Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/01662

 

 

 

            

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

            Дугаар 183/ШШ2022/01662

                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б овогтой, В.Б нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: Х овогтой, Б.Б т холбогдох,

Хариуцагч: “Ж ” ХХК-д холбогдох, 

        

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68.250.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч В.Б .

Хариуцагч Б.Б .

Хариуцагч “Ж ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. В.Б  нь “Ж ” ХХК, Б.Б  нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 70.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: В.Б  миний бие “Ж ” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 10 сараар сунгасан. Зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод Ирээдүй 3 дугаар байр 6 тоот хаягт байрлах 106.045 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-1427000964 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан. Талууд гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн талаар 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн бөгөөд мөн өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 19.000.000 төгрөг, нийт 49.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Дээрх зээл, түүний хүүгийн үлдэгдэл нь гэрээний хугацаа дууссан буюу 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 1 сарын хүүгийн төлбөр нэмэгдэж нийт 50.500.000 төгрөг болсон. Зээлийн гэрээний 2.7-д зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл алдангид 25.250.000 төгрөгийн төлбөр авах эрх зээлдүүлэгчид үүссэн. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 20.500.000 төгрөг, алданги 20.250.000 төгрөг, нийт 70.750.000 төгрөгийг хариуцагч Б.Б , “Ж ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 20.500.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, нийт 68.250.000 төгрөгийн 50 хувь болох 34.125.000 төгрөгийг хариуцагч “Ж ” ХХК-иас, 34.125.000 төгрөгийг хариуцагч Б.Б оос гаргуулж өгнө үү гэв.

           

2. Хариуцагч  “Ж ” ХХК хариу тайлбартаа: Б.Б миний бие “Ж ” ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б оос худалдан авсан. Тухайн үед уг компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн баримт бичиг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас шатсан байсан тул уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний талаар мэдэх боломжгүй байсан, мөн энэ талаар Б.Б  нь надад мэдэгдээгүй. Мөн давагдашгүй хүчин зүйл, цар тахал болон эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас “Ж ” ХХК нь сүүлийн хэдэн жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг харгалзан үзнэ үү гэв.

 

3. Хариуцагч Б.Б  хариу тайлбартаа: Б.Б  би уг зээлийн гэрээний дагуу В.Б аас 30.000.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед компанийн нэр дээр зээл авсан ба уг компанийг Б.Б д худалдсан. Б.Б д энэ зээлийн талаар мэдэгдэж амжаагүй тул тэр мэдэхгүй. Иймээс уг зээлийн төлбөрөөс 5.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 25.000.000 төгрөгийг Б.Б  би төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Барьцааны гэрээ”, Хаан банк ХХК-ийн Орлогын мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, Төв аймаг, Зуун мод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод Ирээдүй 3 дугаар байр, 6 тоотод байршилтай, 106.045 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 68.250.000 төгрөгийн 34.125.000 төгрөгийг хариуцагч “Ж ” ХХК-иас гаргуулах, 34.125.000 төгрөгийг хариуцагч Б.Б оос гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: В.Б  миний бие “Ж ” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 20.500.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, нийт 68.250.000 төгрөгийг төлөөгүй тул 68.250.000 төгрөгийн 50 хувь болох 34.125.000 төгрөгийг хариуцагч “Ж ” ХХК-иас, 34.125.000 төгрөгийг хариуцагч Б.Б оос гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч “Ж ” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Б.Б  миний бие “Ж ” ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б оос худалдан авсан. Тухайн үед уг компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн баримт бичиг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас шатсан байсан тул уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээний талаар мэдэх боломжгүй байсан, мөн энэ талаар Б.Б  нь надад мэдэгдээгүй. Мөн давагдашгүй хүчин зүйл, цар тахал болон эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас “Ж ” ХХК нь сүүлийн хэдэн жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

4. Хариуцагч Б.Б  “...би уг зээлийн гэрээний дагуу В.Б аас 30.000.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед “Ж ” ХХК-ийн нэр дээр зээл авсан ба уг компанийг Б.Б д худалдсан. Б.Б д энэ зээлийн талаар мэдэгдэж амжаагүй тул тэр мэдэхгүй. Иймээс уг зээлийн төлбөрөөс 5.000.000 төгрөгийг би төлсөн тул үлдэх 25.000.000 төгрөгийг Б.Б  би төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Барьцааны гэрээ”, Хаан банк ХХК-ийн Орлогын мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, Төв аймаг, Зуун мод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод Ирээдүй 3 дугаар байр, 6 тоотод байршилтай, 106.045 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. “Ж ” ХХК, В.Б  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээний сунгалт”-ээр зээлдүүлэгч В.Б  нь 30.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдэгч “Ж ” ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч В.Б  нь 30.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгч “Ж ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч “Ж ” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 20.500.000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогджээ.

 

7. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэхэмжлэгч В.Б  нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 20.500.000 төгрөг, нийт 45.500.000 төгрөгийг зээлдэгч “Ж ” ХХК-иас шаарах эрхтэй юм.

 

8. Мөн гэрээний 2.7-д “зээлдүүлэгч н зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч В.Б  нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 45.500.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 22.750.000 төгрөгийг зээлдэгч “Ж ” ХХК-иас шаарах эрхтэй хэдий боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагчийн тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс алдангийн 4.500.000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэв.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний зээлдэгч тал болох “Ж ” ХХК-иас зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 20.500.000 төгрөг, алдангид 4.500.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг гаргуулахаас хариуцагч Б.Б ийн “...би нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасныг үндэслэн түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 50.000.000 төгрөгийн 25.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б оос гаргуулан, харин үлдэх хэсэг болох 25.000.000 төгрөгийг хариуцагч “Ж ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч В.Б д олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

10. “Ж ” ХХК, Б.Б  болон В.Б  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч “Ж ” ХХК, Б.Б  нар итгэмжлэлийн дагуу Б.М-ийн өмчлөлийн Төв аймаг, Зуун мод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод Ирээдүй 3 дугаар байр, 6 тоотод байршилтай, 106.045 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч В.Б д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 581.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б оос 203.975 төгрөг гаргуулан, хариуцагч  “Ж ” ХХК-иас  203.975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Б оос 25.000.000 төгрөг гаргуулан, хариуцагч “Ж ” ХХК-иас 25.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч “Ж ” ХХК, Б.Б  нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.М.-ийн өмчлөлийн Төв аймаг, Зуун мод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод Ирээдүй 3 дугаар байр, 6 тоотод байршилтай, 106.045 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 581.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б оос 203.975 төгрөг гаргуулан, хариуцагч  “Ж ” ХХК-иас  203.975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД