Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01696

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01696

 

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/01769 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Э-, Б.Ц-, Б.О- нарт холбогдох,

Э.Э-ээс 187,942,600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э- нарын хооронд байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2,9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон Э.Э- төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Э.Э- нь тус ББСБ-д хандан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн болон Б.Ц-, Б.О- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 дугаар байр, 1 тоот хаягт байрлах Ү-2206008994 улсын бүртгэлийн дугаартай, 000761207 тоот гэрчилгээтэй, 376,9 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 120,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэйгээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээл олгосон. Э.Э-ийн ББСБ-тэй байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байгаа.

Э.Э-ээс үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 66,468,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,461,600 төгрөг, мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 187,942,600 төгрөг нэхэмжилж, энэхүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 2,9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцож төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Хоёр хүүхдийнхээ нэр дээр зээл авсан. Үндсэн зээл 120,000,000 төгрөг, бид нарын тооцооллоор 59,160,000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Э-ээс 187,942,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, тус үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,238,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,167,863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зээлийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх хүүгийн хэмжээг багасган тооцож болох талаар зохицуулсан. Жилийн 30 хувийн хүү гэдэг нь хэт өндөр хүү. Нийт хүүний 20 хувийг хөнгөлөх нь зах зээлийн бодит байдалд нийцэх юм. Цар тахал цаг үеийн нөхцөл байдлаас болж зээлээ төлж чадаагүй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тохирох ёстой байхад талуудын байгуулсан зээлийн гэрээгээр талууд нэмэгдүүлсэн хүүг тохироогүй тодорхой бус байхад анхан шатны шүүхээс хариуцагч талыг нэмэгдүүлсэн хүүнд 1,461,600 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хүүгийн тооцоолол буруу бөгөөд 7,308,000 төгрөг илүү бодсон. Мөн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хийгддэг. О ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь хугацаагүй болох талаар баримт хэрэгт байхгүй, гэрчилгээний хавсралтад тэмдэглэл хийгдээгүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хүү, нэмэгдүүлсэн хүү 8,769,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

О ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нэмэгдүүлсэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөх хуулийн зохицуулалттай.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд төлөхгүй бол үргэлжлүүлэн төлнө гэх заалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Э.Э-, Б.Ц-, Б.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 187,942,600 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тус ББСБ болон Э.Э- нарын хооронд байгуулсан 20/2005 тоот зээлийн гэрээний 3.2.9-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс 1 сарын хүүг 2.9 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус Э.Э- төлөх үүрэгтэйг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас үндсэн зээлийн 120,000,000 төгрөгийг, зээлийн хүү 59,160,000 төгрөгийн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 1 сарын 2,9 хувийн хүүтэй зээлдэж авч, зээлийн барьцаанд хариуцагч Э.Э-, Б.Ц-, Б.О- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008994 дугаарт бүртгэлтэй, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд Зайсан гудамж, 20 байр 1 тоотын 376,9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан тухайд талууд маргаагүй байна. /хх 13-20/

 

3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т Э.Э- нь 2.1.1/24 сарын/-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2/2,9 хувь/-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2 /2,9хувь/-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө гэж тохиролцсон нь 1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон зэрэг нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

3.а. Тодруулбал, хариуцагч нь үндсэн зээлийн 120,000,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү 59,160,000 төгрөг, гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл хэтрүүлсэн 63 хоногийн хүүд 7,308,000 (1 сарын хүү 3,4800,000 төг/ 30 хоног = 116.000 төг * 63 хоног) төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,461,600 төгрөгийг нэхэмжилсэн нь дээр дурдсан гэрээ болон хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

 

4. Хариуцагч талаас, талуудын харилцан тохиролцсон зээлийн гэрээний 2,9 хувийн хүүг өндөр байгаа тухай гомдол гаргасан байх боловч, энэ талаар холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул тухайн гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр, хуульд зааснаар чөлөөтэйгөөр байгуулсан гэж үзнэ.

 

5. Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл сунгагдаагүй байна гэсэн хариуцагчийн гомдол нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 9/2221 тоот албан бичиг, мөн Хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай тогтоол зэргээр няцаагдаж байх тул, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/01769 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ