Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01763

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01763

 

 

М.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/02364 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шүүгчийн захирамжаар Л.Б-гаас 71,807,850 төгрөг гаргуулж М.Г-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа. Уг ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч Л.Б-гийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох М.Д-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагааны хурал 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон.

Санал болгох хуралдааны өмнө төлбөр төлөгч Л.Б- нь төлбөр авагч М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-тэй тухайн өдрөө 5,000,000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлж үлдэгдэл төлбөрийг 2 сарын дотор бүрэн төлж барагдуулах, уг 2 сарын хугацаанд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийхгүй хэмээн тохиролцсон. Уг тохиролцоогоо санал болгох хуралдаан дээр Л.Б-гийн зүгээс илэрхийлж, төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн саналыг дэмжиж, санал болгох ажиллагааг хойшлуулахыг зөвшөөрсөн.

Харин төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын зүгээс М.Д-гийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлгээнд буюу 66,807,850 төгрөгт тооцон төлбөр авагчид санал болгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ санал болгох хуралдаанд илэрхийлсэн.

Гэтэл НШШГГ-аас М.Д-гийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч М.Г-д төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д зааснаар талууд нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусахаас өмнө эвлэрэх эрхтэй. Уг эрхийнхээ хүрээнд төлбөр төлөгч Л.Б- төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г- нар тохиролцсон, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс санал болгох ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байхад талуудын хуулиар олгогдсон эвлэрэн хэлэлцэх эрхийг зөрчиж НШШГГ-аас барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар М.Д-гийн зүгээс НШШГГ-т гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаартай тогтоолоор татгалзсан хариуг өгсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргахад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09/440 дугаартай албан бичгээр санал болгох ажиллагааг хүчингүй болгохоос татгалзсан шийдвэр гаргасан.

Тиймээс талуудын эвлэрэх эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт зааснаар төлбөр авагчид санал болгосон хөрөнгийн үнийн дүн тухайн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн төлбөрөөс давсан нөхцөлд давсан зөрүүг төлбөр төлөгчид буцаан төлсний үндсэн дээр хөрөнгийн эрх шилжинэ. Гэтэл санал болгох хуралдааны шийдвэрээр тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлээд өгчихсөн мөртлөө зөрүүг хэрхэх талаар шийдвэрлээгүй. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дах хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргах байтал тогтоол гараагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захирамж гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ. Гэтэл шүүгчийн захирамж хэрэгт байхгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй.

Үүнээс үзэхэд 2017 оны 12 сараас хойш явагдсан бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй байна.

Иймд Л.Б-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох М.Д-гийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар захирамжаар Л.Б-гаас 71,550,000 төгрөгийг гаргуулж М.Г-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Д-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 00 тоот орон сууцыг битүүмжилж, хураан авч, шинжээч томилход 2016 оны 05 дугаар сарын 19-нд зах зээлийн үнэлгээг 70,365,000 төгрөгөөр тогтоосон. 2016 оны 06 дугаар сарын 10-нд анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны 1636 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны 815 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 1957 дугаар магадлал, Улын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар 02-ны 119 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

М.Д-гийн төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 06-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5040 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар 21-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

М.Д- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 633 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 872 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1184 дүгээр тогтоолоор нэхэмжлэгийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг М.Д-гийн төлөөлөгч Б.Б гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20510 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болно. Үүнээс үзэхэд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад явуулсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Талуудад санал болгох хурлыг зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-167/24819, 4-167/24818 дугаартай мэдэгдэлийг гардуулж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр санал болгох хурлаар төлбөр төлөгч Л.Б-гийн хүссэн 60 хоногийн хугацааг өгч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцож, барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

М.Д-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч М.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний санал болгох ажиллагааны хуралд барьцаа хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэлээр төлөөлж оролцсон ба төлбөр төлөгч Л.Б- нь төлбөр төлөх 60 хоногийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, цаашид гарах үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн санал болгох хурлыг хүчингүй болгохоор шаардаж байгаа нь тодорхойгүй, түүнийгээ нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хууль зүйн үндэслэлгүй байна.

Барьцаа хөрөнгөнд хийгдэх ажиллагаа маш их удааширч, үндэслэлгүйгээр, хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаад гомдолтой байна.

Төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгчид байхгүй гэж тайлбарлаад байна. Барьцааны гэрээ байгуулсан учраас уг гэрээнийхээ үндсэн дээр хариуцлага хүлээх ёстой. Нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн захирамжгүй байхад ажиллагааг явуулсан гэх тайлбар нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй. Иймд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна.

Түүнээс гадна төлбөр авагчийн зүгээс санал болгох хурлыг, эвлэрч байгаа тул хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй. Төлбөр төлөгч нь 5,000,000 төгрөгийг төлбөр авагчид өгөөд, 2 сарын хугацаанд байрны өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр төлбөрийг төлнө гэсэн болохоос санал болгох ажиллагааг хойшлуулах хүсэлтийг гаргаагүй.

Иймд М.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 73 дугаар зүйлийн 73.3-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/06972 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч төлбөр төлөгч нь төлбөрийг 2 сарын дотор бүрэн төлөхөөр төлбөр авагчтай эвлэрэн хэлэлцэж, энэ хугацаанд санал болгох ажиллагааг явуулахгүй байхаар тохирсон гэж тайлбарласан ч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний тайлбарыг үгүйсгэж байгаагаас үзэхэд хариуцагч нь хуульд заасан дарааллын дагуу санал болгох ажиллагааг явуулсан болох нь тогтоогдож байна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн тайлбар санал болгох хуралдааны тэмдэглэлээр нотлогдох бөгөөд уг тэмдэглэл нотлох баримтаар өгөгдсөн байтал шүүгчийн зүгээс хэрэгт өгөгдсөн нотлох баримтыг үнэлж, тухайн үед болсон үйл явдлыг тал бүрээс нь үнэлж бодитоор тодорхойлох боломж байхад зөвхөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг туйлын үнэн мэтээр хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

М.Д-гийн өмчлөлийн орон сууцыг 70,365,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан санал болгох хурлаар тухайн орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00833 дугаартай захирамжаар Л.Б-гаас 71,550,000 төгрөг гаргуулж М.Г-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нь уг төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр нь 66,550,000 төгрөг болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дах хэсэгт заасны дагуу үнийн зөрүүнд үүсэх 3,815,000 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох тухай шийдвэрлээгүй орхигдуулсан нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Гэвч шүүхээс дээрх санал болгох ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор сэргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн зохицуулалт нь уг хуулийн 69 дугаар зүйлийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд үйлчлэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхэд хамаарахгүй. Тиймээс шүүхээс хуулийг буруу хэрэглэж шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн Дээд шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Д-гийн орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч М.Д- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00833 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамжаар Л.Б-гаас 71,807,850 төгрөг гаргуулж М.Г-д олгох, уг шийдвэрийг хариуцагч Л.Б- сайн дураар үл биелүүлбэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 1 тоот хаягт байрлалтай 38 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэжээ.

/хх 68-70/

 

3. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, НШШГГ-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн холбогдох ажиллагаа явагдсан байна. /хх 4-13, 67-191/

 

4. Хариуцагч талаас дээр дурдсан барьцааны хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагаа хийгдэж, төлбөр төлөх мэдэгдлийг төлбөр төлөгч талд мэдэгдэж байсан байх ба, Л ХХК-ийг шинжээчээр томилж, уг хөрөнгийг шинжээч 70,365,000 төгрөгөөр үнэлжээ.

/хх 77-83, 84-94/

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгө болох нэхэмжлэгч М.Д-гийн өмчлөлийн дээрх орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул барьцааны үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлын талаарх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-159/24819 дугаартай мэдэгдэх хуудсыг М.Д-д мөн өдөр хүлээлгэн өгч, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 183-184/

 

6. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Санал болгох ажиллагааг явуулж, уг ажиллагаанд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-, төлбөр төлөгч Л.Б-, барьцааны хөрөнгийн өмчлөгч М.Д-гийн төлөөлөгч Б.С- нар оролцсон байх ба, төлбөр төлөгч Л.Б-гийн 60 хоногийн хугацааны дотор төлбөрийг төлнө гэснийг, төлбөр авагчийн төлөөлөгч П.Г- зөвшөөрсөн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл төлбөр төлөх хугацаа олгож, уг хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хөрөнгийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн Санал болгох ажиллагааны тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 14-19, 186-191/

 

7. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Санал болгох ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.Б-гийн 60 хоногийн хугацаанд төлбөрөө төлөх тухай саналыг төлбөр авагч зөвшөөрснөөр уг хугацаа олгогдсон байх бөгөөд харин төлбөр төлөхөөр өгөгдсөн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлэх ажиллагааг хийхээр шийдвэрлэсэн нь барьцааны хөрөнгийн өмчлөгчийн эрх ашгийг хөндөөгүй байх тул 60 хоногийн хугацааг олгоогүй, санал болгох ажиллагааг хойшлуулаагүй гэх үндэслэлгүй байна.

 

7.а. Иймд хариуцагч байгууллага нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг оролцуулан хийсэн нь хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/02364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ