Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 7

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Б******* э******* *******” ХХК /РД /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг  хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*******баяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б******* э******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай компани Улаанбаатарын хотын Налайх дүүрэгт Хуучин ******* уурхай нэртэй газарт орших 25 га талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах *******А дугаартай улсын бүртгэлийн 9011073042 дугаар гэрчилгээтэй зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. 

Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг шууд ирүүлсэн бөгөөд компаниас зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, жилийн төлбөрийг зохих алдангийн хамт төлөх боломж олгож өгөх тухай гомдол, хүсэлтийг Ашигт малтмалын газрын даргад гаргасан боловч дээрх шийдвэрийг хэвээр баталсан хариу ирүүлсэнд гомдолтой байна. 

Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн заалтын дагуу зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг төлөх хугацаа хэтэрч байгаа талаар манай компанид урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэл баримтыг гардуулж өгөөгүй, энэ тухайгаа баримтжуулаагүй болно. 

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг хэрэгжүүлээгүйгээс манай компанийн зүгээс тухайн цаг үед нь зохих төлбөрийг төлж, гаргасан зөрчлөө арилгах боломжийг ашиглаж амжаагүй, учир манай компанид уг талбайд байгаа ашигт малтмал ашиглаж орлого олох боломж хаагдаж ихээхэн хэмжээний хохирол учирч байна. 

Уг зөвшөөрөл бүхий талбайг өмнө нь эзэмшиж байсан “Б*******” ХХК-иас зохих хууль журмын дагуу шилжүүлэн авсан бөгөөд анх шилжүүлэн авах үедээ тухайн талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг манай хоёр компани хоёул давхардуулан төлсөн байсан тул би төлбөрийн хугацаа хэтэрсэн болоогүй гэсэн ойлголттой явж байсан. 

Үүний зэрэгцээгээр миний 22 настай хүү Б*******гийн Э******* удаан хугацаагаар хүндээр өвдөж, уушиг зүрх хоёрын дунд хэсэгт байрлалтай 13,6*15,9 см хэмжээтэй хорт хавдрыг авахуулах, цөс авахуулах мэс заслыг ойр ойрхон хийлгэснээс хойш бие нь олигтой сайжрахгүй улмаар хавдраас улбаатай ясны хурдан явцтай сийрэгжилтийн улмаас байнгын эмнэлгийн хяналтанд байж эцэг эхийн байнгын асаргаа сахиурын дор өөрийн орны эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхийн хамт БНХАУ, БНСУ-д 1-3 сар тутам явж эмчлүүлж байгаа бөгөөд эдгээр улсуудад хүүгээ авч явж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үетэй давхцаж энэ талбайн зөвшөөрлийн төлбөрийг төлөх хугацаа хэтэрсэн, мөн зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр гарсан байна. 

Хэдийгээр манай компанид урьдчилан мэдэгдэл өгөхөөр бэлтгэсэн гэж Ашигт малтмалын газрынхан тайлбарлаж байгаа боловч бид өөрийн албан ёсны хаягаа өөрчлөөгүй, зориуд санаатайгаар мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийсэн зөрчлийг гаргаагүй болно. 

Иймд Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн манай компанийн ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Улаанбаатар хотын Налайх дүүргийн хуучин ******* уурхай нэртэй 25 гектар талбайд MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б*******” ХХК-нд 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна. 

Ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр “Б******* э******* *******” ХХК-нд шилжүүлсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байдаг. 

“Б******* э******* *******” ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу MV-******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан. 

Гэтэл тус компаниас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байна. 

Ашигт малтмалын газраас ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б******* э******* *******” ХХК-нд кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй албан ёсны хаягаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/168******* албан бичгээр хүргүүлсэн байна. 

Мөн хаягаар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг “Б******* э******* *******” ХХК-нд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2529 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаандаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилж өгсөн. 

Гэвч “Б******* э******* *******” ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 болон 34.6-д заасан хугацааны алинд ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “...Уг зөвшөөрөл бүхий талбайг “Б*******” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд шилжүүлэн авах үедээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг давхардуулан төлсөн байсан тул төлбөрийн хугацаа хэтрэх болоогүй гэсэн ойлголттой явж байсан...” гэсэн нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн гэх үндэслэл болохгүй байна. 

Учир нь Ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Б******* э******* *******” ХХК шилжүүлсэн авсан байхад 2013 онд “Б*******” ХХК-иас төлбөрийн давхцал хийгдсэн эсэх нь 2015 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон “Б******* э******* *******” ХХК-тай хамааралгүй байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрээр MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. 

Хэдийгээр тухайн компанийн захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч гэсэн тухайн компанийн эрх бүхий бусад этгээд /нягтлан бодогч г.м/, эсхүл гүйцэтгэх захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан. 

Иймд “Б******* э******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Б******* э******* *******” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 281 дүгээр шийдвэрээр “Б*******” ХХК-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн хуучин ******* уурхай нэртэй 25 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ. 

“Б*******” ХХК болон “Б******* э******* *******” ХХК-иуд 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг  байгуулж дээрх тусгай зөвшөөрлийг “Б******* э******* *******” ХХК шилжүүлэн авахаар тохиролцож Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст TR-008412 дугаартай өргөдлийг  гаргасан байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 512 дугаар шийдвэрээр  Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг үндэслэн “Б*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008412 дугаартай өргөдлийг хянаж үзээд Улаанбаатар хотын Налайх сумын нутаг дахь Хуучин ******* уурхай нэртэй 24.11 гектар талбай бүхий MV-******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Б******* э******* *******” ХХК-нд шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Ашигт малтмалын газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/5402 дугаар албан бичгээр  “Б******* э******* *******” ХХК-нд мэдэгджээ. 

Ашигт малтмалын газрын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/168******* албан бичгээр  “Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангыг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна” хэмээн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдлийг “Б******* э******* *******” ХХК-нд хүргүүлсэн боловч, бодит байдал дээр энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмалын газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн Баримт бичиг хүлээлцэх дэвтэр , заасан хаягт байхгүй, ховд аймгийн хаяг гэсэн тэмдэглэгээтэй шуудангийн дугтуй зэргээр тогтоогдож байна.  

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 297 дугаар шийдвэрээр  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэдэг үндэслэлээр “Б******* э******* *******” ХХК-ийн MV-******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан ба энэ тухай “Б******* э******* *******” ХХК-нд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 6/2529 дүгээр албан бичгийг  хүргүүлжээ. 

“Б******* э******* *******” ХХК уг мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 05/26 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан мэдэгдэл манайд хүргүүлээгүй тул бид гомдолтой байна” хэмээн өргөдөл гаргахад Ашигт малтмалын газар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6/2951, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/456 дугаар албан бичгүүдээр  тус тус хариу өгсөн байна.

Хариуцагч ““Б******* э******* *******” ХХК-нд MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй албан ёсны хаягаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6/168******* албан бичгийг хүргүүлэхэд заасан хаягт байхгүй шалтгаанаар буцаагдсан тул уг мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдсэнд тооцож Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 297 дугаар шийдвэрийг гаргасан” хэмээн маргаж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан ба хариуцагч хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг нэхэмжлэгч компанид 2016 оны 6/168******* албан бичгээр мэдэгдсэн ч уг албан бичгийг “Б******* э******* *******” ХХК хүлээн аваагүй нь Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцэх дэвтрийн 1154 дүгээрт бүртгэгдсэн бүртгэл , Монгол Шуудангийн RD119616432MN тэмдэглэгээтэй баримтаар  тус тус нотлогдож байх бөгөөд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 6/2529 дүгээр албан бичгийг мөн шуудангаар хүлээн аваагүй, буцсан тул утсаар мэдэгдэхэд, мэдэж гомдлоо гаргасан” тухай нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарладаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаас үзвэл 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахад нэхэмжлэгчид уг хуулийн 34.2, 34.6-д тус тус заасны дагуу төлбөр төлөх боломжийг хариуцагч олгоогүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. 

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн төлбөрийг урьдчилан төлөх бөгөөд энэхүү тохиолдолд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Б******* э******* *******” ХХК-ийн төлбөр төлөх хугацаа дуусч байсан бөгөөд хугацаа хэтэрсэн хоног буюу алданги ногдуулах боломжит 30 хоногийн хугацаа 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусч байгаа тул цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл хүргүүлэх хугацаа нь 4 дүгээр сарын 10-ны өдрөөс тооцогдох боломжтой байх бөгөөд ийнхүү 3 дугаар сард хүргүүлсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй байхад 4 дүгээр сарын 20-ны өдөр шууд цуцлах шийдвэр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Түүнчлэн энэхүү тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд “...хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааны хувьд олон жилийн хөдөлмөр шаардсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарын хувьд хүлээн авах үндэстэй, захиргааны байгууллага албан тушаалтан мэдэгдэл хүргэгдсэнийг шалган тогтоон, цуцлах шийдвэр гаргахдаа анхаараагүй үйлдлээс нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх нь хаагдахад хүрчээ.      

Иймд “Б******* э******* *******” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн манай компанийн ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн “Б******* э******* *******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгч “...хүүхэд өвчтэй тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, төлбөрийг шилжүүлэн авахдаа давхардуулан төлсөн” гэх тайлбар нь түүний гаргаж өгсөн гадаад паспортын хуулбар, хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн дэлгэрэнгүй баримт, тусгай зөвшөөрлийн хавсралт зэрэг баримтаар бүрэн нотлогдоогүй тул, шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн, энэхүү тайлбар, үндэслэлээр 297 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй болно.    

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “Б******* э******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийдвэрийн “Б******* э******* *******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Б******* э******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.САЙХАНТУЯА