Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01646

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01646

 

 

Ё.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ё.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ГБ ХХК, ӨСХЗ--д тус тус холбогдох,

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэх хангуулах тухай ерөнхий гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг хүчинтөгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоох, Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ё.С- мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч ӨСХЗ--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

ГБ ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4325105936 тоот зээлийн гэрээгээр 1,1 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд нэр бүхий 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Энэхүү зээл болон барьцааны гэрээг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн. ГБ ХХК-аас зээл болон барьцааны гэрээ байгуулсны дараа намайг дахин дуудаж Б ХХК-ийн 67 хувь буюу 9,133,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг шилжүүлж өг гэж шаардсан. Тухайн үед зээлийг төлж дуустал манай компанийн хувьцааг барьцаалж байгаа, зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй гэх шалтгаанаар манай компанийн 66 хувийг барьцаалсан гэж ойлгуулсан. ГБ ХХК хувьцааг барьцаалахдаа өөрийн компани дээрээ шилжүүлж авахгүй, ӨСХЗ--д шилжүүлж өг гэсэн. Гэтэл уг компанийг мэдэхгүй, харьцаж байгаагүй. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 сарын 20 өдөр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх болсон. Гэтэл манай компанийн 66 хувийг эзэмшдэг ӨСХЗ- нь ГБ ХХК-ийн даалгавраар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шууд хураан авах гээд байна. Нэхэмжлэгчийн хувьд хувьцааг барьцаалах зорилготой байсан болохоос биш компанийн хувьцаа эзэмшигч болон манай дотоод ажилд хөндлөнгөөс оролцоогүй. Иймд дээрх байгуулсан хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч ГБ ХХК-ийн тайлбарын агуулга:

ГБ ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4325105936 тоот зээлийн гэрээний дагуу Б ХХК-д 1,100,000,000 төгрөгийн зээл олгосон. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ4325107408 тоот гэрээгээр нэмж 100,000,000 төгрөгийг олгосон. Эдгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ё.С-ийн өмчлөлийн Б ХХК-ийн хувьцааны 67 хувийг барьцаалахаар харилцан тохиролцсон. Барьцааг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ГБ ХХК, Ё.С- болон ӨСХЗ- /хуучнаар ХХН/-ийн хооронд хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ерөнхий гэрээ болон хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Б ХХК-ийн нийт хувьцааны 67 хувь буюу 9,133 ширхэг хувьцааг ӨСХЗ--д шилжүүлсэн. Улмаар хэлэлцэн тохиролцсоны дагуу ӨСХЗ- нь шилжүүлэн авсан хувьцаанд үндэслэн Б ХХК-ийн ГБ ХХК-аас авсан зээлд баталгаа гаргасан. Хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ерөнхий гэрээнд заасны дагуу Б ХХК нь зээлийн төлбөрт 400,000,000 төгрөг төлсөн тохиолдолд хувьцааны 16 хувийг, зээлийн үлдэгдэл 300,000,000 төгрөг буюу түүнээс бага болсон тохиолдолд нэмж 18 хувийг буцаан шилжүүлэх, зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хувьцааг бүрэн шилжүүлэхээр, харин зээлийг төлөхгүй тохиолдолд хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Б ХХК нь зээлийг төлөөгүй тул ГБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан ба төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд хуваан төлөхөөр талууд тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулж, энэ эвлэрлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 404 дүгээр шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Гэвч Б ХХК нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1,063,307,685.74 төгрөгийн үлдэгдэлтэй, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ерөнхий гэрээ болон хувьцааг шилжүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ӨСХЗ--ийн тайлбарын агуулга:

ӨС ХХН нь Голомт банк XXК болон Г.С- нартай 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ байгуулснаар Б ХХК-ийн үүргийг хангуулах батлан даагч болсон. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх үүднээс мөн өдөр Б ХХК-ийн хувьцааг шилжүүлэх гэрээг байгуулж тус компанийн хувьцааны 67 хувийг өмчилсөн. Эдгээр гэрээ байгуулсны дараа ГБ ХХК зээлийн үүрэгт 1,182,343,302 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Б ХХК-д холбогдуулан гаргасан ба зохигч эвлэрэн хэлэлцсэн тул түүнийг баталгаажуулж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 404 дүгээр захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Б ХХК-ийн эрх, хууль ашиг сонирхолд хохиролтой үйл ажиллагааг явуулаагүй, харин тус компанийн зээлийн гэрээ болон шүүхийн шийдвэр хүлээсэн үүрэг болох төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлэх нь зүйтэй гэх байр суурьтай байгаа. Зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хувьцааг бүрэн шилжүүлэхээр, харин зээлийг төлөхгүй тохиолдолд хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Дээрх байгуулагдсан гэрээнүүд нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд түүнийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй, түүнчлэн зээлийн үүргээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГБ ХХК, ӨСХЗ- нарт холбогдох 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэх хангуулах тухай ерөнхий гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоох, Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ё.С- мөн болохыг тогтоолгох тухай Ё.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Ё.С- нь компанийн хувьцааны 67 хувийг барьцаалсан гэж ойлгосон. Гэтэл зээл олгосон ГБ ХХК нь барьцаанд авалгүй, зээлтэй хамааралгүй ӨСХЗ--д шилжүүлж өгсөн байдаг. ӨСХЗ- нь зээлийн баталгаа гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч Ё.С- болон Баян-Ударга ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй түүний эрх, ашгийг хамгаалах үүрэг хүлээгээгүй байтал ямар учраас зээлдэгчийн өмнөөс баталгаа гаргасан нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй. Талуудын хүсэл зоригийг тайлбарлахын бол нэхэмжлэгч нь компанийн хувьцааг ГБ ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалах хүсэл зоригтой байсан болохоос биш ӨСХЗ--д хувьцааг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй. Талуудын байгуулсан гэрээнүүд нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1.8, 36 дугаар зүйлийн 36.7, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.16, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримлах дүрмийн 2.7.1-д заалтыг тус тус зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч ГБ ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэлцэхгүй байсан тул хувьцааг нэмж барьцаалахаар болсон. Үүний дагуу хүсэл сонирхлоо илэрхийлж талууд гэрээ хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч ӨСХЗ--ийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль болон тогтсон заншил зөрчсөн дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тохиолдол байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа гэрээ нь 2018 оны 04 дүгээр сард байгуулагдсан. Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сард гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан үндэслэл энэ тохиолдолд тогтоогдохгүй. Хэлцлийн хувьд ямар нэг этгээдийн зөвшөөрөл шаардахгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Үүнээс хэд хэдэн эрх зүйн ач холбогдолтой үйл явдал болж байгаа хувьцаа шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан. Энэ гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгэл хийлгэсэн. Энэ гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа болон хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар нэг шаардлага гаргаагүй, Ё.С-ийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ё.С- нь ГБ ХХК, ӨСХЗ ХХН /аж ахуйн нэгжийн хуучин хэлбэрээр/-д холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ерөнхий гэрээ, мөн өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ё.С- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг хангах, барьцаа хөрөнгийн үнэлгээ үүргийн дүнд хүрэлцэхгүй байсан тул, Ё.С-ийн өмчлөлийн Б ХХК-ийн хувьцааны 67 хувийг барьцаалахаар харилцан тохиролцсон. Компанийн хувьцааг барьцаалах барьцааны бүртгэл хангалттай хөгжөөгүй тул барьцааг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дээрх гэрээнүүдийг байгуулж, тус компанийн 67 хувь буюу 9133 ширхэг хувьцааг хариуцагч ӨСХЗ--д шилжүүлэн, хэлэлцэн тохиролцсоны дагуу тус нөхөрлөл нь зээлийн баталгаа гаргасан бөгөөд уг гэрээнүүд нь хуулийн дагуу байгуулагдсан, зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа гэх үндэслэл заан маргажээ.

 

Хариуцагч ӨСХЗ- манай зүгээс Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа ба, компанийн хувьцааг шилжүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хариуцагч ГБ ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б ХХК-д 1,100,000,000 төгрөгийн, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ4325107408 тоот гэрээгээр нэмж 100,000,000 төгрөгийн зээлүүдийг олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ё.С-ийн өмчлөлийн Б ХХК-ийн хувьцааны 67 хувийг барьцаалахаар харилцан тохиролцож, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ГБ ХХК, Ё.С- болон ӨСХЗ- /хуучнаар ХХН/-ийн хооронд хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ерөнхий гэрээ болон хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Б ХХК-ийн нийт хувьцааны 67 хувийн 9,133 ширхэг хувьцааг ӨСХЗ--д шилжүүлэн авч улмаар Б ХХК-ийн ГБ ХХК-аас авсан зээлд баталгаа гаргасан байна. /хх 10-12, 42-57/

 

2.а. Дээрх хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ерөнхий гэрээнд заасны дагуу Б ХХК нь зээлийн төлбөрт 400,000,000 төгрөг төлсөн тохиолдолд хувьцааны 16 хувийг, зээлийн үлдэгдэл 300,000,000 төгрөг буюу түүнээс бага болсон тохиолдолд нэмж 18 хувийг буцаан шилжүүлэх, зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хувьцааг бүрэн шилжүүлэхээр, харин зээлийг төлөхгүй тохиолдолд хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

 

2.б. ГБ ХХК-аас, Б ХХК-д холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 28-ны, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 404 дугаар захирамжаар 1,182,343,301 төгрөгийг Б ХХК болон Д.Баясгалан нараас Голомт банкинд төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэн, мөн шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж байсан байна. /хх 30-32, 58-59/

 

2.в. Нэхэмжлэгч Ё.С-, ГБ ХХК, ӨСХЗ--ууд нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ерөнхий гэрээ, мөн өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг талууд дээр дурдсан зээлийн барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй байсан гэх үндэслэлээр эдгээр гэрээнүүдийг байгуулсан гэж тайлбарлажээ.

 

2.г. Хариуцагч ГБ ХХК, ӨСХЗ ХХН, Б ХХК-уудын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ерөнхий гэрээ нь дээр дурдсан Б ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна. Тодруулбал, энэхүү гэрээнд Б ХХК-ийн хувьцааны эрхээ зээлдүүлэгч Голомт банканд барьцаалах тухай талуудын бодит хүсэл зориг бүрэн тусгагдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх өөр үндэслэл нотлогдохгүй байна.

 

2.д. Мөн нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талууд хуулиар хориглосноос бусад агуулгаар чөлөөтэй хэлцэл хийх эрхтэй.

 

3. Гэрээ байгуулах болсон үндэслэлийн талаарх талуудын хүсэл зоригоос үзвэл Б ХХК-ийн хувьцааны 67 хувийг шилжүүлж буй нь хариуцагч Голомт банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа буюу барьцаалах зорилгыг хангуулах агуулгатай байна.

 

3.а. Иймд хариуцагч ӨСХЗ ХХН /хуучин нэрээр/, Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч ӨСХЗ ХХН-д, Б ХХК-ийн хувьцааны өмчлөх эрхийн 67 хувийг шилжүүлснийг хүсэл зоригийн бодит илэрхийлэл гэж үзэхгүй.

 

Хариуцагч ӨСХЗ ХХН /хуучин нэрээр/, Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн Ё.С-ийн эзэмшдэг Б ХХК-ийн 67 хувийн 9,133 ширхэг хувьцааг хариуцагч ӨСХЗ--аас гаргуулж нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

 

3.б. Нэхэмжлэгч талаас өмгөөллийн нөхөрлөл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн гэх гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь эдгээр хуулиудын холбогдох заалтууд нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг байнга эрхлэхийг хориглосон заалтууд байна. Иймд өөрт үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дүр үзүүлэх хэлцэл хийсэн нь дээр хууль, дүрмийн зөрчил биш болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГБ ХХК, ӨСХЗ-, Б ХХК-уудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ӨСХЗ--аас Б ХХК-ийн 67 хувийн 9,133 ширхэг хувьцааг гаргуулж нэхэмжлэгч Ё.С-т буцаан олгож, Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ё.С- болохыг тогтоож, Ё.С-ийн нэхэмжлэлээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ерөнхий гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 301,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэснийг 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 231,300 төгрөгийг улсын төвсийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ё.С-т буцаан олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ