Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 205/МА2022/00011

 

 

ХААН банкны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 319 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум Жинст багт байрлах, Хаан банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Чандмана багт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,

2018 оны 8-р сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсаны улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг нийт 6,438,242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч В.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Зээлдэгч ******* болон хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь Хаан банкны Завхан салбарын ны төвөөс 2018 оны 8-р сарын 08-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулаан өмнөх зээлийн үлдэгдэл 6,964,228.37 төгрөг дээр 800,000 төгрөгийг нэмж аваад нийт 7,764,228.37 төгрөгийн зээлийг жилийн 3.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хүүхдийн хичээлийн хэрэгслийг авах зориулалтаар зээл авсан. Тухайн зээлийн барьцаанд гэр нэг ширхэг, зурагт нэг ширхэг гээд хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл төлөх хуваарийн дагуу дараах төлбөрүүдийг энэ хугацаанд хийсэн. Анх үндсэн зээлийн төлбөрт 3,299,657.93 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3,559,075.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3250.75 төгрөг нийт 6,851,984.55 төгрөгийг төлсөн. Зээлдэгчтэй 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөх хуваариар төлбөрөө бүрэн төлөөгүй. Ийм учраас банкны зүгээс зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр, үндсэн зээлийн үлдэгдэл буюу 6,323,225.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 199.69 төгрөг нийт 6,408,242.60 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 177,482 төгрөг, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн 30,000 төгрөг, нийт 6,615,724.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар сайн дураараа барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсаны дагуу гэр нэг ширхэг, зурагт нэг ширхэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулна. Зээлдэгч ******* нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд хамтран зээлдэгч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд уг хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь хамтран үүрээг гүйцэтгэгч *******оос зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

Хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны зүгээс гаргаж өгсөн хариуцагч *******ийн хүсэлт байгаа. уг хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ******* Хаан банканд хүсэлт ирүүлсэн байна.Уг хүсэлтдээ зээлдэгч ******* нас барсан тул зээлийн хүүг зогсоож өгнө үү, зээлийн гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэсэн байна. Уг хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан. Зээлийн хүү хэзээ зогсох вэ гэхээр аль ч арилжааны банк шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн хүү зогсоно. Хамтран зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийг шүүхэд шилжүүлж зээлийн хүүг зогсоох арга хэмжээг авсан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа. Өөр нэмж нэхэмжилсэн мөнгө байхгүй. Уг зээлийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр авахдаа хүүхдийн төлбөр, хичээлийн хэрэгсэл бэлдэхээр авсан байдаг. Зээл авсан цаг хугацааг харахаар 2018 оны 8 сард яах аргагүй сургууль цэцэрлэг орох үе байдаг. Тийм учраас уг зээлийг хүүхдийн хичээлийн хэрэгсэл авахаар авсан байна гэдэг нь харагдаж байна. Мөн үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар зээл авахдаа хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хүүхдийн төлбөрт зориулж 800,000 төгрөгийн зээлийг олгож өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан байдаг. Мөн уг зээлийг авахад гэр бүлийн хүн буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь байснаар уг зээлийг олгосон. Гэтэл үндсэн зээлдэгч маань нас барсан байдаг. Үүний дагуу хамтран зээлдэгч маань зээлийн хүүг зогсоох хүсэлтийг банканд өгсөн байдаг. Зээлдүүлэгч буюу Хаан банкны зүгээс хамтран зээлдэгчээс уг мөнгийг шаардах эрхтэй. Нэгэнт хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авах хүсэл зоригоо илэрхийлж зээл авсан, мөн хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээдэг учраас уг зээлийг хамтран зээлдэгчээс шаардах үндэслэлтэй. Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол гарсан. Уг тогтоолоор хэд хэдэн асуудал яригдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах хүсэлт гаргасан учраас тухайн зээлийн барьцаанд барьцаалсан гэр болон зурагтаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн. Хамтран хариуцагч ******* нь Хаан банканд зээл хүссэн хүсэлтийг гаргасан учраас зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Тийм учраас Хаан банкны нэхэмжилж байгаа мөнгийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

Миний нөхөр Б.******* нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй нийт 7,622,855.28 төгрөгийн цалингийн зээлийг Хаан банкны Завхан салбараас авсан. Би нөхрийнхөө гуйлтын дагуу хамтран зээлдэгчээр тус зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тус зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй юм. Учир нь бид хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа өөр газар амьдардаг байсан. Би нэг гэрт хамт амьдардаг байснаа бодоод түүний гуйлтыг зөвшөөрсөн ба авсан зээлээ юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Намайг Улаанбаатар хотод байх үед нөхөр Б.******* нь зуурдаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Талийгаач нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газарт ийн ажил эрхэлдэг байсан ба өөрийн олсон цалин хөлс, орлогоосоо банкны өр зээлээ төлдөг байсан. Миний бие талийгаачтай тусдаа амьдарч байсан болохоор банкны өрөнд нийт хэдэн төгрөг төлсөн талаар мэдэхгүй. Хаан банк нь зээлийн гэрээний 2.1.2-т "Зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглана. Энэ нь банкны ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ МNТ төрлийн бүтээгдэхүүн болно гэж зээлийн төрлөө тодорхойлсон байна. Гэтэл зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан байхад цалин орлогогүй хамтран зээлдэгч надаас зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй юм.

Учир нь талийгаач нь сар бүрийн цалин хөлсөө барьцаалан Хаан банкнаас 7,622,855.28 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь талийгаачийн цалин хөлс байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрддэг ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс юм. Ийнхүү хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаар өөрийн орлогоо барьцаалж, цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг юм. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заасан. Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байна. Миний бие хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч зээлийг авч зарцуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс байхгүй, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйгээс тус цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 6,323,255.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 84,817.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 199.69 төгрөг нийт 6,408,242.60 төгрөгийн гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд Хаан банкны Завхан салбарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн зээлийг гаргуулахаар Хаан банкнаас *******ид хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээс тухайн зээлийг гаргуулна гэдгийг миний зүгээс боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр үндсэн зээлдэгч маань тухайн зээлийг авах үедээ Завхан аймгийн Яруу сумын т ажилтай тухайн байгууллагын цалингийн зээлтэй холбоотой зээлийн нөхцөл байдал үүссэн байна. Үндсэн зээлдэгч ******* маань өөрөө ямар зээлийг авсан бэ гэхээр Хаан банкны зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар зээлийг цалингийн зээлийн зориулалтай, уг зээл нь тухайн төрлийн бүтээгдэхүүн болно гэж гэрээнд заагдсан байдаг. Тийм учраас Хаан банкны Завхан салбарын ны төвөөс цалингийн зээл аваад 2019 онд нас барсан үйл явдал болсон байдаг. Энэ нь *******ид ямар хамаарлаар уг зээлийг Хаан банкны зүгээс нэхэмжлээд байгаа нь үндэслэл муутай байна.

Нэгдүгээрт: Үүрэг гүйцэтгэгч гэдэг хүний хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ёстой. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ******* өөрөө би хамтран үүрэг гүйцэтгэгчээр ажиллана, эсхүл хамтран зээлдэгч болно гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт өнөөдрийн байдлаар *******ийн хүсэл зоригоо илэрхийлсэн баримт харагдахгүй байна. Энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр ******* зээл авах хүсэл зоригийг илэрхийлээгүй байна гэсэн үг. Мөн ******* өөрөө цалингийн зээл аваагүй байна гэсэн үг. Цалингийн зээл авахын тулд ******* хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. Гэтэл Хаан банкнаас зээл олгосон маягт дээр хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг нэр томъё орж ирсэн. Тухайн зээлд хамтран үүрэг гүйцэтгэхээр хүсэл зоригоо илэрхийлээгүй *******оор уг баримт дээр гарын үсэг зуруулсан. Уг гарын үсгийг ямар үндэслэлээр яаж зуруулсан юм бэ гэдэг эргэлзээтэй асуудал үүссэн. ******* уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэнэ, үндсэн зээлдэгчид ямар нэгэн асуудал гарах юм бол би хамтран үүрэг гүйцэтгэнэ гэж хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад хамтран үүрэг гүйцэтгэгч болгосон хуучирсан үйлдэл байна гэж би үзэж байна. Цалинтай холбоотой асуудал Хөдөлмөрийн тухай хуульд заасан асуудал. Цалингийн зээл гэдэг чинь хийсэн хөдөлмөрөөрөө уг зээлийг төлнө гэсэн үг, хэрвээ уг зээлийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр төлнө гэсэн хүсэлт гаргаад түүнийг нь тухайн үед нь үнэлж дүгнээд энэ асуудлыг шийдэх ёстой байсан байна гэж харж байна. Хаан банкны зүгээс энэ бол өрхийн зээл, хүүхдийн төлбөр, хичээлийн хэрэгслийг авахаар, уг зээл өрхөд зориулагдсан байна гэж байна. Тухайн хүн цалингийн зээлээ юунд зарцуулах уу гэдэг асуудал бол хувь хүний асуудал гэтэл түүнийг зөвхөн хүүхдийн хичээлийн төлбөр, хичээлийн хэрэгсэлд авсан гэж тухайн хүний дотоод нөхцөл байдалд гүнзгий орох нь хүний эрх зөрчсөн байна гэж харж байна. Тийм учраас ******* гэдэг хүн хамтран үүрэг гүйцэтгэгч мөн үү гэвэл биш гэж харж байна. Яагаад биш гэж үзэж байна вэ гэхээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан байдаг. Гэтэл ******* уг зээлийг төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад банкны зүгээс үүнийг оруулж ирэх нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид зээлдүүлэгч гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл *******той энэ эрх үүрэг хэрэгжээгүй. Хэрэгжээгүй эрх үүргийг Хаан банкны зүгээс манай байгууллага мөнгө нэхэмжлэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгааг миний зүгээс үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хаан банкны зүгээс уг зээлийг гүйцэтгэх хугацаа, биелэгдэх нөхцөл зээлийн эргэн төлөлт зэргийг *******тай л хийсэн. ******* зээл авах хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад *******ын хүсэлт дээр шууд гаргаж ирээд тавьсан нь үндэслэлгүй байна. Тийм учраас ******* Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангаагүй байна гэж үзэж байна. Үндсэн зээлдэгч маань нас барсан. Үндсэн зээлдэгч нь хэдэн төгрөгийн зээлтэй байж байгаад нас барсан гэдгийг нас барсан өдөр нь дуусгавар болгох ёстой. Үндсэн зээлдэгчийг нас барсан өдрөөр зээлийг дуусгавар болгохгүй үүнээс хойш тодорхой хугацаагаар явуулж хамтран зээлдэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгч мөн үү, биш үү гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 240 дүгээр зүйлд зааснаар ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурахаар илэрхийлээгүй байхад нь гарын үсэг зурсан нь хэлбэрийн төдий байна.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 319 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний төлбөрт 6,408,242.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгт холбогдох хэсэг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 117,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 319 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Надад холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ зээлдэгч ямар төрлийн зээл авсныг анхаараагүй ба миний хувьд шүүхэд зээл авахад ямар нэгэн хүсэлт зорилго агуулаагүй байхад надад хамааруулсан нь үндэсгүй гэж үзэж байна.

Банк надад зээл авлаа гэж миний дансанд шилжүүлээгүй. Иймд миний хувьд уг мөнгийг болон төлөх үүргийг шилжүүлээгүй уг мөнгийг/зээлийг/ би аваагүй ба тухайн банкнаас зээл аваагүй болно.

Миний бие цалинтай ажил хийж, цалингийн зээл авах нөхцөл бүрдээгүй байсан юм.

Талийгаач амьд сэрүүн байх үед надаас ямар нэгэн зүйл шаардаагүй нь талийгаач өөрийн ажил үүрэг гүйцэтгэж авсан орлогоо барьцаалж зээл авч төлж байсан.

Иймд хэрэгт авагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд гаргасан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Тухайн үед нэхэмжлэгч байгууллага өөрөө Б.*******оос ахуйн хэрэглээний зээл авсан гэдэг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хамгийн гол нь зээлдэгч иргэн нь тухайн цалингийн зээлийг авахдаа төрийн байгууллагад ажиллаж байгаад авсан байхад ахуйн хэрэглээнд зарцуулсан гэж Хаан банкнаас үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.******* өөрөө тухайн үед үндсэн зээлдэгчтэй тус тусдаа амьдардаг байсан бөгөөд цалинг банканд барьцаа болгож тавиад байхад ахуйн хэрэглээнд гэж талийгаачийн амьдарч байсан гэрийг бас барьцаа болгож авсан байдаг.

Тэгээд тухайн талийгаач нас барсны дараа банканд барьцаа болгож тавьсан эд зүйлсийг нь аваарай гэж Б.******* хэлсэн болохоос биш Хаан банктай гэрээ байгуулж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Дашбалбар, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.******* нар нь Хаан банкны ны төвд хамтран ирж зээлийн хүсэлтээ гаргасан. Зээлийн хүсэлтийн маягтууд хавтаст хэрэгт байгаа. Энэ хоёр хүн нь хамт ирж хүсэл, зоригоо илэрхийлж зээлийн хүсэлт гаргасан. Зээлийн барьцаанд гэр болон зурагтыг өөрсдөө хүсэлт гаргахдаа зээлийн барьцаанд барьцаалах хүсэлтийг гаргасан. Зээлийн зориулалтын тухайд хүүхдийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэлд зориулж тухайн зээлийг авсан байдаг.

Дашбалбар нь нас барсан хэдий ч Б.******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд уг хуулийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу Хаан банк Б.*******оос зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Завхан салбар нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 640.8242.60 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.*******тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 7.764.228.37 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлдүүлсэн ба гэрээнд хамтран зээлдэгчээр Б.******* гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк Б.*******ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Үүнээс үзвэл банк зөвхөн Б.*******ын цалин орлогыг үндэслэн түүний хүсэлтээр зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Банк гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг цалин гэж тодорхойлсон атлаа Б.*******ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн хамтран зээлдэгч болох Б.*******ийн орлого, эд хөрөнгө тухайн гэрээнд барьцаалагдаагүйгээс гадна тэрээр орлого олдог эсэх, олдог бол хэдий хэмжээний орлоготой болох нь тодорхойгүй, зээлийн гэрээ болон хэрэгт үүнтэй холбоотой ямар нэг баримт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж тодорхойлсон бөгөөд хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэгдсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Б.******* нь ХААН банк Б.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч энэ үйл явдлын улмаас өөртөө хууль зүйн үр дагавар бий болгох хүсэл зорилгогүй байсан байна.

Б.******* нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анх ХААН банкинд хандаж Төрийн банкны хувийн зээл хаах хэрэгцээнд зориулж 6 000 000 төгрөгийн зээл олгуулах талаар, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөн төрийн Банкны зээл хаах хэрэгцээнд зориулж 1.250.000 төгрөгийн зээл олгуулах талаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өрхийн хэрэгцээнд зориулж 700.000 төгрөгийн зээл, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өрхийн хэрэгцээнд зориулж 6.000.000 төгрөгийн зээл, хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах зориулалтаар 700.000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргасны ХААН банк хүлээн авч тухай бүр нь хүссэн хэмжээгээр зээл олгож байсан байх бөгөөд Б.******* нь Б.*******ын хүсэлтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээл авах хүсэлтэд гарын үсэг зураагүй энэхүү зээлийг авах, зээлийн гэрээний үүрэг хүлээх хүсэл зориг надад байгаагүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Б.*******ын Төрийн банкнаас хувьдаа авсан зээлээ хаах зорилгоор анх ХААН банкнаас 6.000.000 төгрөгийн зээл авах хүсэлтийг ХААН банк хүлээн авч түүнд зээл олгохдоо Б.*******ийн хамтран үүрэг хүлээх хүсэлтийг нь аваагүй, хамтран үүрэг хүлээх хүсэл зоригийг нь бодитойгоор зээлийн гэрээнд тусгаагүй, Б.******* нь зээлийн гэрээнүүдийн хамтран зээлдэгч гэсэн хэсэгт гарын үсэг зурсан боловч хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Нэхэмжлэгч ХААН банк нь Б.*******ын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анх ХААН банкнаас Төрийн банкны хувийн зээл хаах зориулалтаар авсан 6.000.000 төгрөгийн зээлийн үүргийг Б.******* хамтран гүйцэтгэх хүсэл зорилготой байсан болохыг нотлоогүй байна.

Тиймээс Б.*******ийн ХААН банктай хийсэн Б.Дашдбалжирын зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.*******ийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ