Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 540

 

                                         Б.Бямбажав, Ц.Алимаа нарт холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалтай Б.Б, Ц.А нарт холбогдох эрүүгийн 1935004250057 дугаартай хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, малчин, ял шийтгэлгүй Б овогт Б-ын Б,

2. Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, малчин, ял шийтгэлгүй Б овогт Ц-гийн А

 Б.Б, Ц.А нар бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой хохирогч Ж.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Ц.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 33 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ц.А нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б, Ц.А нар хамтран гомдолдоо: ”Анхан болон давж заалдах шатны шүүхээс 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “яллагдагч нь шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах эрхтэй гэсэн эрхийг минь ноцтой зөрчиж прокурор Н.Энхтуулд гаргасан хүсэлтийн хариуг гаргаж өгөөгүй байж хэргийг шүүх рүү шилжүүлж, шүүх хурлын өмнөх өдөр хүсэлтийн хариуг өгсөн нь дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг минь хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А миний биед учирсан гэмтлийн зэргийн анхны шинжээчийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, дараагийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар 2 өөр дүгнэлт гарсан, шинэ нөхцөл байдал үүссэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн Ц-ийн биед учирсан гэмтлийг дахин тогтоолгох хүсэлтийг хүлээн аваагүй нь нэг талыг барьж шүүхээс  хуульд заасан үндэслэлээр дахин шинжилгээ явуулах үндэслэл тогтоогдвол өөрийн шийдвэрээр шинжээч томилох боломжтой байхад шинжээч томилоогүйд нь мөн гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хууль буруу хэрэглэж, Ц.А, Б.Б бидний эрх ашгийг хохироож, хэтэрхий нэг талыг барьж, 1 талд үйлчилж биднийг холбогдогч болгож байгаад шийдвэрлэж буйг анхаарч үзэн дээрх гомдлыг хүлээн авч хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж, мөрдөн байцаалтын нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулна уу.

Манайх ам бүл 6, нөхөр Б.Б бид хоёр мал малладаг, 700 орчим бод, бог малтай, малын А данс Б.Б-ын нэр дээр байдаг. Бид малаа маллаж, амьжиргаагаа залгуулдаг, 3-9 насны 4 хүүхэд, 80 настай ээжтэйгээ хамт асран хамгаалж амьдардаг. Хүүхдүүд бага учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг аль аль нь биечлэн эдлэх боломжгүй. Ц.А миний бие 2020 оны 07 дугаар сарын 12-нд осолд орж, үхэрт мөргүүлэн зүүн нүдний ухархайн яс цөмөрч, нүд хоёрлож харагдаад, толгой дүүрээд, нүд бүрэлзээд эмчийн хяналтанд байдаг тул гадуур хүнтэй хамт явдаг, биеийн байдал муу байгаа учраас уг асуудлыг харгалзаж, шүүхээс гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэх нь үндэслэлтэй гэж үзвэл Ц.А, Б.Б бидэнд торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэнэ үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхтариа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Б, Ц.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой бүгдээрээ архи уусан, улмаар Ж.Ц Б.Б нар маргалдсан үйл баримт тогтоогдсон. Харин маргалдах явцад Ж.Ц нь Ц.А 6 хүүхдээ авахуулсан, янхан, Ц.Б-ыг малын хулгайч гэх зэргээр хэл амаар доромжилсноос болж тухайн үйл явдал болсон байдаг. Ж.Ц Ц.А-ийн үснээс зулгааж доош дарсны улмаас үс халцарсан, шинжээчийн дүгнэлтүүдээр Ц.А-ийн биед хөнгөн зэргийн буюу хүзүүний хоёрдугаар нугалмын ар хэсэгт сэтэрсэн хугарал бүхий гэмтэл тогтоогдсон боловч 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар  тус дүгнэлтийг үгүйсгэсэн. Шүүгдэгч Ц.А уг гэмтлээс шалтгаалж олон удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Мөн түүнийг данхаар цохисон асуудлыг орхигдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

 Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь гэмт хэрэгт нэг цаг хугацаанд, нэг сэдэлт зорилгоор хамтран оролцсон болох нь нотлогдож тогтоогдсон. Хохирогчийн буруутай үйлдэл байсан хэдий ч шүүгдэгч нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгч нарын зүгээс 5 удаа гомдол гаргасан бөгөөд хүсэлтийг хангах боломжгүй учир татгалзсан байдал харагддаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суудаг Б.Бийн гэрт согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Б, Ж.Ц нар нь хэн алиндаа хүч хэрэглэн халдсан, үүнд Ц.А мөн оролцсон үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх нотлон тогтоосон байна.

Харин энэхүү үйл явдалд шүүгдэгч тус бүр ямар шалтгааны улмаас хэрхэн оролцсон, тэдгээрийн үйлдэл нь бүлэглэн гүйцэтгэсэн шинжтэй эсэх, хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь чухам хэний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  талаар хоёр шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

 Тухайлбал, архи нэмж авах асуудлаас болж Ж.Ц, Б.Б нар маргалдсанаар Ж.Б нь хохирогчид хүч хэрэглэн халдсаныг А.С салгасан байх бөгөөд гэрт үлдсэн Ж.Ц нь Ц.А элдвээр доромжилсны (хулгайч, янхан г.м) улмаас тэрээр гэрт орж хэн алиндаа хүч хэрэглэн халдсан, энэ үед гаднаас Б.Б орж ирэн эхнэрийнхээ үснээс зулгаасан байсан Ж.Ц нүүрэнд цохисон талаар гэрч Я.У, А.С нар тодорхой мэдүүлсэн байна.

Дээр дурдсан гэрчүүдийн болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд  хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Ц, Б.Б нарын хооронд болсон маргаан, хүч хэрэглэн халдсан үйлдэл таслан зогсоогдсоны дараа гэрийн гадна байсан Ц.А, Ж.Ц элдвээр доромжилсны улмаас буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан энэ хоёрын хооронд маргаан, зодоон болсон байх бөгөөд гэрт гаднаас орж ирэн тэдгээрийг салгах явцдаа Б.Б нь Ж.Цийн нүүрэнд цохьжээ.

Энэ үйл явдал нь нэг орон зайнд буюу Б.Б-ийн гэрт, нэг хүний буюу Ж.Ц-ийн эсрэг чиглэсэн боловч нэг дор бус хоёр өөр цаг хугацаанд, өөр өөр шалтгаан нөхцөлийн улмаас үүдэлтэй, өдүүлбэр (сэдэлт) нь тус тусдаа үүссэн байх тул тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 Учир нь гэмт хэрэгт хамтран оролцох нь үүнд хоёр ба түүнээс дээш хүн хамрагдсан байхаас гадна тэдгээрийн үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй, хамтарсан  гэмт үйл ажиллагааг санаатай хийсэн шинжүүдийг заавал агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор урьдчилан тохиролцох буюу аливаа тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчин чармайлтаар, нэг үр дүнд (үр дагавар) хүрэхийг эрмэлзэх нь гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэхийн үндсэн шинжүүд билээ.

 Тэгвэл Ж.Ц, Б.Б нарын хооронд анхлан болсон маргаан, зодоонд Ц.А огт оролцоогүй, тэрээр өөрийг нь доромжилсон Ж.Ц үйлдэлд дургүйцэж түүнтэй маргаан, зодоон хийсэн, үүнийг нь салгах явцад Б.Б нь эхнэрээ өмөөрч хохирогчийн нүүрэнд цохисон нөхцөл байдлаас үзэхэд Б.Б, Ц.А нарыг нэгдсэн зорилгоор нэг үр дүнд хүрэхийн тулд үйл ажиллагаагаа нэгтгэсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч Ж.Ц-ийн бие махбодид учирсан гэмтэл, түүний зэргийн талаар шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан (хэргийн 1 дэх хавтас, 67, 77-78 дахь тал) бөгөөд эхний дүгнэлтийг тодруулах, эргэлзээтэй зүйлийг нэг мөр болгох зорилгоор хоёр дахь шинжилгээг хийлгэжээ.

Нэмэлт буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шинжилгээгээр (хэргийн 1 дэх хавтас, 77-78 дахь тал) хохирогч Ж.Ц-ийн биед учирсан “зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба дээрх гэмтлүүдийг тус тусад нь салгаж болохгүй ба нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн байх боломжтой” гэдгийг шинжээч тодорхойлж, эдгээрийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон байна.

Түүнчлэн энэ шинжилгээгээр дээрх хохирогчийн “дух, хамрын нуруу, баруун зүүн хацар, дээд уруул, эрүүний урд хэсэг, баруун чихний дэлбэнд учирсан зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэжээ.

Хохирогч Ж.Ц-ийн нүүрийг Ц.А нь маажиж самардсан, харин Б.Б нь хохирогчийн нүүрэнд цохисон болохыг эдгээр хүмүүс болон гэрч Я.У, А.С нар мэдүүлсэн бөгөөд эдгээр мэдүүлгийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан шинжлэн судалснаар Б.Б-ын үйлдлээс хохирогчийн биед дээр дурдсан хөнгөн гэмтэл, Ц.А-ийн халдлагын улмаас гэмтлийн зэрэгт хамаарахгүй дээрх зулгаралтууд учирсан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ хэмээн хяналтын шатны шүүх үзэв.

Б.Б, Ц.А нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу энэ хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйн гадна Ц.А-гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь нотлогдоогүй тул шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Үүнтэй холбогдуулан Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан бүх арга хэмжээг авч, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх буюу уг хэргийн бүрдэл хангагдсан, түүнчлэн хэргийн мөрдөн шалгах явцад хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч нарын гомдлоос “хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх”-ийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалын Б овогт Цгийн А-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.

2. Мөн тогтоол, магадлалд “Б овогт Б-ын Б-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

3. Торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг Б.Б-т мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын хамтран гаргасан гомдлоос “хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР