Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01811

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01811

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01813 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК, Н.Х- нарт холбогдох,

40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагч Н.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ч.Б- нь А ХХК-ийн зээлийн барьцаанд байсан иргэн Н.Х-ы өмчлөлийн 27.8 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан. Худалдан авсан байрыг улсын бүртгэлд бүртгүүлж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг орон сууцыг битүүмжилсэн байсан. Учир нь Н.Х- нь 4,889,102 төгрөгийн төлбөрийг н.Б-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Н.Х-ы өмчлөлийн 27.8 м.кв 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Н.Х- нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. А ХХК-ийн хувьд Ч.Б- намайг худал мэдээллээр хангаж, хуурч хохироосон тул байр худалдан авсан 40,000,000 төгрөгийг А ХХК, Н.Х- нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Н.Х-ы тайлбарын агуулга:

Н.Х- би Хан-Уул дүүргийн 27.8 м.кв 1 өрөө орон сууцыг А ХХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд уг орон сууцыг 40,000,000 төгрөгөөр Ч.Б-т худалдсан нь үнэн. Уг 40,000,000 төгрөгийг орон сууцны зээлд шилжүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг орон сууц битүүмжлэгдсэн бөгөөд миний төлөх 4,889,102 төгрөгийн төлбөрт уг орон сууц барьцаалагдсан. Иймээс Ч.Б- нь гэрээгээ буцаана гэвэл 40,000,000 төгрөгийг нь төлөхөд татгалзах зүйлгүй.

 

3. Хариуцагч А ХХК-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Ч.Б-тэй гэрээ, хэлцэл байгуулж эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд Ч.Б-т орон сууц худалдаж, түүнээс 40,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй болно. А ХХК-ийн хувьд хариуцагчаар оролцох этгээд биш тул А ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Х-аас 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-т олгож, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Бид Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд орших 103 дугаар байрны 09 тоот байрны төлбөрт нийт 40,000,000 төгрөгийг төлсөн боловч Н.Х- болон А ХХК хамтарч намайг төөрөгдүүлж хууран ээж Ч.Б- бид хоёрын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, Н.Х-ы А ХХК-д муу ангилалтай байсан зээлийг ээж Ч.Б- бид хоёрын нэр рүү шилжүүлж Н.Х-ы төлөх ёстой байсан зээл болон зээлийн хүүг төлүүлж байгаа нь намайг их хэмжээний хохиролд учруулж байна.Дээрх хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал болох Ч.Б-ийг төлөөлж Б.Б- орсон бөгөөд тухайн шүүх хуралдааны явцад Б.Б- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байраа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ хуралдаанд эрх зүйн ямар ч мэдлэггүй тул өмгөөлөгчтэй шүүх хуралд орох хүсэлтэйгээ уламжилж уг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Н.Х-аас гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь А ХХК-тай тохиролцож, орон сууцаа худалдан авсан. Тухайн орон сууцыг худалдсан мөнгөнөөс зээлээ хааж байхад миний зээлийн хүүг төлж байна гэж худал мэдүүлсэн. Нэхэмжлэгч нь анх 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан тул миний зүгээс 40,000,000 төгрөгийг буцаан гаргаж өгье гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч А ХХК-аас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1.Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Н.Х- болон А ХХК-д холбогдуулан орон сууцны үнэ 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Х- зөвшөөрч, хариуцагч А ХХК эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй гэж маргажээ. 

 

2. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Н.Х- нь нэхэмжлэгч Ч.Б-т Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ирээдүй 17071, Эрчим хүчний гудамж, 103 дугаар байр, 9 тоот 27.8 м.кв талбайтай 1 өрөө 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бэлэглэх тухай гэрээг бичгээр байгуулжээ./хх4/

 

2.а. Дээрх орон сууцыг бэлэглэлийн гэрээний талууд бодит байдал дээр 40,000,000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд уг орон сууц нь хариуцагч Н.Х-ы 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ариг банкинд барьцаалагдсан байх ба хариуцагч Н.Х- нэхэмжлэгч Ч.Б-т худалдсан үнээр зээлийн төлбөрөө төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй байна./хх 40-44/

 

2.б. Нэхэмжлэгч Ч.Б- нь орон сууцны үнэ 40,000,000 төгрөгийг Н.Х-д шилжүүлсэн, хариуцагч Н.Х- нь өөрийн Ариг банкны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулан уг орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр барьцаанаас чөлөөлсөн байх боловч орон сууц нь хариуцагч Н.Х-ы 4,889,102 төгрөгийн өр төлбөрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэгдсэн эд хөрөнгө байсан талаар хариуцагч Н.Х- тайлбар хийсэн байна.

/хх 19-20, 34-38/

 

2.в. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Х- нь эрхийн доголдолтой буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэгдсэн орон сууцыг Ч.Б-т худалдсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б-ийн гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж Н.Х-д шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

3. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Ч.Б-тэй дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд оролцоогүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

4.а. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгнө, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсний дагуу түүний давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ