Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 795

 

                                                            Ж.Отгондаваад холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Амарзаяа,

хохирогч Б.Ундрахбадралын өмгөөлөгч Э.Шинэзориг,

ялтан Ж.Отгондаваагийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Г.Баттогтох, Л.Данзанноров,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ж.Отгондаваа, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Отгондаваад холбогдох эрүүгийн 201626010254 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Долоон тайж овогт Жамсрангийн Отгондаваа, 1980 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум, Эрчимийн 2-ын 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ХЗ80021974/,

Ж.Отгондаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-ын 14 тоотод Б.Ундрахбадралтай маргаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь “Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ж.Отгондаваагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Отгондавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ж.Отгондаваагийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Ж.Отгондаваагийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Отгондаваа нь 2.933.750 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Ундрахбадралд төлсөн, хохирогч Б.Ундрахбадрал нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Ж.Отгондаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Отгондаваа гаргасан давж заалдах гомдолдоо: “...би хохирогч Б.Ундрахбадралыг зодъё, хүндээр гэмтээе гэж бодоогүй. Тухайн үед хүмүүсийн хооронд болсон хэрүүл маргааныг эв зүйгээр зохицуулах санаатай байсан. Гэвч хохирогчтой маргалдаж түүнд гэмтэл учруулсан. Өөрийн гаргасан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Би энэ хэрэгт шалгагдах хугацаандаа элдэв буруу зүйлээс хол хөндий явсан, архи дарс амсаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухай бүрт нь төлж байсан. Би хохирогчтой биечлэн уулзаж уучлалт хүссэн бөгөөд хохирогч ч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлнэ гэдэгт найдаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 259 дугаартай шүүхийн тогтоолын заалт бүрэн гүйцэт биелэгдээгүй байна. Тухайлбал хохирогч Б.Ундрахбадралын биед нүдний ухархай доторх хуучин хугарал, хамрын мурийлт байх ба энэ нь хэзээ үүссэн, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн эсэх, мөн түүний толгойн хэсэгт хуучин архаг цусан хуралттай байсан байхад эдгээрийг нарийвчлан шалгаагүй. Шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1231 тоот, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 891 тоот дүгнэлтүүд нь тус тус эргэлзээтэй байна.

2. Хохирогч Б.Ундрахбадралын мэдүүлэг зөрүүтэй, мэдүүлгээсээ удаа дараа буцаж байсан. Харин гэрч М.Мөнхбаатарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогддог. Иймээс хохирогчийн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй юм.

3. 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч гэмтлийн эмнэлэгт үзүүлж,  өвчтөний түүхийн дэвтэр нээлгэсэн ба уг дэвтэрт хохирогч нь бусдад зодуулсан, тоосгоор цохиулсан гэж тэмдэглэгдсэн байхад энэ талаар шалгаагүй.   

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна.

Ж.Отгондаваа нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан 1.933.750 төгрөгийн хохирлын зардлыг болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн бөгөөд түүний анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. Ж.Отгондаваагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв. 

Ялтны өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх зарим нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын тухайд Ж.Отгондаваа нь өөрийн танил Н.Лхагвасүрэнгийнд амарч байгаад хохирогч Б.Ундрахбадралын санаачилгаар М.Мөнхбаатарын гэрт очсон. Энэ үед хохирогч Б.Ундрахбадрал нь М.Мөнхбаатар, Ё.Бямбацогт нартай шоронгийн тухай ярихад нь Ж.Отгондаваа “Та нар айлын гэрт муу зүйл ярьлаа” гэж анхааруулж улмаар маргалдан Б.Ундрахбадралыг цохиж гэмтээсэн. Үүнийг гэрч Н.Лхагвасүрэн гэрчилж мэдүүлсэн байдаг. Мөн тэрээр хохирогчтой маргах хүсэл сонирхолгүй байсан бөгөөд хохирогчид “Унт” гэж хэлсэн боловч хохирогч үргэлжлүүлэн агсамнаснаас болж энэ гэмт хэрэг гарсан. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Ж.Отгондаваагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д заасан “Хохирогчийн хууль бус үйлдлээс болж ... хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдэгдсэн” гэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна.

2. Шийтгэх тогтоолд Ж.Отгондаваагийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг тодорхойлон, үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд эдгээр байдал нь хэргийн материалд авагдсан баримтуудаар мөн тогтоогддог. Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн. Үүнийг хохирогч Б.Ундрахбадрал шүүхийн хэлэлцүүлэгт мөн мэдүүлсэн байдаг. Эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх хуралдааны үед 1.933.750 төгрөг байсан бөгөөд Ж.Отгондаваа нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нэмж төлсөн. Одоогоор нийтдээ 2.933.750 төгрөгийг төлж барагдуулаад байна. Иймд түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй.

3. Хэргийн материалд Ж.Отгондаваагийн хувийн байдлын талаарх зарим баримт авагдсан ба ял шалгах хуудсаар тэрээр урьд нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон болох нь нотлогддог. Эдгээрээс үзэхэд түүнд шүүхээс итгэл үзүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлбэл тэрээр итгэл даах, төлөвшин нийгэмших боломжтой хүний нэг юм.

4. Ж.Отгондаваагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан “Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд энэ талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн тэрээр гаргасан давж заалдах гомдолдоо энэ талаар тодорхой тусгасан болно.

Иймд Ж.Отгондаваагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар бүрэн хэмжээгээр нөхөн төлж, гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг гарсан үйл баримтын огноог 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон мэтээр тусган, бичиглэлийн алдаа гаргасныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Ялтны өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Б.Ундрахбадралын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Б.Ундрахбадрал болон түүний ар гэрээс цаашид Ж.Отгондаваад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа тухайгаа илэрхийлснийг тус шүүх хуралдаанд уламжилж байна. Хохирогч Б.Ундрахбадралын биеийн байдал сайжирч, цаашид гавлын яс нөхүүлэх мэс ажилбарт орно...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 259 дугаартай шүүхийн тогтоолд заасан заалтууд мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгэгдэж хийгдсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өвчтөний түүхийн дэвтэрт “...тоосгоор цохиулсан...” гэж тэмдэглэсэн асуудлыг хохирогчоос тодруулж, эргэлзээ бүхий байдлыг арилгасан. Ялтан болон түүний өмгөөлөгч нар хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр тайлбарлаж, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас удаа дараа хойшилсон. Хэрэг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд ялтан Ж.Отгондаваа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогчийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулалгүй явсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Харин уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг алдаатай бичсэнийг зөвтгөж өгнө үү...” гэв.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн гэж үзлээ.

Хавтаст хэргийн материалыг судлахад: Ж.Отгондаваа нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ё.Бямбацогт, М.Мөнхбаатар, Б.Ундрахбадрал нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-ын 14 тоотод буюу М.Мөнхбаатарын гэрт архидан согтуурч, улмаар Б.Ундрахбадралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа цохих, орны толгой мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь “Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулсан болох нь:

- хохирогч Б.Ундрахбадралын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Отгондаваа, Бямбацогт хоёртой хамт дэлгүүрээс нэг шил архи аваад Мөнхбаатарын гэрт буцаж ирээд хувааж уусан. Тэр үед Отгондаваатай маргалдсан ... намайг “Нүдэнд хүйтэн царайтай нөхөр бэ” гээд толгой руу цохиод байсан. Мөн үсдэж байгаад орны толгойг 2-3 удаа мөргүүлсэн. Удалгүй Мөнхбаатар гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Отгондаваа намайг зодож байх үед Бямбацогт шарсан элэг идээд сууж байсан. Тэгээд үлдсэн тал шил архиа хувааж ууж дуусгаад Бямбацогт, Отгондаваа хоёр гараад явсан. Харин би Мөнхбаатарын гэрт хоносон ба маргааш өглөө нь босоод шар, ногоон өнгийн зүйлээр бөөлжиж эхэлсэн. Тэр үед би тархи хөдөлсөн байх гэж бодсон. Тэгээд Мөнхбаатартай хамт автобусны буудал руу явсан. Тухайн үед шинэ жил болоод эмнэлэг 7 хоног амарсан байсан. 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр компьютер томографийн зураг авахуулахад намайг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлэхээр нь би шууд хагалгаанд ороод 14 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Отгондаваа нь миний эмчилгээний зардалд 2.933.750 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-166, 2хх-71/,

- гэрч Б.Отгонпүрэвийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ундрахбадрал нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт Мөнхбаатартай хамт ирсэн... тэр хоёр манай нөхөртэй нэг шил архи хувааж ууцгаагаад гараад явсан. Ундрахбадрал маргааш нь 14 цагийн үед толгойн баруун тал нь хавдсан байдалтай, архи уугаагүй орж ирсэн. Түүнээс юу болсон талаар асуухад ... Мөнхбаатарын гэрт байхдаа үл таних залууд зодуулсан гэж байсан. Тэр өдрөөс хойш гэрээсээ гараагүй. Тухайн үед шинэ жил болох гэж байсан болохоор эмнэлэгт үзүүлж чадаагүй, тархи нь хөдөлсөн байна гэж бодсон. Харин шинэ жилийн баяр дууссаны дараа түүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархинд нь цус хуралт үүссэн байна гээд хагалгаа хийсэн. Эмнэлэгт очихоос өмнө 2 удаа бариач дээр очсон боловч хавдар ихтэй байна, бариа хийхгүй гэсэн...” /1хх-23, 2хх-75/,

- гэрч М.Мөнхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг бие засчихаад орж ирэхэд Ундрахбадрал Отгондаваа хоёр маргалдаад ... Отгондаваа түүнийг орон дээр дараад дух толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан... Бямбацогт, Отгондаваа хоёр архиа ууж дуусаад манай гэрээс гарсан. Тэр өдөр Ундрахбадрал манайд хоносон. Маргааш өглөө нь Ундрахбадрал шар, ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байсан. Би түүнтэй автобусны буудал руу алхсан ба Ундрахбадрал эгчийндээ очно гээд явсан...” /1хх-37-38, 2хх-76-77/,

- гэрч Д.Эрдэнэбаатарын “...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед ... Ундрахбадрал “Өчигдөр орой Мөнхбаатар ... түүний таньдаг хоёр залуутай хамт тэднийд архи ууж байх үед нэг залуу нь намайг цохисон, тархи толгой өвдөөд байна...” гээд толгойных нь нэг тал нэлээд хавдсан, толгойных нь хэмжээ өмнөхөөсөө арай том ч юм шиг болсон байдалтай ирсэн... мөн тэр үед “Намайг зодсон хүн гараараа миний толгой руу цохиод байсан, орны толгой мөргүүлсэн” гэж хэлсэн...” /1хх-40/,

- гэрч Ц.Тогтохбаярын “...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ундрахбадрал буцаж ирэхдээ хүнд зодуулсан талаар хэлсэн. Түүний толгойн хуйх бамбайгаад хавдчихсан, харин нүүр ам нь зүгээр харагдаж байсан. Тэгээд толгой өвдөөд байна гээд бөөлжөөд зүгээр болохгүй болохоор нь эмнэлэгт үзүүлэхэд хүнд гэмтсэн байна гээд хагалгаанд оруулсан ... Ундрахбадрал нь гэртээ хэвтрийн дэглэмтэй байсан...” /1хх-41/,

- гэрч Б.Хатанболдын “...Ундрахбадрал ах гаднаас зэвхий царайтай болчихсон орж ирсэн. Түүний толгойн баруун дээд хэсэг бамбайгаад хавдчихсан байсан. Тэрээр хэлэхдээ “Хүнд зодуулчихлаа” гэж байсан ба “Ах нь бие өвдөөд байна” гээд хэвтээд л байсан. Тэр өдрөөс хойш хэвтрийн байдалтай байсан...” /1хх-168-169/,

- шинжээч эмч М.Золжаргалын “...Ундрахбадралын биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь хүний тархины ямар судас гэмтсэн болон уг судаснаас ямар хэмжээтэй цус хатуу хальсанд хурснаас хамаарч тухайн хүний биед зовиурууд харилцан адилгүй илэрдэг. Өөрөөр хэлбэл зовиурууд илрээд хэсэг хугацаанд яваад байж болно. Ундрахбадралын биед учирсан гэмтэлд ясны хугарал, язрал байхгүй ба түүнд учирсан гэмтэл гараар цохисны улмаас үүссэн байх боломжтой. Мөн цохих өшиглөх зэрэг аливаа хүчин зүйлийн үйлчлэлээр ч уг гэмтэл үүсгэгдэнэ...” /1хх-51-52/,

- ялтан Ж.Отгондаваагийн яллагдагчаар өгсөн “...Мөнхбаатарын гэрт байх үед Ундрахбадрал, Мөнхбаатар, Бямбацогт нар шоронгийн тухай ... янз бүрийн юм яриад маргаад байхаар нь би тэднийг “Айлд байж шоронгийн талаар ярьж маргаад байх юм больцгоо” гэхэд Ундрахбадрал над руу агсамнаж, элдэв үг яриа гаргаад байсан. Тэгээд бид хоёр бие биенээ заамдалцаад хэрэлдэж байгаад, би түүний хацар луу 2 удаа алгадсан ... түүнийг унагаж зодоогүй. Харин тэр Мөнхбаатарын гэрт согтуурхаж гуйвж байгаад өөрөө 1-2 удаа унаж байсан...” /1хх-70-71/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1231 тоот “...Ундрахбадралын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх, бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 891 тоот “...1231 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой. Тархины хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохиулах зэрэг үед үүснэ. Үзүүлэхгүй явсанаас болж үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна. Тархины хүнд гэмтэл авсан байх бөгөөд бариачийн үйл ажиллагаатай холбох үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлтүүд, хохирогч Б.Ундрахбадралын өвчтөний түүхийн хуулбар, компьютер томографийн дүгнэлт болон хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сарын хугацаагаар тогтоосон тухай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1хх-54-61, 2хх-54-55/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Ялтан Ж.Отгондаваа нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчийн хацар луу 2 удаа гараараа алгадсан, өөрөөр цохиж зодоогүй. Миний энэ үйлдлээс болж түүний биед хүнд гэмтэл учирсан гэдэгт эргэлзээ төрж байна...” гэж гэм буруугийн талаар маргасан байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1231, 891 тоот дүгнэлтүүд, шинжээч эмч М.Золжаргалын өгсөн тайлбар, хохирогч Б.Ундрахбадрал болон гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч Б.Ундрахбадралын бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан Ж.Отгондаваагийн цохилтын улмаас үүссэн түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна, өөр бусдаас хохирогч Б.Ундрахбадралыг зодсон, цохисон хүч хэрэглэсэн байдал, мөн өөр бусад хүчин зүйлийн нөлөөлөлөөр биед нь гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Түүнчлэн ялтан Ж.Отгондаваа нь гаргасан давж заалдах гомдолдоо хохирогч Б.Ундрахбадралын биед хүнд гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлснийг тэмдэглэв.

Ялтан Ж.Отгондаваагийн өмгөөлөгч Г.Баттогтохоос хохирогч Б.Ундрахбадралын биед нүдний ухархай доторх хуучин хугарал, хамрын мурийлт хэзээ үүссэн, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэх, мөн түүний толгойн хэсэгт хуучин архаг цусан хуралт хэзээ, хэрхэн учирсан болохыг шалгаагүй гэж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх үндэслэл зааж давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн материалыг судлахад, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 259 дугаартай шүүхийн тогтоолоор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байх ба уг тогтоолд заасан заалтын дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж, хохирогч Б.Ундрахбадралаас дахин байцаалт авч, дээрх хуучин гэмтлийн талаар тодруулахад “...6-7 жилийн өмнө бусдад цохиулсаны улмаас хамрын ясны гэмтэл авсан...” талаараа мэдүүлсэн мэдүүлэг /1хх-166/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1231 тоот дүгнэлтээр 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн компьютер, томографийн “...баруун чамархайн урд хэсэг, суурийн түвшинд 0.9 см гүн зузаантай, зулайн ар дагз хэсэгт 0.8 см гүн зузаантай /65+/-/+68/ HU нягтралтай шинэ субдураль цус хуралт тодорхойлогдоно. Эргэн тойронд хавантай. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Субарахнойдаль зайнуудад цус хуралттай. Баруун хажуу ховдлын урд эвэр шахагдаж нарийссан, арын эвэр шахагдаж дарагдсан...” гэсэн оношийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон ба дахин томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн 891 тоот “...1231 тоот дүгнэлт үндэслэлтэй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой. Тархины хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохиулах зэрэг үед үүснэ. Үзүүлэхгүй явсанаас болж үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна. Тархины хүнд гэмтэл авсан байх бөгөөд бариачийн үйл ажиллагаатай холбох үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /1хх-48, 175-176/ зэрэг нь дээрх давж заалдах гомдлын үндэслэлийг няцааж байна. 

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээсэн өвчтөний түүхийн дэвтэрт осол гэмтлийн шалтгааныг “...тоосгоор цохиулсан...” гэж тэмдэглэснийг хохирогч Б.Ундрахбадрал нь шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөж тайлбар хийсний гадна, хохирогч Б.Ундрахбадрал нь тархиндаа гэмтэл авсныхаа дараа бусдын дэмжлэггүйгээр гэрээсээ гараагүй, хэвтрийн дэглэм сахиж байсан, толгойндоо бариа засал хийлгэсэн байдал тогтоогдоогүй болох нь гэрч Х.Хөхөө, Ц.Тогтохбаяр, Б.Отгонпүрэв нарын өгсөн /1хх-23, 41, 167, 170-171, 2хх-75/ мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймээс мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь хамруулж шалгасан шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг тодруулсан байна.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн ялтан Ж.Отгондавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх ялтан Ж.Отгондаваад ял шийтгэл оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, эмчилгээний зардлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулан, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин ялтан Ж.Отгондаваагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан, мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Ундрахбадралын биед учирсан гэмтлийн эдгэрэх хугацааг заасан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, цаашид гавлын яс нөхүүлэх хагалгаанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй  гэж дүгнэн, Ж.Отгондаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Иймээс анхан шатны шүүх ялтан Ж.Отгондаваад хуульд заасан ял шийтгэл оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” тухай гаргасан ялтан Ж.Отгондаваа, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Л.Данзанноров нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Жич: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхээс тогтоосон үйл баримтын талаар дурдахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...” гэснийг “...2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр...” гэж зөвтгөн тэмдэглэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Отгондаваа болон түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ