Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 749

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,    

Улсын яллагч П.Ганбаатар,

Иргэдийн төлөөлөгч Ч.Нямхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьд түүний өмгөөлөгч Б.Баасанбат,

Гэрч Ж.Бадамжав, Ж.Мөнхдэлгэр,

Шинжээч Ц.Бадрал,

Шүүгдэгч /хохирогч/ Б.Дой, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Цэнгүүн,

Шүүгдэгч /хохирогч/ Б.М-О, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б. М-О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709021330189 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайн 05-119а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.Д-О

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, “Том хүрэн” ХХК-нд ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр байрны 56 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б. М-О

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.ДО нь 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Мөнхтулгыг зодож их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон,

2017 оны 11 дүгээр  сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд хохирогч Б.М-Отой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний цус хуралт, баруун гарын тохой, шуу, сарвуу, зүүн дал, нуруу, зүүн шилбэний зулгаралт, зүүн гарын шуу, сарвууны зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.М-О нь 2017 оны 11 дүгээр  сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд хохирогч М.ДОтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож зүүн чамархайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ДО мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв өгсөн…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.ДО мэдүүлэхдээ: “...миний хамар хугарсан мөн зөөлөн эдийн гэмтэл учирсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-О мэдүүлэхдээ: “...толгойдоо оёдол тавиулсан, зүүн чих гэмтсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед гэрээсээ гарсан. Шөнө 00 цагийн үед утас руу нь залгахад утсаа аваагүй. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 05 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаа ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү очиход өглөө 05 цагийн үед нас барсан байдалтай олдсон гэж хэлсэн. Хохиролд 17.353.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч Ж.Бадамжав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний орны хажууд унах шиг болсон. Би унах болсон шалтгааныг нь хараагүй, болсон явдлыг санахгүй байна ...” гэв.

Гэрч Ж.Мөнхдэлгэр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд би өөрийн санаж байгаагаар мэдүүлгээ өгсөн. Одоо болсон асуудлыг сайн санахгүй байна ...” гэв.

 

Шинжээч Ц.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагын үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн шанаанд цохиход толгой болон тархинд гэмтэл үүсэх боломжтой. Үхлийн шалтгаан болсон гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогч толгой орчимд цохиулснаас болж ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүйгээр нас барсан байж болно...” гэв.

 

Эрүүгийн 1709021330189 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч  М.ДО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 21-нд ...4 замын Миами гээд буудалд очоод байж байя очихоороо хэдэн тоотод орсоноо хэлье гэсэн. Тэгээд орой 21 цагийн үед над руу Мөнхтулга залгаад 2 давхарт 208 тоотод орсон байгаа шүү гэж байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөд би гэрээсээ гараад таксинд суугаад Миамигийн гадаа очиж Мөнхтулга руу залгаад таксины мөнгө буулгаад ирээ гэсэн. Тэгэхэд Амармэнд гарч ирж таксины мөнгө өгөөд бид хоёр цуг орсон. Ороход авчирсан коньяакаа задалсан Мөнх-Оргил, Мөнхтулга хоёр сууж байсан. Тэгээд би гадуур хувцсаа тайлж суугаад надад нэг архи уусан өгсөн ба тойруулаад уугаад сууж байсан. Ороод 20 минутын дараа Мөнхтулга “Бадамыг дуудсан юм залгаад үзээдхэе” гээд өөрийнхөө утаснаас залгасан. Тэгээд утсаа авахгүй болохоор нь өөрийнхөө утаснаас Мөнхдэлгэр рүү залгасан. Тэгэхэд яг Улаанбаатар их дэлгүүрийн урд зам гарах гээд байж байна гэсэн ба удалгүй Бадамаа, Мөнхдэлгэр хоёр орж ирээд 6-лаа ууж эхэлсэн. Тэгээд Мөнхтулга, Амармэнд бид 3 00-н өрөөнд цуг орсон юм. Тэгээд тамхи татангаа урд нь Амармэнд, Мөнхтулга хоёр маргалдсан байсан ба нэг нэгнээсээ уучлалт гуйгаад гараад коньяакаа тойруулж байгаад би буцаад 00-н өрөө рүү орсон юм. Тэгээд 00-н өрөө орж бие засаж байхад юм түчигнээд эхлэхээр нь гараад очсон юм. Тэгэхэд Мөнхтулга, Мөнх-Оргил хоёр үүдний хажуу талын орны хөлний хэсэгт зодолдож байсан. Тэгээд Мөнх-Оргил Мөнхтулгыг бодвол мөч урттай учраас цохилцож явж байгаад ор хана хоёрын завсар Мөнхтулга унаад Мөнх-Оргил дээр нь гараад гараараа цээж хэсэг рүү нь цохиж байсан. Тэр үед би Мөнх-Оргилыг гараараа боож хойшоо татаад тэгээд толгой нь гарнаас мултрахаар нь үсдээд босгосон юм. Тэгээд надад Мөнх-Оргил уурлаад бид хоёр хэрэлдээд байж байхад Мөнх-Оргил миний толгой руу шаазан юмаар цохисон ба яг намайг цохичихоод Мөнх-Оргил, Мөнхтулгын шилбэ хавьд суусан байсан. Мөнхтулга дээшээ харж хэвтээд хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд би Мөнх-Оргил руу очиж яагаад намайг цохиж байгаа юм гээд би хамар руу нь цохисон юм. Тэгээд Мөнх-Оргил “яасан овоо юм бэ” гээд гараад явсан. Тэгээд би яг гарч явсан хойгуур нь Мөнхтулгыг ор руу гаргъя гээд очсон юм. Тэгээд амьсгалахгүй байхаар нь би Амармэндийг дуудаад Мөнхтулга амьсгалахгүй байх шиг байна гээд бид хоёр цуг өргөөд орон дээр гаргаж тавьсан. Тэгээд амьсгалахгүй байна гэхэд Бадамжав уйлж ирээд Мөнхтулгын цээж нь дээр уйлж хэвтээд байж байхад Мөнх-Оргил хоёр цагдаатай орж ирсэн…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 63-65 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч  Б.М-О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр... миний машинаас 2 шил коньяак аваад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байдаг “Миами” гээд зочид буудал руу явъя гээд таксидаж очоод 2 давхарт 208 тоот өрөөнд орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод за архиныхаа даруулга, ундаа, тамхи, хөзөр олж ирье гээд хэн нь гарах юм бэ гэхэд Амармэнд “би гарчихаад ирье” гэсэн. Тэгээд Амармэнд дэлгүүр гараад явсаных нь дараа би талийгаачаас тэгж асуусан юм. Юу нь Баба, Баагий 2-той маргалдсан юм бэ гэхэд Баба Баагий 2 бишээ Бадамаа, Мөнхдэлгэр 2-ыг хэлсэн юм гэхээр нь “юу болсон юм бэ” гэж асуусан. Тэгээд байж байгаад би 00-н өрөө орчихоод гараад ирэхэд өмнө болсон процессын талаар хоорондоо яриад маргалдаж байсан. Тэгээд сууж байхад талийгаач Амармэндтэй “яах гэж наад архиа эдийг нь голоод байна уу эзнийг нь голоод байна уу гээд хачин юм ярьдаг юм бэ өмнө бас тэгээ биз дээ чи” гээд Амармэнд рүү талийгаач чичлээд ярьж байсан. Тэгээд байж байхад Даш-Олзвой хажуунаас нь “одоо болцгоогооч дээ өнгөрсөн юмыг ярих юм аа хаяаач дээ” гэсэн тэгэхэд талийгаач “чи ч гэсэн Олзвой худлаа пиздаа өмөөрөөд наад Бөмбүүлэй Амармэндийг өмөөрөх шаардлага байхгүй” гэхэд нь би “за больцгоо больцгоо” гэхэд талийгаач “Оргилоо чи чимээгүй байж бай би энэ 2-той юм яриадхая” гэсэн. Тэгээд талийгаач тэр 2-той маргалдаж байхдаа Бадамаатай холбож хардаад “та 4 угаасаа тэр орой ямар нэг юм болоо биз дээ намайг явуулах гэж албаар тэгж хэлсэн юм уу” гээд Амармэнд талийгаачтай босч ирээд бие биенээ замдаад авсан ба Даш-Олзвой бид 2 босоод 4-лээ боссон. Тухайн үед Мөнхдэлгэр утсаар яриад гараад явсан байсан. Даш-Олзвой бид хоёрыг салгах гэж байсан. Тэгээд Даш-Олзвойг талийгаач бас “Олвой чи зүгээр цаашаа байж бай” гээд талийгаачийн зүүн гар талд нь Амармэнд баруун гарт нь Даш-Олзвойг заамдаж барьсан би Даш-Олзвойгийн хажууд зогсоод баруун гараа барьсан байсан. Тэгээд бие биенээ хальт хальт нэг нэгээ цохих шиг болсон тэгээд би Даш-Олзвойг “чи муу пиздаа яах гээд байгаа юм бэ гээд Даш-Олзвойг татахад Даш-Олзвой эргэж хараад намайг боогоод орон дээр унагаад боож байгаад хамар руу 3-4 удаа цохисон тэгээд сүүлийн цохилтыг нь би хажуу тийш нь гарахад миний зүүн чих рүү цохисон. Тэгээд би босч ирээд 2 орны голд байсан тумбочик дээр байсан шаазан цагаан өнгийн аягийг аваад Даш-Олзвойгийн толгой руу шидсэн тэгэхэд Даш-Олзвой орны хөл хэсэгт зогсож байсан ба толгойг нь онож хагалаад аяга нь хагараад газар унасан ба тухайн үед бүгд яах гэж ингэж байдаг юм гээд зогссон. Тэгэхэд нь би 00-н өрөө рүү гүйж ороод толинд нь хамраа хартал зүүн тийшээгээ хавдсан байсан. Тэгээд байж байхад Амармэнд 00-н хаалганы хажууд зогссон талийгаач миний араас орж ирээд “алив зүгээр рүү гэхэд нь би “зүгээрээ зүгээр гэхдээ наад бандийг чинь би цагдаад хэлнэ” гэхэд талийгаач түрүүлээд 00-н өрөөнөөс гараад би араас нь гараад би Даш-Олзвойд “ээ чи маныхаа хамрыг хугалчихлаа шдээ” гэхэд “тэгээд харъя лалар минь” гээд над руу дайрсан. Тэгэхэд талийгаач урдуур нь хааж зогсоод “яах гээд байгаа юм бэ одоо хангалттай юм биш үү” гээд Даш-Олзвойг 2 орны доод хэсэгт байхад нь тэврээд зогссон. Тэр хооронд би гарч гүйсэн тэгэхэд талийгаач “цагдаагаар яах гээд байгаа юм бэ” гэж хойноос хэлэхэд би хаалга саваад доошоо буугаад буудлын хамгаалагч, хүлээн авагч нар нь дээр зодоон болоод байна би зодуулчихлаа 102 дуудаад өгөөч гэсэн. Тэгээд 15 минут орчим хүлээж байгаад цагдаа ирээд цагдаа надаас яг юу болсон бэ гэж асуугаад дээшээ цагдаатай цуг гарсан тэгээд дээшээ гарахад Амармэнд үүдэнд зогссон талийгаач наад талын орон дээр цонх руу толгой нь харж хэвтсэн толгойноос нь Бадамаа тэвэрчихсэн сэрээчээ Тулгаа гээд уйлж байхад Даш-Олзвой хажууд нь “наадах чинь амьсгалахгүй байгаа юм биш үү амьсгааг нь үз дээ” гээд цагдаад Даш-Олзвой хэлсэн. Тэгээд би цагдаагийн алба хаагч Даш-Олзвой 2-ын голоор ороод “яасан бэ хөөе Тулгаа яагаад сэрэхгүй байгаа юм бэ тасарчихсан юм уу” гээд цээжин дээр нь 2 удаа дарсан тэгэхэд цагдаа намайг “цаашаа холд цаанаа бай” гэхэд нь би буланд цонхны доор очоод суусан…” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Мөнхтулгатай 2012 онд танилцаж 2 хүүхэдтэй болж 2016 онд гэр бүлээ батлуулсан. Талийгаач их нийтэч хүн бүрд тусалдаг, хаа явсан газраа инээд хөөртэй, их наргианч, хамт олон болон ах дүү нартаа нэр хүнд сайтай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, хоёр хүүхдэдээ их хайртай байсан даа. Мөнх-Оргил нь манай хадам ээж Лхамсүрэнгийн төрсөн дүүгийн хүүхэд. Энэ 2 багаасаа л хамт өссөн болохоор их сайн найзууд гэж хэлж болно. Ерөнхийдөө байнга нийлж холбоотой байдаг байсан. Талийгаач надтай танилцахаасаа өмнө Бадамжавтай үерхэж байсан гэж хэлж байсан. Оршуулгын зардал болон түүнтэй холбоотой зардлын баримт болох 15.530.845 төгрөгийн баримтаар нэхэмжилж хэрэгт хавсаргаж байгаа. Үүн дээр 1.823.000 төгрөгийн Гандантэгчлэн хийдэд ном уншуулсан баримт байхгүй байна. Баримтаа олоод шүүх дээр нэхэмжилнэ. Нийт 17.353.845 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

                Хохирогч Б.М-О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Даш-Олзвой талийгаачтай зууралдсан байхад би очиж Даш-Олзвойгийн цамцнаас хойшоо татахад Даш-Олзвой хойшоо унасан. Тэгтэл Даш-Олзвой араас босч ирээд миний цамцнаас татаж боож байгаад хаалга талын орон дээр намайг хэвтүүлж байгаад 2-3 удаа миний хамар руу цохисон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 54-55 дугаар хуудас/,

               

                Хохирогч М.ДО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...надад учирсан гэмтлийг Мөнх-Оргил зурагтны доор байсан шаазан аягыг аваад миний толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохиж учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 57 дугаар хуудас/,

 

                Гэрч О.Мөнхтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2 дугаар давхарт нилээд дуу чимээ гараад байхаар нь ресепшинээс асуухад 3 залуу л орсон гэж хэлж байсан. Тэгээд жоохон байж байгаад түжигнээд байхаар нь дээшээ шат руу гарч байхад өөдөөс нэг залуу “хамар хугалчихлаа цагдаа дууд” гэсэн. Тэгээд би шууд буугаад текэн дээр очоод цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу цагдаа иртэл доор ресепшин дээр 10-аад минут хүлээсэн. Тэгээд цагдаа нар ирээд 208 тоот өрөө рүү орсон. Өрөөнд ороход хаалган талын орон дээр нэг залуу хэвтсэн байдалтай, түүнийг хар хувцастай охин тэврээд уйлаад байсан. Нэг залуу нь жижиг хөргөгчин дээр суучихсан, 1 залуу нь цаана нь сууж байсан. Би харчихаад буцаад гараад явсан. Хамраа хугалуулсан залуу манай найзууд хоорондоо маргалдаад дундуур нь орсон чинь намайг цохичихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 67 дугаар хуудас/,

 

                Гэрч Б.Соёлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...20 цаг өнгөрөөгөөд үл таних 3 залуу орж ирээд 208 тоот өрөөнд орсон. Бусад хүмүүсийг нь хэзээ орж ирснийг мэдэхгүй. Тэгсэн 00 цаг өнгөрөөд дээд давхарт нилээд дуу чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь хамгаалагч Мөнхтулгыг явуулахад саарал цамцтай өндөр биетэй туранхай залуу “хамар хугалчихлаа, цагдаа дууд” гээд бууж ирсэн. Тэгээд Мөнхтулга цагдаа дуудсан. Тэр залуу цагдаа иртэл доор байж байгаад цагдаа ирэхээр хамт 208 тоот өрөө рүү орсон. Тэр залуу хоёр найз маань зодолдож байхаар нь дундуур нь ортол цохиулчихлаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 68 дугаар хуудас/,

 

                Гэрч Ж.Мөнхдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Бид нар юм яриад сууж байхад Амармэнд “би явлаа” гээд хувцасаа өмссөн. Тэгтэл Мөнхтулга “юу яриад байгаа юм болиоч чи” гэсэн. Тэгээд Мөнхтулга Амармэндийг явах гэж байхад нь саатуулсан. Тэгтэл Даш-Олзвой “чи өөр яах гээд байгаа юм бэ” гээд боссон. Тэгээд тэр 4 босч ирсэн. Тэгтэл Мөнхтулга “чи ч гэсэн яах гээд байгаа юм болиоч” гээд Даш-Олзвойг яг хаалганы хажууд шахсан. Тэгтэл Мөнх-Оргил, Амармэнд 2-ын аль нэг нь Даш-Олзвой руу шил шидсэн үү, аяга шидсэн сайн мэдэхгүй байна. Шидэхэд нь хана цохиж ойгоод Даш-Олзвойгийн толгойг оноод хагалаад толгойноос нь цус гарсан. Тэгтэл Даш-Олзвой уурлаад “ёо пизда хэн намайг цохисон” гээд орилоод Мөнх-Оргил, Амармэнд 2 руу дайрсан. Тэгээд тэр 4 хоорондоо хэрэлдээд Даш-Олзвой “хэн намайг цохисон бэ” гээд Амармэндийг цохих гээд гараа далайхад нь Мөнхтулга дундуур нь ороод шанаа руугаа нэг удаа цохиулаад шууд ор хана 2-ын завсар унасан. Тэгээд унахад нь Бадам, Даш-Олзвой 2 очоод “андаа зүгээр үү гайгүй юу” гээд очсон. Очоод Мөнхтулгыг босгох гэтэл босохгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад доошоо буугаад явдаг юм уу гээд гарсан. Тэгтэл доор Мөнх-Оргил үүдэнд хүлээн авагчийн хажууд сууж байсан. Тэгээд би гадаа гараад үүдэн дээр гарч суугаад Бадамыг аваад явъя гэж бодоод дээшээ буцаад гарсан. Тэгээд өрөөнд ортол 2 цагдаа ирсэн байсан. Тэгээд миний бичиг баримтыг үзсэн. Даш-Олзвой Амармэндийг цохих гэж байхад нь Мөнхтулга дундуур нь ороод Даш-Олзвой баруун гараараа Мөнхтулгын зүүн талын шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Мөнхтулга шууд ор, хана 2-ын завсар унасан. Мөнхтулга хүмүүстэй маргалдаагүй тэнд уурласан байсан хүмүүсийг эвлэрүүлэх гээд байж байсан юм. Өөр Мөнхтулгыг цохиж зодсон хүн байхгүй. 00-н өрөөнд ямар нэг зодоон болсон нь сонсогдоогүй хоорондоо зүгээр юм ярьж байгаад гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

                Гэрч Ж.Бадамжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...бид 2 ороход Мөнх-Оргил, Даш-Олзвой, Амармэнд, Мөнхтулга 4 байсан, коньяак уугаад сууж байсан. Тэгээд юм яриад маазараад 00-н өрөө орж гарцгаагаад байсан. Амармэнд, Даш-Олзвой 2 маргалдсан. Миний санаж байгаагаар Амармэнд “явлаа” гэсэн тэгтэл Даш-Олзвой “ууж идээд дандаа чи ийм тэнэг зан гаргаж байдаг” гээд маргалдсан. Нэг мэдэхэд Мөнхтулга орон дээр дээшээ хараад хэвтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 72-74 дүгээр хуудас/

 

                Гэрч Г.Баянбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тамир-10 станцаар 00 цаг 10 минутанд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Мияами” зочид буудалд зодоон болоод хамраа хугалуулчихлаа гэсэн дуудлага ирсэнийг шалгахаар 00 цаг 16 минутанд очиход өрөөнд 3 залуу 1 хүүхэн байсны 2 орны зүүн талын орон дээр нэг залуу цээжин бие нь орон дээр, бөгсөн бие нь газар хүрсэн байдалтай байхаар нь сэрээх гэж үзэхэд сэрэхгүй, ухаангүй байхаар нь яаралтай түргэн тусламж дуудсан. Тэд нараас юу болсон талаар асуухад “бид нар хоорондоо зодолдсон юм” гэсэн. Түргэн тусламжийн эмч Нарантуяа гэх эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 70-71 дүгээр хуудас/

 

        Гэрч Б.Ёндонпунцаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Ажиллах хугацаанд буюу 2017 оны 11 сарын 21-нээс 22-ны шилжих шөнийн 00 цагийн үед байх Тамир-10-аас өгсөн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд очиход нэг залуу орон дээр биеийн талаараа хэвтчихсэн ухаангүй байдалтай байсан ба хажууд нь нэг эмэгтэй суучихсан, өрөөний буланд хамраа цохиулсан гэх залуу зогсчихсон, ухаангүй байсан залуугийн орны хажууд бас нэг махлаг залуу, нэг туранхай өндөр нуруутай залуу нар зогсож байсан. ...ухаангүй залуугийн судсыг барьж үзэхэд цохилохгүй, амьсгалыг нь чагнаж үзэхэд зүрх нь цохилохгүй байсан. Мөн гарын алгаараа зүрхэн дээр нь дарж, хурууны өндгөөрөө гүрээний судсан дээр нь дарж үзэхэд хүүхэн хараагүй, ямар нэгэн нөлөөгүй болсон байсан. 103-ийн эмчид дуудлага өгч үзүүлэхэд нас барсан байна гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-30 дугаар хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 31-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2281 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Талийгаач Л.Мөнхтулгын цогцост их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт тогтоогдлоо.
  2. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.  
  3. Талийгаачийн цусанд 1.7 промилли, ходоодны шингэнд 1.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна.
  4.  Талийгаачийн үхэлд хүргэсэн тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийг авсан даруйдаа ухаангүй болох, хурхирах, таталт өгөх, амьсгал зүрх судас үйл ажиллагаа доголдох зэрэг шинжүүд илэрч болох ба хэдий хугацааны дараа нас барахыг нарийвлан тогтоох боломжгүй.
  5. Дээрх гэмтлийг хүн өөрөө өөртөө учруулах боломжгүй.
  6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.
  7. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
  8. Шүүх эмнэлгийн жижүүр эмч нарын бүртгэлд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4 цаг 30 минутанд цогцосны анхны үзлэгээр нас бараад 4-6 цаг орчим болсон байна гэжээ. /1 хх-ийн 144-146 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14597 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.М-Оын биед хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний цус хуралт, баруун гарын тохой, шуу, сарвуу, зүүн дал, нуруу, зүүн шилбэний зулгаралт, зүүн гарын шуу, сарвууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4.  Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй…” гэжээ /1 хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

                    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14594 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. М.ДОн биед зүүн чамархайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ /1 хх-ийн 138 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1071 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. М.ДО нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. М.ДО нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. М.ДО нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон одоо хэрэг хариуцах чадвартай байна.
  4. М.ДО нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна…” гэжээ /1 хх-ийн 121 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10968 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 100 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №261 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 113 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10979 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 151 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10980 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 152 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11459 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 158 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №456 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 165-166 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №457 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 176-178 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10965 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 183-185 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10966 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 1187-188 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6271 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 195-196 дугаар хуудас/,

 

Яллагдагч нарын нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх-ийн 70-79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.ДОн ял шалгах хуудас /2хх-ийн 188 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 107 дугаар хуудас/, /шүүгдэгч М.ДОн хувийн байдлыг тогтоосон баримтууд /2хх-ийн 179-186 дугаар хуудас/, шүүгдэгч Б.М-Оын ял шалгах хуудас /2хх-ийн 191 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 50 дугаар хуудас/, Б.М-Оын шүүхээр ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 134-136 дугаар хуудас/,  эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /2 хх-ийн 192-200 дугаар хуудас/, полиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн тухай магадлагаа /2 хх-ийн 223-229 дүгээр хуудас/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /хэрэгт хавсаргагдсан/, хохирлын баримтууд /2 хх-ийн 242-250, 3 хх-ийн 1-4 дүгээр хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар        

 

Шүүгдэгч М.ДО нь согтуурсан үедээ:

           - 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд танил найзуудтайгаа архидан согтуурч амь хохирогч Л.Мөнхтулгатай зүй бус харьцаж улмаар түүний биед нь хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохьсоны улмаас гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан болох нь:

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд,  

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдын “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 05 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаа ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү очиход өглөө 05 цагийн үед нас барсан байдалтай олдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

            гэрч Ж.Мөнхдэлгэрийн “...Даш-Олзвой баруун гараараа Мөнхтулгын зүүн талын шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Мөнхтулга шууд ор, хана 2-ын завсар унасан...” гэсэн мэдүүлэг,     

            гэрч Ж.Бадамжавын “...Миний санаж байгаагаар Амармэнд “явлаа” гэсэн тэгтэл Даш-Олзвой “ууж идээд дандаа чи ийм тэнэг зан гаргаж байдаг” гээд маргалдсан. Нэг мэдэхэд Мөнхтулга орон дээр дээшээ хараад хэвтсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

            гэрч О.Мөнхтулгын “...2 дугаар давхарт нилээд дуу чимээ гараад байхаар нь ресепшинээс асуухад 3 залуу л орсон гэж хэлж байсан. Тэгээд жоохон байж байгаад түжигнээд байсан...цагдаа нар ирээд 208 тоот өрөө рүү ороход хаалган талын орон дээр нэг залуу хэвтсэн байдалтай...” гэсэн мэдүүлэг,

            гэрч Б.Соёлмаагийн “...00 цаг өнгөрөөд дээд давхарт нилээд дуу чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг,

            гэрч Г.Баянбаатарын “...зүүн талын орон дээр нэг залуу цээжин бие нь орон дээр, бөгсөн бие нь газар хүрсэн байдалтай байхаар нь сэрээх гэж үзэхэд сэрэхгүй, ухаангүй байхаар нь яаралтай түргэн тусламж дуудсан. Тэд нараас юу болсон талаар асуухад “бид нар хоорондоо зодолдсон юм” гэсэн. . Түргэн тусламжийн эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

            гэрч Б.Ёндонпунцагийн “...“Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд очиход нэг залуу орон дээр биеийн талаараа хэвтчихсэн ухаангүй байдалтай байсан. 103-ийн эмчид дуудлага өгч үзүүлэхэд нас барсан байна гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2281 дугаартай шинжээчийн “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт,

            Шинжээч Ц.Бадралын “...үхлийн шалтгаан болсон гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

            - 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд танил найзуудтайгаа архидан согтуурч хохирогч Б.М-Отой хоорондоо зүй бус харьцаж маргалдан улмаар бие махбодид нь хүч хэрэглэн зодож хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний цус хуралт, баруун гарын тохой, шуу, сарвуу, зүүн дал, нуруу, зүүн шилбэний зулгаралт, зүүн гарын шуу, сарвууны зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М-Оын мэдүүлэг, гэрч Ж.Мөнхдэлгэр, О.Мөнхтулга, Б.Соёлмаа, Г.Баянбаатар, Б.Ёндонпунцаг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14597 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус түүний гэм буруутай үйлдлүүд нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-О нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд танил найзуудтайгаа архидан согтуурч хохирогч М.ДОтой хоорондоо зүй бусаар харьцаж маргалдан улмаар толгойн тус газар нь хүч хэрэглэн цохьсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Даш-Олвойн мэдүүлэг, гэрч Ж.Мөнхдэлгэрийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14594 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь амь хохирогчтой архидан согтуурч маргалдсаны улмаас түүний  нүүрэн тус газар нь цохьсон, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэргийг гэрч Ж.Мөнхдэлгэр удаа дараа тодорхой мэдүүлсэн, хэргийн газрын болон шүүгдэгч, амь хохирогчийн ямар байдалтай байсан нөхцөл байдлыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлж, гэрч Ж.Мөнхдэлгэр, О.Мөнхтулга, Ж.Бадамжав, Б.Соёлмаа, Г.Баянбаатар, Б.Ёндонпунцаг нар мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд амь хохирогч нь нүүрэн тус газраа цохиулсаны улмаас гавал тархины гэмтэл учирч нас барсан болон үхлийн шалтгаан болсон гэмтэл нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болохыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.ДОн гэмт үйлдэл нь “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээр байна.   

 

           Мөн шүүгдэгч М.ДО, Б.М-О нар архидан согтуурч хоорондоо зүй зохисгүй харьцаж харилцан маргалдаж, улмаар бие биенийхээ эрх чөлөөнд харилцан хүч хэрэглэсний улмаас бие биедээ гэмтэл учруулсан болохыг тэдгээрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.ДО, Б.М-О нарын гэмт үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч М.ДОг “хүнийг алсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

         

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн М.ДОг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

          Харин шүүгдэгч М.ДОн өмгөөлөгчидөөс “...Даш-Олзвойг холбогдуулсан хүнийг алсан гэмт хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг нотлоогүй, гэрч Ж.Мөнхдэлгэрийн мэдүүлэг эргэлзээтэй, талийгаачийг нэг цохилтоор амь насыг нь хохироосон байдал байхгүй байгааг харгалзаж үзнэ үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          Учир нь гэрч Ж.Мөнхдэлгэр нь шүүх хуралдаанд “...мөрдөн байцаалтанд би өөрийн санаж байгаагаар мэдүүлгээ өгсөн...” гэсэн ба тэрээр мөрдөн байцаалтанд болсон бүх үйл явдлыг дэлгэрэнгүй байдлаар мэдүүлж ялангуяа шүүгдэгч амь хохирогчийг нэг удаа зүүн шанаан тус газар нь цохьсоны улмаас амь хохирогч унаж ямар нэг үйлдэл хөдөлгөөнгүй болж улмаар нас барсан нөхцөл байдал тухайн богино агшинд үүссэн болохыг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, тэрхүү гэмтэл нь толгой, нүүр хэсэгт нэг удаа цохиулсны улмаас үүсэх боломжтойг тогтоосон байх тул шүүгдэгч М.ДОн гэм буруутай үйлдэл бүрэн нотлогдсон гэж үзэхээр байна.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдаас шүүх хуралдаанд “...буруутай этгээдээс оршуулгын зардал, бурханы зан үйлд 1.823.000  төгрөг, 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулж нийт 17.353.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба үүнээс бурханы зан үйлийн зардал нь зайлшгүй гарах зардал биш тул энэ талаарх нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

          Харин оршуулгын зардалтай холбоотой зайлшгүй бусад зардал болох 15.530.845 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж, шүүхээс хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч М.ДОгоос уг төлбөрийг бүрэн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар мэдүүлэг, “Хаан” банкны дансны хуулга зэргээр тогтоогдсон байна.

 

          Амь хохирогч ажил, хөдөлмөр эрхэлж байсан талаар баримт байхгүй боловч тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тооцож түүний бага нас 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны 140.000 төгрөгийн тэтгэмжийн зөрүүг хасч тооцож /240.000-140.000= 100.000/ бага насны хүүхдүүдийг 16 нас хүртэл, харин суралцах тохиолдолд 18 нас хүртэл 100.000 төгрөгийг сар бүр гаргуулахаар шийдвэрлэв. 

 

          Шүүгдэгч нар харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

         

            Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч М.ДОг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Б.М-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгч М.ДОг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөныг, шүүгдэгч Б.М-Оыг хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.ДОд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.М-Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч М.ДОд хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан хэд хэдэн төрлийн ялуудын хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэж буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож /240:8=30/ 30 хоногийг 8 жилийн хорих ялд нэмж нийт 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоов.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.ДОн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М-О нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 181 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /240:8=30/ тооцон хасч уг ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй.    

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Б.М-Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сар 15 хоногийн хугацаагаар хорих биечилэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.М-О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч тэрээр энэ шийтгэх тогтоолоор шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...” гэж заасныг баримтлан түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Б.М-О нь өмнөх шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар “танхайрах” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд ял шийтгэгдсэн байх ба 2015 оны Эрүүгийн хуулиар нэг этгээд дангаар танхайрах буюу “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” үйлдлийг тусгаагүй байх тул ийнхүү шүүгдэгчид ашигтайгаар, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэлээ.

 

Энэ талаар шүүгдэгч Б.М-Оын өмгөөлөгч нараас гаргасан үндэслэл бүхий санал, тайлбарыг хүлээн авсан болохыг тэмдэглэв.     

     

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.ДОн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 181 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох зүйтэй болохыг тус тус дурьдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нар хэрэг болох үед архидан согтуурсан, шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                       

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

  1. Бэсүд овогт Мягмаржавын Даш-Олзвойг:

            - хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            - хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

            Олхонууд овогт Баярмагнайн Мөнх-Оргилыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.ДОг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч Б.М-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар М.ДОд оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн тооцож /240:8=30/ 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 8 /найм/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-О оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Оын цагдан хоригдсон 181 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцон хасч ял эдэлсэнд тооцсугай.   

         

          6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          7. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар М.ДОгоос сар тутам 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж бага насны буюу насанд хүрээгүй хүүхдүүдэд 16 нас, суралцах бол 18 нас хүртэл сар тутам олгосугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.ДОд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.ДОд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,  Б.М-Од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                                  ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                             ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА