Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2016/0130/э |
Дугаар | 186 |
Огноо | 2016-11-02 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 186
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч М.Амарзаяа, иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг, хохирогч Б.Ундрахбадрал, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2142), шүүгдэгч Ж.Отгондаваа, түүний өмгөөлөгч Г.Баттогтох (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2132), Ц.Жамбалсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2245), гэрч Б.Отгонпүрэв, гэрч М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Долоон тайж овогт Жамсрангийн Отгондавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0254 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Долоон тайж овогт Жамсрангийн Отгондаваа, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1980 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрчимийн 2-4 тоотод оршин суудаг, ХЗ80021974 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Яллагдагч Ж.Отгондаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотод Б.Ундрахбадралтай маргаж, улмаар түүнийг зодож бие махбодод нь Тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.Отгондаваа нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ё.Бямбацогт, М.Мөнхбаатар, Б.Ундрахбадрал нарын хамт М.Мөнхбаатарын гэрт 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж архидан согтууржээ. Улмаар Ж.Отгондаваа нь согтуурсан үедээ Б.Ундрахбадралтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа цохиж, модон орны толгойг мөргүүлж бие махбодод нь Тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Отгондаваа: 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Лхагваагийн гэрт унтаж байхад гаднаас хэн, хэн орж ирснийг би мэдээгүй. Намайг унтаж байхад Лхагваагийн гэрт хэрүүл болоод байхаар нь босоод харсан чинь Бямбацогт, Ундрахбадрал хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Бямбацогтыг хохирогч Ундрахбадрал үхэл ханхалсан гэж хэлсэн байсан. Тэгээд Мөнхбаатар бид хоёр боль гээд болиулсан. Тэгээд Лхагваа бас боль ээж ороод ирнэ гэхээр нь Бямбацогт, Ундрахбадрал хоёрыг дагуулаад гарч явсан. Тэндээс гартал Мөнхбаатар Бямбацогтод хандан найз нь хөдөө яваад ирлээ. Манай гэрт очоод жаахан мах ав, хоол хийж ид гэж хэл байсан. Тухайн үед би Мөнхбаатарыг сайн таньдаггүй байсан. Мөнхбаатар гэр рүүгээ явах замдаа нэг шил архи авсан. Бид Мөнхбаатарын гэрт очиж авсан архиа хувааж уусан. Бямбацогт, Мөнхбаатар хоёр хоорондоо шоронгийн талаар яриад байсан. Тэгээд хохирогч Ундрахбадрал Бямбацогт, Мөнхбаатар хоёрын ярианд оролцоод та нарын шоронд орсон гэж юу байдаг юм гэхэд, би юун шорон яриад байгаа юм бэ гэхэд хохирогч Ундрахбадрал Мөнхбаатарт агсам тавьж эхэлсэн. Тэгээд энэ хоёр найзаараа намайг зодуулах гэж авч ирлээ гэж Мөнхбаатар руу уурлаад байсан. Тэгэхээр нь би одоо болио наанa чинь бөөн зодоон болох нь гэж хэлэхэд хохирогч Ундрахбадрал босоод ирсэн. Тэгээд бид хоёр заамдалцсан. Хохирогч Ундрахбадрал надаас өндөр болохоор миний гар хүрэхгүй байсан. Тэгээд би зүүн гараараа хохирогчийг заамдаж байгаад баруун гараараа хоёр удаа зүүн талд нь алгaдсан. Дараа нь Бямбацогтыг дагуулаад Мөнхбаатарын гэрээс гарсан. Тэгээд би Дундговь аймагт гэртээ байхад 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас залгаад дуудсан. Би дуудсан хугацаанд нь ирсэн. Тэгээд болсон хэргийн талаар мэдүүлсэн. Надад хохирогчийг дагаж явж байгаад зодох гэсэн санаа байхгүй байсан гэв.
Хохирогч Б.Ундрахбадрал: 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул Мөнхбаатар над руу утсаар залгаж, дуудсан. Би Мөнхбаатарын гэрт очиж, хоол хийж идээд 1 шил архи уугаад Мөнхбаатарын гэрт хоносон. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эгчийнхээ гэрт ирэхэд хүргэн ах нэг шил архи авч өгөхөөр нь тэрийг нь Мөнхбаатар бид хоёр хүргэн ахтайгаа хамт хувааж уусан. Тэгээд эгчийн гэрээс гараад Мөнхбаатарын гэрт очиж дахин 1 шил архи, 2 сав пиво хувааж уусан. Тэгээд Лхагваагийн гэрт орсон гэж Мөнхбаатар хэлсэн. Харин би орсон гэдгээ санахгүй байгаа. Отгондаваа, Бямбацогт хоёртой хамт дэлгүүрээс нэг шил архи аваад Мөнхбаатарын гэрт буцаж ирээд хувааж уусан. Харин Бямбацогт нь шарсан элэг идээд сууж байсан. Тэр үед би Отгондаваатай маргалдсан. Гэтэл Отгондаваа намайг шууд барьж аваад толгой руу цохиод байсан. Тэгэхээр нь чи одоо боль л доо гэхэд тэр намайг хүний нүдэнд хүйтэн царайтай нөхөр бэ гээд дахин цохисон. Тухайн үед миний үс нилээн ургасан байсан болохоор намайг үсдэж байгаад орны толгойг 2-3 удаа мөргүүлсэн. Тэгсэн удалгүй Мөнхбаатар гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Отгондаваа намайг зодож байх үед Бямбацогт шарсан элэг идээд суугаад байсан. Тэгээд үлдсэн тал шил архиа ууж дуусгаад Бямбацогт, Отгондаваа хоёр гараад явсан. Харин би Мөнхбаатарын гэрт хоносон. Маргааш өглөө нь босоод шар, ногоон зүйлээр бөөлжиж эхэлсэн. Тэр үед би тархи хөдөлсөн байх гэж бодсон юм. Тэгээд Мөнхбаатар бид хоёр хамт автобусны буудал руу явсан. Тэгээд би Баянхошууны тойрог дээр буугаад шууд эгчийнхээ гэрт очсон. Тухайн үед шинэ жил болоод эмнэлэг 7 хоног амарсан байсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр компьютер томографийн зураг авахуулахад намайг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тиймээс би шууд хагалгаанд ороод 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Шүүгдэгч Отгондаваа нь миний эмчилгээний зардалд 2.933.750 төгрөг төлсөн. Одоо шүүгдэгч Отгондаваагаас цаашид гарах эмчилгээний зардалд 800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Гэрч Б.Отгонпүрэв: Хохирогч Ундрахбадрал нь миний төрсөн дүү, би шүүгдэгч Отгондавааг танихгүй. Ундрахбадрал хэрэг гарахаас өмнө 1 сар орчим хугацаанд манайд амьдарч байсан юм. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түүний төрсөн өдөр байсан бөгөөд тэр өдөр найз Мөнхбаатар нь утсаар ярьсан. Дараа нь Ундрахбадрал Мөнхбаатартай уулзана гээд гарч явсан. Харин маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт Мөнхбаатартай хамт ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр 1 шил архи авч тэд хувааж ууцгаасан бөгөөд тэр хоёр хоол идчихээд гараад явсан. Тухайн үед манай нөхөр хүүхдүүдийн хамт байсан. Гэтэл Ундрахбадрал маргааш нь 14 цагийн үед ирэхдээ толгойн баруун тал нь хавдсан байдалтай, архи уугаагүй орж ирсэн. Түүнээс юу болсон талаар асуухад цагдаа юм уу, цагдаад ажиллаж байсан юм уу бүү мэд үл таних залууд Мөнхбаатарын гэрт байхдаа зодуулчихлаа гэж байсан. Тэр өдрөөс хойш гэрээсээ гараагүй. Тухайн үед шинэ жил болох гэж байсан болохоор эмнэлэгт үзүүлж чадаагүй, тархи нь хөдөлсөн байна гэж бодсон. Харин шинэ жилийн баяр дууссаны дараа түүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархинд нь цус хуралт үүссэн байна гээд цус хуралтыг нь авах хагалгаа хийсэн. Эмнэлэгт хандахаас өмнө бариачид 2 удаа очсон. Эхний удаад хавдартай байгаа тул барихгүй хавдараа буулгаад ир гэж хэлсэн. Харин дараа нь очиход хавдар ихтэй байна эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн гэв.
Гэрч М.Мөнхбаатар: Би шүүгдэгч, хохирогч нартай гэр бүлийн харилцаа, урьдын өс хонзон байхгүй. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ундрахбадралын төрсөн өдөр байсан тул би түүнтэй утсаар ярьсан. Тэгээд орой нь манайд ирсэн. Бид хоёр манайд хоносон бөгөөд маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бид хоёр Ундрахбадралын эгчийнд очсон. Дараа нь Лхагваа гэдэг найзынд нь хамт очоод тэндээс Бямбацогт, Отгондаваа нартай хамт манай гэрт ирж нэг шил архи уусан. Тэр үед Ундрахбадрал, Отгондаваа нар юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Намайг бие засчихаад орж ирэхэд Ундрахбадрал орон дээр хэвтчихсэн. Отгондаваа хажууд нь түүнийг дараад суучихсан байсан. Намайг харах үед 1-2 удаа цохисон. Ундрахбадрал даруулчихсан хэвтэж байхдаа Отгондаваад хандан одоо боль л доо гэж хэлж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тухайн хэрэг гардаг өдөр Отгондаваа, Бямбацогт хоёр хэдэн цагийн үед манайхаас гарсныг сайн санахгүй байна. Баримжаагаар 19 цаг өнгөрсөн байх үед манай гэрээс гарсан болов уу. Би шүүгдэгч Отгондавааг танихгүй, Бямбацогтыг урьд харж байсан. Бямбацогт, Отгондаваа нар манай гэрээс гарснаас хойш Ундрахбадралтай маргасан асуудал байхгүй бид хоёр удалгүй унтсан. Маргааш нь Ундрахбадралтай хамт автобусны буудал руу алхаж, нэг автобусанд суугаад Ундрахбадрал эгчийндээ очино гээд Баянхошууны тойрог дээр буусан. Би цааш нэгдүгээр хороолол руу явсан. Ундрахбадрал автобусны буудал руу алхаж явах үедээ тархи хөдөлсөн байх гээд шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байсан. Хэрэг гарсан өдөр Отгондаваа сахлаа ургуулсан хууз сахалтай байсан гэв.
Мөрдөн байцаалтад (Эрүүгийн 2016 2601 0254 дугаартай хэргээс):
Хохирогч Б.Ундрахбадралын өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Мон-Лаад байдаг эгч Отгонпүрэвийнд байхад буюу 13:00 цагийн үед манай найз Мөнхбаатар (Баатараа) утсаар яриад төрсөн өдөр чинь болж байгаа биз дээ манайд хүрээд ирээч гэхээр нь би эгчийнхээс гараад Баянхошууны хөтөлд байдаг Мөнхбаатарынд очиход тэднийд Мөнхбаатар, Жамсран хоёр байсан юм. Жамсран бол миний багын найз ба Мөнхбаатар тэр хоёр хоол хийгээд 1 шил 0,5 литрийн Хараа архи авч тавьсан байсан. Бид гурав авсан архиа уучихаад Жамсран гэртээ харьлаа гэхээр нь Мөнхбаатар бид хоёр түүнийг Баянхошууны Хөтөлийн автобусны буудал хүргэж өгөөд Хөтөлийн буудал дээр байдаг дэлгүүрээс архи аваад гараад дэлгүүрийн үүдэнд Баатараагийн таньдаг бололтой хоёр залуу таараад бид хоёртой хамт Мөнхбаатарын гэрт орсон юм. Бид дөрөв авсан архиа хувааж ууж байх үед дэлгүүрийн гадна таарсан залуугийн арай махлаг биетэй, амаа тойрсон сахалтай бордуу царайтай 40 орчим настай залуу нь надад чи муу яасан хулгайч царайтай новш вэ гэхээр нь би түүнд чи юу яриад байгаа юм бэ гэхэд тэр залуу савхин бээлийгээ өмсөж байгаад миний баруун чихний орчим, баруун чамархай хэсэгт нэг удаа гараараа цохиж намайг газар унагаад буцаад үснээс татаж намайг босгоод Мөнхбаатарын гэрийн орны толгойг 1-2 удаа мөргүүлээд тавьсан юм. Тэгснээ тэр залуу над руу энэ муу хэргээ хүлээхгүй гүргэр хулгайч байна даа гэж хэлээд намайг татаж унагаад дээр гарч суугаад толгой руу цохиод байсан. Тэр хүн намайг хэдэн удаа цохисоныг мэдээгүй. Тухайн өдрөөс хойш миний толгой өвдөөд байсан ба толгой хөдөлсөн юм байх гэж бодож байсан. Тэгээд толгой өвдөөд болохгүй болохоор нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт үзүүлээд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шинжилгээ өгөхөд тархинд цус хуралттай байна, гэмтлийн гаралтай юм байна гэсэн. ...Тухайн үед Мөнхбаатарынд Мөнхбаатар, Бямбацогт, намайг зодсон махлаг залуу байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас),
...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бусдад зодуулсан гэсэн байсан. Гэтэл би төрсөн өдрийнхөө маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мөнхбаатартай хамт эгчийндээ ирчихээд буцаж Мөнхбаатарынд очихдоо Бямбацогт болон түүний найзтай таарч бид дөрөв хамт Мөнхбаатарын гэрт ирсэн юм байна. Би өдрөө андуурч хэлсэн байна. Тэр өдөр би эгчийндээ 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи дөрвөөс тавуулаа хувааж уусан, дараа нь Мөнхбаатартай 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан, сүүлд нь Отгондаваа, Бямбацогт нартай дөрвүүлээ 0.75 литрийн архи хувааж ууж байгаад зодуулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),
...Би зодуулсныхаа маргаашнаас эхлэн бөөлжөөд, тархи толгой өвдөөд хэвтрийн дэглэмтэй байсан. Би эгч Отгонпүрэвийн гэрт байсан болохоор намайг гараагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Би бариач руу явахдаа хүргэн ах Тогтохбаатартай хамт түүний машинаар явсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэг рүү түүнтэй хамт түүний машинаар явсан. Тухайн өдөр дараалал бичүүлээд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эмчид үзүүлж, хагалгаанд орсон..., ...Томографийн шинжилгээнд тусгасан хуучин гэмтлүүдийн тухайд би 2009 онд барилга дээр ажиллаж байх үедээ Отгонжаргал гэх найзтайгаа ажлаас болж марган тэрээр миний хамар руу цохиж байсан. Тухайн үед хамар хэсэгт л хөндүүрлэж байгаад зүгээр болсон. Миний хамрын муруй нь 6-7 жилийн өмнөх хуучны гэмтэл байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 166 дугаар хуудас),
Гэрч Б.Отгонпүрэвийн өгсөн: ...Төрсөн дүү Ундрахбадрал нь надтай хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 8-21в тоотод амьдардаг. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүүгийн төрсөн өдөр байсан. Ундрахбадралын найз Мөнхбаатар утсаар яриад дүү маань гарч явсан. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ундрахбадрал, Мөнхбаатар хоёр 14-15 цагийн үед гэрт ирэхээр нь би хоол хийж өгөөд нөхөр 1 шил архи авч өгсөн. Тэр архийг манай нөхөр Тогтохбаатар, Ундрахбадрал, Мөнхбаатар нар хувааж уучихаад Ундрахбадрал Мөнхбаатарынд хононо, маргааш ирнэ, санаа зоволтгүй гэж хэлээд гарч явсан. Гэтэл маргааш нь Ундрахбадрал гэрт ирэхдээ би Мөнхбаатарынд байж байхдаа танихгүй залуутай хамт архи ууж байгаад зодуулчихлаа, намайг зодсон залуу намайг хулгайч шиг царайтай гээд зодсон. Миний толгой өвдөөд дотор муухай оргиод байна гэсэн. Ундрахбадрал хоол ч идэхгүй, идэхээрээ бөөлжиж гаргаад царай нь цайгаад байсан. Бие нь муудаад шингэн алдаад байсан учир 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархиндаа хүнд гэмтсэн байна, амь насанд аюултай байдалд орсон байна гээд хагалгаанд орсон юм. ...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ орж ирэхдээ нүүр ам нь хөхөрсөн гэх зүйл харагдаагүй, харин толгой нь хавдаад хэлбэр хэмжээ нь том болсон юм шиг харагдаж байсан. Нүүр нь ч гэсэн хөөсөн юм шиг харагдаж байсан. ...би өөрөө эх баригч, бага эмч мэргэжилтэй тул түүний толгойг нь барьж үзэхэд толгой, хуйх нь бүхэлдээ хавагнаад бамбайсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),
Гэрч Ц.Тогтохбаатарын өгсөн: ...Ундрахбадрал эгч нарынхаараа ээлжлэн байдаг бөгөөд манайд голцуу байдаг. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ундрахбадрал найз Мөнхбаатартайгаа хамт ирсэн. Тэр үед манай найз ирсэн байсан. Тэгээд бид дөрөв 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Үдээс хойш нь Ундрахбадрал найзындаа очиж хононо гээд найзтайгаа хамт гарч явсан. Харин маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ундрахбадрал буцаж ирсэн бөгөөд хүнд зодуулсан талаар хэлсэн. Түүний толгойн хуйх бамбайгаад хавдчихсан, харин нүүр ам нь зүгээр харагдаж байсан. Тэрээр толгой өвдөөд байна гээд бөөлжөөд байсан. Тэгээд зүгээр болохгүй болохоор нь эмнэлэгт үзүүлтэл хүнд гэмтсэн байна гээд хагалгаанд оруулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),
...Ундрахбадрал гэрт ирээд бөөлжөөд хэвтрийн дэглэмтэй байсан бөгөөд огт гараагүй. Би түүнийг дагуулж бариачид хоёр удаа очсон. Мөн эмнэлэг рүү нэг удаа явсан. Ундрахбадрал манайд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирснээсээ хойш босож чадахгүй, босохоороо толгойгоо бариад доошоо суучихаад л толгой эргээд байна гэдэг байсан. Тийм учраас би түүнийг дагуулж явж байсан. Би шинэ жилийн өмнөх өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнээс сураглаж байгаад сайн барьдаг гэх нэгэн настай ах дээр очтол тэр ах Ундрахбадралын судсыг барьж, толгойг тэмтрээд хавантай байна гурав хоногийн дараа ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түүнийг дахин дагуулж очтол мөн толгойг нь тэмтэрч үзээд хавантай, хавдартай байна, эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй нь дээ, ах нь барихгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манай эхнэр Ундрахбадралын эрүүл мэндийн даатгалыг төлөөд эмнэлэгт дараалал авч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 167 дугаар хуудас),
Гэрч М.Мөнхбаатарын өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ найз Ундрахбадралтай байж байгаад өдөр 12 цагийн үед бид хоёр 1 шил 0.5 литрийн архи авч хувааж уучихаад Баянхошууны тойргийн орчим байдаг Ундрахбадралын төрсөн эгч Отгоогийнд очиж бид нар дахин нэг шил архийг Отгонпүрэвийн нөхөр болон өөр нэг танихгүй залуутай хамт хувааж уугаад Ундрахбадрал бид хоёр тэднийхээс 18 цагийн үед гарсан. Бид хоёр Хөтөлийн автобусны буудал дээр буугаад миний танил Лхагваагийнд ортол, мөн миний зүс мэдэх Бямбацогт болон түүний найз Отгондаваа гэх залуу болон Лхагваа нар байсан. Тэгээд Ундрахбадрал бид хоёр Лхагваагийнхаас Бямбацогт болон түүний найз Отгондаваа нартай хамт гараад дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи аваад манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Хөтөлийн 3-14 тоотод ирсэн. Манай гэрт бид дөрөв авсан архиа хувааж ууж байх үед Ундрахбадрал манай гэрийн баруун талын модон орны гол хэсэгт ганцаараа суусан байсан. Харин Бямбацогт, Отгондаваа бид гурав ширээ тойрч суусан байсан. Манайд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Тэгээд бид дөрөв авсан архиа уугаад талдаа ч ороогүй байх үед би гарч бие засчихаад буцаж орж ирэхэд Ундрахбадрал тэр Отгондаваатай чи хэн юм гээд маргаж байсан ба Отгондаваа ч гэсэн түүний өөдөөс чи өөрөө хэн юм, юу юм гээд маргаад байхаар нь би тэднийг больцгоо гэсэн боловч тэр хоёр маргаад болихгүй байсан. Намайг гэрт ороод удаагүй байтал Отгондаваа, Ундрахбадрал нар хоорондоо тэгж маргаж байснаа Отгондаваа гэнэт босч ирээд Ундрахбадралыг сууж байсан орон дээр нь дараад дух болон толгой хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохиж байгаа харагдсан. Тухайн үед Ундрахбадрал ч бас Отгондаваад даруулсан байхдаа өөдөөс нь сарвалзаад байсан. Харин Отгондаваа түүнийг өндийх гэхэд буцааж дараад л хоорондоо чи юу гээд байгаа юм гээд нэгэндээ хараал хэлээд хэрэлдээд байсан. Миний харснаар Отгондаваа Ундрахбадралыг гараараа 3-4 удаа цохьсон боловч түүний хамар, амнаас цус гараагүй, нүүр, ам нь ч хавдаагүй байсан. Отгондаваа, Ундрахбадрал хоёр хоорондоо нэлээд удаан маргасан, тэр хооронд Бямбацогт бид хоёр архиа уугаад сууж байсан. Харин Отгондаваа, Бямбацогт хоёр архиа ууж дуусгаад манайхаас гарч явсан. Тэр өдөр Ундрахбадрал манайд хоносон. Харин өглөө нь босоод шар ногоон зүйлээр бөөлжөөд өчигдөр балбуулаад тархи хөдөлсөн юм шиг байна, манай эгчийн хойно нэг бариач байдаг юм тийшээ явахаас гэж хэлж байсан. Түүний нүд бүлцийсэн, царай нь бага зэрэг бэлцийсэн харагдаж байсан. Гэхдээ архи уусны маргааш хүний царай тиймэрхүү болох үе байдаг болохоор би түүнийг гайгүй л юм байх гэж бодсон. Тэгээд Ундрахбадрал эгчийнх рүүгээ яваад өгсөн. …Өөр ямар нэгэн зодоон маргаан гараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас),
Гэрч Д.Эрдэнэбаатарын өгсөн: …би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Тогтохбаатарынд хөдөөнөөс ирсэн юм. Намайг Тогтохбаатарынд ирэхэд Ундрахбадрал байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ундрахбадралын төрсөн өдөр байсан. Тэр өдөр Ундрахбадралын найз нь утсаар залгаж, түүнийг дуудаад үдээс хойш тэрээр гэрээсээ гараад явсан. Харин маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ундрахбадрал Мөнхбаатар гэх найзтайгаа хамт буцаж ирсэн. Тухайн үед Тогтохбаатар, Отгонпүрэв нар Ундрахбадралын төрсөн өдөр болсон гээд, мөн намайг ирсэн гээд 0.5 литрийн байх 1 шил архи авч, бид хоол идэж, авсан архиа хувааж уусан. Ундрахбадрал Мөнхбаатар гэх найзтайгаа хамт тэднийд очно гэж хэлээд үдээс хойш 16 цагийн үед гарч явсан юм. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг мөн Тогтохбаатарынд байхад 13 цагийн үед өчигдөр орой Мөнхбаатар нэг шил архи аваад, түүний таньдаг хоёр залуутай хамт тэднийд хувааж ууж байх үед нэг залуу нь намайг цохьсон, тархи толгой өвдөөд байна гээд толгойных нь нэг тал (яг аль талыг нь мэдэхгүй байна) нэлээд хавдсан, толгойных нь хэмжээ өмнөхөөсөө арай том ч юм шиг болсон байдалтай ирсэн юм. Гэхдээ нүүр ам нь хавдаж, хөхөрсөн зүйл харагдаагүй. Ундрахбадрал тэр үед намайг зодсон хүн гараараа миний толгой руу цохиод байсан, мөн орны толгой мөргүүлсэн гэж хэлсэн..., ...Намайг Тогтохбаатарынд байх хугацаанд Ундрахбадрал түүнээс өөрөөр толгойдоо бэртсэн гэж ярьж байгаагүй. Харахад ч гэсэн хэвийн байсан. Харин 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зодуулсан талаараа хэлсэн. Би тэгээд тэр өдрийнхөө орой нь тэднийхээс явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас),
Гэрч Ё.Бямбацогтын өгсөн: ...Би Ундрахбадрал гэж хүнийг танихгүй 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Мөнхбаатар Лхагвасүрэнгийнд ганцаараа орж ирээд гараад явсан юм. ...Би Лхагваагийнд нэлээд хэдэн өдөр архи уусан. Зарим болсон зүйлийг санахгүй үе байсан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Мөнхбаатар Лхагваагийнд нэг залуутай орж ирээд тэр нь над руу яасан үхэл ханхалсан амьтан бэ гэж хэлснийг сүүлд Лхагваагаас мэдсэн. Гэтэл би тийм зүйл болсныг ч санахгүй байгаа. Би тухайн үед Отгондаваатай хамт Мөнхбаатарынд очсон байж магадгүй. Гэхдээ би юу ч санахгүй байна. Би Ундрахбадрал гэж хүнийг хараад ч танихгүй юм билээ... гэх мэдүүлэг (хх-ийн 27-30 дугаар хуудас),
Гэрч Н.Лхагвасүрэнгийн өгсөн: ...Тухайн үед Мөнхбаатар өндөр, туранхайвтар залуутай хамт манайд орж ирээд унтаж байсан Бямбацогтыг сэрээх гэхэд тэрээр босож чадахгүй нь ээ гэсэн. Гэтэл Мөнхбаатартай хамт явсан залуу Бямбацогтыг энэ яасан үхэл ханхалсан амьтан бэ гэж хэлж байсан. Тэгтэл Бямбацогт юу гэнээ гээд босоод ирсэн, харин би танихгүй айлд орж ирчихээд яадаг хүн бэ гэж бодоод тэр залуу руу чи юу гээд байгаа юм гэхэд Мөнхбаатар нөгөө залуугаа болиулж байсан. Манай гэрт түүнээс өөрөөр хэрүүл маргаан гараагүй, зодоон болоогүй. Тэр үед Отгондаваа манайд унтаж байсан бөгөөд маргаан болох үед сэрээд Мөнхбаатараатай хамт маргааныг болиулж байсан. ...Би өдрийг нь санахгүй байна. Мөнхбаатар найзтайгаа орж ирээд гардаг өдрийн маргааш нь байх Отгондаваа, Бямбацогт хоёр нэлээд халамцуу байдалтай орж ирээд бид хоёр Мөнхбаатарынд архи уусан гэж ярьж байсан. Тэрнээс өөр зүйл яриагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 31-33 дугаар хуудас),
Гэрч Б.Хатанболдын өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ гацуураа засаад сууж байхад Ундрахбадрал ах гаднаас зэвхий царайтай хүн орж ирсэн. Түүний толгойн баруун дээд хэсэг бамбайгаад хавдчихсан байсан. Тэрээр хэлэхдээ хүнд зодуулчихлаа гэж байсан. Ах бие өвдөөд байна гээд хэвтээд л байсан. Тэр өдрөөс хойш хэвтрийн байдалтай байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 168-169 дүгээр хуудас),
Гэрч Х.Хөхөөгийн өгсөн: ...Би 17 наснаасаа бариа хийж байгаа. Албан ёсны мэргэжлийн үнэмлэхгүй. Би Ундрахбадрал гэх хүнийг санахгүй байна. Над дээр их олон хүн ирдэг, үзүүлж харуулдаг учир санахгүй байна. Дээрээс нь нас өндөр болоод мартаж санах юм. Би хавантай хүнийг бол барихгүй л дээ. Янз бүрийн гэмтэл авсан хүнийг эмнэлэгт эхлээд үзүүл гэж хэлдэг. Би судас барьж оношилдог. Хэрвээ барьж болохгүй хүн байвал эмнэлэгт ханд гэдэг... гэх мэдүүлэг (хх-ийн 170-171 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1231 дугаартай: Б.Ундрахбадралын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. гэх дүгнэлт (хх-ийн 48 дугаар хуудас),
Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн: ...Б.Ундрахбадралын биед учирсан гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учир нь хүний тархины ямар судас гэмтсэн болон тухайн судаснаас ямар хэмжээтэй цус хатуу хальсанд (тархины) хурснаас хамаарч тухайн хүний биед зовиурууд харилцан адилгүй илэрдэг. Өөрөө хэлбэл зовиурууд илрээд хэсэг хугацаанд яваад байж болно. Түүний биеийн бусад хэсгээр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Б.Ундрахбадралын биед мохоо зүйлийн үйлчлэлээр л тархины гэмтэл үүсгэгдэх боломжтой. Гэхдээ хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй. ...Б.Ундрахбадралын биед учирсан гэмтэлд ясны хугарал, язрал байхгүй ба түүнд учирсан гэмтэл гараар цохисоны улмаас үүссэн байх боломжтой юм. Мөн цохих өшиглөх зэрэг аливаа хүчин зүйлийн үйлчлэлээр ч уг гэмтэл үүсгэгдэх юм... гэх мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 891 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: М.Золжаргалын 1231 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой байна. Тархины хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохиулах зэрэг үед үүснэ. Үзүүлэхгүй явсанаас үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна. Тархины хүнд гэмтэл авсан байх бөгөөд бариачийн үйл ажиллагаатай холбох үндэслэл тогтоогдохгүй байна... гэх дүгнэлт (хх-ийн 175-176 дугаар хуудас),
Ж.Отгондаваагийн сэжигтнээр өгсөн: ...Би Мөнхбаатар гэх нэрийг санахгүй байна. Гэхдээ Бямбацогттой хамт согтуу байхдаа Нараа гэх айлынд нэг удаа очиж байсан, мөн өөр нэг айлд очиж байсан. Гэхдээ тухайн үед би нэлээн согтуу байдалтай айлд очсон болохоор хоёр дахь айлыг нь санахгүй байна. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн байна. ...Тэр айлд Бямбацогт бид хоёр очиж архи л ууж байсан байх миний санаж байгаагаар тэр айлд хүмүүс шорон орон яриад л байсан санагдаж байна. Гэхдээ би тэнд ямар хүмүүс байсныг санахгүй байна. Би тэр үед айлд архи ууж байж тиймэрхүү муу юм яриад яахав дээ гэж хэлж байснаа бүдэг санаад байна өөр тодорхой зүйл санахгүй байгаа. Би ер нь бол хүн амьтантай шалтгаангүй маргаад муудалцаад байдаггүй, өмнө нь ч тийм асуудал гаргаж байгаагүй. Аль болох л асуудлыг эвээр шийдэх гэж хичээдэг хүн байгаа юм. Би өмнө нь Улаанбаатар хотод эхнэрийнхээ нэр дээр байдаг машинтайгаа ирээд машин эвдрээд орхисон байсан юм. Тэгээд л тэр үед ажил хийж байгаад хэдэн төгрөгтэй болоод машинаа засах гээд хотод ирсэн байсан боловч машинаа засаж чадаагүй, мөнгөөрөө найзуудтайгаа нийлээд нилээн архи уусан..., ...Би хүнтэй муудалцсан маргасан эсэхээ санахгүй байна. Би 2015 оны 12 сард хотод ирснээс хойш архи нэлээд их уусан, заримдаа тасраад болсон зүйлээ санахгүй үе байсан. ...Би тэр айлыг зааж өгч мэдэхгүй байна. Би Баянхошуунд өмнө байгаагүй болохоор баримжаа ч алга, тэр айлыг монгол гэртэй эсвэл байшинтай эсэхийг ч санахгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 67-68 дугаар хуудас),
Ж.Отгондаваагийн яллагдагчаар өгсөн: ...Би хохирогч болох Ундрахбадрал гэх хүнийг таньж олуулах ажиллагааны үеэр хараад таньсан, би тэр хүнтэй 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Баянхошууны хөтөлд найз Лхагваагийнд харсан хүн байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой санахгүй байсан боловч тэр надад зодуулсан гээд байгаа хүнийг хараад болсон зүйлийг санасан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Намайг Баянхошууны Хөтөлд Лхагваагийнд байхад Мөнхбаатар гэх залуу Ундрахбадрал гэх найзтайгаа хамт орж ирсэн. Ундрахбадрал гэх залуу нь Бямбацогттой маргах янзтай үг яриа гаргаад байсан юм. Гэхдээ би тэдний юу гэж маргаад байсныг санахгүй байна. Мөнхбаатар Ундрахбадрал нар Бямбацогт бид хоёрыг хамт гаръя гэж хэлээд Лхагваагийнхаас гарсан юм. Тэр үед Мөнхбаатар гэх залуу 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл нэрийн нэг шил архи авч, бид дөрөв Мөнхбаатарынд орж уусан юм. Тэднийд байх үед Ундрахбадрал, Мөнхбаатар, Бямбацогт нар шорон оронгийн тухай яриад, дээрээс нь янз бүрийн юм яриад маргаад байхаар нь би тэд нарыг айл амьтанд байж шорон орон ярьж маргаад байх юм больцгоо гэхэд Ундрахбадрал над руу агсамнаж, элдэв үг яриа гаргаад байсан. Би эхэндээ түүний хэлсэн, ярьсан зүйлийг тоогоогүй, харин түүнийг унт гэсэн боловч тэрээр над руу үргэлжлүүлэн агсамнаад байсан. Би тэр үед Ундрахбадралыг юу гэж хэлээд байсныг одоо санахгүй байна. Тэгээд бид хоёр босож ирээд эхлээд нэг, нэгнээ заамдалцаад хэрэлдэж байгаад, дараа нь би түүний хацар руу 2 удаа алгадсан юм. Тэгээд би Бямбацогтын хамт тэндээс гараад явсан. Намайг алгадахад Ундрахбадрал унаагүй, өөдөөс хэрэлдээд л байсан. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. Би Ундрахбадралыг унагаж зодоогүй. Харин Ундрахбадрал Мөнхбаатарын гэрт согтуурхаж гуйвж байгаад өөрөө л 1-2 удаа унаж байсан. ...Би Ундрахбадралыг ингэж хүнд гэмтэл автал нь цохиогүй, гараараа л хацар руу нь алгадсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Тус гэмтлийг би учруулаагүй. Тухайн үед Ундрахбадралын нүүр амнаас нь цус гарсан зүйл ерөөсөө байгаагүй, гэмтэж бэртсэн зүйл ч байгаагүй. Ийм хүнд гэмтэл учирсанд гайхаж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас),
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Б.Ундрахбадралын хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоосон баримт (шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокурорын зүйлчлэл хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх үзлээ.
Нотолгоо ба няцаалтын талаар:
Шүүгдэгч Ж.Отгондаваа болон түүний сонгон авсан өмгөөлөгч нар нь хохирогч Б.Ундрахбадралын биед илэрсэн ...хамар ясны хоёр хажуу хана, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийсан, баруун дух болон зулай, чамархай, суурь, дагз үргэлжилсэн архаг субдураль цус хуралт... бүхий гэмтэл нь хэзээ, яаж учирсан болон эдгээр нь түүний гэмтлийн зэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах саналтай байна гэв.
Хохирогч Б.Ундрахбадралыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахин байцаах үед дээрх хуучин гэмтлийн талаар тодруулан асуухад тэрээр би 2009 онд барилга дээр ажиллаж байх үедээ найз Отгонжаргалтай маргалдаж, хамар руугаа цохиулж байсан. Тухайн үед хамар хэсэгт хөндүүрлэж байгаад зүгээр болсон. Энэ гэмтэл нь хуучны буюу одоогоос 6-7 жилийн өмнөх гэмтэл юм хэмээн мэдүүлсэн бөгөөд энэ нь гэмтлийн шинж байдалтай тохирч байна.
Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1231 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 48)-д ...Баруун чамархайн урд хэсэг, суурийн түвшинд 0.9 см гүн зузаантай, зулайн ар дагз хэсэгт 0.8 см гүн зузаантай, /65+/-/+68/ HU нягтралтай шинэ субдураль цус хуралт тодорхойлогдоно. Эргэн тойронд хавантай. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Ялангуяа баруун талдаа хаван ихтэй. Субарахнойдаль зайнуудад цус харвалттай. Баруун хажуу ховдлын урд эвэр шахагдаж нарийссан, арын эвэр шахагдаж дарагдсан... гэсэн онош буюу тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины эдийн няцрал, субарахнойдаль, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг үндэслэн гэмтлийн зэрэг тогтоосон байх тул шүүгдэгч Ж.Отгондаваа, түүний өмгөөлөгч нарын гаргасан санал хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хх-ийн 175)-ээр 1231 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хохирогч Б.Ундрахбадралын баруун чамархай орчим буюу баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн дарагдал, няцрал, субарахнойдаль доорх цус харвалт нь эмнэлгийн тусламж авалгүй явсантай хамааралгүй, бариачийн үйл ажиллагаатай холбогдохгүй хэмээн дүгнэсэн нь тэдний саналыг мөн адил няцаан үгүйсгэж байна.
Гэм буруу, ял шийтгэлийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт болон нотолгоо ба няцаалтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Отгондавааг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хавтаст хэргийн 75 дугаар хуудаст авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч Ж.Отгондаваа нь ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Отгондаваа нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус бүр тооцлоо. Иймд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтны хувийн байдал, урьд ял шийтгэлгүй зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:
Хохирогч Б.Ундрахбадрал нь эмчилгээний зардалд хохирол төлбөрт баримтаар 1.933.744 (нэг сая есөн зуун гучин гурван мянга долоон зуун дөчин дөрөв) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 (нэг сая) төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ж.Отгондаваа түүнд 2.933.750 (хоёр сая есөн зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн шинэ баримт болон хохирогч Б.Ундрахбадралын зүгээс уг төлбөрийг хохиролд тооцон хүлээн авсан гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Отгондавааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хохирогч Б.Ундрахбадрал нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдлаа.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Отгондаваа нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 (зургаа) хоног, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 (гурав) хоног нийт 9 (ес) хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шүүгдэгч Ж.Отгондаваагийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Долоон тайж овогт Жамсрангийн Отгондавааг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ж.Отгондаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгондаваад оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгондаваагийн цагдан хоригдсон нийт 9 (ес) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Отгондаваагийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгондаваа нь 2.933.750 (хоёр сая есөн зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийн хохиролыг хохирогч Б.Ундрахбадралд төлснийг дурдаж, хохирогч Б.Ундрахбадрал нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Отгондаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Отгондаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
Г.МӨНХЗУЛ