Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01813

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01813

 

 

НМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2022/00352 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Э-т холбогдох,

Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалант дамдин гудамж, 00 тоотод байрлах, 2 гараашийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр нийт 15,576,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гараашийн үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Ж.Э-, хариуцагчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

НМ ХХК-ийн хууль ёсны өмч болох машины 2 гараашийг Налайх дүүргийн 2 дугаар хорооны 47 дугаар байрны 15 тоотод оршин суугч хариуцагч болох Ж.Э-ийн нөхөр талийгаач Б-тэй тухайн үед амаар тохиролцож 2 гараашинд машин тавиулаад дулааны үнэ орохгүйгээр төлбөр тооцоогоо хийдэг байсан. Гэвч Б- 2021 онд зуурдаар нас барсан. Бид талийгаачтай ойрын найзууд байсан тул тухайн үед эх хүний сайхан сэтгэлээр харуусах, харамсах сэтгэл төрөөд хүний ёс жудгаа бодоод талийгаачийг өнгөрснөөс хойших 2 жил гаруй гараашид машин тавиулсан төлбөрөө нэхээгүй. Харин хариуцагч Ж.Э-ээс 2014 оноос хойш өдийг хүртэл НМ ХХК-ийн хууль ёсны өмч машины 2 гарааш ашигласны төлбөр тооцоогоо хийгээд 2 гараашийг султгаж, чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахаар султгаж чөлөөлж өгнө гэдэг боловч, гараашинд машин тавьсан төлбөрөө ч өгдөггүй. 2021 оноос одоог хүртэл Ж.Э-ийн худ болох Б- микро автобусаа тавьж байгаа. 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл буруу хийснээс болоод шийдвэрлүүлж чадаагүй хойшлогдсон. Иймд хариуцагч Ж.Э-ээс Налайх дүүргийн 2 дугаар хороонд байршилтай НМ ХХК-ийн хууль ёсны өмч болох машины 2 гараашийг чөлөөлүүлж, машин тавьж ашигласны төлбөр нийт 15,576,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2004 онд энэ маргаан бүхий гарааш баригдсан. Анх барихдаа 5 гараашийг барьсан. 2014 онд НМ ХХК-ийг төлөөлж н.Э- хариуцагчийн нөхөр болох талийгаач Б-тэй хэлцэл хийсэн. Хэлцлийг хийхдээ гараашны материалын зардал, ажиллах хүчний зардал, хаалга, дээвэр гэх зэргийн зардлыг Б- гаргаж, тухайн гараашийг өөрийн өмчлөлд авахаар харилцан тохиролцсон. 2004 онд гараашийг ашиглалтад оруулаад, түүнээс хойш одоог хүртэл тухайн гараашийг ашиглаж байна. Хариуцагч Э-ийн нөхөр Б- нь гарааш барих бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Өөрөөсөө 5 гараашны зардлыг гаргаад хариуд нь 2 гараашийг өмчилж авахаар ярьж байсан. Талийгаач Б- нь гараашийг ашиглалтад оруулсны дараа өөрийн өмчлөлд авах асуудлыг хөөцөлдөхгүй явж байгаад 2011 онд нас барсан. Талийгаачийг нас барснаас хойш хариуцагч нь тухайн гараашийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Анх энэ гараашийг ямар нэг нь хариу төлбөртэй ашиглуулах, түрээслүүлэх талаар гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар НМ ХХК тухайн гараашийг үндэслэлгүйгээр өмчлөлдөө авч хөрөнгөжсөн учраас гэж үзсэн учраас тухайн 2 гараашийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2004 онд нөхөр М.Б- нь өөрийн тоосгоор НМ ХХК-ийн газар дээр 5 гарааш барьсан. 2 гараашийг Эү-, гараашийг Эн, 2 гараашийг манай нөхөр М.Б- бид хоёр эзэмших өмчлөх болсон. Тухайн үед гараашинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаггүй гэсэн тул манай нөхөр бид хоёр гараашид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авч чадаагүй.

2011 оны 03 дугаар сард манай нөхөр зуурдаар нас барсан. Манай нөхрийг нас барсны дараа ч гараашийг би эзэмшиж өмчилсөөр байсан. 17 жилийн хугацаанд түрээсийн мөнгө өгч байгаагүй. Гэтэл НМ ХХК нь манай нөхрийг нас барсны дараа надад мэдэгдэлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, улмаар гараашийг манайд түрээслүүлж байсан мэт нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаж буй гараашийг миний өмчлөл мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна.

Гараашийг бариулахдаа манай нөхөр тоосго зөөж авчруулж, хятадуудаар барилсан ба энэ талаар Д.Т сайн мэднэ. Р.Б гараашийн хаалгыг хийж байсан ба ажлын хөлсөө манай гэрээс авч ирж авсан. Миний нөхрийг нас барсны дараа нас барсны дараа хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Иймд тухайн гараашийн үнэ 10,000,000 төгрөгийг НМ ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Тухайн гараашийг барих тоосгыг талийгаач М.Б-ээс худалдаж авч байсан. Бид өөрийн хөрөнгө зардлаар тус гараашийг барьж ашиглалтад оруулсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай ажилтнууд аж ахуйн аргаар барьсан. Анх маргаан бүхий 2 гараашийг авто засварын зориулалтаар барьж байсан.

 

5. Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч НМ ХХК-ийн өмчлөлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Жаргалант дамдин гудамж, 00 тоотод байрлах, 2 гараашийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Шарнууд Ж-ын Э- /РД:УЕ58121301/-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Э-ээс гарааш ашигласны төлбөр 15,576,000 /арван таван сая таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг, нэхэмжлэгч НМ ХХК-аас гараашийн төлбөр 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч НМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,030 /гурван зуун зургаан мянга гуч/ төгрөг, хариуцагч Ж.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч НМ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Миний талийгаач нөхөр Б- нь 2004 онд гарааш барьж, 2 гараашийг өөртөө, 3 гараашийг НМ ХХК нь авах болсон. 2004 оноос хойш 18 жилийн турш манай гэр бүл 2 гараашаа эзэмшиж өмчилж ирсэн. Миний нөхөр Б- нь 2011 онд нас барсан ба түүнийг нас барсны дараа буюу 2015 онд НМ ХХК нь гарааш дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бидний зөвшөөрөлгүй гэнэт гаргуулж, биднийг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан.

НМ ХХК нь манай гарааш дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан хугацаа нь гарааш баригдсанаас хойш 11 жилийн дараа буюу 2015 онд байсан бөгөөд энэ хугацаа нь миний нөхөр Б- талийгаач болсны дараа байгаа буюу цаг хугацааны уялдаа холбоог анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой.

6.б. Нэхэмжлэгч НМ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 18 жилийн турш тухайн 2 гараашийг бидэнд түрээслүүлж байсан мэтээр худал тайлбар гаргаж, гараашийг албадан чөлөөлүүлсэн. Гэсэн атлаа нэг ч түрээсийн гэрээ байхгүй, нэг ч төлбөр тушааж байсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

6.в. Гэрчүүдийн мэдүүлэг, хоёр гараашны хийц, баригдсан материал зэрэг бусад гараашнуудаас өөр болохыг нотолсон хоёр гараашид үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, 2СС4 оноос хойш цахилгаан, дулааны төлбөр төлсөн баримт, хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Ж.Э-, түүний нөхөр Б- 2004 онд маргаж буй хоёр гараашийг өөрийн зардлаар бариулж одоог хүртэл 18 жил өмчилж, ашиглаж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

6.г. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3, 105 дугаар зүйлийн 105.1, мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтаар хариуцагчийн зөрчигдсөн эд хөрөнгийн эрхийг сэргээн тогтоож сөрөг нэхэмжлэлийг хангаж болох байтал үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Анхан шатны шүүх Р.Б, О.Г нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуульд заасан хүлээх, үүрэг хариуцлагын талаар сануулж гарын үсэг зуруулсан, гэрч өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэж баталсан байх тул гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв биш, эргэлзээгүй гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

6.д. Нэхэмжлэгч НМ ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авч уг шийдвэрээ үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан болохоос биш өмч бий болсон эх үүсвэр, зардлыг баримтаар няцаагаагүй зөвхөн тайлбараар нотолж оролцсон НМ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул Ж.Э-ээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж, гараашны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ж.Э- миний эзэмшлээс албадан чөлөөлсөнтэй холбоотой заалтыг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан нь цаг хожиж, үнэ төлбөрийг гараашийг ашиглах арга гэж үзэж байна. Тухайн 2 гарааш нь НМ ХХК-ийн хууль ёсны өмч юм. Хариуцагч нь 2 гараашийг нөхөр нь барьсан гэж тайлбарласан боловч НМ ХХК барьсан гарааш бөгөөд тухайн үед Ж.Э-ийн нөхрийн тоосгоны үйлдвэртэй байсан тул миний өмч хөрөнгө байх ёстой гэж маргаан үүссэн. 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан гэх боловч 2008 онд Ж.Э-ийн нөхрийг байхад хот төлөвлөлтийн газраас хаягийг нь авсан тул НМ ХХК-ийн хууль ёсны өмч юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч НМ ХХК нь хариуцагч Ж.Э-т холбогдуулан өөрийн өмчлөлийн 2 авто гараашийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, авто гарааш ашигласны 2014-2021 онуудын төлбөрт 15,576,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаан бүхий 2 авто гараашийг өөрсдийн хөрөнгөөр барьсан тул чөлөөлөх үндэслэлгүй, гараашийг ашигласны төлбөр төлөхгүй гэж маргасан.

 

1.а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2 авто гараашийг өөрийн өмчлөлд бүртгүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж авто гараашийн төлбөрт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч НМ ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргаан бүхий 2 авто гараашийг компанийн хөрөнгөөр барьсан бөгөөд компанийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө гэж маргажээ.

 

2. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар захирамжаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Даваажавын гудамжны зүүн талд орших НМ ХХК-д 180 м.кв газрыг авто гарааш барих зориулалтаар нэмж олгож, НМ ХХК-ийн эзэмших газрыг нийт 790 м.кв болгон баталгаажуулж, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 тоот шийдвэрээр Налайх дүүргийн 2 дугаар хороо Дамдины гудамжинд орших, 18668295929352 нэгж талбарын дугаартай 790 м.кв газрыг автомашины үйлчилгээний зориулалтаар НМ ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/145 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна. /1хх 9-13, 80-86, 128, 131-134/

 

3. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант дамдин гудамж, 00 тоот хаягт байршилтай 161,35 м.кв талбайтай гараашийн зориулалттай 8 үл хөдлөх хөрөнгийг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004207 дугаарт бүртгэж 000375844 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, өмчлөгчөөр НМ ХХК-ийг бүртгэжээ. /1хх 14/

 

4. Маргаан бүхий 2 авто гарааш нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч НМ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгөөр 2015 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсэгт зааснаар хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрхзүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах, улсын бүртгэлийн бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэсний дагуу хариуцагч Ж.Э- шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар нотлох баримтгүй байна.

 

4.а. Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасны дагуу маргаан бүхий 2 авто гараашийн өмчлөгчийг НМ ХХК гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагчийн эзэмшлээс 2 авто гараашийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Мөн нэхэмжлэгчийн шаардлагаас 2014-2021 онуудад өөрийн өмчлөлийн бусад авто гараашийг 1 хоногт 3000 төгрөгөөр бусдад түрээсэлдэг байсан гэж, авто гарааш ашигласны төлбөрт нэхэмжилсэн 15,576,000 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Хариуцагч нь өөрийн хөрөнгөөр барьсан 2 авто гараашийн үнэ 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт ирүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь холбогдох бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй, зөв гэж дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлд холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг засаж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2022/00352 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын 106.1 гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ