Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 510

 

О.Г, Ч.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч О.Г, Ч.Ч, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 822 дугаар магадлалтай О.Г, Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 190700261 дугаартай хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1995 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт О-ын Г,

2. Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт Ч-ийн Ч

О.Ганбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Бүүвэйтийн 2 тоотод газрын маргааны улмаас автомашинд сууж байсан М.А зүүн гарыг мушгиж, баруун гараас нь татаж унагаад дух руу нь мөргөн зодож “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Ч.Ч нь хүү О.Г-гаа өмөөрөн М.А-тэй маргалдах явцдаа “Тоёота ланд крузейр-200” загварын 02-00 УБЦ улсын дугаартай автомашины буруу талын хойд хэсэгт цохиж хонхойлгон 715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ч.Ч-ыг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч-ыг 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 822 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г, Ч.Ч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Г гаргасан гомдолдоо: ”Налайх дүүргийн шүүх эмнэлэг хэзээ ч энэ эмэгтэйг зодоогүй, бэртээчгүй байхад яагаад ийм гэмтэл бэртэл гаргаж ирэв. Олон хоногийн дараа эмнэлгийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байсан. М.А гэх эмэгтэй шүүх хурал дээр байхдаа миний нуруу суулттай бамбай булчирхайтай бие муутай гээд сууж ярьж байсан. Хууч өвчтэй хүний гэмтлийг намайг зодсон гэж гэм буруутайд тооцоод байна. Мөн С гэх манай хажуу баазын менежер ах анх болсон явдлыг хараад машинтай хүмүүсийг явсны дараа манайд орж ирээд юу болоод байваа ямар хүмүүс ирээд зодоод явчихваа гэж асуухад манай газар дээр буусан байна гэх мэтээр доромжилж байгаад явлаа гэж хэлсэн. Тухайн үед байцаагч Б С гэх ах харсан энэ хүнийг гэрчээр оруулмаар байна гэхэд анхнаасаа бичгээр хүсэлт өгөөгүй тул гэрчээр оруулахгүй гэсэн мөртлөө А 2 гэрч мөн  нөхрийг нь гэрчээр оруулсанд гомдолтой байна.

Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо маш ихээр зөрсөн, би тэр эмэгтэйг зодсон бол цагдаад дуудлага өгөх байсан уу шалгаж өгнө үү.

Тэр хүмүүсийг цагдаа дээр очиход манай эгч очсон хүлээж байсан тэр эмэгтэйн үнэмлэхийг хураасан гэж хэлсэн. Ээж араас нь цагдаа дээр ирэхэд тэр хүмүүс зөрөөд гараад явсан. Тэр үед тэгж зодуулсан, машиныг нь гэмтээсэн гэж хэлэх байтал юу ч хэлээгүй явцгаасан. Бид тэр А гэх эмэгтэйг оройны 11 цаг 30 хүртэл  Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүлээсэн ирээгүй. Ээж, эгч хоёрыгоо үлдээгээд Улаанбаатар руу Гэмтлийн эмнэлэг явсан. Мөн анхны байцаагч М цагдаа надаас мэдүүлэг авахдаа намайг ямар байдалтай орж ирснийг харсан М байцаагч надаас мэдүүлэг авсан тухайн үед хэлсэн мэдүүлэг тусгагдаагүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод толгойны зургаа авахуулсан мөнгөгүйн улмаас зургаа авч чадаагүй. Иймд болсон явдлыг шалгаж гэрчүүдийн мэдүүлэг, эмнэлгийн хийсэн дүгнэлт, машины үнэлгээ хийсэн газруудыг шалгаж өгнө үү. Миний бие шүүхээс буруутай шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Ч гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхны байцаагч М гэдэг цагдаа бүгдийг харсан ямар байдалтай байсныг өргөдөл бичиж өгөх үү гэхэд анхны мэдүүлгээрээ болно гэсэн.

Нилээд хэд хоногийн дараа цагдаагаас дуудсан. Би маш их гайхсан өөрөө цагдаа дуудаад өөрөө гомдолтой гээд явж байсан хүн чинь өөрөө буруутан болоод хүүхэд маань зодуулсан хүн чинь зодсон болоод, хэд хоногийн дараа машин  эвдсэн гэж 250,000 төгрөгийн өрөнд ороод, ямар ч гэмтэлгүй эмэгтэйд гэмтлийн зэрэг гараад манай байцаагч Б гэдэг цагдаа намайг байцаагаад энэ байдлыг хэлэхэд та хүний үнэтэй машин цохидог хэн бэ гэхэд, би гараараа цохисон нь үнэн гэхэд, тэр машин нано наалттай хуурсан байна гэнэ бүтэн солих юм байна та энэ хүнтэйгээ нүүрэлдэж болох уу гэхэд за би зөвшөөрөл авъя гэсэн. Та ч бараг дийлэхгүй байхаа их ааштай хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн байна лээ гэсэн. Би айхгүй юм үнэн шударгаар л явах сайхан өдий насны хүн арай хүний машиныг чулуугаар цохих хүн бишээ гэж хэлсэн.

Олон хоногийн дараа машины үнэлгээ хийлгэж, эмнэлгээр үзүүлсэн гэсэн бичиг хийлгэж өөрийн 100,000 төгрөгөөр торгоод явуулсан байсан. Мөн Налайх дүүргийн ахлах дэслэгч Б хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан яагаад 250,000 төгрөгний үнэлгээ гарч байснаа гэнэт 75,000 болсон. Би өнөөдөр хүүхэдтэйгээ хэрэгтэн болоод явж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

Би энэ хэрэгт гомдолтой байгаа өөрөө цагдаа дуудаж гомдол өгсөн. Би хүний машин цохиогүй, миний хүүхэд хүн зодоогүй 2 хүүхэдтэй эхнэрийнхээ хажууд өөрөө зодуулчаад өнөөдөр ийм байдалд орсон. Би шүүх болон эмнэлгийн дүгнэлт, үнэлгээ, гэрчийн мэдүүлэг зэргийг зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокуророос шүүгдэгч О.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Ч.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх прокуророос ирүүлсэн тухайн зүйл хэсгээр Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь тохирсон. Энэ хүмүүсийн хувьд өөрсдөө анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг мөрдөн шалгах явцад өөрсдөө буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож нөхцөл байдал эргэж өөрсдөө шүүгдэгч болсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил энэ хэрэгт байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл билээ.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Тухайлбал, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон дээр дурдсан ойлголтуудын хүрээнд хоёр шатны шүүх нь одоогийн байдлаар хэрэгт цугларсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт газрын маргааны улмаас шүүгдэгч О.Г нь М.А-д хүч хэрэглэн халдаж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.Ч нь хүү О.Г-ыг өмөөрч М.А надтай уулзан маргалдах явцдаа “Тоёота ланд круйзер-200” загварын  УБЦ улсын дугаартай автомашины буруу талын хойд хэсэгт цохиж хонхойлгон 715,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдсон талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хоёр шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шалтгаант холбоо, хэргийн бүрдэл, зүйлчлэл, ялын тохирооны талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсноос гадна эдгээр шүүхүүд энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд “шүүхээс буруу шийдвэр гаргасан”, “хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүгдэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 822 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г, Ч.Ч нарын гаргасан гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН