Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0587

 

2018 оны 11 сарын 14 өдөр         Дугаар 221/МА2018/0587                            Улаанбаатар хот

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Үүнд: Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.3, 40.2.4-д заасан шаардлагуудыг зөрчсөн нь илт байхад “Нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул” Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д зааснаар илт хууль бус болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт байна. Хууль тогтоогч нь энэхүү шаардлага хангаагүй захиргааны акт анхнаас эрх зүйн үйлчлэлгүй гэдгийг тогтоосон байхад үүнийг харгалзаж үзэлгүйгээр дүгнэлт гаргасан. Манай компанийн эзэмшиж буй 100 га газар нь тариалангийн зориулалттай учир түүнтэй холбоотой харилцааг Тариалангийн тухай хуулиар зохицуулах ёстой. Гэтэл захирамж нь зөвхөн Газрын тухай хуулийг үндэслэн гарсан. Тариалангийн тухай хуулиар 2-оос дээш жил тариалалт хийгээгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай. Түүнчлэн ямар зорилгоор газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байгаа бодит байдлыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгомогцоо Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас тариалалт хийгээд байгаа үйлдэл нь энэхүү газрыг орон нутгийн хэрэгцээнд авах зорилготой байгааг илтгэж байна. Хоёр. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байхгүй тухай: Шүүхээс 2015, 2016 онуудад гантай, хуурайшилттай байсны улмаас тариалалт, уринш хийх боломжгүй байсан, мөн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэм буруугаас шалтгаалан тариалалт хийх боломжгүй байсан гэх байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд 2015, 2016 онуудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа эзэмшиж ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тодорхой заасан байгаа. 2015, 2016 онуудад Баянчандмань сумын нутаг дэвсгэр гантай, хуурайшилттай байсан нь нийтэд илэрхий болсон дахин нотлох шаардлагагүй нөхцөл байдал юм. Гэтэл үүнийг нотлох баримтаар нотлоогүй хэмээж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Мөн шүүхээс маргаан бүхий газрыг 2017 онд ашиглаагүй гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Манай компанийн эзэмшлийн 100 га газарт Засаг даргын Тамгын газраас 2017, 2018 онуудад нөөц бүрдүүлэх зорилгоор ногоон тэжээл тарьсан байгаа. Бодит байдалд тухайн талбайд тодорхой хэмжээний тариалалт хийсэнтэй хариуцагч маргаагүй байх тул зориулалтын дагуу ямар нэгэн байдлаар ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм. Гурав. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ нь маргаан бүхий газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар хийсэн гэрээ биш гэх дүгнэлтийн тухайд: Газар эзэмшүүлэгч нь хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу жил бүр гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээг дүгнэх үүрэгтэй. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” нь манай компанийн эзэмшиж буй газруудыг нэгтгэн өмнөх оны гэрээг дүгнэж шинэчилж хийсэн гэрээ юм. Нэгэнт гэрээ байгуулагдсан тохиолдолд түүний биелэлтийг тухайн гэрээ байгуулагдсан үеэс хойш газар эзэмшигчээс шаардах ёстой. Гэрч Д.Г нь тус гэрээг газрын төлбөрийг төлүүлэхээр байгуулсан гэрээ хэмээн өрөөсгөлөөр тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Засаг даргад газар эзэмших эрх хүчингүй болгох эрх олгогдсон ч шийдвэрээ хууль ёсны нотлох баримтуудад тулгуурлан гаргах ёстой. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.3, 40.2.4, 47 дугаар зүйлийн 47.1.4 болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зөрчсөн хууль бус захиргааны акт юм. Өөрөөр хэлбэл, манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад шүүгч хууль зөрчөөгүй гэж үзсэн. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“М” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Хадат толгой гэх газарт 100 га газрыг мөн сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 273 дугаар захирамжийн дагуу “ЧЗх” ХХК-иас шилжүүлэн авсан байна. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Хэргийн үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч “М” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.3, 40.2.4-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу “М” ХХК-ийн газрыг 2014, 2015, 2016 онуудад ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Харин нэхэмжлэгч 2014 онд маргаан бүхий газарт уринш хийсэн, 2015, 2016 онуудад байгаль, цаг уурын байдал буюу ган, хуурайшилтын улмаас тариалалт хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэсэн үндэслэлээр маргасан байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “М” ХХК-ийн Хөдөө аж ахуйн төслийн 2014-2016 онуудын тайлан, 2014-2016 оны “М” ХХК-ийн санхүүгийн тайлан, 2014 онд нэхэмжлэгч эзэмшлийн газартаа тариалалт, уринш хийсэн тухай мэдээ Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агротайлангийн мэдээллийн санд бүртгэгдээгүй талаарх албан бичиг[1], Төв аймгийн Баянчандмань сумын боловсруулсан уриншийн 2016 оны мэдээ[2] зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 100 га газартаа тариалалт хийгээгүй болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл, хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн ган, хуурайшилт буюу хүндэтгэх шалтгаантай байсны улмаас газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д зааснаар “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” үүргийг тариалан үйлдвэрлэгч хүлээх ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл бүрдэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаан буюу ган, хуурайшилтын улмаас зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарладаг ч энэ талаар сумын Засаг даргад мэдэгдээгүй, хэрэгт үүнийг нотлох баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, эх сурвалжийг нь зааж маргаагүй байна. Мөн шүүхээс хийсэн нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шүүхэд хүргүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Засаг даргад газраа 2 жил ашиглаагүй талаар мэдэгдэж байгаагүй нь тогтоогджээ.

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 273 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч нь 100 га газрыг эзэмшиж, газар эзэмших гэрээ байгуулсан тул тухайн үеэс газар эзэмших харилцаа үүссэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг шинэчилсэн, 2016 оны гэрээг байгуулагдсан үеэс хойш гэрээний биелэлтийг шаардана гэсэн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... хүчингүй болгуулах ...” гэж заасны дагуу “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна. Тиймээс шүүх хэргийг нэхэмжлэгчийн тодорхойлсон “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын төрлийг үндэслэн шалгаж, шийдвэрлэсэн байх тул гомдлын “анхан шатны шүүх илт хууль бус болохыг тогтоолгох тухай маргаанд дүгнэлт өгөөгүй” гэх хэсгийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй. Маргаан бүхий захирамжид нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг дутуу бичсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д заасны дагуу захиргааны акт илт бус болох ноцтой алдаа гэж үзэхгүй.

Харин маргаан бүхий акт нь 2014, 2015, 2016 онуудад газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул “нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 онд эзэмшлийн газартаа тариалалт, уринш хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь маргааны үйл баримтад хамааралгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                 Г.БИЛГҮҮҮН

ШҮҮГЧ                                                                                 Ц.ЦОГТ