төгрөгийн зөрчил, доголдол гарснаас өөр доголдол гараагүй.

4.2. Х ХХК нь гэрээний 2.1.2-т заасны дагуу тасралтгүй хяналт тавьж ил далд ажлын актыг үйлдэж байсан нь цутгамал төмөр бетон хийц хийсэн талаарх 2011 оны 08 дугаар сарын 24, мөн оны 08 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 17-ны өдрийн акт болон дээврийн хучилтын арматурчлалын фото зураг зэргээр Т ХХК-ийн доголдолгүй ажил гүйцэтгэсэн нь нотлогдоно.

Х ХХК -аас гэрээний 2.1.5-д заасан шаардлагыг тавьж байгаагүй нь тус банкны ҮХХАлбаны мэргэжилтэн Н.Даваажаргалын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудсаар тогтоогдоно.

4.3. ШУТИС-ын БАС-ийн оношилгоо, зураг төсөл, судалгааны Р төв нь барилга техникийн улсын хяналтын дүгнэлт гаргах эрхгүй тул зөвлөмж гаргасан ба тус зөвлөмжид 3 давхар өргөтгөлийг бүхэлд нь нураана гэж байгаагүй, захиалагч зохиогч ашиглагч гүйцэтгэгч өмчлөгчийн хэний буруутай үйлдэл нөлөөлснийг тогтоогоогүй.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/17/84/201 тоот барилгын төлөв байдлын тухай дүгнэлтийн 1-д барилга байгууламжийг цаашид ашиглах шаардлагатай гэж, 5-д уг барилгад гараад байгаа зөрчлийг арилгахдаа Барилгын тухай хууль, холбогдох БНбД, стандартуудын шаардлагуудыг хангасан зураг төслийг хийж, мэргэжлийн байгууллагаар засварын ажлыг гүйцэтгүүлэх гэж дүгнэсэн байхад Х ХХК нураасан.

Барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээг авах үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй, зөрчлийн буруутныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй.

Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт зааснаар ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл гэмтэл учрах нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөгч, үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ.

4.4. ЗТБХБ-ын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрмийн 2.1-д ...өмчлөгч нь буулгахаар шийдвэрлэсэн бол барилга байгууламжийг буулгах үндэслэл болно гэсний дагуу Х ХХК буулгасан нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнтэй холбоотой хохирлоо банк өөрөө хариуцах ёстой.

Мөн Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Барилга ашиглалтын дүрмийн 2.5.5-д барилга байгууламжийн баталгаат хугацаа дуусгавар болсон тохиолдолд 2008-2016 онд мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12.5-д заасны дагуу хамтарсан үзлэг хийж, холбогдох арга хэмжээг авах, баталгаат хугацаа дуусгавар болж, хуулийн дагуу хамтарсан үзлэг хийгээгүй нөхцөл барилга байгууламжид үүссэн хохирлыг зөвхөн өмчлөгч хариуцна гэх заалтаар Х ХХК ашиглагч, өмчлөгч, гүйцэтгэгч нарын хамтарсан үзлэг хийгээгүй тул хохирлоо хариуцна.

4.5. Шүүх Өмнөговь аймаг дахь мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ц.З , Л.Э , З.Б нарын мэдүүлгийг хариуцагчийн хүсэлтээр авахуулсан гэж үндэслэлгүй дүгнэсэн ба хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Гэрээнд заасан барилгын баталгааны хугацаа дуусаагүй тул доголдлыг арилгах мэдэгдлийг хариуцагчид боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхийг гэрээний аль нэг талын эрх хэмжээний асуудал байхаар тайлбарласан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гэрээ цуцлаагүй, харин гэрээнээс татгалзсаныг анхаарч үзнэ үү. Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах гэдэг нь тусдаа ойлголт гэж заасан.

5.2. Тухайн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах боломжгүй тухай мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан учир дүгнэлтийг үндэслэж тухайн барилгыг нурааж, холбогдох арга хэмжээг авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Иймд энэ ажиллагаатай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

5.3. Гэрээнд заасан хугацаа буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэгч талаас хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулсан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

5.4. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалтай холбоотойгоор нэхэмжлэгчээс шинжээч дахин томилуулах хүсэлтийг гаргаж дахин шинжээч томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 368,418,202 төгрөг, хохирол 170,183,852 төгрөг нийт 538,602,054 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 386,418,202 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч түүний тайлбарын агуулгаас үзвэл Өмнөговь аймаг дахь Хаан банкны салбарын өргөтгөлийг буулган, дахин барьж, доголдлыг арилгасантай холбоотой зардлыг нөхөн төлүүлэхийг шаардсан агуулгатай байна.

 

Шүүх талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулбал хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой тул нэхэмжлэгч өргөтгөлийг буулгаж, дахин бариулахад гарсан зардлыг нөхөн төлүүлэхийг шаардсан гэж үзнэ.

 

3. Х ХХК нь Т ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Т ХХК Өмнөговь аймаг дахь Хаан банкны салбарын барилгыг 3 давхар болгож өргөтгөх барилга угсралтын ажил, барилгын их засварын ажлыг 300,000,000 төгрөгөөр гүйцэтгэн 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх, захиалагч Х ХХК гэрээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 21-23 дахь тал/

 

Захиалагч Х ХХК гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 300,000,000 төгрөг болон нэмэлт зардал, ажлын хөлсөнд 68,418,202 төгрөг нийт 368,418,202 төгрөгийг гүйцэтгэгч Т ХХК-д төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

3.а. Т ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Өмнөговь аймаг дахь Хаан банкны салбарын барилгын 3 дугаар давхрын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн актаар, Улсын комисст хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн актаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 11-12 дахь тал/

 

4. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 368,418,202 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х ХХК -ийн хариуцагч Т ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Хэргийн үйл баримт, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр гэрээний харилцаа буюу гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул гэрээг цуцлах асуудал яригдахгүй.

 

Харин хариуцагч байгууллага маргааны зүйл болох барилгын өргөтгөлийг Улсын комиссын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн актаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч уг өргөтгөлийн 3 давхрын дээврийн хучилтад суулт өгч цаашид ашиглах боломжгүй болсон тул 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х ХХК Улсын мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргуулахаар хандаж, гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор илэрсэн нь талуудын тайлбар болон баримтаар тогтоогдсон. /хэргийн 1 дүгээр хавтасны 38 дахь тал/

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу барилга байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор хариуцагчид холбогдуулан гомдлын шаардлага гаргасан гэж үзнэ.

 

5. Нэхэмжлэгч Х ХХК Шинжлэх ухаан технологийн их сургууль барилга архитектурын сургуулиар 2014 оны 12 дугаар сард дүгнэлт гаргуулахад Барилгын экспертизийн тайлан-аар барилгын 3 дугаар давхрын А-Б-4-5, Б-В-4-5 тэнхлэгийн төмөр бетон хучилт нь аваар, нуралтын өмнөх байдалд байгааг тодорхойлсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 39-44 дэх тал/

 

5.б. Дээрх дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтээр Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан байх шаардлагыг барилгын одоогийн төлөв байдал хангахгүй болохыг тогтоожээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 81-82 дахь тал/

 

5.в. Х ХХК 3 дугаар давхрын өргөтгөлийг буулгалгүйгээр хүчитгэх боломжтой эсэх талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн оношлогоо, зураг, төсөл, судалгааны Р төвөөр нэмэлт дүгнэлт гаргуулсан. Тус төвийн 2015 оны 05 дугаар сард гаргасан дүгнэлтэд барилгын 3 дугаар давхарт нуралт үүсэх, улмаар бусад давхрын бүтээцүүдэд нөлөөлөх, барилга өргөжин нурах нөхцөл байдлыг үүсгэж байна, эдгээр нөхцөлийг аливаа хүчитгэл, засвар хийх замаар арилгах боломжгүй ... барилгын одоо байгаа өргөтгөлийн хэсгийн хучилтын бүтээцийг бүхэлд нь буулгаж, шинээр барих шаардлагатай байна гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 174-182 дахь тал/

 

6. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн оношлогоо, зураг, төсөл, судалгааны Р төвийн тайлан болон Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр дээрх барилгын ажлыг доголдолтой гэж үзнэ. Иймд Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх тохируулах хугацааг дуусгавар болгон чанарын баталгаат хугацаанд 4,769,013 төгрөгийн зөрчил, доголдол гарсныг арилгаж, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн актаар барьцааны 13,651,897 төгрөгийг буцаан өгсөн, нэхэмжлэгч нь хяналт тавьж, ил далд ажлын болон бетон хийц хийсэн талаар акт үйлдэж, дээврийн хучилтын арматурчлалын фото зураг зэрэг баримтаар доголдолгүй ажил гүйцэтгэсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгч нь дээрх дүгнэлтийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 дугаар давхрын цутгамал төмөр бетон бүтээц болон дээврийг буулгасан үйл баримт хэргийн 2 дугаар хавтасны 65-67 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

7.а. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Хаан банкны салбарын барилгын 3 дугаар давхрын барилга зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

7.б. Харин хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаа доголдолгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

8. Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Т ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдэж, доголдлыг арилгаж төмөр бетон хучилтын ажлыг өөрсдийн зардлаар дахин шинээр гүйцэтгэж, үүнтэй холбоотой төлөвлөгөөг мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхээр шаардсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 76 дахь тал/

 

8.а. Хариуцагч Т ХХК уг доголдлыг арилгах арга хэмжээг тогтоосон хугацаанд аваагүй байна. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-аас гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

8.б. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах хэмжээнд хангав.

 

8.в. Шүүх хариуцагч талын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хаан банкны барилга үнэлсэн тухай тайлан-д ...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хаан банкны салбарын барилгын дээврийн хучилтад үүссэн гэмтэл, доголдлоос болж буулгах шаардлагагүй болсон өргөтгөлийн бодит хохирлын дүн 2011 оны үнээр 284,980,024 төгрөг болно. гэж ажлын үр дүнг дахин бий болгоход гарах зардлыг тодорхойлжээ. /хэргийн 2 дугаар хавтасны 212-218 дахь тал/

 

Тус тайлангаас үзвэл өргөтгөлийг сэргээх зардлыг тооцохдоо 2 талын гэрээний үнэ болох 368,418,202 төгрөгөөс Х ХХК -ийн барилгад хийгдсэн ашиглаж байгаа их засварын ажлын дүн 71,502,178 төгрөгийг хасаж, буусан ажлын дүнг 296,916,024 төгрөгөөр үнэлжээ. Үүнээс буулгасан, буцааж ашигласан, ашиглах боломжтой, хадгалж байсан материалын үнэ 11,936,000 төгрөгийг хасаж баталгаат хугацаанд буусан ажлын дүнг /296,916,024-11,936,000/ 284,980,024 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. /хэргийн 2 дахь хавтасны 214-216 дахь тал/

 

8.г. Нэхэмжлэгч Х ХХК нь маргаан бүхий барилгын ажлын доголдолтой холбоотойгоор Өмнөговь аймаг дахь Хаан банкны салбарын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлс Шинэ цамхаг ХХК-д 10,000,000 төгрөг,

Р ХХК-аар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 1,500,000 төгрөг,

дүгнэлт гаргахтай холбогдуулан дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлс Жаргалант гоёо ХХК-д 500,000 төгрөг,

хог хаягдал зайлуулахад гарсан зардал 45,000 төгрөг,

барилгыг буулгахад эд хогшил нүүлгэх ажлын хөлс 854,000 төгрөг,

дохиолол, хамгаалалтыг нүүлгэх ажлын хөлс Их хариуцагч сүлд ХХК-д 232,000 төгрөг,

шилэн кабель, интернэт нүүлгэх ажлын хөлс С ХХК-д 495,000 төгрөг,

хариуцагч Т ХХК-ийг эрэн сурвалжлуулахад шүүхэд төлсөн 70,200 төгрөг,

нотариатын зардал 198,000 төгрөг нийт 13,894,200 төгрөгийн зардал шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин өргөтгөлийн ажлыг буулгах, дээврийн ажлын хөлсөнд Б ХХК-д төлсөн 94,408,515 төгрөг, шилэн фасад шинээр солиулах ажлын хөлсөнд Шинэ цамхаг ХХК-д төлсөн 61,881,137 төгрөгт тооцогдох хэсгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулна.

 

Учир нь нэхэмжлэгч Х ХХК -аас шилэн фасад шинээр солиулах ажлын хөлсөнд Ш ХХК-д төлсөн 61,881,137 төгрөгийн шаардлага нь хариуцагч Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилтай хамааралгүй, дахин шинээр барих 3 дугаар давхрын ажлын зардалд шилэн фасад шинээр солиулах ажлын зардал багтсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК -аас өргөтгөлийн ажлыг буулгах, дээврийн ажил хийсэн ажлын хөлсөнд Б ХХК-д төлсөн 94,0408,515 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагад хамаарах буулгах ажлын ажиллах хүчний зардал 10,773,392 төгрөг, машин механизмын зардал 21,986,976 төгрөг нийт 32,760,368 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулна. /хэргийн 2 дугаар хавтасны 49, 53 дахь тал/

 

9. Иймд хариуцагч Т ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын ажлын үр дүнг дахин бий болгоход гарах зардал 284,980,024 төгрөг, доголдолтой холбоотой зардал /32,760,368+13,894,200/ 46,654,568 төгрөг нийт 331,634,592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 206,967,462 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

10. Хариуцагчийн гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн оношлогоо, зураг, төсөл, судалгааны Р төвийг дүгнэлт гаргах эрхгүй, тус дүгнэлтээр захиалагч, ашиглагч, гүйцэтгэгчийн хэний буруутай үйлдэл нөлөөлснийг тогтоогоогүй, барилгыг нураах нь буруу байсан гэх гомдол үндэслэлгүй.

 

Учир нь тус дүгнэлтэд ...3 дугаар давхарт нуралт үүсэх, улмаар бусад давхрын бүтээцүүдэд нөлөөлөх, барилга өргөжин нурах нөхцөл байдлыг үүсгэж байна, эдгээр нөхцөлийг аливаа хүчитгэл, засвар хийх замаар арилгах боломжгүй, ... барилгын одоо байгаа өргөтгөлийн хэсгийн хучилтын бүтээцийг бүхэлд нь буулгаж, шинээр барих шаардлагатай байна гэсэн байна. Иймд барилгын дээвэрт хотойлт үүссэнд захиалагч болон ашиглагч буруутай гэж үзэх, 3 дугаар давхрын өргөтгөлийг нурааж дахин шинээр бариулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Барилга байгууламж буулгах үйл ажиллагааны дүрэмд зааснаар хамтарсан үзлэг хийгээгүй нөхцөлд барилга байгууламжид үүссэн хохирлыг зөвхөн өмчлөгч хариуцна гэх гомдол үндэслэлгүй. Х ХХК хариуцагч байгууллагад доголдлын талаар мэдэгдсэн, албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй улмаар хариуцагч байгууллагыг эрэн сурвалжилж олж тогтоосон байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн доголдолгүй ажил гүйцэтгэсэн гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй. Учир нь Шинжлэх ухаан технологийн их сургууль барилга архитектурын сургуулийн Барилгын экспертизийн тайлан, Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн оношлогоо, зураг, төсөл, судалгааны Р төвийн нэмэлт дүгнэлт зэргээс үзвэл хариуцагчийн хийсэн ажлын гүйцэтгэл чанаргүй, доголдолтой байна.

 

Барилгын ан цав цууралт зэрэг ноцтой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж, холбогдох арга хэмжээг авах үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй. /хэргийн 1 дүгээр хавтасны 173-185 дахь тал/

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн. Иймд хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 331,634,592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 206,967,462 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...2,846,290 гэснийг ...1,816,123 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,846,290 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ