Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 531

 

Б.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 711 дүгээр магадлалтай Б.У-т холбогдох эрүүгийн 1906067720432 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эмэгтэй,“Глобал” цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй Ж овогт Б-ийн У

Б.У нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал” цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүргийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас буюу 3 настай Д.Х цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулж орхисноос тэрээр Д.Х нь халуун индүүнд зүүн гараа хүргэн түлж, түүний биед зүүн гарын алга, бүх хурууны 2-3АБ зэргийн түлэгдэл бүхий хүндэвтэр хохирлыг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Уийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 711 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хэрэг учрал болсон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус ангид Д.Х-ээс гадна 12 хүүхэд ирсэн ба өдрийн унтлагын цагаар туслах багш Б.У нь ганцаараа ажиллаж байсан. Д.Хүслэн охин нь бусад өдрүүдэд ч туслах багш Б.Уээс салдаггүй, бүлгийн багш М.Даваажаргал нь хүүхдийн өдрийн унтлагын цагаар багш нарын өрөөнд орж дараа өдрийн хичээлийн бэлтгэлээ хийдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Д.Х охины хувьд аутизмын хөнгөн хэлбэрийн эмгэгтэй хүүхэд ба өдрийн унтлагын цагаар унтдаггүй учир бусад хүүхдүүдийг унтаж байх цагаар хамт нэг ангид байлгах боломжгүй, чангаар уйлж, хашгирч, унтаж буй хүүхдүүдийн орон доогуур мөлхөх ээрэг үйлдэл гаргадаг, бусад хүүхдүүдийг сэрээчихдэг учраас туслах багш Б.У л гардан харж, хүүхдийн тоглоомын өрөөнд тусад нь авч байлгадаг. Бусад ажлаа давхар хийж амжуулж, бусад унтаж буй хүүхдүүдээ ч харж ханддаг байсан нь нотлогддог.

Тухайн өдөр Б.У нь урьдын адил унтлагын цагаар ангийнхаа хүүхдүүдийг ганцаараа харж үлдсэн. Д.Х унтуулах гэж нэг цаг гар дээрээ бүүвэйлсэн боловч унтаагүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.У нь ганцаараа 13 хүүхдийг хариуцаж үлдсэн боловч туслах багшийн ажлаа өөртөө байгаа бүх бололцоогоо дайчлан тасралтгүй хийж гүйцэтгэж байгаа нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Эс үйлдэхүй гаргаж үүрэгт ажлаа хийхгүй орхигдуулсан байдал гаргаагүйг шүүх анхаарч үзэлгүй, “эс үйлдэхүй” гаргасан гэж буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Харин давж заалдах шатны шүүх Б.Уийн үйлдлийг “...асрах үйлчилгээ үзүүлэх үүргээ гүйцэтгэх явцдаа тухайн цэцэрлэгт хүмүүжиж байсан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл байна” гэж уг гэмт хэргийн объектив талын шинжийг зөв тодорхойлсон. Тэгсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан уг гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрхээс бусад болгоомжгүй тодорхой үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулахгүйгээр хуульчилсан гэж дүгнэсэн нь хуулийн тус зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар... үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба болгоомжгүй үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй юм.

Б.У нь “эс үйлдэхүй” гаргаагүй харин тодорхой болгоомжгүй үйлдэл хийж түүний улмаас Д.Х-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нөхцөл байдлыг дүгнэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо миний үйлчлүүлэгч жирэмсэн бөгөөд үүнтэй холбогдох баримтыг гардуулж өгье гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.У нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, нотлох баримтыг үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөн нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоогдсон, хуулиар хамгаалагдсан оролцогчдын эрхийг хязгаарласан, бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зөвхөн эс үйлдэхгүйгээр үйлдэгдэх талаар заагаагүй тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан болон ажилтны хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг, эдлэх бүрэн эрхийг хууль тогтоомж хийгээд эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтоор тогтоодог бөгөөд энэ нь эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Энэ хүрээнд цэцэрлэгийн туслах багшийн эрх үүргийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан байх бөгөөд хуулийн уг зохицуулалтанд нийцүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан А/430 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг буюу түүний гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлон тогтоожээ.

Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар туслах багш нь “хүүхэд бүрийг асрамжлан хамгаалах”-аас гадна дээр дурдсан тодорхойлолтын албан тушаалын чиг үүргийн 2.1-д “бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангах”, 2.4-т “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийн хэлбэр, хэрэгцээнд тохирсон асрах үйлчилгээ үзүүлэх” үүрэгтэй байна.

Тэгвэл Б.У нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бага насны буюу 3 настай Д.Х нь зүүн гараа индүүнд түлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх хөдөлбөргүй тогтоож, энэ талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.У нь албаны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч тэрээр хэсэг хугацаанд бага насны хүүхдийг ганцааранг өрөөнд оруулж орхисны улмаас дээрх үйл явдал болсныг хоёр шатны шүүх шүүгдэгчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй шууд холбоотой гэж үзсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгч Б.Ут холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шалтгаант холбоо, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэнээс гадна шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндсэн шинжид хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцлийн дагуу гүйцэтгэх үндсэн чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй эсхүл хангалтгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн аль алиныг хамааруулан үздэг бөгөөд энэ нь эс үйлдэхүй, үйлдлийн аль ч хэлбэрээр илрэн гарч болох тул “...эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох ба болгоомжгүй тодорхой үйлдэл хийснийг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоогүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.У нь 12 долоо хоногтой жирэмсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолтоор батлагдаж байх тул Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй... хүнд оногдуулахгүй” гэснийг баримтлан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг мөн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 711 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Б-ийн У 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                  Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН