Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 31

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г, 

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “…Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын миний өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г намайг Бүгд найрамдах Солонгос улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойшхи цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П, нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“… Б.Гг миний бие 2006 оноос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст үйлчилгээний тасгийн эрүүл мэндийн байцаагчаар ажиллаж байгаад 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс Бүгд найрамдах Солонгос улс дахь Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газрын мэргэжилтний албан тушаалд томилогдсон. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар Бүгд найрамдах Солонгос улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан, 2009 онд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ.

Миний бие 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд чөлөөний хугацааг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.

Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хймгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан өргөдөл гаргасан боловч ямар нэгэн хариу өгөхгүй ажилд томилохоос татгалзсан тул 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин өргөдөл гаргасан, мөн өргөдлийг маань шийдвэрлээгүй ямар нэгэн хариу өгөөгүй учир 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, дээрх хугацаанд миний бие удаа дараа холбогдох хүмүүстэй биеэр уулзсан боловч ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр ажилд томилохоос татгалзсаар өнөөдрийг хүрч иргэн миний эрхийг зөрчсөөр байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” Хөдөлмөрийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөний хугацааны дууссан байхад ажил олгогч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь дээрх хуулиудыг зөрчиж иргэн намайг хохироож байна.

Миний бие дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандан 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 878 тоот албан бичгээр миний өргөдлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад шилжүүлэн хариуг түүгээрээ өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээр миний өргөдлийг шийдвэрлэлгүйгээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас миний өргөдлийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлэх замаар иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хохироосоор байна.

Иймд иргэн Б.Г миний ажилдаа эргэж орох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г намайг Бүгд найрамдах Солонгол улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойшхи цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч Б.Г нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон өргөдлийг гаргасан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 878 тоот албан бичгээр “Б.Г-ийн өргөдлийг судалж, хариуг өгнө үү” гэж өргөдлийг хавсарган ирүүлсэн болно.

Эдгээр өргөдлийг тус яам хүлээн авах үед Засгийн  газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах,татан буулгах тухай” Засгийн газрын 55 дугаар тогтоолоор Б.Гийн ажиллаж байсан “Бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” татан буугдсан байсан.

Өмнө Б.Г-ийн ажиллаж байсан төлөөлөгчийн газар нь “Бүгд найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болж өөрчлөн зохион байгуулагдсан төдийгүй албан хаагчдыг томилох, чөлөөлөх нь төвийн даргын эрх хэмжээний асуудал болсон тул яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд Б.Г-ийн өргөдлийг хангаж, өмнө нь ажиллаж байсан байгууллагад томилох шийдвэр гаргах боломжгүй болсон. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” захиргааны акт нь илт хуулъ бус захиргааны акт болох бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гаргасан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болохыг заасан.

Нэгэнт төвийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх боломжгүй болсон, төвийн дарга нь томилогдоогүй зэрэг нөхцөл байдал, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан чиглэлийг тус тус харгалзаж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/90 тоот албан бичгээр “Б.Г-ийг ажлын байраар хангах зорилгоор зохих журмын дагуу ажлын байраар хангах” чиглэлийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, нийгмййн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Б.Г-ийн өргөдлийг шийдвэрлэхдээ хууль бус эс үйлдэхүй гаргаагүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгчээс “...миний бие 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст улсын байцаагчийн албан тушаалд томилогдож ажиллаж байгаа бөгөөд тус шүүхэд гаргасан Бүгд Найрамдах Солонгос улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү, бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх хүсэлтийг шүүх хуралдааны үед бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. ”, 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр тушаалаар Б.Г нь Бүгд Найрамдах Солонгос Улс дахь нийгмийн даатгалын албаны мэргэжилтнээр томилогдож, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар Б.Г-ийг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, тус улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү, бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/173 дугаар тушаалаар Б.Г-д 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон байх бөгөөд Б.Г нь Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд асрах чөлөөг сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Б.Г-ийн хүүхэд асрах чөлөөг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгажээ.

Нэхэмжлэгч Б.Г нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад тус тус хүүхэд асрах чөлөө дуусан тул ажилдаа эргэж орох хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй болох нь хариуцагчаас ирүүлсэн баримтууд /хх-39-41/ болон Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А*******өд хандан Б.Г-ийг өргөдлийг шийдвэрлэж хариу өгөхийг мэдэгдсэн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 878 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж хуульд заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй байна. 

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/90 тоот албан бичгээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Б.Г-ийг тус яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт /хуучнаар/ шилжүүлсэн байх тул зохих журмын дагуу ажлын байраар хангах арга хэмжээ авч хариуг мэдэгдэнэ үү” гэх албан бичгийг хүргүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Б.Г-ийг тус хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар томилсон байна.  

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд “2.Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина. 3.Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. 4.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. 5.Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Г-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 1 жил 24 хоногийн цалин болох 7799281 /588625*12+588625/22*15=7799281/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу Б.Г-ийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж гаргасан өргөдлийг 30 хоногийн дотор буюу хуульд заасан хугацаанд хянах эрхийг хязгаарлах үндэслэлгүй, “өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй” байсан гэж дүгнэх боломжгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа” гэж, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх журам”-ын 2 дугаар зүйлийн “в”-д “в/хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө;” гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөс тооцон төлсөн байх ба нэхэмжлэгч шүүх хуралдааны үед ажилгүй байсан хугацааны бус 2016 оны 7 дугаар сараас 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх уг шаардлагыг хуулийн дээрх заалтын дагуу хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэхүү шүүхийн шийдвэр нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” гэж заасны дагуу хохирол учирсан гэж үзэж захиргааны байгууллагын шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй болно.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4, 15.5, 16.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи цалин болох 7.799.281 /долоон сая долоон зуун ерэн есөн мянган/ төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, 2016 оны 7 дугаар сараас 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг хугацааны цалинг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-эс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Бүгд найрамдах Солонгос улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгосугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА