Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 538

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч С.Ширбазарын нэхэмжлэлтэй Т.Лхамдуламд холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Т.Лхамдуламын сөрөг нэхэмжлэлтэй С.Ширбазарт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ширбазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагч Т.Лхамдулам, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ширбазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Лхамдулам нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоотын 57 м кв бүхий 2 өрөө шинэ байрыг 5 сарын турш сарын 500,000 төгрөгөөр гэрээ хийн гэр бүлийн хамт нүүж ирэн шинэ байранд 5 сар амьдарчхаад төлбөрөө төлөлгүй гарч явсан. Би анх ярилцахдаа 800,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлсэн. Гэтэл Т.Лхамдулам надаас гуйсан тул би сарын 500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр болж гэрээ байгуулсан. Иймд Т.Лхамдуламаас 2 өрөө байрны түрээсийн төлбөр болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Лхамдулам шүүх гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоотын 2 өрөө байрыг худалдан авахаар болсон. Дээрх байранд 5 сар амьдрахад гадаа бороо цас ороход хананаасаа ус алддаг байсан. Цонхны тавцан ханаар ус ордог, мөөгөнцөр ихтэй байр байсан. Манай нөхөр Б.Энхтайван байр чинь ус алдаад байна гэхэд ирж үзээд янзлаад өгье гэсэн боловч янзалж өгөөгүй. Улмаар бид зөрчилдөж байрны түрээс төлөөд гаръя гээд сарын 200,000 төгрөгөөр түрээс төлнө гэж хэлсэн. Учир нь Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байрыг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлдэг.

2016 оны 05 дугаар сарын 27-нд дээрх байрнаас гарч байхад С.Ширбазар нь та нар худал хэлбэл яах юм гээд хоосон гэрээ дээр гарын үсэг зуруулсан. Сүүлд нөхөж бичээд сарын 500,000 төгрөгөөр хийсэн гэрээ мэтээр он, сар, нийтлэг үндэслэл, хөлслүүлэгчийн эрх үүрэг гэх мэтийг нөхөж бичээд 2,500,000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ гэрээг шүүхэд ирж л харлаа. Надад гэрээний 1 хувийг өгөөгүй. Манай гэр бүл нэгэнт Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоот байранд 5 сар амьдарсан тул сарын 200,000 төгрөгөөр бодож, төлбөр хийхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Т.Лхамдулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Говь-Алтай аймгаас Ховд аймагт 2015 оны 10 дугаар сард шилжин ирсэн. Бид тухайн үедээ орон сууц худалдан авахаар хайж байсан бөгөөд 11 сард ашиглалтад орсон байр байхаар нь Элсэн морьт ХХК-ний захирал С.Ширбазартай манай нөхөр утсаар яриад биечлэн уулзсан. Тэгээд манай нөхөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд 2016 оны 08 дугаар сарын 01-нд байрны төлбөрийг цувуулаад төлчих гээд амаар харилцан тохиролцсон байсан. Тухайн үед бичгээр гэрээ байгуулъя гэхэд төлбөрөө яаж хийхээс шалтгаалж улсын бүртгэлийн гэрчилгээ гарна, та 2 ямар ч байсан байрандаа ороод байж бай гээд түлхүүрээ өгсөн. Манайх 2015 оны 12 дугаар сарын 27-нд Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байрыг худалдан авахаар болж байрандаа орсон.

Дээрх байранд ороод 5 сар амьдрахад гадаа бороо, цас орохоор хананаасаа ус алддаг. Цонхны тавцан, ханаар ус ордог, мөөгөнцөр ихтэй байр байсан. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн доголдолтой орон сууц байсан. Манай нөхөр Б.Энхтайван байр чинь ус алдаад байна гэхэд ирж үзээд янзлаад өгье гэсэн боловч янзалдаггүй байсан. Улмаар бид зөрчилдөж байрны түрээс төлөөд гарна гээд сарын 200,000 төгрөгөөр түрээс төлнө гэж хэлсэн. Учир нь Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцнуудыг хүмүүс сарын 200,000 төгрөгөөр түрээсэлдэг.

Ингээд 2016 оны 05 сарын 27-ны өдөр манайхыг байрнаас нүүж байхад та нар худал хэлбэл яах юм, би танай нөхөртэй учраа олохгүй байна гээд байрны кордиорт цаасан дээр надаар гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурахдаа сарын 200,000 төгрөгөөр түрээсээ бодож гарын үсэг зуруулж байна гэж ойлгосон. Гэтэл сүүлд нөхөж бичээд сарын 500,000 төгрөгөөр гэрээ хийсэн мэтээр нөхөж бичсэн байсан. Энэ гэрээг би шүүхэд ирээд л мэдсэн. Уг гэрээ нь бид нарыг тухайн байранд ороход байгуулагдаагүй, нөхөж бичсэн байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Ширбазар нь хариуцагч Т.Лхамдуламын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасантайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-г би Т.Лхамдуламыг байранд орсны дараа, сүүлд байгуулсан. Гэхдээ ямар ч хүн хоосон цаасан дээр гарын үсэг зурахгүй. Т.Лхамдулам анх манай байранд ороход би 800,000 төгрөгөөр хөлслөнө гэдгийг хэлэхэд тэрээр надаас гуйсан учир 500,000 төгрөгөөр хөлслөхөөр болсон. Т.Лхамдулам манай байранд 5 сар амьдарсан учир 2,500,000 төгрөгийг төлөх ёстой. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-гхүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ширбазар нь хариуцагч Т.Лхамдуламд холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Т.Лхамдулам нь нэхэмжлэгч С.Ширбазарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Ширбазар нь Т.Лхамдулам манай 2 өрөө байрыг сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан тул түрээсийн төлбөр нийт 2,500,000 төгрөг төлөх ёстой гэж, хариуцагч Т.Лхамдулам нь манайх Элсэн морьт ХХК-ний захирал С.Ширбазараас байр худалдан авахаар болж 2 өрөө байранд орсон. Гэтэл уг байрны тавцан, ханаар ус ордог, мөөгөнцөр ихтэй байр байсан учир байрны түрээс төлөөд гарахаар болж сарын 200,000 төгрөгөөр түрээс төлнө гэж хэлсэн гэж мэтгэлцлээ.

Хариуцагч Т.Лхамдулам Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байранд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд амьдарсан талаар талууд маргаагүй болно.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зохигчид нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байна.

Гэтэл хариуцагч уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлээ тайлбарлахдаа бид нарыг нүүх гээд гэрийнхээ тавилгыг зөөж байхад С.Ширбазар хоосон бланк дээр гарын үсэг зуруулсан, энэ гэрээг сүүлд байгуулсан, гэрээнд талуудын хүсэл зориг тусгагдаагүй, гэрээний үнийг тохироогүй байсан гэжээ.

Тус гэрээнд дүгнэлт хийж үзэхэд гэрээг талууд байгуулахдаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан атлаа гэрээний нийтлэг үндэслэлийн 1-д ...2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаагаар хөлслүүлнэ гэж заажээ.

Мөн уг гэрээг хариуцагч Т.Лхамдуламыг анх байранд ороход хийгээгүй, сүүлд байгуулсан болох нь гэрч Б.Энхтайвангийн манайх нүүгээд тавилгаа зөөж байхад С.Ширбазар манай эхнэрээр нэг цаасан дээр гарын үсэг зуруулж байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгч С.Ширбазарын шүүх хуралдаанд өгсөн ...гэрээг сүүлд байгуулсан гэх тайлбар зэргээр, уг байр нь ус нэвчдэг байсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрэл зургууд /хх-23-24/, нэхэмжлэгч С.Ширбазарын шүүх хуралдаанд өгсөн ...Т.Лхамдулам байранд ус нэвчиж байна гэж хэлж байсан гэх тайлбар болон хариуцагчийн тайлбар, гэрч Б.Энхтайвангийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Талуудын дунд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ ньсайн дурын үндсэн дээр байгуулагдсан, гэрээний үнийг тохиролцсон эсэх нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн нэхэмжлэгчийн Т.Лхамдулам анх уг байрыг 500,000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээ байгуулсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй буюу тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Т.Лхамдуламын шүүхэд гаргасан бид уг байранд орохдоо хөлслөх биш худалдан авахаарярилцсан. Явц дунд байр нь ус нэвчдэг, мөөгөнцөртэй байсан учир түрээсийн мөнгө төлөөд гарахаарболсон, гэрээнд талуудын хүсэл зориг тусгагдаагүй, гэрээний үнийг тохироогүй байсан гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар талууд хэлцлийн гол нөхцөл болох гэрээний үнийн талаар хэлэлцэн тохиролцоогүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нь түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд хариуцагч нь Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байранд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаанд амьдарсан талаар маргаагүй тул хариуцагч Т.Лхамдуламаас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ширбазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудаст авагдсан гэрэл зургуудыг хариуцагч Т.Лхамдуламын амьдарч байсан гэх байрны зураг мөн эсэх талаар нэхэмжлэгч нь маргаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин хэрэгт авагдсан гэрч Н.Нямдаваа, Л.Цэвээн нарын мэдүүлэг /хх-36-38/ нь хариуцагч Т.Лхамдуламыг Элсэн морьт ХХК-ний 48 айлын орон сууцны 42 тоот 2 өрөө байранд амьдарч байсангэдгийг мөн Сөх-ийн төлбөр төлөөгүй болохыг, Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-39-40/ нь цахилгааны төлбөрийн үлдэгдэлийг тус тус нотлож байх ба хэрэгт талууд Т.Лхамдуламыг уг байранд амьдарч байсан талаар болон Сөх, цахилгааны төлбөрийн талаар маргаагүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Ширбазарын төлсөн 54,950 төгрөг, хариуцагч Т.Лхамдуламын сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лхамдуламаас 1,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ширбазарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Лхамдуламаас 1,500,000 төгрөг /нэг сая таван зуун мянга/ гаргуулан нэхэмжлэгч С.Ширбазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг /нэг сая/ хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Т.Лхамдуламын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Ширбазарын төлсөн 54,950 төгрөг, хариуцагч Т.Лхамдуламын төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лхамдуламаас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ширбазарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА