Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01649

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01649

 

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01662 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-, ЖЭЭФ ХХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 68,250,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б-, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

В.Б- миний бие ЖЭЭФ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 10 сараар сунгасан. Зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Баруун Зуун мод Ирээдүй 3 дугаар байр 6 тоот хаягт байрлах 106.045 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-1427000964 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан. Талууд гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн талаар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн бөгөөд мөн өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 19,000,000 төгрөг, нийт 49,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Дээрх зээл, түүний хүүгийн үлдэгдэл нь гэрээний хугацаа дууссан буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 1 сарын хүүгийн төлбөр нэмэгдэж нийт 50,500,000 төгрөг болсон. Зээлийн гэрээний 2.7-д зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл алдангид 25,250,000 төгрөгийн төлбөр авах эрх зээлдүүлэгчид үүссэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 20,500,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, нийт 68,250,000 төгрөгийн 50 хувь болох 34,125,000 төгрөгийг хариуцагч ЖЭЭФ ХХК-аас 34,125,000 төгрөгийг хариуцагч Б.Б-оос гаргуулах, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч ЖЭЭФ ХХК-ийн тайлбарын агуулга:

Б.Бт- миний бие ЖЭЭФ ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б-оос худалдан авсан. Тухайн үед уг компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн баримт бичиг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас шатсан байсан тул уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний талаар мэдэх боломжгүй байсан, мөн энэ талаар Б.Б- нь надад мэдэгдээгүй. Мөн давагдашгүй хүчин зүйл, цар тахал болон эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас ЖЭЭФ ХХК нь сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг харгалзан үзнэ үү.

 

3. Хариуцагч Б.Б-ийн тайлбарын агуулга:

Б.Б- би уг зээлийн гэрээний дагуу В.Б-аас 30,000,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед компанийн нэр дээр зээл авсан ба уг компанийг Б.Бт-д худалдсан. Б.Бт-д энэ зээлийн талаар мэдэгдэж амжаагүй, мэдэхгүй. Иймээс уг зээлийн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 25,000,000 төгрөгийг Б.Б- би төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Б-оос 25,000,000 төгрөг гаргуулан, хариуцагч ЖЭЭФ ХХК-аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч ЖЭЭФ ХХК, Б.Б- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.-М-гийн өмчлөлийн Төв аймаг, Зуун мод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод Ирээдүй 3 дугаар байр, 6 тоотод байршилтай, 106.045 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 581,900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б-оос 203,975 төгрөг гаргуулан, хариуцагч ЖЭЭФ ХХК-аас 203,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлдэгч нараас алдангийн төлбөрт 18,250,000 төгрөгийг нэмж гаргуулна.

4.б. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн харилцаа, гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага зэргийг зөв тодорхойлсон атлаа хариуцагчийн тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээнээс 18,250,000 төгрөгийг хасч тооцсон үндэслэлгүй. Учир нь анх зээлийн гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдаж, зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3 сараар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3 сараар, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4 сараар тус тус сунгаж, гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан.

4.в. Хариуцагч Б.Б- нь ЖЭЭФ ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун 107 дугаар байрны 8 тоот хаягт байрладаг гэж шүүхэд худал тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хэрэгсэхгүй болж, улмаар хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсаны үр дүнд хариуцагчийн хаягийг тогтоож шүүхэд хандсан болно. Түүнчлэн, хариуцагч ЖЭЭФ ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 107 дугаар байрны 8 тоот хаягт байрладаггүй талаар тайлбарлаж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулж байсан атлаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22/404 дугаартай албан бичгээр шүүхэд хариу тайлбарлахдаа ЖЭЭФ ХХК-ийн хаяг нь Хан-Уул дүүргийн дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 107 дугаар байрны 8 тоот хаягт байрладаг болох албан бланкан дээр нь тусгагдсан нь зээлдэгчийн шударга бус үйлдэл хэрэгт авагдсан баримтаар илэрхий байхад хэргийн нөхцөл байдлыг үндэслэн алданги хассан нь үндэслэлгүй.

4.г. Гэрээний 2.7 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох 45,500,000 төгрөгийн 50 хувь буюу 22,750,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байхад түүнийг үндэслэлгүйгээр дахин багасгасан нь зээлдүүлэгчийг хохироосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулк зээлдэгч нараас алдангийн төлбөрт 18,250,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарсан гал түймэр гарсан тухай акт болон Цагдаагийн ерөнхий газрын баримт материалуудыг үзүүлж байсан. ЖЭЭФ ХХК-ийн нөхцөл байдал санхүүтэй холбоотой жилийн эцсийн тайлан, бүх бичиг баримтууд, галд шатсан. ЖЭЭФ ХХК-ийг зарсан шилжүүлсэн мөнгөнөөс нэхэмжлэгч В.Б-д 5,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж байсан. Түүнээс хойшх тайлантай байгаа нь тодорхой байсан. Хэрэв шүүх шаардсан бол гаргаж өгч болно. Би тус зээлийг авснаа хүлээн зөвшөөрдөг. ЖЭЭФ ХХК-ийг шилжүүлж авсан Б.Бт- мэдэхгүй анзаарахгүй өнгөрсөн. Б.Бт-д 50 хувийг шилжүүлж өгсөн тул зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч В.Б- нь хариуцагч ЖЭЭФ ХХК, Б.Б- нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,250,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. В.Б- нь ЖЭЭФ ХХК-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 20,500,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, нийт 68,250,000 төгрөгийг төлөөгүй тул 34,125,000 төгрөгийг хариуцагч ЖЭЭФ ХХК-аас, 34,125,000 төгрөгийг хариуцагч Б.Б-оос тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

3.а. Хариуцагч ЖЭЭФ ХХК-аас Б.Бт- миний бие ЖЭЭФ ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б-оос худалдан авсан. Тухайн үед уг компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн баримт бичиг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас шатсан байсан тул уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний талаар мэдэх боломжгүй байсан, мөн энэ талаар Б.Б- надад мэдэгдээгүй. Мөн давагдашгүй хүчин зүйл, цар тахал болон эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас ЖЭЭФ ХХК сүүлийн хэдэн жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг харгалзаж үзнэ үү гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

 

3.б. Хариуцагч Б.Б-оос би уг зээлийн гэрээний дагуу В.Б-аас 30,000,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед ЖЭЭФ ХХК-ийн нэр дээр зээл авсан ба уг компанийг Б.Бт-д худалдсан. Б.Бт-д энэ зээлийн талаар мэдэгдэж амжаагүй тул тэр мэдэхгүй. Иймээс уг зээлийн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг би төлсөн тул үлдэх 25,000,000 төгрөгийг Б.Б- би төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

 

4. Нэхэмжлэгч В.Б-, хариуцагч ЖЭЭФ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээгээр иргэн Б.-М-гийн өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун зуунмод Ирээдүй 3 байр, 6 тоот улсын бүртгэлийн Ү-1427000964 дугаартай, 106,045 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба нэхэмжлэгчээс уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх4,10/

 

4.а. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.-М-г хариуцагчаар тодорхойлоогүй атлаа түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан байх бөгөөд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Б.-М-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулалгүйгээр, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

4.б. Тодруулбал, барьцааны зүйлийн өмчлөгч Б.-М- нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, түүний үндэслэлийн талаар маргах эрх бүхий этгээд юм. Талууд барьцааны зүйлийн өмчлөгч нь итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн гэх боловч энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

  ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ