Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 50

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч М.Батхишиг,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Сод холбогдох эрүүгийн 1907004520026 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ................................ ажилтай, ам бүл 2, эцгийн хамт, .......................... тоотод оршин суух, ******* овогт Б.С /РД: /

урьд Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 87 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 84 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ял дээр 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял дээр 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 87 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нийт 6 жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүй хүмүүсийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг,

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 475 тоот магадлалаар 4 жил хорих ял болгон өөрчилсөн,

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 303 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгчийн захирамжаар 3 сар 26 хоног хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Быг үүрч газар шидэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа бууж ирээд бичиг баримтаа аваад буцаад явах гэхэд замын зардал байхгүй тул Бизон баарны урда гар утсаа зарах гээд явж байсан. Тэгээд утас авах хүн олдохгүй болохоор нь хот руу явдаг унаанд гар утсаа өгөөд хот явахаар ярилцаад зогсож байтал Г.Б ах тааралдаад “наад утас чинь хулгайн утас шүү” гэхэд нь “юу яриад байгаа юм энэ чинь миний утас” гэхэд намайг заамдаж аваад цохисон. Тэгэхээр нь би үүрч аваад шидсэн. Газар уначихаад босч ирэхдээ миний эгэм хугарчихлаа гээд босоод ирсэн. Би татаж босгочихоод цааш явахдаа түргэн дуудсан. Тэгээд буцаад ирэхэд цагдаа нар намайг барьж аваад эрүүлжүүлэхэд оруулсан” гэв.

 

    Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр би эхнэрийнхээ үсийг засуулаад хоолонд орчихоод явж байсан. Манай хамаатны байнга архи уугаад явдаг дүү байдаг. Тэр дүүтэйгээ таараад бас л нэг болохгүй зүйл хийж яваа юм болов уу гэж бодсон. Б.Стой хамт гар утас зарах гэж байсан. Би “наад гар утас чинь хулгайн юм шүү” гээд хэлээд яваад очтол намайг өшиглөсөн. Тэгээд би тонгойтол гар сөхөөд үүрээд шидчихсэн. Миний эгэм хугарсан. Б.С надтай огт уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Би эгэмээ эмчлүүлмээр байна. Миний эгэмийг эмчлүүлээд өгчихвөл өөр гомдол санал байхгүй” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Налайх дүүргийн 2 дугаар Бизон баарны урд талд эхнэр *******гийн хамт 19 цаг өнгөрч байхад явж байгаад нагац дүү ******* согтуу таарсан. ******* нэг залуугийн хамт явж байсан. Хамт явсан залуу нь гар утас зарна гээд хүмүүст үзүүлээд байхаар нь *******аас та хоёр ямар гар утас зарах гээд байгаа юм гэхэд ******* юм хэлэхгүй машин тойроод яваад өгсөн. Араас нь алхтал нөгөө залуу гар утсаа машины жолоочид үзүүлээд зогсож байхаар нь гар утас авах гээд үзэж байсан залууд хандаж наадхаа битгий ав хулгайнх байж магадгүй гэж хэлэхэд намайг гэмтээсэн залуу чамд ямар хамаатай юм гэхээр нь юу гэнэ ээ чи гэхэд тэр залуу миний баруун гуя руу өшиглөсөн. Би тэр залууг барьж авах гээд гараа сунгахад тэр намайг үүрч газар шидсэн. Би газар унаад үлдсэн тэр залуу гүйгээд явчихсан. Миний баруун эгэм хугарчихсан байсан. Цагдаа хурдан ирж тэр залууг барьж авсан. Миний гуя хөхөрсөн байсныг гэртээ ирээд мэдсэн. Дүү ******* архи дарс уугаад явдаг. Би араас нь санаа зовж хөөцөлдөж явдаг. Олон жил архи ууж байгаа хэцүү хүн байгаа юм аа. Би хулгайн гар утас зарж байж магадгүй гээд тэр үед урьдчилан сэргийлэх зорилгоор тэгж хэлсэн юм. ******* тэр өдрөөс хойш алга болсон. Ирэхгүй байгаа, хөдөө айлд мал маллаж байгаа сурагтай байсан. Миний баруун эгэм хугарч гуя хөхөрсөн өөр гэмтэл байхгүй, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна, одоогоор 800.000 төгрөг орчим эмчилгээний зардал гарсан байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар хуудас/

 

Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр Г.Бын хамт 19 цагийн орчим Бизон баарны урд талд явж байхад *******ын дүү ******* согтуу явж байсан. Хамт явж байсан залуу нь машин дээр очоод гар утас зарна гэж байхыг нь нөхөр сонсчихоод *******т хандаж чи юу зараад явж байгаа юм бэ хулгайнх юм биш биздээ гэхэд ******* яваад өгсөн. Нөгөө залуу нь ирээд Г.Бтай маргалдсан. Г.Быг тэр залуу хөлөөрөө гуя руу нь өшиглөсөн. Г.Б яаж байна гээд бариад авах гэхэд үүрч шидээд газар унагасан. Тэр үед нь би чи яаж байна аа аав шигээ хүнийг газар шидээд гэхэд тэр залуу гүйгээд явчихсан. Цагдаа утсаар дуудахад их хурдан хүрч ирсэн. Араас нь цагдаа нар хөөгөөд тэр залууг барьж аваад эрүүлжүүлэхэд хийсэн. Манай нөхөрийн эгэм нь хөхөрөөд гуя хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Төв аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Ажлаас буусан байсан  хамт ажилладаг хүмүүстэйгээ офицер дээр нэг шил архи хувааж уучихаад Налайхын унаанд суугаад Налайхад 17 цагийн орчим ирсэн. Гэртээ очиж бичиг баримтаа авчихаад Бизон руу очих замдаа ******* ахад утас зараад өгчих гэхэд ах нь зараад өгье гээд надаас гар утас аваад таксины жолооч нарт үзүүлээд явсан. *******ийн ах Г.Б бид хоёртой таарсан. Наад утас чинь хулгайн утас шүү битгий аваарай гээд орилоод яваад байсан. ******* наад утсыг чинь авахгүй юм байна гээд буцааж өгөөд яваад өгсөн. Би утсаа бариад зогсож байхад Г.Б ах ирээд ******* хаана байна гээд нүүр лүү гараараа цохиод заамдаад авахаар нь та одоо яагаад байгаа юм бэ гээд гарыг нь тавиулаад түлхсэн чинь хойшоо ухарч явж байгаад боржуранд тээглээд хойшоогоо унасан. Г.Б босч ирээд эгэм хугарчихлаа гэхээр нь би түргэн дуудчихаад яваад өгсөн. Би буцаад ирсэн чинь цагдаа нар ирээд намайг бариад авсан. Намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би маргааш гараад мэдүүлэг өгчихөөд гэртээ харьсан. Тэр үед аавын нүд сохорчихсон байсан. Тэгээд хот руу эмнэлэг рүү явсан. Тухайн үед ажлаас дуудаад би Төв аймгийн Заамар сум руу явсан. Ажил буугаад саяхан ирчихээд байна. Би одоо ийшээ тийшээ явахгүй хэргээ шийдүүлнэ” гэх мэдүүлэг,

/хх-ийн  22 дугаар хуудас/

 

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

/хх-ийн 25-26 дугаар тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/525 дугаар:

            “1. Г.Бын биед баруун эгэм ясны далд хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 27 дугаар тал/

 

            Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 28 дугаар тал/,

           

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 39 дүгээр тал/,

 

Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 87 тоот таслан шийдвэрлэх тогтоол,

/хх-ийн 42-44 дүгээр тал/

 

Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 84 тоот таслан шийдвэрлэх тогтоол,

/хх-ийн 45-50 дугаар тал/

 

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 303 тоот таслан шийдвэрлэх тогтоол,

            /хх-ийн 54 дүгээр тал/

 

            Б.Сын Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 58 дугаар тал/

 

            Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 265 дугаар тодорхойлолт,

            /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Сод ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. 5 бил үү Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч 500.000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын баримт хавсаргаагүй болно. Гэхдээ хохиролтой холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Хохирогчоос “миний эгэмийг хадуулаад эмчлүүлээд өгчих юм бол өөр гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөр гаргуулмаар байна. Мөн энэ хүүхдийг цаашдаа зөв замаар яваасай гэж бодож байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс Миний буруугаас болж ийм хэрэг гарсан. Би Г.Б ахаас уучлалт гуймаар байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Сод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Быг үүрч газар шидэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Г.Б ах тааралдаад “наад утас чинь хулгайн утас шүү” гэхэд нь “юу яриад байгаа юм энэ чинь миний утас” гэхэд намайг заамдаж аваад цохисон. Тэгэхээр нь би үүрч аваад шидсэн. Газар уначихаад босч ирэхдээ миний эгэм хугарчихлаа гээд босоод ирсэн...” гэх,    

Хохирогч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Би “наад гар утас чинь хулгайн юм шүү” гээд хэлээд яваад очтол намайг өшиглөсөн. Тэгээд би тонгойтол гар сөхөөд үүрээд шидчихсэн. Миний эгэм хугарсан...” гэх,

Гэрч Л.*******гийн “...Нөгөө залуу нь ирээд Г.Бтай маргалдсан. Г.Быг тэр залуу хөлөөрөө гуя руу нь өшиглөсөн. Г.Б яаж байна гээд бариад авах гэхэд үүрч шидээд газар унагасан...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/525 дугаар: “Г.Бын биед баруун эгэм ясны далд хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын бие махбодид хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...миний эгэмийг хадуулаад эмчлүүлээд өгчих юм бол өөр гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөр гаргуулмаар байна...” гэсэн тайлбарыг үндэслэн Б.Сыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Г.Б учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ