Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00507

 

С.Ширбазарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2016/00538 дугаар шийдвэртэй,            

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн            

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч С.Ширбазарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Лхамдуламд холбогдох,

Т.Лхамдуламаас шинэ 2 өрөө байрны түрээсийн төлбөр 2 500 00 төгрөг гаргуулах,

Хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Ширбазарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ширбазар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Лхамдулам нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “Элсэн морьт” ХХК-ийн 48 айлын орон сууцны 42 тоотын 57 м.кв бүхий 2 өрөө шинэ байрыг 5 сарын турш сарын 500 000 төгрөгөөр гэрээ хийн гэр бүлийн хамт нүүж ирэн шинэ байранд 5 сар амьдарчхаад төлбөрөө төлөлгүй гарч явсан. Би анх ярилцахдаа 800,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлсэн. Гэтэл Т.Лхамдулам надаас гуйсан тул би сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр болж гэрээ байгуулсан. Иймд Т.Лхамдуламаас 2 өрөө байрны түрээсийн төлбөр болох 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Элсэн морьт” ХХК-ийн 48 айлын орон сууцны 42 тоотын 2 өрөө байрыг худалдан авахаар болсон. Дээрх байранд 5 сар амьдрахад гадаа бороо цас ороход хананаасаа ус алддаг байсан. Цонхны тавцан ханаар ус ордог, мөөгөнцөр ихтэй байр байсан. Манай нөхөр Б.Энхтайван байр чинь ус алдаад байна гэхэд ирж үзээд янзлаад өгье гэсэн боловч янзалж өгөөгүй. Улмаар бид зөрчилдөж байрны түрээс төлөөд гаръя гээд сарын 200 000 төгрөгөөр түрээс төлнө гэж хэлсэн.

Учир нь “Элсэн морьт” ХХК-ийн 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байрыг сарын 200 000 төгрөгөөр түрээсэлдэг. 2016 оны 05 дугаар сарын 27-нд дээрх байрнаас гарч байхад С.Ширбазар нь та нар худал хэлбэл яах юм гээд хоосон гэрээ дээр гарын үсэг зуруулсан. Сүүлд нөхөж бичээд сарын 500 000 төгрөгөөр хийсэн гэрээ мэтээр он, сар, нийтлэг үндэслэл, хөлслүүлэгчийн эрх үүрэг гэх мэтийг нөхөж бичээд 2 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ гэрээг шүүхэд ирж л харлаа. Надад гэрээний 1 хувийг өгөөгүй. Манай гэр бүл нэгэнт “Элсэн морьт” ХХК-ийн 48 айлын орон сууцны 42 тоот байранд 5 сар амьдарсан тул сарын 200 000 төгрөгөөр бодож төлбөр хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манайх Говь-Алтай аймгаас Ховд аймагт 2015 оны 10 дугаар сард шилжин ирсэн. Бид тухайн үедээ орон сууц худалдан авахаар хайж байсан бөгөөд 11 сард ашиглалтад орсон байр байхаар нь Элсэн морьт ХХК-ний захирал С.Ширбазартай манай нөхөр утсаар яриад биечлэн уулзсан. Тэгээд манай нөхөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд 2016 оны 08 дугаар сарын 01-нд байрны төлбөрийг цувуулаад төлчих гээд амаар харилцан тохиролцсон байсан. Тухайн үед бичгээр гэрээ байгуулъя гэхэд төлбөрөө яаж хийхээс шалтгаалж улсын бүртгэлийн гэрчилгээ гарна, та 2 ямар ч байсан байрандаа ороод байж бай гээд түлхүүрээ өгсөн. Манайх 2015 оны 12 дугаар сарын 27-нд “Элсэн морьт” ХХК-ийн 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байрыг худалдан авахаар болж байрандаа орсон.

Ингээд 2016 оны 05 сарын 27-ны өдөр манайхыг байрнаас нүүж байхад та нар худал хэлбэл яах юм, би танай нөхөртэй учраа олохгүй байна гээд байрны кордиорт цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурахдаа сарын 200,000 төгрөгөөр түрээсээ бодож гарын үсэг зуруулж байна гэж ойлгосон. Гэтэл сүүлд нөхөж бичээд сарын 500,000 төгрөгөөр гэрээ хийсэн мэтээр нөхөж бичсэн байсан. Энэ гэрээг би шүүхэд ирээд л мэдсэн. Уг гэрээ нь бид нарыг тухайн байранд ороход байгуулагдаагүй, нөхөж бичсэн байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Ширбазар хариуцагч Т.Лхамдуламын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээг би Т.Лхамдуламыг байранд орсны дараа, сүүлд байгуулсан. Гэхдээ ямар ч хүн хоосон цаасан дээр гарын үсэг зурахгүй. Т.Лхамдулам анх манай байранд ороход би 800 000 төгрөгөөр хөлслөнө гэдгийг хэлэхэд тэрээр надаас гуйсан учир 500 000 төгрөгөөр хөлслөхөөр болсон. Т.Лхамдулам манай байранд 5 сар амьдарсан учир 2 500 000 төгрөгийг төлөх ёстой. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2016/00538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Лхамдуламаас 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ширбазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Т.Лхамдуламын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2016/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан “Элсэн морьт” ХХК болон Т.Лхамдулам нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч давж заалдахшатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг төлснийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Ширбазар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл маргаан бүхий шинэ 2 өрөө байрыг Т.Лхамдуламтай 1 сарын 500 000 төгрөгөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулж өөрийн байраа түрээслүүлсэн. Түрээслэгч 5 сарын турш тухайн байранд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдарч, байраа хүлээлгэж өгөлгүй орхин явсан. Анхан шатны шүүхэд түрээсийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээтэй холбоотой холбогдох гэрч нараас мэдүүлэг авсан, түрээсийн гэрээний эх хувийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Тухайн гэрээтэй холбоотой тайлбарыг хариуцагч удаа дараа гаргахдаа “...тухайн байрыг худалдаж авах гэж байсан боловч чанарын шаардлага хангаагүй...” гэсэн худал тайлбар гаргаж байсан. Учир нь орон сууц худалдаж байгаа тал худалдан авагчаас урдчилгаа төлбөр авалгүй өгөх хувь хүн болон аж ахуйн нэгж байхгүй нь түүний ярьж байсныг үгүйсгэж байгаа юм. Иймд түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Ширбазар нь хариуцагч Т.Лхамдуламд холбогдуулан орон сууцны хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Т.Лхамдулам нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож, хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний зүйл болох “Элсэн морьт” ХХК-ийн 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө шинэ байрыг эзэмшиж, сарын 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон бөгөөд хөлсөө төлөөгүй гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл орон сууц хөлслөх гэрээг хөлслүүлэгчийг төлөөлж “Элсэн морьт” ХХК-ийн захирал С.Ширбазар, нөгөө талаас хөлслөгч Т.Лхамдулам нар байгуулсан байх боловч гэрээний тохиролцоо иргэн С.Ширбазар болон Т.Лхамдулам нарын хооронд хийгдсэн болохыг зохигчид маргаагүй тул шүүх зохигчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлсон гэж үзэв.

Зохигчдын маргааны зүйл нь орон сууцны хөлсний хэмжээ байжээ.

Хариуцагч Т.Лхамдулам нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сарын хөлсийг 200 000 төгрөгөөр тохирсон гэдгээ нотлоогүйгээс гадна хоосон цаасан дээр гарын үсэг зурсан гэх байдлаа тайлбараас өөр баримтаар нотлоогүй байна. Мөн гэрээг хожим бичгийн хэлбэрт оруулах, хөлсний хэмжээг маргасан байдал нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцох аль ч үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болох орон сууц хөлслөх гэрээг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй тул гэрээний дагуу үүргийг хангуулах нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д нийцнэ. Гэрээний 1.5-д “хөлслөгч нь сарын хөлсөнд 500 000 төгрөг, нийт төлбөрт  2 500 000 төгрөг төлөх үүрэгтэй...” -г заасан ба хариуцагч нь үүргээ биелүүлэх ёстой байна.            

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн ба хоёр шатны шүүхийн нотлох баримтыг үнэлсэн ажиллагааг залруулах боломжтой учир хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 114 дүгээр магадлалын 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2016/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж,  “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Т.Лхамдуламаас 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ширбазарт олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул С.Ширбазарт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч Т.Лхамдуламын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...38 950 төгрөг гэснийг 54 950 төгрөг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 55 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА