Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 86

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Ж.Ц, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ц.А, Б.Б тэдгээрийн өмгөөлөгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Б-ын Б, Б ургийн овогт Ц-гийн А нарт холбогдох 1935004250057 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт Б-ын Б, 1985 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: оо85060677.

Монгол Улсын иргэн Б ургийн овогт Ц-гийн А, 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар оо88011065.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б, Ц.А нар бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой хохирогч Ж.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004250057 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед өөрийнхөө хонь хариулж яваад манай ойролцоо байх М-гийн гэрт очиход М нэг шил Соёрхол нэртэй 0.75 литрийн архи задалсан тэгээд тэр архийг нь С, М, У, бид нар хувааж ууж байхад гаднаас Б орж ирээд бид нарын ууж байсан архийг хуваалцаж уусан дахиад М Эдэн нэртэй 0.75 литрийн нэг шил архи гаргаж ирсэн тэгээд бид нар хувааж ууж дуусгасан. А.С нь Б-т нэг шил архи хэдэн чихрийн хамт гаргаж өгсөн юм. ...Б гаднаас эхнэр А-г дагуулаад орж ирээд С-ы өгсөн “Эдэн” нэртэй 0.75 литрийн архи задалсан тэгээд бид нар тэр архийг хувааж ууж дууссан тэгээд Б надад хандан “Та гар нэг шил архи олоод ир гэж хэлэхээр нь би орой болчихсон байхад хаанаас архи олдох юм бэ? гэхэд Б “битгий гуриатаад бай” гэж хэлэхээр нь би “чи гуриа биш юм бол гараад олоод ир” гэхэд Б босож ирээд миний хамар луу гараараа хоёр удаа цохисон тэгээд миний хамраас цус гарахаар нь Б-т хандаж “мал хулгайлж идээд цадахгүй хүн идмээр байна уу? хулгайчаа” гэхэд гаднаас эхнэр нь орж ирээд “чиний юуг хулгайлсан юм бэ?” гэхэд та нар хулгайлчхаад надад төлж өгсөн биз дээ хүний цус идмээр байна уу? гэхэд Б-ын эхнэр А нь М-гийн хоолны шүүгээнээс бор шаргал өнгийн бариултай хутга авч над руу дайрсан тэгэхээр нь би зугтаад гарах гэхэд гаднаас Б орж ирээд түлхэж унагаагаад толгой дээр хөлөөрөө нэг дэвсэн...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

“...Б намайг дарж аваад зодохоор нь Б-ыг С салгаж аваад У, Б, А, С нар гэрээс гарсан тухайн үед миний хамраас цус гарахаар нь миний уур хүрээд гэр дотроос Б руу хулгайч нар гэж орилсон. ...А бид хоёр маргалдаж эхлээд байтал гаднаас Б над руу хандаж чиний 3 хүүхэд 3 өөр хүнийх гэхээр нь би Бт миний 3 хүүхэд 3 өөр хүнийх бол чи 6 хүүхэд авхуулсан гэж хэлээд маргалдаж байтал А ирээд миний нүүрийг гарын хураагаар 2-3 удаа самардаж маажсан тэр үед гаднаас У орж ирээд бид дундуур ороод А бид хоёрыг хоёр тийш болгоход А гэнэт хутга аваад над руу дайрахаар нь би урдаас данх авсан. Тухайн үед А хутгаар хутгалж гэмтээсэн зүйл байхгүй харин би Аг данхаараа цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Мөн хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан “Архинаас болж маргаан гарсан юм. Тэр үед Б.Б дарж унагаагаад цохиж байхад С салгаж аваад гарсан. Хулгайчид гээд орилоход гаднаас Ц.А орж ирээд миний нүүрийг хоёр удаа маажсан. Гэр дотор Ц.А бид хоёр байсан гэв. У гадаа үүдэнд байсан. У Ц.А хутга аваад намайг хөөсөн. Тэгэхээр орж ирсэн. Тэр айлын хутга олдоогүй. Б.Б Ц.А хутга бариад намайг хөөж байхад Б.Б орж ирээд намайг цохиж унагаасан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Гэрч Я.У-ын  “...би тэд нарыг архи ууж байхад гэрээс гараад үхэр тугалаа харчхаад удалгүй ороод иртэл Б Цтэй маргаад Цийн дээр нь гараад авчихсан ноцолдож байсан С тэр хоёрыг салгаад Б, А нарыг манай гэрээс хаалга хаагаад автал Ц гэр дотроос Быг хулгайч гээд орилчихсон чинь А орж ирээд Ц-тэй хэрэлдэж байгаад Цийн нүүрийг 2 гараараа самардаад маажаад хаячихсан юм. Би Аг Цээс арай гэж салгаад байж байтал Б гаднаас дахин гүйж орж ирээд Цийн нүүр нь тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохихоор нь С тэр хоёрыг салгаж байх хооронд Б-ын гарыг Ц хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.Т-ийн “...2019  оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг очиход С, Ц, Б, А, У нар байсан. Тэд нар нэг шил “Эдэн” нэртэй архи уугаад сууж байсан би Бтай хамт гэр лүү нь очиж эхнэр А-г гэрээс нь авч ирсэн. ...Ц болон А нарын биед ил харагдах шарх сорив байгаагүй. Маргалдаж зодолдсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

4. Гэрч А.Сы “...Тэгээд Б.Б, Ж.Ц нар хэрэлдэж байгаад Б.Б нь Ж.Ц-ийг унагааж дээрээс нь дарсан тэгээд Б нь буцааж татаж босгоод инээхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодсон удалгүй дахин маргалдаад “чи их малтай би их малтай гээд хоорондоо маргалдсан” тэгээд би Б-ыг эхнэрийнхэн хамт гэрээс аваад гарсан. Тэгээд гадаа гараад байж байхад Ж.Ц гэр дотроос “муу хулгайч хулгай хийгээд цадахгүй байна уу? гэхэд А гэр лүү гүйгээд орсон мөн араас нь Б орох гэхэд би оруулалгүй үүдэн дээр хаалга бариад зогсож байхад гэр дотроос Я.У энэ хоёрыг орж ирж салга гэхээр нь гэр лүү яваад ороход Ж.Ц А-гийн үснээс татаж байсан. Тэгээд миний араас Б.Б орж ирээд Ж.Ц-ийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. ...Ж.Ц нь Бын гараас хазсан. Яг аль гараас хазсаныг би хараагүй. Тэгээд У хажуунаас орж ирж салгасан мөн А нь Ж.Цийн нүүрийг хоёр гараараа самардсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

5. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Үзүүлэгч Ж.Ц-н биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дотоод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад, зүүний нүдний дээд, доод зовхи, цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, эрүүний урд хэсэгт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг түр хугацаанд сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 708 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,

6. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “...Ж.Ц-ийн биед учирсан зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба дээрх гэмтлүүдийг тус тусад нь салгаж болохгүй ба нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн байх боломжтой. Иймд эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, эрүүний урд хэсэгт, баруун чихний дэлбэнд учирсан зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар (жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт) гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, эрүүний урд хэсэгт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна” гэх 01 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/,

7. 2019  оны 10 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч Ц.А-н биед гэмтэл учирсан байна. Хүзүүний 2 дугаар нугалам ясны их биеийн ар доод хэсэгт сэлтэрсэн хугарал, дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл учирсан байна. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 724 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

8. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Ц.А-гийн биед учирсан хүзүүний 2 дугаар нугалам ясны их биеийн ар доод хэсэгт сэлтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэж үзэх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар (эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй) гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал нь 1х1 см хэмжээтэй байх ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Хүзүүний 2 дугаар нугаламд үүссэн гэмтлийн байрлал нь биеийн гадаргууд байрлаагүй тул биеийн нийт гадаргууд үүссэн гэмтэлд оруулж тооцохгүй” гэх 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,

9. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №724, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №03 тоот дүгнэлтүүдийн хүзүүний 2 дугаар нугалам ясны их биеийн ар доод хэсэгт сэлтэрсэн хугарал гэмтэл гэсэнтэй санал нийлэхгүй байна. Ц.А-гийн биед тухайн үед дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл учирчээ.  Давтан дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн КТГ-ийн зургийн CD болон Рентген зургуудыг дахин уншуулахад Гавал тархинд гэмтлийн гаралтай болон өвчний гаралтай эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй. Ц.Агийн биед учирсан дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх 230 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-103 дугаар хуудас/,

10. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтэд хавсаргагдсан “...2019 оны 10 дугаар сарын 23-ны хүзүүний КТГ /CD-1ш/-р: Хүзүүний лордоз тэгширсэн. Хүзүүний нугалмуудад гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй, жийргэвчийн зайнууд жигд. Нугасны сувагт өөрчлөлтгүй...” гэх Зөвлөгөөн авах бичиг /хх-ийн 98 дугаар хуудас/,

11. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун шуунд, дагзны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Б.Бын биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх 723 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

12. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “...Б.Б-ын биед учирсан баруун шуунд, дагзны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар (жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт) гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Баруун шуунд, дагзны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна” гэх 02 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой манай хажуугийн Б гэдэг айлд очсон. Намайг очиход Б-гийн гэрт Ц, Б, С, У нар хөзөр тоглож байсан. Хажууд нь 0.75 литрийн Соёрхол нэртэй нэг шил архины шил байсан. ...Тэгээд би хажуу айлд байх Б-гийн дүү Т гэдэг залуугийн хамт өөрийнхөө гэр лүү очиж А, Т бид гурав буцаж миний машинаар Б-гийн гэр лүү очиход минь хийж байсан архи хэвээрээ байсан. ...Тэгээд тухайн архийг С, Б, У, Ц бид хэд хувааж уугаад дууссаны дараа У 1 литрийн монгол архи гаргаж ирсэн бид нар хуваагаад уусан А архинаас уугаагүй юм. ...У Ц бид хоёрт хандан одоо та хоёр нэг шил архи олж ир гэж хэлсэн. Тэгээд би та хоосроод яцын та бас баян 100 үхэртэй гэж хэлээд маргалдаж байхад С хажуугаас хүний өгсөн юмыг зөв ууж чадахгүй гар та нар гэхээр би гэрээс гараад гадаа зогсож байхад араас А, С нар гарч ирсэн. Араас нь Ц хулгайч там, муу янхан яатуу сургуулиа төгсөж чадаагүй тэмбүүтэй янхан, чи 6 хүүхэд авхуулснаа мэдэж байна уу гэхэд А би орж Цээс асууна намайг хаана янхандаж явж байсныг харсан бол гэж хэлээд гэр лүү орсон би араас нь орох гэхэд С гэрийн хаалга дарчхаад намайг оруулахгүй байсан. Тэгтэл гэр дотроос У та нар орж ирж энэ хоёрыг салга гэхээр нь С бид хоёр хамт гэр лүү орсон юм. Тэгтэл А-гийн үс нь арзайчихсан байсан. Тэгээд би Ц-ийг цааш дараад суулгахад араас С ирээд намайг боль гэж хэлээд татсан тэгтэл Ц миний баруун гараас хазсан тэгээд би тавь гэж хэлээд Цийн нүүр лүү зүүн гараараа нэг удаа алгадсан юм... ” /хх-ийн 166-168 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

14. Шүүгдэгч Ц.А-гийн яллагдагчаар өгсөн “...У Б, Ц хоёрт хандаад  аавынхаас ороод нэг шил архи байгаа аваад ирээч гэсэн тэгтэл Б Ц-д хандаж хоёулаа хамт гараад Мгийн аавын гэр лүү ороод ирье тэгтэл Ц юм хэлэхгүй суугаад байхаар нь Б баян хүн байж яагаад үхээд байгаа юм гэж хэлснээс болоод Ц Б нар маргалдаж эхэлсэн. ...Ц-ээс яагаад намайг доромжилсныг асуухад гэрт Ц, У нар байсан тэгээд Ц-ээс яагаад намайг ингэж доромжлоод байгааг асуухад Ц над руу шууд сэрээ авч дайрч эхэлсэн тэгэхээр нь би газар таваг дээр байсан сэрээ, хутгыг гэрийн зүүн талд баллоны араар хийсэн тэгтэл Ц над руу хүрч ирээд надтай маргалдаж хэрэлдэж байгаад ноцолдоод миний үснээс 2 гараараа бариад доош дараад эхэлсэн тэр хооронд У бид хоёрыг салгах гэтэл хүч нь хүрээгүй. Тэгтэл Ц намайг гэрийн зүүн талын баллонтой усан дээр дараад хариу босгож ирээд гэрийн хананд шахаад миний баруун хавирга руу хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн юм. Тэгж байтал Ц миний үснээс тавихгүй зулгаагаад байхаар нь би хоёр гараараа Цийн нүүрийг 2-3 самардсан Ц миний үснээс тавиад бид хоёр хоёр тийш болсон. Тэгээд байж байтал Ц галын хөвөөнд байсан төмөр данх аваад миний толгойн баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон ба намайг цохиж байхад бариул нь тасраад үсэрчихсэн юм. Тэгж байтал С Б нар орж ирээд Б шууд Ц-ийг дараад газар унагаасан ба Б Ц-ийг гар хазчихлаа гэж байсан. Тэгээд С тэр хоёрыг салгаад Ц тэр газраа хэвтээд босохгүй үлдсэн...” /хх-ийн 170-172 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт шүүгдэгч Б.Б, Ц.А, хохирогч Ж.Ц, гэрч А.С, Я.У нар нь архидан согтуурах явцад шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.Ц нар нь нэмж архи авах асуудлаас болж хоорондоо маргалджээ. Уг маргаанаас үүдэж шүүгдэгч Б.Б хохирогч Ж.Цэгмэдийн зүүн шанаа орчим газар нэг удаа цохиход гэрч А.С Б.Быг салгаж, гэрээс шүүгдэгч Ц.Агийн хамтаар гаргахад хохирогч нь шүүгдэгч нарыг зүй бус үгээр доромжилсон байна. Мөн шүүгдэгч нар нь хохирогчийг зүй бус үгээр доромжилж, улмаар шүүгдэгч Ц.А нь ганцаараа гэрт орж хохирогч Ж.Цтэй маргалдаж хохирогчийн нүүрийг хоёр гараараа маажиж, хохирогч Ж.Ц нь шүүгдэгч Ц.Аг үснээс нь зулгааж харилцан нэгэндээ гэмтэл учруулсан байна. Гэрч Я.У нь шүүгдэгч Ц.А, хохирогч Ж.Ц нарыг салгаж чадахгүйн улмаас тусламж дуудахад гаднаас гэрч А.С, шүүгдэгч Б.Б нар орж ирсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Ц-ийн зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, ноцолдох явцад хохирогч Ж.Ц нь шүүгдэгчийн баруун гарын шуу хэсгээс хазсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь хохирогч Ж.Цтэй харилцан зодолдох явцдаа хохирогчийн биед “зүүн нүдний дотоод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад, зүүний нүдний дээд, доод зовхи, цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, дээд уруул, эрүүний урд хэсэгт, баруун чихний дэлбэнд зулгаралт” гэмтэл учруулсан байна. Энэхүү гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 708 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/-ээр тогтоогдсон байна.

Харин хохирогч Ж.Ц нь шүүгдэгч Б.Бын биед “баруун шуунд, дагзны баруун дээд хэсэгт зулгаралт” гэмтэл учруулсан байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болох нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 723 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.А-гийн биед “хүзүүний 2 дугаар нугалам ясны их биеийн ар доод хэсэгт сэлтэрсэн хугарал, дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2019  оны 10 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн 724 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/ гарсан байна. Гэвч энэхүү дүгнэлт нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №724, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №03 тоот дүгнэлтүүдийн хүзүүний 2 дугаар нугалам ясны их биеийн ар доод хэсэгт сэлтэрсэн хугарал гэмтэл гэсэнтэй санал нийлэхгүй байна. Ц.А-гийн биед тухайн үед дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл учирчээ. Давтан дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн КТГ-ийн зургийн CD болон Рентген зургуудыг дахин уншуулахад Гавал тархинд гэмтлийн гаралтай болон өвчний гаралтай эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй. Ц.Агийн биед учирсан дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх 230 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-103 дугаар хуудас/, уг дүгнэлтэд хавсаргагдсан “...2019 оны 10 дугаар сарын 23-ны хүзүүний КТГ /CD-1ш/-р: Хүзүүний лордоз тэгширсэн. Хүзүүний нугалмуудад гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй, жийргэвчийн зайнууд жигд. Нугасны сувагт өөрчлөлтгүй...” гэх Зөвлөгөөн авах бичиг /хх-ийн 98 дугаар хуудас/-ээр тус тус няцаагдаж байна. Тодруулбал хохирогч Ж.Ц нь шүүгдэгч Ц.Агийн “дагзны баруун дээд хэсэгт хуйханд үсний халцрал гэмтэл” учруулсан бөгөөд энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна.

Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь “бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч нар нь хамтран учруулсан байх ёстой. Гэтэл энэ үйлдлүүд тус тусдаа явагдаж байгаа” гэж маргаж байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нар нь нэг цаг хугацаанд хохирогчийн биед ээлжлэн нэг сэдэлт, зорилгоор халдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учруулснаас үл хамаарч нэг сэдэлт, зорилгоор үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт оролцсоныг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцно.  

Шүүгдэгч Б.Б, Ц.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх шинжийг хангаж байх бөгөөд тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч Ж.Ц нь шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 2’677’090 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 1’083’500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Харин УлаанБ хотоос эм авсан гэх 516’890 төгрөгийн баримтад тусгасан эмүүдийг хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгах зорилгоор хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй, мөн 168’300 төгрөгийн “Зарлагын баримт” нь огноогүй байхгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болон өмгөөлөгчийн хөлс 500’000 төгрөг зэрэг нийт 1’593’590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 541’750 төгрөгийг, шүүгдэгч Ц.Агаас 541’750 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Цэд олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б, Ц.А нарыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Б, Ц.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А-гийн хувийн байдал тогтоосон гэрч С.У /хх-ийн 43 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч М.П /хх-ийн 44 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181 дүгээр хуудас/, Увс аймгийн Тэс сумын Булгийн өндөр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Ц.А нь нөхөр хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал тогтоосон гэрч С.У /хх-ийн 43 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч М.П /хх-ийн 44 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 182 дугаар хуудас/, Увс аймгийн Тэс сумын Булгийн өндөр багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Б нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, өдийг хүртэл хохирогчоос уучлалт гуйж, эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, өөрсдийн үйлдэлд дүгнэлт хийж ухамсарлаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.А-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр данхыг гэрч Я.Уас хураан авсан байх бөгөөд энэхүү данх нь Я.У-ын өмч байна. Тус данхыг шинжээч томилж, үнэлүүлээгүй, Я.У-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул улсын яллагчийн эд мөрийн баримтаар хураагдсан данхыг устгах саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр данхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Я.У-д буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын Б, Б ургийн овогт Б-гийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.А-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг данхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Я.Уд буцаан олгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 541’750 төгрөгийг, шүүгдэгч Ц.А-гаас 541’750 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Цэд олгосугай.

6. Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА