Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2022/00017

 

 

З.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2022/00311 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: **** оршин суух Б овогт З.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** дахь ШШГХ,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **** тоотод оршин суух А.О,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: К банк ХХК нарт холбогдох,  

 

хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ***** тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

нэхэмжлэгч З.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ю, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...З.Б миний бие эхнэр О.А-ийн хамт К банкнаас 35,000,000 төгрөг зээлж, **** тоот хаягт байрлах А.О-ийн өмчлөлийн 38 мкв талбайтай орон сууцыг барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн. Гэвч цар тахлын улмаас ажил орлогогүй, олсон бага хэмжээний орлогоо бага насны дөрвөн хүүхдэдээ зарцуулдаг байсан тул зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 46,586,728 төгрөгийг З.Б надаас болон эхнэр О.А нараас гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Ш ажиллагаа явагдаж тус орон сууцыг үнэлсэн байх бөгөөд тус үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцлаа. Тус үнэлгээг З.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус орон сууц мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд А ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн байна. Иймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Югийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...Төлбөр төлөгч З.Б, О.А нарын барьцаа хөрөнгө болох иргэн А.Оийн өмчлөлийн **** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн **** дугаартай 38 м² талбайтай 3 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022.01.21-ний өдрийн **** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022.04.14-ний өдрийн **** дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2022.04.14-ний өдрийн **** дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар талуудад мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч А.О нь зээлийг барьцаа хөрөнгийг 41,808,963 төгрөгөөр үнэлэн ирүүлсэн, төлбөр авагч К банк үнийн санал өгөхөөс татгалзаж хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтээ ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул Ш тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2022.04.28-ны өдрийн **** дүгээр тогтоолоор А ХХК-иар хөрөнгийг үнэлүүлэхэд 40,306,282 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайлан ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Ш тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Миний байрыг хэт өндөр үнэлсэн байна. Учир нь орчин үед баригдаж байгаа байшингуудын мкв 1,500,000 төгрөг байхад тэр байшин чинь 1960 онд ашиглалтад орсон модон байшин шүү дээ. Би өөрийнхөө идэвх чармайлтаар 40 гаруй жил ажиллахдаа төвлөрсөн халаалт, усанд л залгасан болохоос биш тэрнээс бусдаар байшингийн хийц, хана, туурга, палкнууд нь дээрээсээ суулт өгөөд жилийн жилд засвар хийгээд явдаг байрыг яагаад 1,500,000 төгрөгөөр үнэлнэ гээд байгааг ойлгохгүй байна. Одоогийн үнэлсэн байгаа 1,060,000 төгрөгөөр үнэлсэн ч надад өндөр байна. Тийм учраас 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх үндэслэл байхгүй” гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч З.Б нь    2022 оны    05   дугаар    сарын    30-ны өдөр   шүүхэд   гаргасан  нэхэмжлэлд  үнэлгээний    тайлантай 2022    оны 05 дугаар сарын     28-ны өдөр танилцлаа    гээд     хавтаст  хэргийн   2 дугаар хуудаст байгаа  баримтыг  дурдсан    байна.   ... Нэхэмжлэгч   Б  нь шүүхэд  мэдэгдсэн  өдрөөс хойш 11  өдрийн  дараа  шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  тогтоогдож   байгаа. ...Харьцуулж буй жиших         хөрөнгийн үнийн мэдээлэл хэт өндөр, ашиглалтад орсон хугацаа нь жиших хөрөнгийн ашиглалтад орсон хугацаанаас 20-30 жилийн өмнө орсон, байршлын хувьд хотынхоо төвөөс зайдуу байрлалтай, зах зээлийн үнэ цэнэ нь 40,306,282 төгрөгийг бид нарын зүгээс хэт өндөр гэж үзэж байгаа. ...Тухайн тайлан дээр биет элэгдлийн хэмжээг тооцсон тул үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн гэж бид бүхэн үзэж байна” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар нэхэмжлэгч З.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Ш хэлтэст холбогдох хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*** тоотын 38 мкв орон сууцыг үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдлын агуулга: 4.1. “...шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие шинжээчийн дүгнэлттэй 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан. Тус үнэлгээг З.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой бичсэн байдаг. Тус орон сууц мкв нь 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц бөгөөд А ХХК-ийн үнэлгээний тайланд 40,306,282 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлсэн. Гэтэл анхан шатны шүүх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд тус үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Югийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Үнэлгээний тайланг ажлын 3 өдрийн дотор танилцуулах ёстой байдаг. Манайх 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний тайланг хүлээж аваад 2022 оны 05 дугаар сарын 18-нд танилцуулсан. Өөрөө биеэр ирж танилцах боломжгүй гэсэн учраас утсаар танилцуулсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр К банкны ажилтан Ц-д үнэлгээний тайланг танилцуулсан. Манайх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаатарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Гуравдагч этгээдийн зүгээс хөрөнгийн үнэлгээний  ХХК-иас гаргасан үнэлгээн дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. З.Б нь Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчиж шүүхэд гомдол гаргасан байдаг. ... Нэхэмжлэгч З.Б нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ үнэлгээний тайлантай 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан гэж бичсэн нотлох баримт хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах үед 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг нэхэмжлэгч болон хариуцагч талд танилцуулсан гэсэн тэмдэглэл, гарын үсэг зуруулсан баримт авагдсан байсан. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийсэн гэж бидний зүгээс үзэж байгаа. Харин нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдлоо 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээ 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан байдаг. Иймээс гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байх ба тухайн үйл баримт нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байхад энэ талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй, тэдгээрийн шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

            Хэргээс үзэхэд нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ш хэлтэст холбогдуулан хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*** тоотын 38 мкв орон сууц”-ыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

 

хариуцагчаас “...төлбөр төлөгч төлбөрийг төлж, барагдуулаагүй учир барьцаа хөрөнгө болох орон сууцыг хурааж, хадгалалт, хамгаалалтыг А.От хариуцуулж, энэхүү хөрөнгөд үнэлгээ тогтоолгохтой холбоотой үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс санал ирүүлээгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч А.О-ээс 41 808 963 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, төлбөр авагч К банк үнийн санал өгөхөөс татгалзсан, ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар, Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч З.Б, О.А нарын барьцаа хөрөнгө болох иргэн А.О-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн **** дугаартай 38 м² талбайтай 3 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч З.Б, О.А нар үнийн санал ирүүлээгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч А.О хөрөнгийг 41,808,963 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн, төлбөр авагч К банк үнийн санал өгөхөөс татгалзаж, хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтээ ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул *** тогтоолоор А ХХК-иар хөрөнгийг үнэлүүлэхэд 40,306,282 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайлан ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс хуулийн хугацаанд төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг мэдэгдэж, танилцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж,  

 

бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээд А.Оээс”...1.060.000 төгрөгөөр үнэлсэн нь өндөр байна, 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх үндэслэл байхгүй” гэж,

 

бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.О-аас “...нэхэмжлэгч З.Б үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаагүй” гэж тус тус тайлбар гаргасан.

 

Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д зааснаар нэхэмжлэгч З.Бын АХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Нэхэмжлэгч З.Б нь анхан шатны шүүхийн  2022-08-05-ны өдрийн 311 дугаар шийдвэр/1 хх 127-134/-ийг мөн сарын 11-ний өдөр гардаж авсан /1 хх 135/ байх ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор буюу 2022-08-24-ний өдөр давж заалдах гомдол /1 хх 140/-оо гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг давж заалдах гомдол гаргах журмыг зөрчөөгүй гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн /1 хх 144/, тиймээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.О-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч давж заалдсан гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй болно.

 

3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...Б.Ц-д үнэлгээний тайланг 2022 оны 05 сарын 18-ны хуулбарлан өгсөн байх тул хуульд заасан хугацаа буюу 3 хоногийн дотор дүгнэлтийг танилцуулсан байна, нэхэмжлэгч З.Бд  дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс хойш 10-12 хоногийн дараа шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан 7 хоногийн дотор эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчсөн гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэснийг зөрчсөн гэж үзэв.

 

Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааны талаар маргаагүй бөгөөд харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанаас өмнө бичгээр тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү гомдол гаргах хугацааны талаар дурдсанаас өөрөөр хэргийн оролцогч талууд энэ талаар мэтгэлцээгүй, шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “... мэтгэлцэх зарчмыг хангах ...” арга хэмжээг аваагүй атлаа ийнхүү үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд  энэхүү диспозитив буюу талуудын зарчмыг хэрэгжүүлснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдах ба энэхүү нөхцөл байдлын талаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, оролцогчид мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

 

Түүнчлэн анхан шатын шүүх ийнхүү гомдол гаргах хугацааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж чадаагүй ба учир нь нэхэмжлэлийн үндэслэлд “...шинжээчийн дүгнэлттэй 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй,  энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой бичсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч дээр дурдсан хугацаанд дүгнэлттэй танилцсан эсэх,  мөн “А ХХК“-ийн хийсэн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгчээс, төлбөр төлөгч З.Б, О.А нарт болон барьцаа хөрөнгийн өмчлөгч А.От мэдэгдэж, танилцуулсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шийдвэр гүйцэтгэгч нь холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамааралгүй этгээд болох Б.Ц-д /1 хх 54/-д “шинжээчийн дүгнэлт”-ийг танилцуулсан нь энэ талаарх хуульд заасан журамд нийцэж байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй, анхаараагүй байна.

 

 4. Шүүхээс дээр дурдсан үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааны талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй нөхцөлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгч З.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2022/00311 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч З.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.Быг давж заалдсан гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА