Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01608

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01608

 

 

Д.О-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/01479 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2605 дугаар захирамжаар Д.О-аас 24,309,099 төгрөг гаргуулж ПК ХХК-д олгож шийдвэрлэсэн. НШШГГ-ын128 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 216 тоот гүйцэтгэх хуудасны дагуу ажиллагаа явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21270195/128 тоот тогтоолоор Д.О-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт 19 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг хураан авсан. НШШГГ-ын128 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь тус үл хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр ФЭ ХХК-ийг томилсон. ФЭ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Д.О-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт 19 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 41,576,000 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үнэлгээгээр харьцуулсан гэх 3 газрын нэгж талбайн үнэ 17,142.86, 14,285.71, 14,286 гэж үнэлсэн. Уг тооцоолол нь өнөөгийн бодит байдалд огт нийцэхгүй тооцоолол бөгөөд бодит зах зээлийн үнэ ямар байх талаар огт үнэлгээ хийгээгүй байна. Учир нь дээрх үнэлгээ хийгдсэн газрын ойролцоох буюу нэг хороонд харьяалагдах нэг блокоор баригдсан хашааны худалдагдах үнэ 60,000,000 төгрөг, мөн байшинтай газар гэхэд худалдагдах үнэ нь 85,000,000 төгрөгийн үнэ ханштай байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, бодит бус үнэлсэн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгч миний өмчийг хууль бусаар хэт бага үнээр дуудлага худалдаанд оруулж миний хууль ёсны ашиг сонирхлыг давхар давхар зөрчиж, хохироож байна. Түүнчлэн, миний бие хөдөө орон нутагт ажилтай байсан тул дуудлага худалдааг явуулах тогтоолыг гардаж аваад, үнэлгээ хийгдсэн асуудлыг мэдэж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад дээр 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр очиж үнэлгээтэй танилцсан болно. Шийдвэр гүйцэтгэгчээс шуудангаар үнэлгээний тайланг явуулсан гэх боловч надад тус шуудан ирээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хашаа, байшинг 100 гаруй сая төгрөгөөр барьсан гэх нотолгоо байхгүй гэж байна, 100 гаруй сая төгрөгөөр бариагүй болохыг нотлох баримт мөн байхгүй. Тухайн үед барихад гарсан зардлыг нотлох баримт байхгүй, хуваариа тохироод бариулсан. Суурийг ухаж, экскаватор болон бохирын цооног ухсан ажлыг оруулаагүй. Худаг ухсан гэрчилгээтэйгээ байгаа, мөн 3.80-ын цахилгаан залгасан. Дутуу барьсан байшин, блокон хашаа, газрыг үнэлсэн гэж ойлгож нэхэмжлэл гаргасан. Иймд ФЭ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Д.О-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт-19 гудамж, 00 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 41,576,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2605 дугаар шийдвэрээр Д.О-аас 24,309,099 төгрөг гаргуулж ПК ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч Д.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201056753 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 19 дүгээр гудамж, 00 тоотод байрлах 184 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай 65%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 2201050899 дугаартай 700 м.кв талбайтай газрыг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21270195/128 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21270195/128 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдэл гардуулахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөнд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилон зах зээлийн үнийг тогтоолгоход 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч 41,576,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцуулан гарын үсэг зуруулсан. Д.О-ын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилж, хураагаад, шинжээч томилж ФЭ ХХК-ийн шинжээч Н.Ц-лээр тухайн эд хөрөнгийн үнэлгээг гаргуулсан. Үнэлгээний тайланг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлснийг хүлээн авсан. Д.О-т үнэлгээний тайланг гардуулахаар утсаар залгахад утсаа авахгүй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.О-ын хаягаар очсон. Очиход түүнтэй хамт амьдардаг хадам ээж болох н.А- гэх хүн байсан Д.Б-ыг байгаа эсэхийг асуухад хүүгээ хүргэж өгөхөөр гарсан гэсэн. Тэгээд ФЭ ХХК-ийн үнэлгээний тайланг түүнд гардуулан өгөөд Д.О-ыг ирэхээр өгөөрэй гээд энэ талаар тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулж авсан, энэ баримтыг шүүхэд өгсөн. Д.О- нь нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээтэй холбогдуулан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг 22 хоногоор хэтрүүлэн 29 дэх хоногтоо шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн 65 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 100 гаруй сая төгрөгөөр барьсан гэж байгаа боловч энэ нь ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Үнэлгээнд гүний худаг, бохирын цооног болон 3,80-ын тогыг оруулаагүй байна. Шүүхээс эдгээрийг барьцаа хөрөнгөнд тусгагдаагүй, шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ гаргуулахаар тогтоолд заасны дагуу шинжээч нь үнэлгээ гаргасан байна гэж үзсэн байна.

Барьцаа хөрөнгөд нь хашаа, байшин л барьцаалагдахаас гүний худаг, бохирын цооног болон 3,80-ын тог зэрэг нь тусгайлан барьцаалагдах боломжгүй болно. Гэтэл гүний худаг, бохирын цооног болон 3,80-ын тог зэргийг хийлгэхэд нийтдээ 25,000,000 төгрөгийн зардал гарсан болно. Мөн түүнчлэн тус хашаа байшингаас эдгээр салгаж үл болох хөрөнгө бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд орох зайлшгүй хөрөнгө юм.

Шинжээч нь тус хашаанд байгаа бүхий л эд хөрөнгийг үнэлж тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргах ёстой. Зөвхөн тогтоолд дурдсан хашаа, байшинг үнэлэх хэт өрөөсгөл бөгөөд тус хашаанд нэмэлт гүний худаг, бохирын цооног болон 3,80-ын тог зэргийг зах зээлийн үнэлгээнд нэмэлтээр нэмж тооцох ёстой.

Шүүхээс эдгээрийг барьцаа хөрөнгөнд тусгагдаагүй, шийдвэр гүйцэтгэгчээс шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ гаргуулахаар тогтоолд заасны дагуу шинжээч нь үнэлгээ гаргасан байна гэж үзсэн байгаа хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

Шинжээч нь тухайн эд хөрөнгөтэй харьцуулан үнэлсэн эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээнд нэг бүрчлэн тусгалгүй үнэлгээг хийсэн учир үнэлгээ хийх ажиллагааны холбогдох журмыг зөрчсөн байна. Шүүх нь хэрэгт авагдсан баримтууд дээр үндэслэн шийдвэр гаргах бөгөөд шүүгч нь шүүх хуралдааны явцад үнэгүй цэг мн гэх сайт руу ороод тус хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг харж үзэж үзлэг хийгээгүй болно. Тиймээс ФЭ ХХК нь тухайн эд хөрөнгөтэй харьцуулсан үнэлгээ хийсэн хөрөнгийн мэдээллийг нэг бүрчлэн тусгаагүй байна.

Миний бие хөдөө орон нутагт ажилтай байсан тул албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг гардаж аваад, үнэлгээ хийгдсэн талаар мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь манай гэрт очиж үнэлгээний тайланг гардуулсан гэсэн боловч тус үнэлгээний тайлан ирсэн талаар надад хэн ч хэлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй олгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02605 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 24,169,699.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ПК ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Д.О- хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба, уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/02432 дугаар захирамжийн дагуу 0216 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 21270195 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх 45-48/

 

4. Барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт 19 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21270195/128 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21270195/128 дугаар тогтоолоор хураан авсан байх ба, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцуулах ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутанд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах НШШГГ-ын413 тоот өрөөнд явуулахыг төлбөр төлөгч талд мэдэгдсэн байна. /хх50-51, 79-80/ Төлбөр төлөгч Д.О- уг ажиллагаанд хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/362 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна./хх52-55/

 

5. Шинжээчээр томилогдсон ФЭ ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт 19 дүгээр гудамж 00 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө болон газрыг нийт 41,576,000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4-128/24277 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Д.О-ын хамт амьдардаг хадам ээж болох Ч.Ажинсүмбүүд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч тал гардуулан өгчээ. Нэхэмжлэгч Д.О- нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна./хх 70/

 

6. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/01479 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ