Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 36

 

 

  М.Даш-Олзвой, Б.Мөнх-Оргил нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Ганбаатар,

            шүүгдэгч, хохирогч М.Даш-Олзвой, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Цэнгүүн,

            шүүгдэгч, хохирогч Б.Мөнх-Оргилын өмгөөлөгч Л.Данзанноров,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 749 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч М.Даш-Олзвойн өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Даш-Олзвойд холбогдох 1709021330189 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэсүд овгийн Мягмаржавын Даш-Олзвой, 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайн 05-119а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УШ91031091/;

2. Олхонууд овгийн Баярмагнайн Мөнх-Оргил, 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч, угсрагч мэргэжилтэй, “Том хүрэн” ХХК-д ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр байрны 56 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШУ93062010/;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

М.Даш-Олзвой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Мөнхтулгыг зодож, их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулснаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан амь насыг нь хохироосон,

2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд Б.Мөнх-Оргилтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний цус хуралт, баруун гарын тохой, шуу, сарвуу, зүүн дал, нуруу, зүүн шилбэний зулгаралт, зүүн гарын шуу, сарвууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Мөнх-Оргил нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд М.Даш-Олзвойтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Даш-Олзвойн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Мөнх-Оргилын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүд овгийн  Мягмаржавын Даш-Олзвойг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Олхонууд овгийн Баярмагнайн Мөнх-Оргилыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Даш-Олзвойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар М.Даш-Олзвойд оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн тооцож /240:8=30/ 1 сарын хугацаагаар хорих ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 8 жил 1 сарын хугацаагаар биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даш-Олзвойд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Оргилын цагдан хоригдсон 181 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцон хасч ял эдэлсэнд тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар шүүгдэгч М.Даш-Олзвойгоос сар тутам 100.000 төгрөгийг гаргуулж, бага насны буюу насанд хүрээгүй хүүхдүүдэд 16 нас, суралцах бол 18 нас хүртэл сар тутам олгуулж, шүүгдэгч М.Даш-Олзвойд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мөнх-Оргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Даш-Олзвойн өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Энхтүвшин нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс М.Даш-Олзвойг “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Л.Мөнхтулгатай зүй бус харьцаж, улмаар түүний биед нь хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан...” гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг “...шүүх, прокурор ...хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлнэ...”, 16.3 дугаар зүйлд  “...шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж заасныг баримтлаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, хэдийд, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй байгаа нөхцөлийг анхаарч үзсэнгүй.

Улсын яллагчийн зүгээс М.Даш-Олзвойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь дараах баримтуудаар тогтоогдсон гэж буруутгасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тодруулбал: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Ж.Мөнхдэлгэр, Ж.Бадамжав, О.Мөнхтулга,      Б.Соёлмаа, Г.Баянбаатар, Б.Ёндонпунцаг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2281 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Ц.Бадралын мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж дүгнэсэн.

Гэвч уг баримтууд нь тус хэргийг шүүгдэгч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон баримтууд биш юм. Хэргийн газрын үзлэгээр тогтоосон үйл баримт нь гэрч Ж.Бадамжав, Ж.Мөнхдэлгэр, шүүгдэгч, хохирогч Б.Мөнх-Оргил нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээс зөрүүтэй, тухайн хэрэг учралын газар болсон үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, энэ талаар хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байдаг. Тухайлбал: Амь хохирогч Л.Мөнхтулгын биед олон тооны гэмтэл учирсан талаар шинжээч эмч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... дээрх гэмтлүүд нь олон удаагийн хатуу, мохоо хүчин зүйлийн улмаас тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл...” гэж мэдүүлсэн. Гэвч мөрдөн байцаалтын шатанд эдгээр гэмтлүүдийг хэн үүсгэсэн талаарх үйл баримтыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Шүүхээс М.Даш-Олзвойг “...гэрч Ж.Мөнхдэлгэрийн мэдүүлэгт тулгуурлан нүүрэн тус газар нь цохиж...” гэж дүгнэсэн бөгөөд амь хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлийн талаар огт дүгнэлт хийгээгүй.

Мөн гэрч О.Мөнхтулга, Б.Соёлмаа нарын мэдүүлгээр хэрэг учрал болсон өрөөнд Б.Мөнх-Оргилыг гарч явснаас хойш ямар нэгэн зодоон болоогүй нь тогтоогдож байгаа. Иймд амь хохирогчийн биед учирсан бусад гэмтлүүд Б.Мөнх-Оргилыг өрөөнд байх хугацаанд үүссэн байх бөгөөд Г.Амармэнд, М.Даш-Олзвой нарын өгсөн мэдүүлэгт дурдсан үйл баримттай таарч байгаа болно.

Дээрх баримтуудаас зөвхөн гэрч Ж.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь М.Даш-Олзвойг буруутгасан агуулгатай байдаг. Гэвч шүүх хуралдааны явцад гэрч Ж.Мөнхдэлгэр нь “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмнө нь өгсөн “...М.Даш-Олзвой нь талийгаач Л.Мөнхтулгыг цохьсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь худлаа, буруу бичсэн байна. Учир нь, би тухайн үед талийгаач Л.Мөнхтулга, М.Даш-Олзвой нар таарамжгүй байсан учир М.Даш-Олзвой талийгаачийг цохьчихсон байх гэж таамаглаж байгаагаа хэлснийг мөрдөгч цохиж байхыг харсан гэж тэмдэглэлд тусгасан байсан. Өглөө нь танилцаад би мөрдөгчид энэ талаар хэлсэн. М.Даш-Олзвойг цохьсон гэж хэлээгүй шүү дээ, зөвхөн таамаглаж байна л гэж хэлсэн шүү дээ гэхэд чи гарын үсгээ зурчихсан байна гэсэн. Мөнх-Оргил болон талийгаач Л.Мөнхтулгын ах гэж нэг хүн ирж уулзсан. Нэгийг нь шоронд, нөгөөг нь шороонд оруулах юм уу гэж байсан...” гэж мэдүүлдэг.

Мөн “...Тухайн мэдүүлгийг өгөхдөө согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. Өглөө нь уншихад ингэж бичигдсэн байсан. Би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Хэргийн талаар худал хэлж болохгүй гэдгийг мэдэж байгаа...” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг үндэслэл бүхий болох нь Ж.Мөнхдэлгэрийг тухайн мөчид өрөөнд байсан эсэх талаар Г.Амармэндийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр яллагдагчаар өгсөн “... Бадмаа өрөөн дотор байсан цонхон талын орон дээр зодооныг хараад сууж байсан. Ж.Мөнхдэлгэр гар утас нь дугараад гарсан байсан юм...” гэх мэдүүлэг, М.Даш-Олзвойн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Г.Амармэндтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авахад мэдүүлсэн “...Мөнхдэлгэрийг орж ирэх үед талийгаач орны хажууд хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнхдэлгэр полиграфын сорилд орохдоо эрх бүхий цагдаагийн алба хаагчийн асуусан “... Мөнхтулгыг хэн цохьсон талаар харсан уу...” гэх асуултад “... Хараагүй...” гэсэн хариултыг өгч байсан зэргээр тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүх гэрчийн мэдүүлгийн энэхүү зөрүүтэй байгаа байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийн агуулгыг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрийнхөө өмнө нь өгсөн мэдүүлэг хэвээр байгаа мэтээр дүгнэн оруулсан байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд дурдагдсан талийгаач Л.Мөнхтулгын нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 2281 дугаартай дүгнэлтэд “...талийгаач Л.Мөнхтулгын цогцост их тархины 2 чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дагзны хуйхан дотор гадаргуу дахь цус хуралт, уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэргээс үзвэл Г.Амармэнд, М.Даш-Олзвой нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт нь бие биенээ харилцан нөхцөлдүүлсэн, харилцан уялдаатай байна.

Харин Ж.Мөнхдэлгэр болон Б.Мөнх-Оргил нарын мэдүүлэг л талийгаачийн биед учирсан гэмтлүүд болон хэргийн газрын үзлэг, бусад гэрч нарын мэдүүлэгтэй тохирохгүй байгаа нөхцөл байдалтай буюу мэдүүлгийн эх сурвалж хэрэгт авагдсан баримтад нийцэхгүй зүйлүүд байна.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр яллах, цагаатгах баримтыг цуглуулна гэж заасныг баримтлаагүй бөгөөд зөвхөн гэрч Ж.Мөнхдэлгэрийн мэдүүлэгт хөтлөгдөн бусад эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор тогтоох ажиллагааг хийгээгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад дээрх байдлыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүхээс энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 749 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч М.Даш-Олзвойн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Даш-Олзвой болон амь хохирогч нарын хооронд ямар нэгэн байдлаар зодоон үүсээгүй. Хоёр талын биед ямар нэгэн гэмтэл учирсан гэсэн талаар шинжээчийн дүгнэлтээс харж болно. Амь хохирогчийн биед маш олон гэмтэл учирсан. Шүүгдэгч М.Даш-Олзвойгийн хувьд толгойгоо хагалуулсан, өөр гэмтэл тогтоогддоггүй. Мөнх-Оргилын биед амь хохирогчтой ижил олон янзын жижиг гэмтлүүд байдаг. Энэ нөхцөл байдлаас Мөнх-Оргил, амь хохирогч нарын хооронд зодоон болсон байж магадгүй нөхцөл байдал харагдаж байна. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Мөнх-Оргилын өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох үндэслэл байхгүй. Давж заалдах гомдолтой танилцахад нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа гарсан. Энэ магадлагаа дээр зарим зүйл тодорхой байгаа. Тухайлбал, тухайн үед талийгаачид үхэлд хүргэх гэмтэл учрах үед Б.Мөнх-Оргил байгаагүй талаар Г.Амармэнд, М.Даш-Олзвой нар хоорондоо ярилцсан. Г.Амармэнд нь М.Даш-Олзвойд зөвлөгөөний шинжтэй, амь хохирогч, М.Даш-Олзвой нар зодолдох үед Б.Мөнх-Оргил байгаагүй гэдгийг Г.Амармэнд, М.Даш-Олзвой нар хоорондоо ярьдаг. Нууц ажиллагааны зорилго амжилттай болсон гэж харагддаг. М.Даш-Олзвой анх мэдүүлэг өгөхдөө “Мөнх-Оргил бид хоёр талийгаачид гар хүрээгүй” гэсэн мэдүүлгийг, Г.Амармэнд “өөрөө нэг цохисон” гэсэн мэдүүлгийг өгдөг. Мөнхдэлгэр нь хавтас хэргийн 82, 83, 84, 86 талуудад хоёр удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөнхдэлгэр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “нэг удаа дундуур нь орж ирэхэд нь цохьсон, үүнээс болж амь хохирогч 2 орны хооронд унасан бөгөөд үүнээс хойш босч ирээгүй” гэсэн. Мөн “нэг цохилтын улмаас үхэлд хүрсэн байх боломжтой юу” гэдэг асуултыг шинжээчээс асуухад “боломжтой” гэдэг. Энэ хэрэг шүүгдэгч М.Даш-Олзвойтой шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. ...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч, хохирогч М.Даш-Олзвойн өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Энхтүвшин нарын хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьж явсан гэсэн утга агуулгатай гомдлыг гаргасан. Тухайн хэрэг гарсан өрөөнд нийт 6 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байдаг бөгөөд хоорондоо маргалдаж, уг гэмт хэрэг үйлдэгдсэн нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогддог. Тухайн үед байсан гэрч Мөнхдэлгэрээс 2017 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 2 удаа мэдүүлэг авахад “шүүгдэгч М.Даш-Олзвой нь талийгаач Мөнхтулгын нүүрэнд нэг удаа цохиход тэрээр ор хоорондын завсар унаж босч ирээгүй” гэдэг. Мөн маргааш нь дахин мэдүүлэг авахад адил зүйлийг ярьсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Мөнхдэлгэр мэдүүлэхдээ “М.Даш-Олзвой нь талийгаач Л.Мөнхтулгыг цохисон гэдгийг баттай харсан талаар эргэлзээтэй байна”, мөрдөн байцаагч мэдүүлгийг өөрчилж бичсэн байна гэсэн агуулгаар мэдүүлэг өгсөн. Гэрч Мөнхдэлгэр, Соёлмаа нарын мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд Мөнх-Оргилыг гарснаас хойш тухайн өрөөнд зодоон болоогүй байна гэсэн агуулгыг гомдолдоо дурдсан байсан. Соёлмаа, Мөнхдэлгэр нар нь тухайн зочид буудалд хамгаалагч ажилтай хүмүүс юм. Соёлмаа, Мөнхдэлгэр нар нь дээшээ гарахад өөдөөс нь Мөнх-Оргилыг бууж ирсэн. Цагдаа дуудаж буцаж дээшээ ороход талийгаач Мөнхтулга нь нас барсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Талийгаач Мөнхтулгын биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байдаг. Шүүгдэгч М.Даш-Олзвойн цохилтын улмаас талийгаач биеийн жингээрээ хатуу зүйл унасан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогддог. Ингэж унах явцдаа талийгаач Л.Мөнхтулга үхэлд хүргэх гэмтлийг авсан байх боломжтой юм. Анхан шатны шүүх хэргийг шийдэхэд шүүгдэгч М.Даш-Олзвойн хэргийн мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацааг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд хэрхэн тооцох вэ гэдэг талаар тогтоох хэсэг дээр дурдаагүй орхисон байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт цагдан хоригдсон хоногийг хэрхэн шийдэх талаар дурдаж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Даш-Олзвойгийн гэм бурууг тогтоохдоо “М.Даш-Олзвой нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мияами” зочид буудлын 208 тоот өрөөнд танил найзуудтайгаа архидан согтуурч, амь хохирогч Л.Мөнхтулгатай зүй бус харьцаж, улмаар түүний биед нь хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан” гэжээ.

Дээрх дүгнэлтээс үзвэл, шүүгдэгч нь “амь хохирогчийн эсрэг зүй бус харьцаа үүсгээд, улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж алжээ” гэж ойлгогдож байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Даш-Олзвой, Б.Мөнх-Оргил, Г.Амармэнд, О.Мөнхтулга нар нь архидан согтуурахдаа эмэгтэй Ж.Мөнхдэлгэр, Ж.Бадамжав нарыг дуудан ирүүлж, улмаар М.Даш-Олзвой, Б.Мөнх-Оргил, Г.Амармэнд, О.Мөнхтулга нар нь өөр хоорондоо хэрэлдэж, харилцан зодолдох явцад О.Мөнхтулга нас барсан тодорхойгүй үйл баримт /факт/ авагджээ.

Энэ талаар гэрч Ж.Мөнхдэлгэрийн “...Мөнхтулга Амармэндийг явах гэж байхад нь болиулаад тэгтэл Даш-Олзвой чи өөр яах гэж байгаа юм бэ гээд боссон. Тэгээд тэр дөрөв дөрвүүлээ босч ирсэн. Тэгтэл Мөнхтулга чи ч гэсэн яах гээд байгаа юм болиоч гээд Даш-Олзвойг яг хаалганы хажууд шахсан. Тэгтэл Мөнх-Оргил, Амармэнд хоёрын аль нэг нь Даш-Олзвой руу шил шидэхэд хана цохиод ойгоод Даш-Олзвойгийн толгойг оноод хагалаад толгойноос нь цус гарсан. Тэгтэл Даш-Олзвой уурлаад ёоо п, хэн намайг цохисон гээд орилоод Мөнх-Оргил, Амармэнд хоёр руу дайрсан. Тэгээд тэр дөрөв хоорондоо хэрэлдээд Даш-Олзвой хэн намайг цохьсон гээд Амармэндийг цохих гээд гараа далайхад нь Мөнхтулга дундуур нь ороод шанаа руугаа нэг удаа цохиулаад шууд ор, хана хоёрын завсар унасан...” /1 хх 84/,

гэрч Ж.Бадамжавын “...Тэгээд Амармэнд, Даш-Олзвой хоёр маргалдсан. Яг юунаас болсныг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар Амармэнд явлаа гээд Даш-Олзвой ууж идээд дандаа чи ийм тэнэг зан гаргаж байдаг гээд маргалдсан. Тэгээд би юм санахгүй байгаа юм. ...” /1 хх 72/,

Б.Мөнх-Оргил хохирогчоор “Тухайн үед Даш-Олзвой талийгаачтай зууралдсан байхад нь би очиж Даш-Олзвойгийн цамцнаас нь татаж хойшоогоо татахад Даш-Олзвой хойшоо унасан юм. Тэгээд цаашаа талийгаач болон Амармэнд хоёрыг салгах гэж байтал Даш-Олзвой араас босч ирээд миний цамцнаас татаж боож байгаад хаалга талын орон дээр намайг хэвтүүлж байгаад 2-3 удаа миний хамар руу цохьсон. Тэгээд дөрөв дэх цохилтыг нь би хажуу тийшээ эргэхэд миний зүүн чих рүү цохьсон. Тэгээд байж байхад талийгаач Даш-Олзвойг татсан. Тэр хооронд нь би хоёр орны голын тумбочик дээр байсан шаазан цагаан аяга авч Даш-Олзвойгийн зүүн талаас нь шидсэн. Тэгээд толгойг нь оноод хагалсан. Тэгээд 00 өрөө рүү гүйж ороод толинд хамраа харахад зүүн нүд рүүгээ далийж хавдсан байсан. ...Би Даш-Олзвойг талийгаачийн хажуухан талд зогсож байхад нь чамайг цагдаад хэлж өргөдөл гаргана гэхэд “тэгээч, харъя, чи тэгээд яах юм” гээд над руу дайрахад нь талийгаач урдуур нь хааж зогсоод яах гээд байгаа юм бэ болиоч гэхэд нь тэр хооронд би гараад доошоо гүйсэн. ...” /1 хх 54/,

М.Даш-Олзвой хохирогчоор “...Надад учирсан гэмтлийг Мөнх-Оргилыг талийгаачийн дээр байхад нь үсдэж босгосны дараа Мөнх-Оргил зурагтны доор байсан шаазан аягыг аваад миний толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохиж учруулсан. Тэгээд би Мөнх-Оргилын хамар руу нь гараараа нэг удаа цохьсон” /1 хх 57/ гэж тус тус мэдүүлсэн байх ба тэдний яллагдагчаар мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлэг, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолсон байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “талийгаачид учирсан их тархины хоёр талын чамархай, суурь, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дух, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт” зэрэг үхэлд хүргэсэн гэмтлүүдээс бусад “уруул язрал, цус хуралт, баруун, зүүн чамархай, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, тохойд цус хуралт, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий гэмтлүүдийг хэн хэрхэн яаж учруулсныг мөрдөн шалгах явцад шалгаж тогтоогоогүй, энэ талаар прокурор болон анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Бадамжав, шүүгдэгч, хохирогч Б.Даш-Олзвой, Б.Мөнх-Оргил нар нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас өөр байдлаар хэргийн талаар мэдүүлээгүй байна. Харин Ж.Мөнхдэлгэр нь “Б.Даш-Олзвой О.Мөнхтулгыг цохихыг нь хараагүй” гэж мөрдөн байцаах явцад өгсөн мэдүүлгээ өөрчилж мэдүүлжээ. 

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд гэрч Ж.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс “...Даш-Олзвой баруун гараараа Мөнхтулгын зүүн шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Тэгээд Мөнхтулга шууд ор, хана хоёрын завсар унасан...” гэснийг нотлох баримтаар үнэлж дүгнэсэн байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгч М.Даш-Олзвойгийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Энхтүвшин нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах” тухай давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийж, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан зөв тогтоож, тэдний үйлдэлд нь тохирох зүйлчлэлээр зүйлчлэн шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, зарим шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг тооцоогүй, гэм хорын хохирол гаргуулж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг дурьдаагүй, уг хохирлыг чухам хэнд олгох талаар заагаагүй зэргээр шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байгааг дурьдаж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 749 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Даш-Олзвой, Б.Мөнх-Оргил нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцтэл шүүгдэгч М.Даш-Олзвойд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Мөнх-Оргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ