Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01806

 

 

2022 09 23 210/МА2022/01806

 

М.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/03275 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/02990 тоот шийдвэр, мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/Ш32019/20308 тоот шүүгчийн захирамжаар М.М-э надаас 114,942,200 төгрөг гаргуулж, М- ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон 88-57 УБП улсын дугаартай авто машин зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Х- ХХК-ийн үнэлгээгээр нийт 5 үл хөдлөх хөрөнгийг нийт 212,564,840 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээ нь үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, үнэгүй.мн-ээс цуглуулсан мэдээллийн бодитой найдвар байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдоогүй мөн доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна. Мөн жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн газар зүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй дүгнэлт гаргасан байх тул хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдож байна. Иймд Х- ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/53 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2990 дүгээр захирамжаар М.М-ээс 114,942,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 792,960 төгрөг гаргуулж М- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М.М-эд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.М-ийн 5 үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хурааж, талуудад харилцан тохиролцож, үнийн санал мэдэгдэхэд төлбөр төлөгч М.М-э нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 22/30 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлж, үнэлгээн дээр талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3/77 дугаар шинжээч томилох тогтоолоор Х- ХХК-ийн үнэлгээчин Б.Б- томилж, 212,564,840 төгрөгөөр үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу талуудад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4-189/7620, 4-189/7621 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж, Х-" ХХК-ийн шинжээч Б.Батзаяа нь хөрөнгийг үнэлгээг үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдуулан гаргасан Х- ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/53 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.М-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч М.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Хөрөнгийн үнэлгээ нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж чадаагүй буюу нэхэмжлэгч М.М-ийн өмчлөлийн 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн шинж чанарыг бүрэн гүйцэт тодорхойлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг тогтооход зайлшгүй хамаарах ёстой дагалдах эд хөрөнгүүдийн үнэлгээг оруулахгүйгээр үнэлж, хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар нотлогдсоор байтал анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байна.

4.б.Дуудлага худалдаагаар эд хөрөнгүүд худалдан борлуулагдсан тохиолдолд уг газар дээр орших үнэлгээнд ороогүй нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгүүд болох 250 м гүний худаг, 380 квт-ын цахилгааны эрчим хүчний шугам, модон саравч, таримал мод бут, адууны англи зүчээний төмөр хашаа, сагсны шийд, явган хүний зам зэргийг нэхэмжлэгч тухайн газраас салгаж авах боломжгүй, тусад нь зарж борлуулах боломжгүй, дахин үнэлүүлэх ч боломжгүй болж эд хөрөнгөөрөө хохироход хүрээд байгаа юм. Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн газар дээрх эд хөрөнгүүдийг дутуу үнэлснээс гадна үнэлгээ тогтоосон 3 ширхэг эзэмшлийн газрын зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо тухайн 3 газартай ижил төстэй газруудын үнэлгээтэй харьцуулан шинжлээгүй, тухайлбал нэхэмжлэгчийн эзэмшлийн 3 ширхэг газар нь бүхэлдээ блокоор хашаалагдсан, хашаан дотроо мөн блокон тусгаарлалтуудтай, адууны англи болон монгол зүчээтэй, морины уяатай, өвсний хашаатай, гүний худагтай, таримал ургамал, модтой, сагсны шийдтэй, хүн амрах модон саравчтай, адууны англи зүчээ нь төмөр хашаатай зэрэг харьцуулан жишигдэж буй 3 ширхэг газартай нь аль ч талаараа ижил төсгүй байхад эзэмших эрхээ аваад удаагүй шинээр хашаа татсан, хашаан дотроо ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй хашааны газруудтай харьцуулж, зах зээлийн үнэлгээг гаргасан нь ямар ч үндэслэлгүй байна.

4.в.Үнэлгээний тайланд тусгасан үнэлгээчин Б.Б-ийн хувийн мэдээлэл эргэлзээтэй, үнэлгээчнээр ажилласан жил болон тусгай зөвшөөрлийн огноо зөрүүтэй, хариуцлагын даатгалд даатгуулсан эсэх нь тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан мэдээллийн сурвалж баталгаагүй, үнэгүй.мн зарын сайт нь хөрөнгийн үнэлгээний албан ёсны мэдээллийн сан мөн эсэх, уг сайтаас цуглуулсан мэдээлэл нь хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сангийн мэдээлэлд хамаарах мэдээлэл мөн эсэхийг нотлоогүй, Х- ХХК болон үнэлгээчин Б.Батзаяа нь хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөл байдал байхгүй болохыг баталсан баримт мэдээлэл хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй зэрэг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргах, дүгнэлтэнд тавигдах шаардлагуудыг хангахгүй байна.

4.г.Нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайлантай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр танилцсан боловч эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул эрүүл мэндийн шалтгаанаар хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж чадаагүй. Энэ талаарх баримтаа нэхэмжлэлдээ хавсаргаж, гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлтийг гаргасан ба Аллерги мед эмнэлгийн эмнэлгийн магадлагаан дээр М.М-ийг эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн болох нь тэмдэглэгдсэн мөн, магадлагааны хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүтэл 15 хоногоор сунгасан эмчлэгч эмчийн гарын үсэг, тамга тэмдгээ дарсан байдаг. Гэтэл уг баримтыг анхан шатны шүүх эмнэлгийн магадлагаа олгосон огноо бичигдээгүй гэж үзэж гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан баримтыг бүрэн гүйцэт шинжлэн судалж, үнэлж чадаагүйгээс болсон байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М.М-э нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/02990 дугаар захирамжаар төлбөр төлөгч М.М-э нь 114,942,200 төгрөгийг төлбөр авагч М- ББСБ ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 78-82-р тал/

 

3.а.Төлбөр төлөгч М.М-э нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч М- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 461 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 74-75-р тал/

 

3.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байна. /хх-ийн 86-88, 93-р тал/

 

3.в.Төлбөр төлөгч М.М-э нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагч Н- нь барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Бурхант 3-3-366а тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 72.7 м.кв талбай бүхий морины зүчээ, мөн хаягийн 366б тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 158.2 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягийн 366в тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий газар зэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 167-169, 172-р тал/

 

3.г.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч М.М-э нь дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч М- ББСБ ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 112-113-р тал/

 

3.д.Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь төлбөр авагчийн хүсэлтээр Х- ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 212,564,840 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 121-152-р тал/. Хариуцагч байгууллага нь дээрх үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. /хх-ийн 113-р тал/

 

3.е.Эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хуулиар тусгайлан зохицуулсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар талууд үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах журамтай. Нэхэмжлэгч М.М-э нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж Аллерги мед эмнэлгийн магадлагааг нотлох баримтаар гаргасныг анхан шатны шүүх тус магадлагаанд олгосон огноо бичигдээгүй нь эргэлзээтэй, холбогдох дүрэм, журамд нийцээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх юм. /хх-ийн 50-р тал/

 

3.ё.Хариуцагч байгууллага нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн салгаж үл болох бусад эд хөрөнгийг үнэлээгүй, үнэлгээчний хувийн мэдээлэл эргэлзээтэй гэжээ.

 

4.а.Шинжээчээр томилогдсон Х- ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

4.б.Газраас салгаж үл болох бүрдэл хэсэг болсон бусад эд хөрөнгийг үнэлээгүй гэх гомдлын тухайд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт ... шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана гэж заасан. Өөрөөр хэлбэл, шинжээч томилох тухай тогтоолд заасан хүрээнд шинжээч дүгнэлтээ гаргасныг дээрх хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

4.в.Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч М.М-ийн хувьд дээрх хуульд зааснаар шинжээч томилох тухай тогтоол буруу, дутуу гарсан талаар холбогдох этгээдэд гомдол гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

4.г.Үнэлгээчний хувийн мэдээлэл эргэлзээтэй гэх гомдлын тухайд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасан. Үнэлгээчин Б.Батзаяа нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд үнэлгээчин нь Х- ХХК-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр дээрх үнэлгээг гаргасан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 119-р тал/

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/03275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ