Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

   2020         04         08                                      2020/ШЦТ/646

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр,

Иргэний хариуцагч Ж.Бурмаа,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа /ҮД:1915/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох 1906 06772 0432 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 6 дугаар гудамжны 7Б тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт Бийн У /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.У нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал” цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас буюу 3 настай Д.Хүслэнг цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулж, Д.Хүслэн нь халуун индүүнд зүүн гараа хүргэн, түлж түүний биед зүүн гарын алга, бүх хурууны 2-ЗАБ зэргийн түлэгдэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уийн өгсөн: “Тухайн өдөр Хүслэн 10-11 цагийн үед цэцэрлэгтээ ирсэн. Өглөө эрт ирэхээрээ өдөр унтчихдаг. Тэр өдөр 10-11 цагийн хооронд ирсэн болохоор унтахгүй байсан. Би 1 цаг бараг 2 цаг шахуу бүүвэйлсэн боловч унтаагүй. Хүслэнг ангид байлгах боломжгүй. Яагаад гэвэл хашгираад, тоглоомоо нураагаад байдаг. Хүүхдүүдийг унтуулчихаад Хүслэнг дагуулаад тоглоомын өрөө лүү орсон. Ер нь бол тэр өрөөнд хардаг. Хүүхдүүд унтаж сэрээд хоол иддэг. Хүслэнг тоглоомын өрөө лүү оруулж үйлчлэгч эгчид харуулчихаад гал тогоонд аяга таваг бэлдсэн. Хүслэн надаас ерөөсөө салдаггүй болохоор хүнд үлдээсэн чинь уйлаад болохгүй байсан. Тэгэхээр нь аяга тавгаа оруулах гээд Хүслэнг аваад дээшээ гарсан. Анги руу оруулахаар бусад хүүхдүүдийг сэрээчих гээд байдаг. Тэр өрөө байнга цоожтой байдаг. Тэр үед онгорхой байсан. Би удахгүй юм чинь гэж бодоод Хүслэнг тэр өрөөнд оруулсан. Би аяга тавьчихаад Хүслэнг цонхоор нь харж байсан. Ангид уйлах чимээ сонсогдохоор нь анги руу орсон. Анги руу ороод удаагүй байсан чинь уйлах чимээ гарсан. Ороод харсан чинь Хүслэн гараа түлчихсэн байсан. Тэгээд Хүслэнг аваад доошоо буусан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрийн өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүүхдээ 10-11 цагийн үед цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Манай хүүхэд энэ цэцэрлэгт 2 дахь жилдээ явж байсан. Өмнөх жил нь бүтэн жилийн хугацаанд зүгээр явсан. Хүслэнгийн ах нь бас аутизмтай. Энэ цэцэрлэгт явж байгаад 1 сар гарангийн өмнө “танай хүүхдийг хүлээж авч чадахгүй нь, дийлэхгүй байна” гэхээр нь ахыг нь явуулахаа болиулсан. Манай хүү дүүгээ бодоход хүндэвтэр хэлбэрийн аутизмтай учраас “за за, ойлгож байна, үлдсэн төлбөрийг нь авчихъя” гэсэн асуудал болж байсан. Тухайн өдөр 3 цаг өнгөрч байх үед би ажил дээрээ ажлаа хийгээд сууж байсан чинь цэцэрлэгээс нь залгаад “Дэлгэртэй яръя” гэхээр нь “би байна” гэсэн чинь “Хүслэнгийн гарыг цэцэрлэг дээр нь түлчихлээ хурдан ирээч” гэсэн.  Манай хадам ээж Бурмаа багш болон цэцэрлэгийн багш нартай утсаар ярьж хүүхдүүдээ асуух хэмжээний танил. Манай хадам ээж рүү бас ярьж хэлсэн байсан. Манай ажил Ялалтын тэнд байдаг. Би ажлаасаа гараад цэцэрлэг лүү явж байхад эхнэр “хүүхэд чинь ингэчихээд байхад чи утсаа ч авахгүй хаана, юу хийгээд яваад байгаа юм” гээд залгасан.  Дараа нь дахин залгаад “Ээж рүү ярьсан арай гайгүй гэж байна. Тийм аймаар биш гэж байна. Битгий санаа зовоорой” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би сандраад цэцэрлэг лүү орсон чинь энэ багш эрхлэгчийнхээ өрөөний үүдэнд миний охиныг  тэвэрчихсэн гарыг нь шаазан аяганд хийсэн усанд гарыг нь дүрчихсэн байж байсан. Намайг хараад манай охин уйлсан. Очоод охиныхоо гарыг харсан чинь 3 настай охин байтугай насанд хүрсэн бид нар тэгж гараа түлсэн бол тийм байдалтай байж чадахааргүй аягүй эвгүй байдалтай харагдаж байсан. “Хормын төдийд харчихаад эргэх хооронд гараа түлчихлээ одоо яанаа, ёстой уучлаарай” гээд шал өөр зүйл ярьж байсан. Уйлж, дуулаад шал өөр зүйл ярьж байсан. Тухайн үед хэдийгээр миний уур хүрч байсан ч гэсэн ямар ч байсан шийддэг газраар явж шийдүүлье гэж байсан. Байцаагч нь солигдоод өөр байцаагч дээр очсон. Тэгээд янз бүрийн асуудал үүсэн уулзаж, учраад явж байсан. Нилээн сүүлд бараг 20 гаруй хоногийн өмнө байцаагч нь над руу яриад “Одоо прокурор руу шилжүүлж байна. Анхны өгсөн мэдүүлэг нь ийм ийм зөрүүтэй худлаа байна. Камерын бичлэг шалгахад энэ бүхэн тодорхой болж байна” гэсэн. Нөхцөл байдал тийм байсан учраас би энэ хүмүүст үнэхээр зөөлөн хандсан. Би араас нь хөөцөлдөж янз бүрийн зүйл болгоогүй. Яах юм бэ, хэл ам болно. Энэ жоохон хүүхдийн гар л эдгэж байвал надад хамаагүй гэж бодож байсан. Та нарын өнөөдөр байгаа байдлыг хараад миний сэтгэгдэл 100 хувь өөрчлөгдлөө. Та юу яриад байж байлаа, чи юу яриад байж байлаа, өнөөдөр та нар юу яриад, юу ярих гээд байж байна. Тухайн үед та нар яаж байлаа. Одоо миний охин алгаа нээж, хаахад хүндрэл бол үүсэхээр биш байгаа. Гэхдээ 3-4 настай охины амьдрал нь дөнгөж эхэлж байгаа хүүхдийн алган дээр маш том сорви үлдсэн. Бид нар Солонгос улс руу явж сорвины эмчилгээ хийлгэхээр судлаад эмчийн тодорхойлолтыг явуулсан. Солонгос улсын эмнэлгээс наад сорвийг чинь арилгахын тулд ийм ийм эмчилгээ хийж болно. Тэр нь ийм  хугацаатай, ийм төлбөртэй байдаг гэсэн товч тодорхойлолтыг явуулаад бид нар тэрнийх нь дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Баримтаар 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Солонгос улс руу явж хийлгэх эмчилгээ нь хорин хэдэн мянган доллар буюу 55.000.000 төгрөг байгаа. Сошиалаар тавьсан гэж байна. Тэр бол манай хадам ээж, эхнэр хоёрын эмэгтэй хүмүүсийн биеэ барьж чадаагүй үйлдэл. Би тухайн үед миний охины гар нь эдгэж байвал заавал ингэж янз бүр болоод байх ямар шаардлага байна гэж бодож байсан.  Яг одоо тэр бодол маань өөрчлөгдөж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ж.Бурмаагийн өгсөн: “Би “Глобал” цэцэрлэгийн эрхлэгч. Манай цэцэрлэг сургуулийн өмнөх насны хүүхдийг авч сургаж хүмүүжүүлэх, асрах чиг үүрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нэг ангид 1-2 авч хамруулан сургана” гэж заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдүүдийн хажууд суралцаж чаддаг учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дэлгэрийн 2 хүүхдийг цэцэрлэгтээ 2 жилийн өмнөөс хүлээн авч амжилттай суралцаж байсан. Миний мэргэжлийн хүрээнд энэ талаар судалгаа хийгдэж байсан. Бүгд талархалтай байсан. Хамгийн хүндэтгэлтэй, ойлгодог байсан хүмүүс бол манай Хүслэнгийн аав, ээж байгаа. Зүгээр нэг энгийн хүн ажилд ордоггүй. У багш мэргэжлийн хүн биш ч гэсэн хүүхэдтэй ажиллах ажиллагаа, хүүхдэд хайртай сэтгэл нь туршилтын явцад харагдсан. У багшийг манай цэцэрлэг туршилтын хугацаанд авсан. Туслах багшийн орон тооны хомсдол ихтэй учраас бид өөрсдөө хүмүүсээ сургаж авдаг. У багш 2 сарын туршилтын хугацаанд амжилттай ажиллаж байсан. Хүүхдэд их хайртай байсан. Миний зүгээс санаатай үйлдэл биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. У багш хүүхдийг гараасаа салгалгүй авч явдаг байсан. Бодит байдал дээр, амьдрал дээр, цэцэрлэг дээр ч гэсэн ийм нөхцөл байдал гардаг. Бусад ангиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Бид нөхцөл бололцоондоо тааруулаад ажилладаг. Ангийн багш 10 цаг ажилладаг. Өдрийн 8 цаг, өдрийн унтлагын цагийг илүү цаг гэж тооцоод хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хичээлээ бэлддэг. Тэр хооронд туслах багш хүүхдүүдийг амраадаг. Тэр өдөр 14 хүүхэд ирсэн. Манай цэцэрлэгт эцэг, эхчүүд хүлээн авдаг, хүлээлгэн өгдөг гарын үсэг байдаг. Бид гараас гарт хүүхдийг хүлээлгэн өгч, авдаг.  Эзэнгүй хүүхэд үлдээдэггүй. Энэ дүрэм, журам одоог хүртэл хэрэгжиж байгаа. Индүүний өрөөнд мэргэжлийн индүүчин байдаг. Тухайн өдөр тухайн цагт индүүний өрөө цоожгүй байсан. Миний хувьд санаатай гэж бодохгүй байна. Санамсаргүйгээр энэ үйл явдал болж өнгөрсөн. Харамсалтай байна. Мөнгө нэхэмжилсэн бодит баримтыг хараагүй. 3.000.000 төгрөгийн талаар одоо л сонсож байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Солонгосоос ирсэн эмчилгээний ийм материалууд байна гэж авчирч танилцуулсан. Монгол улсад эмчлэгдэх боломж байгаа болов уу. Тухайн аав, ээжийн сонголт юм уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хохирлын баримттай бол танилцаагүй. Боолт шархны төлбөр, унаа тэрэгний зардал гээд тодорхой хэмжээний зардал гарч байгаа учраас цэцэрлэгийн зүгээс сайн дураараа 1.000.000 төгрөгийг ээжийнх нь данс руу шилжүүлсэн. Бид хохирлын баримттай танилцаагүй байгаа учраас нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал ямар байгааг нүдээр хараагүй байна. Тийм боломж бололцоо байсангүй. Бид нар санаа зовж асууж сураглаж байсан. Одоо хэр явцтай, ямар байгааг нь хараагүй байгаа...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.5-8/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: “... уг ширээнээс хойш 1.3 метр зайд төмөр цагаан хөлтэй, ягаан өнгийн бүтээлгэтэй, 150x70 см хэмжээтэй, 70 см өндөртэй хувцас болон бусад эд зүйлс индүүдэх зориулалтаар ашиглаж байгаа ширээ байх ба түүний дээр 2 метр урт цагаан залгууртай, хар улаан өнгө хосолсон индүү байрлах ба “мэргэжилтэн 4” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл /хх.14-18/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “... цэцэрлэгийн коридорын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14:49-12:29 цагийн хоорондох ... камерын бичлэгт 14:57:21 цагт туслах багш Б.У нь Д.Хүслэнг цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулчихаад аяга таваг анги руугаа оруулав. 14:59:14 цагт буцаж гараад цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөний гаднаас 6 минут орчим буюу 15:05:40 цаг хүртэл Д.Хүслэнг хаалганы гаднаас харж байгаад буцаж анги руугаа оров. 15:07:33 цагт буюу 2 минут орчмын дараа буцаж гараад Д.Хүслэнг байгаа өрөөнд орсны дараа 15:08:10 цагт хажуу ангиас Д.Дуламсүрэн гэх туслах багш индүүний өрөөний хаалгыг татан шагайж харахад 15:08:18 цагт туслах багш Б.У хохирогч Д.Хүслэнг тэврээд шатаар буув...” гэх мэдүүлэг /хх.233-237/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө өөрийн 3 настай охин Д.Хүслэнг Глобал цэцэрлэгт 09 цаг 30 минутанд хүргэж өгсөн ба тэндээсээ “Сэрүүн сервис” ХХК болох ажил руугаа явсан. Ингээд өдөр ажлаа хийгээд байж байтал өдөр 15 цагийн үед эхнэр утсаар залгаад “Д.Хүслэнгийн гарыг цэцэрлэг дээр түлчихсэн байна. Хурдан Глобал цэцэрлэг рүү яв” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа шууд гараад 16 цагийн үед Глобал цэцэрлэгт очсон. Ингээд тус цэцэрлэг рүү ороод 2 давхарт гартал тус цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний гадна манай хүүхдийг тухайн өдөр харж байсан туслах багш нь тэвэрчихсэн байсан ба манай хүүхдийн түлэгдсэн гарыг аягатай усанд дүрчихсэн зогсч байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад цаанаас эрхлэгч нь гэх эмэгтэй гарч ирэн ... “Д.Хүслэн өдрийн унтлагаараа унтаагүй бөгөөд харж байсан багш нь Д.Хүслэнг дагуулан хувцас индүүдэхээр индүүний өрөөнд орсон бөгөөд хувцсаа индүүдчихээд эвхэж байтал Д.Хүслэн гэнэт тухайн индүүнд гараа наачихсан” гэж хэлсэн. Мөн одоо түргэн дуудсан байгаа гэж хэлсэн... Гэмтэл дээр очин гарыг нь боолгоод гэртээ харьсан. Гэрт харьсны дараа охин минь шөнө унтаж чадаагүй халуурч хоносон... тухайн үед манай охины бие өвдөж халуураад зовиуртай байсан болохоор би 2 хоног хүүхдээ гэртээ харж өнжөөд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би цэцэрлэгийнх нь захиралтай уулзахаар зорьж очсон боловч захирал нь байхгүй болохоор нь цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзаж “бид нарын хохирлыг барагдуулж өгөхгүй бол бид нар хуулийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газар, цахим сүлжээ гэх зэрэг өөрийн явж чадах газруудаараа явна. Тийм болохоор захиралтай чинь уулзаж энэ бүгдийг хэлье” гэсэн чинь цэцэрлэгийн эрхлэгч нь надад манай захирал надтай уулзаад “чи цэцэрлэгээ хариуцаж байгаа учраас өөрөө энэ асуудлаа шийд” гэж хэлээд явсан гэж хэлэхээр нь би өөрийнхөө нөхцөл байдлыг тодорхой тайлбарлаж хэлээд охиныхоо гарыг соривгүй эмчлүүлэхийн тулд хамгийн сайн эмнэлэг судалж байгаа, тэр эмнэлэг маань хамгийн наад зах нь Солонгост байна... манай охин 3 настай, төрөлхийн аутизмын эмгэгтэй гүйцэд хүнтэй хэл яриагаараа ойлголцох боломжгүй, гэхдээ хүний хэлж байгаа үгийг ойлгодог, болно, болохгүй гэдэг үгийг нэн ялангуяа сайн ойлгодог хүүхэд байгаа юм. Тийм болохоор цэцэрлэг дээр нь юу болдгийг сайн мэдэхгүй... би өдөр болгон хүүхдээ цэцэрлэгт нь хүргэн өгч, орой нь авдаг. Ангийн багш нарынх нь талаар тэгж сайн мэдэхгүй. Энгийн үед зүгээр ажлаа хийгээд байцгааж байдаг. Тэгэхдээ энэ оны 09 дүгээр сараас хойш хүүхдээ цэцэрлэгээс нь авахад анги даасан багшынх нь хийж байгаа үйлдэл, ярианаас нь ажихад манай хүүхдээс залхсан байдалтай зүйл ажиглагддаг...” гэх мэдүүлэг /хх.25-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дуламсүрэнгийн өгсөн: “... Би Глобал цэцэрлэгт туслах багшаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр гарсан. Ингээд ажиллаж байхад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэд унтлагын цагаар ангидаа байж байхад ангийн хаалганы хажууд байдаг цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь намдчих байх гэж бодоод 1 минут хүрэхгүй хугацаанд жоохон хүлээсэн чинь үргэлжлэн уйлаад байхаар нь гүйгээд очиход Д.Хүслэнг туслах багш Б.У тэвэрсэн байдалтай “гар нь түлэгдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд хүйтэн усанд дүрэхээр гал тогоо руу авч явсан. Тухайн үед индүү залгаатай байсан эсэхийг анзаараагүй. Тэр өдрийн маргаашнаас уг хүүхдийг өрөөнд ганцааранг нь оруулсан байхад өөрөө индүү залгаж гараа түлсэн гэсэн дам яриа сонссон. Цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөө байнга цоожтой байдаг. Гэтэл тэр өдөр шинээр орсон туслах багшид түлхүүр нь байсан гэж сонссон. Тусдаа угааж индүүддэг хүн байдаг болохоор би цагаан хэрэглэл угаан индүүдэж байгаагүй. Цэцэрлэгээс угааж индүүдэх шаардлага тавьдаггүй...” гэх мэдүүлэг /хх.217-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бурмаагийн өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өрөөндөө ажлаа хийж байхад коридорт жоохон хүүхэд уйлах чимээ гарахаар нь хамгийн ойрхон байсан 2 ангийнхаа цонхоор очиж харчихаад эргэн өрөөндөө орж ангиудынхаа камерыг харсан чинь хүүхдүүд бүгд унтаж байсан. Тэгээд эргэж өрөөндөө орсон чинь манай Дунд А бүлгийн багш М.Даваажаргал орж ирээд ... “багшаа манай ангийн хүүхдийн гар түлэгдчихсэн байна” гэхээр нь би “хаана байна” гэж асуусан чинь “доор гал тогооны өрөөнд хүйтэн усаар гарыг нь шавшиж байна” гэсэн... “манай цэцэрлэгийн хүүхдүүдийн гудас, хөнжил, даавуу, алчуур индүүддэг зөөлөн эдлэлийн өрөөнд гараа түлсэн” гэж манай багш нар болох Б.У болон М.Даваажаргал нар хэлсэн... уг өрөөнд хүүхэд орох ёсгүй, тэр цагт тэр даавууг Б.У багш индүүдэх ч шаардлагагүй байсан. Манай багш аминдаа унтлагын цагаар өөрийнхөө санаачлагаар 2-3 даавууг индүүдэх гэсэн юм шиг байна лээ. Манай багш нар ер нь хувцас, даавуу индүүдэх шаардлагагүй байдаг. Даавуу индүүдэгч гэж тусдаа албан тушаал байдаг. Тухайн өдөр манай уг орон тоон дээр хүн байхгүй байсан. Манай зөөлөн эдлэлийн өрөөний индүүдэгчийн ажлын байрны тодорхойлолт дээр осол аюулаас урьдчилж болгоомжилсон, цахилгааны ил байгаа хэсгийг ирэх болон явахдаа салгаж байх гэсэн зүйл байгаа. Тэгэхдээ тэр тодорхойлолт дээр хүүхэд оруулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Угаасаа тэр өрөөнд хүүхэд байдаггүй, орох ёсгүй өрөө байгаа юм. Ер нь бол би болон манай цэцэрлэгийн арга зүйч бид хоёр 7 хоног тутам хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар багш нар болон туслах багш нартаа зааварчилгаа, зөвлөгөө өгч ажилладаг... цагаан хэрэглэл индүүдэх өрөөнд тусдаа ажилтан байдаг учраас тэр хүн л орох ёстой багш нар орох ёсгүй. Тус өрөөнд хүүхэд дагуулж орж болохгүй. Хэрэв хүүхэд унтахгүй байвал ангиас гаргахгүй, чимээ дуу гаргахгүйгээр дасгал ажил хийлгэх зэрэг бусад арга хэмжээ авах ёстой... цагаан хэрэглэл угаагч индүүдэгч томилогдоогүй үед уг өрөөнд хэн ч орох ёсгүй, түлхүүр жижүүрт байдаг. Гэтэл Б.У өөрөө дур мэдэн авч орсон байна... туслах багш нь бүлгийн багшид туслах буюу хүүхэд унтуулах, харах үүрэгтэй...” гэх мэдүүлэг /хх.42-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Даваажаргалын өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 10-11 цагийн хооронд манай ангийн 3 настай Д.Хүслэнг аав нь цэцэрлэгт хүргэж ирсэн... Бүх хүүхдүүдийг оронд нь оруулж унтах бэлтгэлээ хийгээд Д.Хүслэнг манай туслах багш Б.У ганцаарчлан унтуулах гэж бүтэн нэг цаг бүүвэйлсэн... тэгээд 14 цаг 30 минутын орчим Д.Хүслэн унтахгүй болохоор нь манай туслах багш Б.У Д.Хүслэнг аваад гарсан. Тэрний дараа манай бусад хүүхдүүд унтаж байсан болохоор би маргаашийнхаа хүүхдүүдийн хийх хичээлийн бэлтгэлийг хэвлэх гээд бичиг цаасаа аваад багш нарын өрөө лүү орсон ба 15 цаг өнгөртөл би хичээлийнхээ юмыг бэлтгэн гаргаад байж байсан чинь манай ажлынханы нэг нь над дээр орж ирээд Д.Хүслэнг гараа түлчихлээ гэж хэлсэн... Тухайн өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар зааварчилга, зөвлөгөө өгөөгүй... 3өөлөн эдлэлийн өрөө лүү хүүхдүүдийг ер нь оруулдаггүй. Тухайн өдөр манай цэцэрлэгт шинээр орсон туслах багш тэр өрөөнд орчихоод түгжээгүй явсан байна лээ. Тэр өрөөнд индүүний ширээ, том шкаф, индүү байдаг. Аюултай эд зүйл нь индүү л байгаа... тухайн үедээ Б.У хохирогч Д.Хүслэнг өрөөнд ганцааранг нь оруулчихаад гаднаас нь тасралтгүй тогтмол харж байгаад анги руугаа очоод ирэх хооронд буюу 2 минутын орчим болчихоод эргээд ирэхэд өөрөө индүү залгаж гараа түлсэн гэж хэлсэн. Тэр үед эцэг эх нь санаатай түлсэн гэж уурлаад байсан учраас асуудлыг зөөлрүүлэх санаатай Б.Уийг хамгаалж санамсаргүй түлсэн нь үнэн юм чинь чанарын ялгаа гарахгүй, тийм учраас даавуу индүүдэх хооронд түлсэн болгон зөөлрүүлж хэлэхийг Б.Ут бид нар зөвлөсөн юм...” гэх мэдүүлэг /хх.36-38, 219-220/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тунгалагийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын сүүлээр туслах багш Б.Уийг эрхлэгч ажилд авсан бөгөөд мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй байсан, мөн мэргэжлийн үнэмлэх, диплом байхгүй байсан. Б.Уийг эхлээд туршилтаар ажиллуулж байгаад 2019 оны 10 дугаар сард албан ёсоор туслах багшаар томилсон байсан юм. Ер нь мэргэжлийн сургалтанд хамруулахаар төлөвлөсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтуяагийн өгсөн: “... боловсролын хэлтэст сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн/: “... цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Туслах багшийн хувьд хуулинд заасан үүрэг байхгүй, гэхдээ ажлын байрны тодорхойлолтонд заагдсан байгаа... хүүхэд унтахгүй бол бүлгийн багш болон туслах багш харж хандаж ангид нь байлгах ёстой... туслах багш хуулинд заасан шаардлагаар заавал сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх шаардлагатай...” гэх мэдүүлэг /хх.51-52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13579 дугаартай:

“1. Д.Хүслэнгийн биед зүүн гарын алга, бүх хурууны 2-3АБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.30/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.53/,

Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх.56/,

Глобал цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт /хх.77/,

Б.Уийг ажилд томилсон болон халсан тушаал /хх.122, 123/,

Глобал цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт /хх.77/,

Эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх.225, 227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 8 сард таньдаг эгчээр дамжуулж тус Глобал цэцэрлэгт туслах багшийн ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж холбогдох материалуудыг бүрдүүлж орсон. Туслах багшийн үнэмлэхгүй байсан учраас явцын дунд сургалтанд хамрагдаж үнэмлэх авахаар тохирсон. Ингээд 2019 оны 8 сард анх ажилд ороод анги танхимаа засварлаж янзлах ажил хийсэн, тэгээд 9 сарын 1-нээс сүүл хүртэл 2 нас хүрээгүй хүүхдүүдийн бүлэгт туслах багшаар ажиллаж байгаад 9 сарын сүүлээр дундын А бүлгийн туслах багшаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр унтлагын цагаар аутизамтай Хүслэн ер нь унтдаггүй хүүхэд байгаа юм, тэр өдөр мөн адил унтахгүй, бусдыгаа сэрээчих гээд болохгүй болохоор нь тоглоомын өрөөнд хэсэг хугацаанд хамт байж байгаад ганцааранг нь орхиж болохгүй учраас дагуулаад индүүний өрөөнд юм индүүдэж байгаад индүүдсэн хувцсаа эвхээд эргэж харах хооронд Хүслэн ширээн дээр байсан индүүнээс барьж гараа түлж уйлахаар нь тэвэрч аваад гал тогоо руу орж усанд гарыг дүрж багш нарт мэдэгдэж түргэн тусламж дуудсан. Индүүний өрөөнд орох болсон шалтгаан нь манай цэцэрлэгт цагаан хэрэглэл угаадаг орон тооны ажилтан байдаг, тэр үед тус ажилтан байгаагүй, томилогдоогүй байсан, туслах багш нар 14 хоногт нэг удаа цагаан хэрэглэлийг өөрсдөө угааж индүүддэг байсан учраас тэр өдөр унтлагын цагаар ажлаа амжуулчих санаатай индүүний өрөөнд Хүслэн унтахгүй байсан тул дагуулж орсон юм, индүүнд гараа түлнэ гэж бодоогуй. Уг нь туслах багш нар цагаан хэрэглэл индүүдэх ёсгүй, тэр үед цагаан хэрэглэл индүүдэх хүн байхгүй байсан учраас туслах багш нар өөрсдөө угааж индүүддэг байсан юм, надад угааж индүүдэх үүргийг эрхлэгч өгөөгүй, бүлгийн багш ор хөнжлийн даавуу муухай болчихлоо солих хэрэгтэй байна гэсэн тул би 2 удаа угааж индүүдэж сольсон юм. Надад гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд гарын үсэг зуруулсан, нарийн хууль дүрэм журамыг сайн мэдэхгуй байна. Бүлгийн багшид тусалж анги танхимаа цэвэрлэгээ үйлчилгээг хийнэ, хүүхдүүдийг асарч хамгаалаж хараа хяналттай байлгах үүрэгтэй. Тэр үед бүлгийн багш хүүхдүүдээ унтуулчихаад хичээлийн бэлтгэлээ хийхээр багш нарын өрөө лүү явсан байсан юм. Хүүхэд унтахгүй байгаа тохиолдолд ангид нь 2 багшийн аль нэг нь харж дагуулан хөгжүүлэх юм хийлгэж ангид нь байлгах ёстой. Хүслэнгийн хувьд унтлагын цагаар огт унтдаггүй, бусдыгаа сэрээчих гээд өөрийнхөө хүссэн юмыг авна гэж уйлаад байдаг тул би тэврэн саатуулж хардаг учраас надаас өөр хүнд очих дургуй байдаг. Би урьд нь унтахгүй болохоор нь тоглоомын өрөөнд дагуулж ороод саатуулдаг байсан юм. Индүүний өрөөнд хүүхэд дагуулан орж болохгуй гэдгийг маш сайн жэдэж байсан, зааж хэлсэн. Тэр үед хоёр өрөө нь хоорондоо ойрхон байсан бөгөөд унтлагын цагаар ажлаа амжуулая гэсэн бодолтой, Хүслэнг ганцааранг нь үлдээж болохгүй байсан учраас дагуулж орсон...” гэх мэдүүлэг /хх.209-211/,

“Би камерын бичлэг үзсэн, хүүхдүүд унтасны дараа Д.Хүслэн унтахгүй бусдыгаа сэрээчих гээд байдаг юм. Тэр өдөр мөн адил унтахгүй болохоор ганцааранг нь үлдээж болохгүй байсан учраас дагуулж гал тогооны өрөөнөөс аяга таваг авчирсан, тэгээд Д.Хүслэнг анги руу дагуулж орохоор хүүхэд сэрээчих гээд байсан учраас даавуу угааж индүүддэг өрөө лүү түр оруулчихаад, ангид аяга тавгаа үлдээн буцаж гараад хаалганы гаднаас Д.Хүслэнг харахад зүгээр зогсож байсан, тэгээд хэсэг харж байгаад ангид хоёр хүүхэд сэрчихээр нь буцаж анги руугаа орж хүүхдээ харчихаад удаагүй буцаж нөгөө өрөөнд ороход Д.Хүслэн даавуу индүүддэг өрөөний ширээн дээр гараад суусан, индүү залгаж гараа түлсэн байдалтай уйлж байсан. Тэгэхэд хажуу ангийн багш шагайж харсан, тэгээд би сандраад маш хурдан гал тогоонд аваачин гарыг нь усанд дүрж, эмчид мэдэгдэж арга хэмжээ авсан. Тухайн үедээ Д.Хүслэн өрөөнд ганцаараа байхдаа индүү залгаж гараа түлсэн асуудпыг багш, эрхлэгч, арга зүйч нарын дэргэд хэлсэн учраас бүгд мэдэж байсан. Тэгэхэд энэ асуудлыг ар гэрийнхэн нь мэдэх юм бол байгууллага хаагдах хүртэл арга хэмжээ авагдаж олон хүмүүс ажилгүй болно тийм учраас “юм индүүдэх хооронд гараа түлсэн” гэж хэлээрэй гэсэн учраас одоог хүртэл энэ байдлаар явж байсан. Мөн хуулийн зөвлөх гэх эрэгтэй хүн зөвлөсөн учраас гайгүй байх гэж бодоод тэд нарын хэлснээр явсан юм. Тэр үед хүүхдүүд унтсан байсан учраас бүлгийн багш, багш нарын өрөөнд орж хичээлийн бэлтгэлээ хийхээр явсан байсан. Ер нь Д.Хүслэн нь аутизм өвчтэй учраас надаас өөр хүн харддаггүй, мөн түүний ах нь аутизм өвчтэй манай цэцэрлэгт явдаг байхад туслах багш тогтохгүй асаргаа шаардлагатай байсан учраас ар гэрт нь хэлж ойлгуулаад гаргасан гэсэн. Д.Хүслэнгийн хувьд аутизмтай, асаргаа их шаарддаг, туслах байгшаас холддоггүй гэдгийг бүлгийн багш болон цэцэрлэгийн удирдлага мэдэж байсан. Хүүхдүүдийн унтаж байх үеэр нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, нэг давхарын гал тогоонд аяга таваг оруулах гэх мэт олон ажлуудыг амжуулах хэрэгтэй байдаг. Гэтэл Д.Хүслэн өдөр унтдаггүй учраас хараа хяналтгүй орхиж болохгүй, тиймээс хичээл тарсны дараа ажлуудаа хийдэг байсан. Д.Хүслэнг өглөө эрт ирсэн тохиолдолд өдөр цаг гарган бүүвэйлж байж унтуулдаг. Гэтэл эцэг эх нь 10-11 цагийн хооронд авчирж өгдөг учраас өдөрт унтдаггүй юм. Мөн бусад хүүхдүүдээ сэрээчих гээд тоглоом нураан орилж гүйн унтаж байгаа хүүхдүүдийн орон доогуур орж мөлхөх зэрэг зан байдал гаргадаг. Д.Хүслэн  бусад  өдрийн  адил  тэр  өдөр     унтаагүй. Хүүхдүүд сэрээчихдэг, кордиорт орхихоор хашгираад аркаар бага сургууль руу гүйгээд явчихдаг учраас цагаан хэрэглэлийн өрөө онгорхой байхаар нь түр оруулчихаад цонхоор нь байнга харж байсан... өглөө туслах багшийн над дээр байдаг дэвтэр дээр гарын үсэг өөрөө зурдаг. Ямар нэг сургалт зохион байгуулдаггүй. Энэ үй явдал болсны дараа багш нараар цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Тэр үед цахим сайтаар намайг хийгээгүй хэргийн төлөө хүүхдийг санаатай шийтгэсэн, яргачин алуурчин өөрийг нь түлж, ал гэх зэрэг сэтгэдлүүд бичигдэж, би маш их сэтгэл санааны дарамтанд орж хохирсон...” гэх мэдүүлэг /хх.212-214/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.У нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал” цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас буюу 3 настай Д.Хүслэнг цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулж, Д.Хүслэн нь халуун индүүнд зүүн гараа хүргэн түлж түүний биед зүүн гарын алга, бүх хурууны 2-ЗАБ зургийн түлэгдэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.5-8/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: “... уг ширээнээс хойш 1.3 метр зайд төмөр цагаан хөлтэй, ягаан өнгийн бүтээлэгтэй, 150x70 см хэмжээтэй, 70 см өндөртэй, хувцас болон бусад эд зүйлс индүүдэх зориулалтаар ашиглаж байгаа ширээ байх ба түүний дээр 2 метр урт цагаан залгууртай хар улаан өнгө хосолсон индүү байрлах ба “мэргэжилтэн 4” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл /хх.14-18/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “... цэцэрлэгийн коридорын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14:49-12:29 цагийн хоорондох ... камерын бичлэгт 14:57:21 цагт туслах багш Б.У нь Д.Хүслэнг цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулчихаад аяга таваг анги руугаа оруулав. 14:59:14 цагт буцаж гараад цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөний гаднаас 6 минут орчим буюу 15:05:40 цаг хүртэл Д.Хүслэнг хаалганы гаднаас харж байгаад буцаж анги руугаа оров. 15:07:33 цагт буюу 2 минут орчмын дараа буцаж гараад Д.Хүслэнг байгаа өрөөнд орсны дараа 15:08:10 цагт хажуу ангиас Д.Дуламсүрэн гэх туслах багш индүүний өрөөний хаалгыг татан шагайж харахад 15:08:18 цагт туслах багш Б.У хохирогч Д.Хүслэнг тэврээд шатаар буув...” гэх мэдүүлэг /хх.233-237/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрийн өгсөн: “... цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний гадна манай хүүхдийг тухайн өдөр харж байсан туслах багш нь тэвэрчихсэн байсан ба манай хүүхдийн түлэгдсэн гарыг аягатай усанд дүрчихсэн зогсч байсан... “Д.Хүслэн өдрийн унтлагаараа унтаагүй бөгөөд харж байсан багш нь Д.Хүслэнг дагуулан хувцас индүүдэхээр индүүний өрөөнд орсон бөгөөд хувцсаа индүүдчихээд эвхэж байтал Д.Хүслэн гэнэт тухайн индүүнд гараа наачихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.25-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дуламсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэд унтлагын цагаар ангидаа байж байхад ангийн хаалганы хажууд байдаг цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь намдчих байх гэж бодоод 1 минут хүрэхгүй хугацаанд жоохон хүлээсэн чинь үргэлжлэн уйлаад байхаар нь гүйгээд очиход Д.Хүслэнг туслах багш Б.У тэвэрсэн байдалтай, гар нь түлэгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд хүйтэн усанд дүрэхээр гал тогоо руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх.217-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бурмаагийн өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өрөөндөө ажлаа хийж байхад коридорт жоохон хүүхэд уйлах чимээ гарахаар нь хамгийн ойрхон байсан 2 ангийнхаа цонхоор очиж харчихаад эргээд өрөөндөө орж ангиудынхаа камерыг харсан чинь хүүхдүүд бүгд унтаж байсан. Тэгээд эргэж өрөөндөө орсон чинь манай Дунд А бүлгийн багш М.Даваажаргал орж ирээд ... “багшаа манай ангийн хүүхдийн гар түлэгдчихсэн байна” гэхээр нь би “хаана байна” гэж асуусан чинь доор гал тогооны өрөөнд хүйтэн усаар гарыг нь шавшиж байна гэсэн... манай цэцэрлэгийн хүүхдүүдийн гудас, хөнжил, даавуу, алчуур индүүддэг зөөлөн эдлэлийн өрөөнд гараа түлсэн гэж манай багш нар болох Б.У болон М.Даваажаргал нар хэлсэн... Угаасаа тэр өрөөнд хүүхэд байдаггүй, орох ёсгүй өрөө байгаа юм... цагаан хэрэглэл индүүдэх өрөөнд тусдаа ажилтан байдаг учраас тэр хүн л орох ёстой багш нар орох ёсгүй. Тус өрөөнд хүүхэд дагуулж орж болохгүй. Хэрэв хүүхэд унтахгүй байвал ангиас гаргахгүй, чимээ дуу гаргахгүйгээр дасгал ажил хийлгэх зэрэг бусад арга хэмжээ авах ёстой...” гэх мэдүүлэг /хх.42-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Даваажаргалын өгсөн: “... манай ажлынханы нэг нь над дээр орж ирээд Д.Хүслэнг гараа түлчихлээ гэж хэлсэн... Тухайн өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар зааварчилга, зөвлөгөө өгөөгүй... 3өөлөн эдлэлийн өрөө рүү хүүхдүүдийг ер нь оруулдаггүй. Тухайн өдөр манай цэцэрлэгт шинээр орсон туслах багш тэр өрөөнд орчихоод түгжээгүй явсан байна лээ... тухайн үедээ Б.У хохирогч Д.Хүслэнг өрөөнд ганцааранг нь оруулчихаад гаднаас нь тасралтгүй тогтмол харж байгаад анги руугаа очоод ирэх хооронд буюу 2 минутын орчим болчихоод эргэн ирэхэд өөрөө индүү залгаж гараа түлсэн гэж хэлсэн. Тэр үед эцэг эх нь санаатай түлсэн гэж уурлаад байсан учраас асуудлыг зөөлрүүлэх санаатай Б.Уийг хамгаалж санамсаргүй түлсэн нь үнэн юм чинь чанарын ялгаа гарахгүй тийм учраас даавуу индүүдэх хооронд түлсэн болгон зөөлрүүлж хэлэхийг Б.Ут бид нар зөвлөсөн юм...” гэх мэдүүлэг /хх.36-38, 219-220/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тунгалагийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын сүүлээр туслах багш Б.Уийг эрхлэгч ажилд авсан бөгөөд мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй байсан, мөн мэргэжлийн үнэмлэх, диплом байхгүй байсан. Б.Уийг эхлээд туршилтаар ажиллуулж байгаад 2019 оны 10 дугаар сард албан ёсоор туслах багшаар томилсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтуяагийн өгсөн: “... боловсролын хэлтэст сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн/: “... цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Туслах багшийн хувьд хуулинд заасан үүрэг байхгүй, гэхдээ ажлын байрны тодорхойлолтонд заагдсан байгаа... хүүхэд унтахгүй бол бүлгийн багш болон туслах багш харж хандаж ангид нь байлгах ёстой... туслах багш хуулинд заасан шаардлагаар заавал сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх шаардлагатай...” гэх мэдүүлэг /хх.51-52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13579 дугаартай:

“1. Д.Хүслэнгийн биед зүүн гарын алга, бүх хурууны 2-3АБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрийн өгсөн: “... цэцэрлэгээс нь залгаад ... “Хүслэнгийн гарыг цэцэрлэг дээр нь түлчихлээ хурдан ирээч” гэсэн... Би сандраад цэцэрлэг рүү орсон чинь энэ багш эрхлэгчийнхээ өрөөний үүдэнд миний охиныг тэвэрчихсэн гарыг нь шаазан аяганд хийсэн усанд гарыг нь дүрчихсэн байж байсан... Очоод охиныхоо гарыг харсан чинь 3 настай охин байтугай насанд хүрсэн бид нар тэгж гараа түлсэн бол тийм байдалтай байж чадахааргүй аягүй эвгүй байдалтай харагдаж байсан. “Хормын төдийд харчихаад эргэх хооронд гараа түлчихлээ одоо яанаа ёстой уучлаарай” гээд шал өөр зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Уийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

“Б.Уийн холбогдсон гэх хэрэгт обьектив талын шинж байхгүй, цэцэрлэгийн ангийнхаа бүх хүүхдийг харж хандах боломжгүй байсан, туслах багшийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, шүүгдэгчээс бусад ажилтан, албан тушаалтныг уг хэрэгт холбогдуулж шалгаагүй” гэж шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэж байна.

Гэвч Б.У нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтад зааснаар цэцэрлэгийн туслах багш хүүхэд бүрийг асран халамжлах, мөн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийн 2.1 дэх хэсэгт “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж, халдварт өвчин, гэмт халдлага, байгалийн гамшигт үзэгдэл зэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах”, 2.4 дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийн хэлбэр, хэрэгцээнд тохирсон асрах үйлчилгээ үзүүлэх” гэж тус тус заасан Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас цэцэрлэгийн хүмүүжигч 3 настай, хөгжлийн бэрхшээлтэй Д.Хүслэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Б.Уийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хөнгөмсгөөр найдсаны улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн эс үйлдэхүй болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр нь ажлаас чөлөө авсан хугацааны цалингийн 3.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 55.000.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд “Глобал Монтессори” цэцэрлэгээс 1.000.000 төгрөгийг эмчилгээний зардалтай холбогдуулж төлсөн, харин ажлаас чөлөө авсан хугацааны цалингаас үлдэх 2.000.000 төгрөгийн болон цаашид гарах эмчилгээний зардлын 55.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Харин бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагчаас болон гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Уээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Уийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Уийг ялаас чөлөөлөх тухай дүгнэлтийг улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан боловч уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг арилаагүй учир тэдгээр дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Б.Ут оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, индүүг устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ж овогт Бийн Уийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ут сануулсугай.

          4. Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, индүү 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          6. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч болон гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Уээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР