Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 134/2016/0063/э |
Дугаар | 82 |
Огноо | 2016-12-07 |
Зүйл хэсэг | 097.1., |
Улсын яллагч | Э.Нямбилэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 82
О.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
прокурор Э.Н /цахим/
шүүгдэгч О.А /цахим/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
хохирогч Б.А
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Ад холбогдох, 201608000123 дугаартай, 1 хавтас, 205 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч О.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, хохирогч О.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: А-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн сэдэлтээр буюу эр эмийн хардалтын улмаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг Өлзийтийн задгайд оршин суух иргэн А.Төрбатын хашаанаас урагш 276 метр газарт шороон замын дэргэд 2016 оны 07 дугаар сарын 18-19 нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Ц.Гийн эзэмшлийн Тоёота премио маркийн *** ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан өөрийн эхнэр Б.Агийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: О.Аг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч О.Аг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
шүүгдэгч О.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony CD-R compact Disc гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD–г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх шүүгдэгчийн хүчтэй хаазалж огцом эргэх үйлдэл хийх үедээ бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, гэмтээж болзошгүй ямар нэгэн хор уршиг учирна гэдгийг мэдэх боломжтой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдэж хайхрамжгүйгээр хандсан байж болох үндэслэл байхад мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Н.Мандаллхагва, хохирогч Б.Агийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг зэргийг өөр хооронд болон бусад нотлох баримтуудаар харьцуулах зэргээр чухал ач холбогдол бүхий байдлыг үнэлэхгүй орхигдуулснаас түүнийг санаатай юм уу эсхүл болгоомжгүйгээр үйлдсэн байж болохыг үгүйсгэх, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлуудыг бодитойгоор үнэлээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх эргэлзээтэй нөхцөл байдлыг анхааран үзэхгүй хэт нэг талыг барьж хэргийн байдлыг тал бүрээс бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр О.Агийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хууль буруу хэрэглэх үндэслэл боллоо. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 63 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож О.Ад холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан ашигтайгаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч О.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Машин дээр очиход Г нь цээж нүцгэн суудлаа налаад хэвтэж байхаар нь миний амьдралд гай боллоо гэж хэлээд хэд хэдэн удаа цохисон, эхнэрээ нэг алгадаж унагаасан. Тухайн үед маш их бухимдсан байсан учир биеэ барьж чадалгүй зохисгүй үг хэллэг хэрэглэж, тэднийг цохисон нь үнэн. Тэгээд та нар иймэрхүү байдалтай байдаг бол би хэдэн хүүхдээ аваад явчихаж чадна, хэдэн хүүхэд дээрээ л очьё гэж бодож Гийн машинд суугаад машиныг хүчтэй хаазлаад огцом эргэтэл манай эхнэр урдуур гүйж орж мөргүүлсэн. Нэг эргэх юм уу, 2 дахь эргэлтэн дээр анзаарах сөхөөгүй, зогсоох боломжгүй байхад эхнэр урдуур орж мөргүүлсэн. Би сандарсандаа машинаа зогсоож чадалгүй дахин нэг эргээд зогссон. Түүнээс би хардсан уурандаа эхнэрээ санаатай мөргөж гэмтээгээгүй. Хоромхон зуурын энэ асуудлаас болж эхнэрийнхээ биед хүнд гэмтэл учруулж үр хүүхэд гэр бүлийнхээ хүмүүсийг сэтгэл санааны хүнд байдалд оруулсандаа маш их санаа зовниж байна. Миний энэхүү аргагүй байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хөнгөрүүлж өгнө гэдэгт итгэж байна гэв.
Хохирогч В.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэмт хэрэг гарахад миний буруутай үйлдэл маш их нөлөөлсөн. Миний хань намайг санаатай дайрах ямар ч санаа зорилго агуулаагүй бөгөөд би л ханийгаа тайвшруулъя, буруу ойлгочихлоо гэж машинд нь суух гэж өмнөөс нь гүйж ороод машин хурдтай ирж таараад би мөргөгдсөн. Одоогоор би хүүхдүүдтэйгээ Шивээ-Овоо ХК-ийн байранд түрээсээр амьдарч байгаа боловч А хоригдсоноор байгууллага байраа суллаж өг гэвэл үр хүүхэд бид орох оронгүй болох, мөн банкинд хэрэглээний өндөр зээлтэй, сард 500000 төгрөг төлөх зэргээс болж сарын орлогогүй цаашдаа яаж амьдрах эсэх нь тодорхойгүй байна. Миний биеийн эрүүл мэнд сайжирсэн, хань Ад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир ард үлдсэн миний 4 хүүхдийн ирээдүйг бодож нөхрийг минь ял зэмгүй гаргаж өгнө үү гэв.
Прокурор Э.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: О.А нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж хуульд зааснаар доогуур ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч О.Аг эхнэрээ Ц.Г гэгчтэй хардаж уурлан улмаар Ц.Гийн эзэмшлийн автомашиныг жолоодож өөрийн эхнэр Б.Аг шууд бус санаатайгаар мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна үзлээ.
Учир нь анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, санаа зорилгыг тогтоохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь, нягт нямбай, бодитойгоор үнэлж чадаагүй байна. Хавтаст хэргээс харахад шүүгдэгч, хохирогч нар нь Ц.Г гэгчтэй хамт архидан согтуурсан ба Ц.Г нь О.Аг согтохоор нь гэрт нь унтуулж орхичихоод эхнэр Б.Аг нь дагуулан явсны дараа О.А эхнэрээ хайж яваад тэднийг хөдөө хээр байхад нь очиход эхнэр Б.А нь Ц.Гийн хамт хоёулхнаа түүний машинд хамт байж, Ц.Г нь дээгүүрээ цээж нүцгэн байгааг хараад хардаж уурлан шүүгдэгч О.А Ц.Гийн автомашиныг жолоодож хэн нэгний эсрэг чиглэлгүйгээр огцом өндөр хаазтайгаар эргэлдэх хөдөлгөөнийг хийсэн нь гэрч Н.Мандаллхагва, Э.Цогбаяр, Ц.Г, хохирогч Б.А нарын болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүд, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийг ууртайгаар автомашинаар эргэх хөдөлгөөн хийж байх явцад хохирогч Б.А машинд орж суун нөхрөө тайтгаруулах зорилгоор машины урдуур орсноос болж автомашинд мөргүүлэн шидэгдсэний улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймээс гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн гэж үзнэ.
Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч О.Аг уг гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэхдээ хайхрамжгүй хандсан гэж үзэх нь хэргийн жинхэнэ байдалтай нийцнэ гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хайхрамжгүй хандахын субъектив шалгуур нь шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх явдал юм.
Юуг мэдээгүй вэ гэвэл шүүгдэгч нь архи ууж согтуурсан үедээ эхнэрээ хардаж, автомашин жолоодож өндөр хаазтай эргэлдэх нь бусдыг авто машинаараа дайрах, мөргөх зэргээр бусдын амь нас болон эрүүл мэндэд хор уршиг учруулах, эсхүл автомашиныг онхолдуулж өөрийн амь нас болон эрүүл мэндэд эрсдэл учруулах, эсхүл бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх зэргээр түүний үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учирна гэдгийг мэдэж байсан боловч хохирогч автомашиныг зогсоох санаа зорилгоор машин руу ойртсон үйлдэл хийнэ гэдгийг мэдээгүй. Энэ үед автомашин өндөр хаазтай, хурдтай явж байснаас түүнийг зогсоох боломжгүй байсан нь шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгдэгчийг бусдад хор уршиг учирч болохыг мэдэж байсан, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн буюу шууд бус санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэснийг буруу гэж үзлээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн хүмүүс учраас нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ба хохирогч Б.Агийн мэдүүлэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар хуулиар зөвшөөрөгдсөн тул хохирогчийн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй юм. Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, энэ хэрэгт холбогдолгүй гэрч Н.Мандаллхагва, Э.Цогбаяр, Ц.Г нарын мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчид холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг биш харин мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 буюу бусдад болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж үзэж хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нарын давж заалдсан гомдлууд үндэслэлтэй байна гэж үзэж энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2-р заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулж, 8-р заалтыг шинээр нэмэх зэргээр дараах өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай. Үүнд:
а/ шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “ шүүгдэгч О.Аг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.
б/ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар гэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч О.Ад 1 жилийн хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шинээр шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.
3. Шүүгдэгч О.Аг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
5. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
А.САЙНТӨГС