Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01913

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01913

 

Д.Г-, Д.Б-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/02535 дугаар шийдвэртэй,

Д.Г-, Д.Б-нарын нэхэмжлэлтэй “Даатгал” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 12,688,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Даатгал” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Бидний даатгуулсан ***УНС дугаартай BEIBEN ND4251 маркийн автотээврийн хэрэгсэл нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрт осолдсон. Гэрээнд зааснаар хохирол болох 12,688,000 төгрөгийг шаардахад хариуцагч газар дээр нь очиж үзэж шалгаагүй атлаа татгалзсан. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 9/2441 тоотоор уг төлбөрийг барагдуулах үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн. Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч одоог хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Иймд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 12,688,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Даатгал” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21-01/641 дүгээр албан тоотоор даатгуулагчтай байгуулсан авто тээврийн хэрэгслийн гэрээний 3.2.4-т “Хуучрах зэврэх, болон ердийн элэгдэл /втулка амаржин, мотор, кроп, явах эд анги/ хорогдлын үр дагавар, үйлдвэрийн гажиг, механикийн, бүтцийн гэмтэл, түүний үр дагаврыг хариуцахгүй” гэж заасан тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Даатгал” ХХК‑аас 7,994,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,693,600 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Даатгал” ХХК‑аас 142,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх талаар шүүх дүгнэхдээ “...Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, мөн нэхэмжлэгч Д.Г- нь М-өд олгосон итгэмжлэлээр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг болон нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул эрх олгогдоогүй этгээдийн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн, хүчин төгөлдөр үйлдэл гэж үзэх үндэслэлтэй” гэж буруу дүгнэсэн. Учир нь Чингэлтэй дүүргийн шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч нар гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч нарын төлөөлөгч М- гарын үсэг зураагүй, хэн нэгэн Д.Г-, Д.Г- гэж бичсэн байх бөгөөд тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэлд нэхэмжлэгч нар болон төлөөлөгч гарын үсэг зураагүй болох нь нэхэмжлэгч нарын М-өд олгосон итгэмжлэл, шүүхийн ажиллагааны баримт /эрх үүрэг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан/-уудад зурсан гарын үсэг, шүүхэд гаргасан хүсэлтэд зурсан гарын үсэг зэргээр тогтоогдож байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй бөгөөд тус нэхэмжлэлээс Д.Б-нь хэдэн төгрөг нэхэмжилсэн, Д.Г- нь хэдэн төгрөг нэхэмжилсэн гэдгийг ялгаж харах боломжгүй, нэхэмжлэгч талаас шаардлагаа тодруулж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар дүгнэхдээ “...О.А-нь нэхэмжлэгч Д.Г-ын зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа түүний буруугаас замын хажуу руу орсны улмаас зам тээврийн осол гаргасан явдал нь Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн дурдсан зохицуулалт, зохигчдын гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдлыг бий болгосон, нэхэмжлэгч Д.Б-нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч “Даатгал” ХХК-аас шаардах эрхтэй, хариуцагч “Даатгал” ХХК нь гэрээний 8.6, даатгалын хамгаалалтын хүснэгт хэсгийн багц 3-т зааснаар нөхөн төлбөрийг 80 хувиар хариуцан олгох үүрэгтэй гэж дүгнэсэн. О.Анхбаярын Даатгалын тохиолдол, ослын бүртгэлийн маягтад бичсэн тайлбар, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Даатгал” ХХК-д хандаж өөрийн гараар бичсэн тайлбар зэргээр нотолж байхад тус баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй. Шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт авагдсан Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Зөрчлийн материал, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд О.А-нь “...шөнө 00 цагийн орчим Сонгино сум дахь замын хөдөлгөөний хяналтын постонд бүртгүүлээд хөдөлсөн тэндээс хөдлөөд 4 км орчим явж байгаад хэсэг зуур зүүрмэглэсэн байсан. Тэгээд эсрэг урсгал руу орчихсон байсан буцаагаад дарах гэтэл чиргүүл замын хажуу тал руу орчихсон араа салгаад тормос гишгэтэл чиргүүл нь замын хажуу тал руу татаад онхолдчихсон” гэх мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “...замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь өөрийнх нь мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна” гэх тэмдэглэл, О.Анхбаярт торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас зэргээр тус тус тогтоогдож байхад тус баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байна. Шүүх хохирлын талаар дүгнэлт хийхдээ “...Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар зүтгүүр болон чиргүүлд учирсан хохирлыг хамтад нь 12,688,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэхүү үнэлгээнээс нэхэмжлэгч Д.Г-ийн чиргүүлд хамаарах чиргүүлийн хойд хаалга солих, чиргүүлийн рам залгаас солих 200,000 төгрөг, чиргүүл гагнаж, угсрах, чиргүүл хэсэгчилж будах зардал 450,000 төгрөг зэрэг нийт 2.695,000 төгрөгийг хасч тооцон 9,993,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлийн ***УНС улсын дугаартай зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн бодит хохирол байна гэж үзлээ” гэжээ. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн хохиролд хэдэн төгрөг, чиргүүлд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тодруулж хэлээгүй бөгөөд шүүгч энэ талаар мөн тодруулсангүй. “Гэрэгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтийн хавсралтад зааснаас үзэхэд нийт 3,960,000 төгрөгийн хохирол гарахаар байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээний дүгнэлтэд жагсааж бичсэн эд ангиудын аль нь зүтгүүрийнх болох аль нь чиргүүлийнх болохыг үнэлгээчин эсхүл нэхэмжлэгч талаас тодруулахгүйгээр шууд өөрөө түүж бичин чиргүүлд учирсан хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй болжээ. Даатгалын гэрээний 3.2.17-д “Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол”, 3.2.18-д “Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол” гэх заалтуудад хамаарч байна. Иймд гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол бий болоогүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г-ын гаргасан тайлбарын агуулга: Эрсдэл гарч магадгүй гэж “Даатгал” ХХК-д даатгуулсан. Тухайн үед цар тахлын хоёр дугаар үед таарсан тул газар дээр нь очих боломжгүй байсан. Иймд холбогдох материалыг бүрдүүлж гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал н.Батмөнхөд итгэмжлэл олгосны дагуу гомдол гаргасан. “Гэрэгэ эстимэйт” ХХК‑ийн үнэлгээ тодорхой гарсан.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Г-, Д.Б-нар нь “Даатгал” ХХК-нд холбогдуулан “Даатгал” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөрт 12,688,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1/

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. Нэхэмжлэгч Д.Б-нь хариуцагч “Даатгал” ХХК-тай  2020 оны 11 дүгээр сарын 06‑ны өдөр даатгалын гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 05‑ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхүү даатгалын гэрээгээр нэхэмжлэгч Д.Б-нь өөрийн өмчлөлийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, LBZ446DB69A0***** арлын дугаартай, 9726 гэсэн хөдөлгүүрийн дугаартай, улаан өнгийн, 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, ***УНС улсын дугаартай, BEIBEN ND4251 маркийн зүтгүүрийг даатгуулж, хураамжид 504,000 төгрөг төлөх, хариуцагч “Даатгал” ХХК нь даатгалын тохиолдолд бий болсон үед нөхөн төлбөрийн 80 хувиар хариуцан төлөх, нэхэмжлэгч Д.Б-нь өөрөө 20 хувийг хариуцах үүргийг тус тус хүлээсэн./хх 6/

 

“Даатгал” ХХК-аас Д.Г-ад даатгалын баталгааг олгожээ./хх 6/

 

Нэхэмжлэгч Д.Б-нь даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид 504,000 төгрөгийг төлсөн, талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсанд зохигч маргаагүй.

 

3.б. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 11‑ний өдөр нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлийн ***УНС улсын дугаартай, “BEIBEN ND4251” маркийн зүтгүүр буюу тээврийн хэрэгслийг О.А-нь Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд жолоодон явахдаа Завхан аймгийн Сонгино сумын Бор‑Өндөр багийн нутаг дэвсгэрт, 23 цаг 30 минутын үед замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон./хх 9-10/

 

Энэхүү осолд жолооч О.А-нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдож, түүнд холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн жолооч О.Анхбаярт 100,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан баримт авагджээ./хх 65-67/

 

Тухайн үед жолооч О.А-нь нэхэмжлэгч Д.Г-ын дээр дурдсан даатгагдсан зүтгүүр буюу тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч Д.Г-ийн өмчлөлийн *** ОЧ улсын дугаартай Beifan Benehi маркийн чиргүүлийг чирж, ачаа тээвэрлэн явсанд талууд маргаагүй.

 

3.в. “Гэрэгэ-Эстимэйт” ХХК‑ийн 2021 оны 3 дугаар сарын 19‑ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тус зам тээврийн ослоор нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлийн зүтгүүрийн кабин, тосолын радиотор, хийн баллон, аккумляторын хайрцгийн таг, рулийн суурь зэрэг эд ангиуд, нэхэмжлэгч Д.Г-ийн өмчлөлийн чиргүүлийн рам залгаас, хойд хаалга зэрэг эд ангиуд тус тус гэмтсэн байх ба, эд ангиудыг солих, засварлах зэрэг шууд зардлыг 10,688,000 төгрөг, шууд бус зардлыг 2,000,000 төгрөг, нийт 12,688,000 төгрөг болохыг тогтоожээ.

 

Нэхэмжлэгч Д.Б-нь даатгалын тохиолдлын талаар “Даатгал” ХХК‑д 2021 оны 3 дугаар сарын 17‑ны өдөр мэдэгдэж, нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсөн, хариуцагч “Даатгал” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 11‑ний өдрийн 21-01/647 тоот албан бичгээр “...жолооны механизм гэмтэлтэй байсан ба бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож осолдсон байна. Иймд даатгалын гэрээний 3.2.4‑т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохгүй...” гэсэн хариу өгчээ./хх 4, 9-10/

 

Нэхэмжлэгч Д.Б-нь уг хариуг зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд хандсан, тус байгууллагаас 2021 оны 7 дугаар сарын 07‑ны өдрийн 9/2441 дүгээр албан бичгээр “...даатгалын гэрээний 3.2.4‑т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, даатгалын тохиолдол нь тус гэрээний замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэл буюу онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шүргүүлэх, хатуу биетэд мөргүүлэх, өртөх гэсэн эрсдэлээс хамгаалагдсан байна. Даатгалын нөхөн төлбөр олгохыг “Даатгал” ХХК‑д мэдэгдсэн...” гэх хариу өгсөн. /хх14-16/

 

Хариуцагч “Даатгал” ХХК нь нэхэмжлэгч Д.Г-ад даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байна.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч “Даатгал” ХХК‑аас 7,994,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,693,600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй./хх 95-102/

 

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

Нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд гаргасан эсэх, нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг итгэмжлэлд зурагдсан гарын үсэгтэй тохирч байгаа эсэх, даатгалын зүйлд Д.Г-ийн чиргүүл хамаарах эсэх, Завхан аймгийн Сонгино суманд гарсан зам тээврийн осол нь даатгалын тохиолдол мөн эсэхэд маргаж байна.

 

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, мөн нэхэмжлэгч Д.Г- нь М-өд олгосон итгэмжлэлээр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг болон нэхэмжлэл гаргах эрхийг олгосон талаар зөв дүгнэсэн. Нэхэмжлэл гаргах нь хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгч тал өөрөө нэхэмжлэлээ дэмжиж байгаа, итгэмжлэл олгож байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлд нийцнэ.

 

4.б. Анхан шатны шүүхээс “Д.Г-ийн өмчлөлийн, *** ОЧ улсын дугаартай Beifan Benehi маркийн чиргүүлийн эрсдэл, хохирол хамаарахгүй, гэрээний зүйл биш” гэж зөв дүгнэсэн. Энэ дүгнэлт нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар дээр дурдсанаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

4.в. Анхан шатны шүүхээс зохигчдын даатгалын гэрээгээр замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэл /онхолдох, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэлцэх, шүргүүлэх, хатуу биетэд мөргүүлэх, өртөх/‑ийг даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон талаар дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор заасан.

 

Даатгалын гэрээний 3.2.4‑т зааснаар хуучрах, зэврэх болон ердийн элэгдэл, /втулка, амаржин, мотор, кроп явах эд анги/ хорогдлын үр дагавар, үйлдвэрийн гажиг, механикийн бүтцийг зориулалтын бус аргаар асаах, халаах гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г-ад даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Учир нь ослыг шалган бүртгэсэн баримтаас үзэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэснээс бус эд ангийн хуучрах, зэврэх болон ердийн элэгдэл, хорогдлын үр дагавар, үйлдвэрийн гажиг, механикийн бүтцийг зориулалтын бус аргаар асаах, халаасантай холбоотой талаар дүгнээгүй. /хх 65/

 

Ийм учраас даатгалын тохиолдолд бий болсон, даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

 

5.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.а. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй талаарх гомдол мөн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ тодорхойлсон хохирлын хэмжээг анхан шатны шүүхээс Д.Г-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд, Д.Г-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нотлох баримттай харьцуулан үнэлэх замаар шалгаж  тодорхойлж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ даатгалын нөхөн төлбөрийг 12,688,000 төгрөгөөр тодорхойлсон байж болох ч түүнийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.

 

5.б. Даатгалын тохиолдол бий болоогүй гэх хариуцагчийн татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа талаар дээр дүгнэсэн болно.

 

5.в. Анхан шатны шүүх “Гэрэгэ-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар зүтгүүр болон чиргүүлд учирсан хохирлыг хамтад нь 12,688,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэхүү үнэлгээнээс нэхэмжлэгч Д.Г-ийн чиргүүлд хамаарах чиргүүлийн хойд хаалга солих, чиргүүлийн рам залгаас солих 200,000 төгрөг, чиргүүл гагнаж, угсрах, чиргүүл хэсэгчилж будах зардал 450,000 төгрөг зэрэг нийт 2,695,000 төгрөгийг хасч тооцон 9,993,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлийн ***УНС улсын дугаартай, ВЕIВЕN ND42-51 маркийн зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн бодит хохирол гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн хувьд энэ баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримт гаргаагүй. Иймд хариуцагчийн “...нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт зүтгүүр буюу тээврийн хэрэгслийн хохиролд хэдэн төгрөг, чиргүүлд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тодруулаагүй” гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Хариуцагч дээрх үнэлгээг эсэргүүцсэн тайлбар, нотолгоог гаргаагүй байна.

 

Нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх нь шүүхийн эрх хэмжээ бөгөөд чиргүүлд хамаарах чиргүүлийн эд анги гэсэн тодорхойлолт бүхий үнэлгээг харьцуулан дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

 

6. Иймд даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 3.2.17-д зааснаар нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх, даатгалын тохиолдол бий болоогүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/02535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

 

      Ш.ОЮУНХАНД