Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 51

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М Ц

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б Д

Гуравдагч этгээд: Г О

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамж, 03492.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Б.Д ийн өмгөөлөгч  Б.Э, гуравдагч этгээд Г.О ийн өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч А.Р нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М овогтой Ц миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн.. дугаар гудамжны .... тоот хашаа бүхий газрыг, үл хөдлөх эд хөрөнгөтэй нь хамт 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0000385.. дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Ү-22020082.. дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ зэргээр баталгаажуулан өмчлөх эрхтэй болсон.

Гэтэл М.Ц миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн.. дугаар гудамжны .... тоот хашааны орох гарах гарц бүхий хэсэг, мөн нийтийн эдэлбэр газрыг Чингэлтэй Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 тоот захирамжаар иргэн Б.Д 219 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. Үүнийг М.Ц миний бие Чингэлтэй дүүргийн Өмч харилцааны албаны 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 759 дүгээр албан бичгээр мэдлээ.

Б.Д нь ийнхүү бусдын өмчлөлийн газар, хашааны орох, гарах гарцыг хаасан хашаа барих үйл ажиллагаагаа 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд иргэн миний бие болон тус хашаанд амьдардаг миний хүү, түүний гэр бүлийн гишүүд бид орон гэрлүүгээ орж, гарч чадахгүй, өөрсдийн өмчлөлийн машинаа хашаандаа оруулан байршуулж чадахгүй зэрэг нөхцөлд хүрээд байна. 

Уг Б.Д нь хэн гэдэг ямар хүн бэ гээд сураглаад үзтэл манай хашааны хажуу талын хашаа болох .... тоот хашаанд оршин суудаг н.Ч гэдэг хүний охин болсон бөгөөд Б.Д нь энэхүү шинээр босгож буй хашаагаа одоо өөрсдийн   эзэмшдэг .... тоот хашаатайгаа нийлүүлэн хамар хашаа болгосон байна.

Ийнхүү бусдын өмчлөх эрхийг зөрчсөн, нийтийн эдэлбэр газарт газар авахдаа /мөн олгохдоо/ тус газрын хаягийг одоо өөрсдийн эзэмшиж буй өмчлөлийн газрынхаа /... тоот хаяг бүхий газар/ хаягтайгаа ижил хаяг авсан байх боловч зөвхөн “а” гэдгээр л ялгасан байна. Энэ нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн .. дугаар гудамжны ....а тоот газар гэжээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт газар олгохыг зогсоосон гэсэн атлаа яагаад бусдад хэн нэгний эрх ашгийг зөрчин байж, ямар үндэслэлээр газар олгох ажиллагааг хийгээд буйг ойлгохгүй байна. 

М.Ц миний .... тоот хашаа нь зам дагуу нүүрэн тал дахь хашаа, бөгөөд ийнхүү орох гарах гарцыг нь хааж, шинээр хашаа босгосноор нүүрэн талын хашаа байхаа больж, эдийн засгийн үнэлгээ нь бууж байна.

Мөн Б.Д нь тус газар дээр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хашаа босгох ажлыг хийж эхэлсэн бөгөөд тэр үеэс л манай хашааны үүдний хэсэг газрыг бусдад өмчлүүлсэн байна гэдгийг мэдэж эхэлсэн. Гэтэл Б.Д нь тус газрыг 2011 онд өмчлөн авсан байна. Тэгэхээр Б.Д нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан нөхцөлийг хүртэл хангасан байгааг харгалзан үзнэ үү. 

Иймд бусдын өмчлөх эрхийг зөрчиж, бусдын өмчлөлийн хашааны орох гарах гарцыг хааж, нийтийн эдэлбэр газарт иргэн Б.Д Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны булгийн .. дугаар гудамжны ....а тоот 219 м.кв газрыг өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн иргэн Б.Д  холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч М.Ц 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Хариуцагчаас тус шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөр огноолсон 4/7944 дүгээр “Тайлбар гаргах нь” албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд тус тайлбарт “...Б.Д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр шийдвэрээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 03492.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ дагуу эзэмшүүлж шийдвэрлэсэн уг захирамжид үндэслэж нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар иргэн Б.Д уг газрыг нь өмчлүүлж шийдвэрлэсэн байна” гэжээ.

Тэгэхээр маргаан бүхий 2011 оны 625 дугаар захирамж нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 тоот шийдвэр болон 03492.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэж гарсан байна. Өөрөөр хэлбэл Б.Д анхнаасаа үндэслэлгүйгээр газар эзэмших эрхээ А/121 дүгээр шийдвэр, 03492.. дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр авсан байна.

Иймд “Б.Д үндэслэлгүйгээр газар олгосон анхны 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 тоот шийдвэр болон 03492.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн .. дугаар гудамжны ....А тоот, 219 м.кв хашааны газрыг иргэн Б.Д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 03492.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ дагуу эзэмшүүлж шийдвэрлэсэн уг захирамжид үндэслэж нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар иргэн Б.Д уг газрыг нь өмчлүүлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэлдээ дурдсан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн .. дугаар гудамжны .... тоот хаягтай, 300 м.кв хашааны газар нь нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 543 дугаар захирамжаар өмчлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар манай газар өмчлөлийн мэдээллийн санд иргэн Д Б нэр дээр бүртгэлтэй байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн .. дугаар гудамжны .... тоот хашааны газар нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар захирамжаар өмчлөгдсөн байна. 

Нэхэмжлэгч М.Ц орц гарцыг хааж, нийтийн эзэмшлийн газарт өмчлүүлсэн гэх ...А тоот, 219 м.кв хашааны газар нь манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт одоогийн байдлаар иргэн Г О\ нэр дээр байгаа бөгөөд ямар нэгэн давхцалгүй, иргэн М.Ц орц гарцыг хаагаагүй байна. Иймд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн .. дугаар гудамжны .....А тоот, 219 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар иргэн Б.Д өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу байгаа бөгөөд нэхэмжлэгч М.Ц хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн .. дугаар гудамжны ....а тоот газрын иргэн Б.Д олгосон захирамжийг хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлд тайлбар хүргүүлж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасныг дагуу 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар эзэмшүүлэхээр тусгаж газар эзэмшүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б Д би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн .. дугаар гудамж .... тоот хашаанд өөрийн аав ээж дүү нарынхаа хамтаар амьдарч байгаад 2011 онд Газрын тухай хуулийн дагуу Чингэлтэй Дүүргийн 12 дугаар хороо Булгийн .. дугаар гудамж ....А тоот 219 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын газрын 2011 оны 625 тоот захирамжаар гэр бүлийн  хэрэгцээний зориулалтаар  зохих  журмын  дагуу  авч,  улмаар  үл  хөдлөх  эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр баталгаажуулан өмчлөн авсан. Гэтэл иргэн М.Ц гэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Д намайг бусдын өмчлөлийн газар болох өөрийн хашааны орох хаалга, гарах гарцыг хаасан, мөн гэрлүүгээ орж, гарч чадахгүй, машин тэргээ хашаандаа оруулж чадахгүй байна гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. 

Учир нь Б.Д би иргэн М.Ц хашааны орох гарах гарцыг хааж, хашааны хаалгыг дарсан асуудал байхгүй, намайг үндэслэлгүйгээр гүтгэж, миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Би Монгол Улсын иргэний хувьд Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу зохих зөвшөөрлийг нь эрх бүхий байгууллага, дүрэм журмаар нь авсан ба хууль бусаар авсан асуудал бол байхгүй.

Б.Д би иргэн хүний хувьд 0.7 га газрыг эзэмшиж, ашиглаж, өмчилж авах эрхтэй. Энэ дагуу дээрх газрыг хогийн цэг шиг бөөн хогтой байхад нь цэвэрлэж, 8-10 тэвш (машинаар) шороо асгаж газрыг тэгшлэн авсан юм. Миний хувьд бусдын өмчлөх эрхийг зөрчин нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар авсан асуудал бол огт байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас эвдрэл элэгдэлд орж ашиглалтгүй орхисон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу авсан болно.

 Нэхэмжлэгч М.Ц өөрийнхөө гэртээ орж гарахад чөлөөтэй, ямар ч саад тотгор байхгүй байгаа ба түүнийг фото зургаар баримтжуулсан. Иргэн М.Ц өөрийн өмчлөлийн газартай хирнээ бусдын эрхийг зөрчиж хүний өмч хөрөнгө рүү улайран дайрч байгааг би ойлгохгүй байна. Б.Д би 2011 онд газраа өмчилж газартаа хашаа барьж амьдарч байхад иргэн М.Ц намайг болон миний эцэг эх нарыг элдвээр доромжлон, барьсан хашааг нурааж эвдэлж танхайрч байсан. Би Газрын тухай хууль болон бусдын эрхийг зөрчсөн асуудал огт байхгүй, иргэн М.Ц намайг үндэслэлгүйгээр гүтгэж улмаар миний эрхийг ноцтойгоор зөрчин намайг хохироож байгаа тул шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Иймд иргэн М.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Маргаан бүхий газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 тоот захирамжаар Б овогтой Д өмчлүүлсэн байдаг. Улмаар миний бие хуульд заасны дагуу өмчлөх эрх нь баталгаажсан газрыг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан Б.Д худалдан авч өнөөдрийг хүртэл газраа ашиглаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ илт худал зүйл бичсэнийг дараах байдлаар няцааж байна. 2015 оноос Орц гарц хааснаас болоод гэрлүүгээ орж чадахгүй байдалд хүрээд байгаа тухай бичжээ. Бодит байдал дээр миний бие 2012 онд тухайн газрыг худалдан авахад банзаар хашаа баригдсан байдаг ба намайг нүүж очихоос өмнө эдгээр хүмүүс нь хашааг эвдэж нураасан байхаар нь блокоор хашаа барьсан. Эдгээр хүмүүс нь миний хууль ёсоор, шударгаар худалдан авсан газрыг ашиглуулахгүй байгаа бөгөөд орц гарц хаасан зүйл огт байдаггүй болно. Миний газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т зааснаар М.Ц өмчилж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй болно.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2015 оны 8 сард мэдсэн гэдэг огт үндэслэлгүй байна. Учир нь 2012 онд тухайн газарт Б овогтой Д нь амьдарч байсан бөгөөд тухайн газрыг намайг худалдан авахад Б.Д нь надад хандаж хэлэхдээ: “...Нийслэл болон дүүргээс газар эзэмшүүлж өмчлүүлэх шийдвэр гарчихсан юм чинь хаалгаа гудам руугаа харуулаад барьчихна гэж хажуу хөрш М.Ц хэлсэн, ямар ч асуудал байхгүй гэж хэлээд л надад худалдсан болно. Эдгээр хүмүүсийн орц гарцыг хаасан зүйл байхгүй, нийтийн эдэлбэр газар гэж юуг яриад байгааг ойлгохгүй байна. Засаг даргын 2011 оны 625 тоот захирамжаар М.Ц эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл уг актын улмаас М.Ц ямар эрх нь хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. 

Б.Д нь газар эзэмших эрхээ өмчлөх болгохоор хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн Б.Д өмчлөх эрх олгосон захиргааны акт гаргасан нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл хууль заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлбэл зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн, хууль ёсны эзэмшигчээс газар өмчлөх эрх олгох хүсэлт ирсэн тохиолдолд Засаг дарга татгалзах үндэслэлгүй тул захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Б овогтой Д тухайн газрыг өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 тоот захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч А.Р шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Ц нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд боллоо. Миний бие үзэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ц нь “орц, гарцыг хааж газар эзэмшүүлсэн, шинээр хашаа босгосноор нүүрэн талын хашаа байхгүй болж, эдийн засгийн үнэлгээ буурсан, төлөвлөгдөөгүй байршилд газар эзэмшүүлсэн” гэж үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамжийн Б.Д холбогдох хэсэг болон 03492.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.  

Шүүх М.Ц нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Б.Д нь 2011 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд “...12-р хорооны Булгийн ..-.....а тоотод оршин суугч Т.Б нь хашааныхаа талыг төрсөн охин Д нэр дээр газрын гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй...” гэж   өргөдөл гаргасан бөгөөд Б.Д иргэний үнэмлэхний хуулбар, “Г” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн нэгж талбарын байршлын кадастрын зураг зэргийг хавсралт болгон хүргүүлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/437 дугаар албан бичигт хавсаргаж ирсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр захирамжаараа тус дүүргийн 12-р хороо Булгийн ..-....а гэж байршлыг тодорхойлон 219 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Б.Д эзэмшүүлж 03492.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар Д.Д эзэмшил газрыг түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Д болон Г.О нарын хооронд хийгдсэн  хэлцлийн үндсэн дээр  маргаан бүхий газар нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 852.. дугаар гэрчилгээгээр 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г.О өмчлөлд шилжсэн байна. Шүүх маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А121, нийслэлийн Засаг даргын А/625 дугаар захирамжууд нь нэхэмжлэгч М.Ц эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна”, Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Барилгын тухай хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль ... болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэж заасны дагуу анх Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Б.Д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч М.Ц хашааны орц гарц дээр давхардуулан газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын кадастрын зураг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... аймаг, нийслэлийн  газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг баталжээ. Энэхүү тогтоолын хавсралт ёсоор тус дүүргийн 12 дугаар хороонд “Гахайн байрны баруун талд” гэх 1,2 га талбай бүхий байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,2 га газрыг хүсэлт гаргасан иргэдэд шинээр эзэмшүүлэхээр төлөвлөсөн тул тус хорооны нутаг дэвсгэрт байгаа сул орон зайг ашиглан хэсэгчлэн газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн гэж ойлгож болохгүй тул тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас Б.Д эзэмшүүлжээ.  

Мөн гуравдагч этгээд Б.Д эцэг Т.Б нь  Булгийн ..-.... гэх хаяг дээр 625,42 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд Б.Д Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөл нь Т.Б эзэмшил хашааны тал хэсгийг шилжүүлэн авах хүсэлт гэж ойлгогдохоор байгаа тул Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Б эзэмшил газрын зохих хэсгийг охин Б.Д шилжүүлэх талаар асуудлыг шийдвэрлэх ёстой байтал мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг үндэслэн тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлсэн нь хууль бус болно. 

Гуравдагч этгээд Б.Д Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан өргөдөлд хавсаргаж өгсөн кадастрын зургаар тус дүүргийн 12 дугаар  хорооны  Булгийн ..-....а гэж байхгүй хаягийг шинээр бий болгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “ Иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагаас баталсан загварын дагуу гаргаж, өөрийн байнга оршин суугаа газрын хаяг, нэгж талбарыг харуулсан тойм зураг, зориулалтыг үнэн зөв тусгана” гэж заасныг зөрчсөн байна. 

Иймд маргаан бүхий 219 м.кв газар нь нэхэмжлэгчийн хашааны орц гарц байгаа хэсэг хамаарч байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасныг зөрчин Чингэлтэй дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд заагдаагүй, бусдын эзэмшил газартай давхцал байгаа эсэхийг газар дээр нь нягтлан шалгалгүй Б.Д газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “Аймгийн төвийн сумын засаг дарга болон нийслэлийн дүүргийн засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг Б.Д олгохдоо мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж заасан нэхэмжлэгч М.Ц эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр гуравдагч этгээд Г.О нь нэхэмжлэгч М.Ц хашааны орц гарцыг бий болгож, маргаан бүхий газарт зохих хөрөнгө гаргаж газрын гадаргууг засаж тэгшилж, 115 м.кв газарт хашаа барьсан болох нь нотлогдож байх тул  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасны дагуу гуравдагч этгээд Г.О нь зохих шатны Засаг даргад хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрх үүсгэх боломжтой гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 25 дугаар зүйлийн 25.5, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан  М.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамж, 03492.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ

                         ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ