Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01912

 

 

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01912

 

 

Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхбаяр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01991 дугаар шийдвэртэй,

Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-, Р.О- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,299,545 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т ББСБ ХХК нь Б.Б-, Р.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,299,545.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Б.Б-, Р.О- нар Т ББСБ ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БЗ-19/17 дугаар зээлийн гэрээ, БЗ-19/17-01 дугаар Барьцааны гэрээ-г байгуулан бизнесийн зориулалтаар 13,000,000 төгрөгийг, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар дээрх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 00042*** гэрчилгээний дугаартай, Г-22030****** улсын бүртгэлийн дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь уг гэрээ хийгдсэнээс хойших хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд зээлдүүлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч төлбөрөө төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд үндсэн зээлийн төлбөр 11,253,223.56 төгрөг, зээлийн хүү 2,046,322.15 төгрөг, нийт 13.299.545.71 төгрөгийг хариуцагч Б.Б-, Р.О- нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн Г-22030****** дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хавтаст хэргийн баримтаас харагдаж байна. Харин тооцооллын хувьд эргэлзээтэй байна. Учир нь хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй тул хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь мэдэгдэхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Р.О- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,299,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Р.О- нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Р.О-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 11 дүгээр гудамж, *** тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, 18643315****** нэгж талбарын дугаартай, 382 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 294,640 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Р.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 294,640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг дүгнэхдээ нэг талын баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчин шийдвэрлэсэн. Б.Б- уг зээлээс 8,545,000 төгрөгийг Т ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл "Т ББСБ ХХК нь үндсэн зээл 13,000,000 төгрөгөөс 1,746,777 төгрөг төлсөн мэтээр шүүхэд хандсан байна. Мөн хариуцагч Р.О-ын өмгөөлөгч шүүх хурал хариуцагч нарын дансны хуулга байхгүй хэдэн төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй байна гэсээр байтал хэргийг шийдвэрлэсэн. Б.Б- цар тахлын хүнд үед зээлээ хуваарийн дагуу төлж байсан, мөн удаа дараа зээлийн хүүгээ зогсоож өгөхийг хүсч байсан. Иймээс нэхэмжилсэн үнийн дүн болох 13,299,545 төгрөгөөс Б.Б-ийн төлсөн 8,545,000 төгрөгийг хасаж, зээлийн төлөлтийн хуваарийн дагуу тооцож үзвэл 3,000,000 төгрөг илүү төлөх шийдвэр гаргасан байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 3,000,000 төгрөгийг хасаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хуралдааны товыг Б.Б-, Р.О- нарт байнга мэдэгдсэн боловч өөрсдөө ирдэггүй. Р.О-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд 1 удаа оролцохдоо нотлох баримтыг бүрдүүлж, дансны хуулга гаргуулах хүсэлт гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Зээлдэгч төлбөрөө байнга хугацаа хэтрүүлж төлдөг. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх зээл авсан боловч төлөлт хийхдээ 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд хүүгийн төлбөрт 2,000,000 гаруй төгрөг хуримтлагдсан. Гэрээнд зааснаар эхэлж нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөрийг хасна гэж тохиролцсон. Хууль зөрчиж, хүүгээс хүү тооцсон асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-, Р.О- нарт холбогдуулан, талуудын 2019 оны 12 сарын 03-ны өдөр БЗ-19/17 дугаартай зээлийн гэрээ болон Б3-19/17-01 барьцааны гэрээний үүрэгт, зээл 11,253,223.56 төгрөг, хүү 2,046,322.15 төгрөг, нийт 13,299,545.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 13 дүгээр хороо, Рашааны 11 дүгээр гудамж *** тоот хаягт байрлах 00062**** гэрчилгээний дугаартай, Ү-220303**** улсын бүртгэлийн дугаартай, 72 м.кв талбай бүхий сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 00042*** гэрчилгээний дугаартай, Г-22030****** улсын бүртгэлийн дугаартай 382 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан./хх1-2/

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Зээлдэгч Б.Б-, Р.О- нар нь Т ББСБ ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БЗ-19/17 дугаартай зээлийн гэрээ, БЗ-19/17-01 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 13,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн баримт хэрэгт авагджээ./хх 5-6/

 

Зээлдэгч нар нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 11 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 00042*** гэрчилгээний дугаартай, Г-22030****** улсын бүртгэлийн дугаартай 382 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан баримт хэрэгт авагдсан./хх 8-15/

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь 13,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Б.Б-, Р.О- нарт шилжүүлсэн байна. /хх 7/

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон байна./хх 64/

 

4. Хариуцагч Р.О-ын өмгөөлөгч Тооцооллын хувьд эргэлзээтэй байна. Хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй тул хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болох нь мэдэгдэхгүй байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан./хх 82-83/

 

4.а Хэргийн 64 дүгээр талд авагдсан харилцагчийн хүү тооцооллын хүснэгт гэх баримтаас үзэхэд хариуцагч 8,545,000 төгрөг төлсөн талаар тусгасан. Энэ тооцоолол нь хариуцагч талын Зээлийн төлбөрт 8 сая гаруй төгрөг төлөгдсөн гэх тайлбартай нийцсэн. Тооцооллыг зээлийн гэрээний нөхцөлтэй харьцуулан шалгаж үзэхэд зээл 11,253,223.56 төгрөг, хүү 2,046,322.15 төгрөг, нийт 13,299,545.71 төгрөг гаргуулахаар шаардсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо

5.а. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг дүгнэхдээ нэг талын баримтыг үндэслэн дүгнэж, шийдвэр гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн баримтыг няцааж мэтгэлцээгүй нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар аливаа ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгч талын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар харьцуулан дүгнэснийг зөв гэж үзнэ.

 

Хариуцагчийн дансны хуулга байхгүй, хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй гэсээр байтал шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Дансны хуулга нь хариуцагчийн өөрийнх нь баримт бөгөөд өөрөө гаргах боломжтой юм.

 

5.б. Хариуцагчийн цар тахлын хүнд үед зээлээ хуваарийн дагуу төлж байсан, удаа дараа зээлийн хүүгээ зогсоож өгөхийг шаардаж байсан гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт зааснаар төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр заасан. Хариуцагч нарын авсан зээл нь ипотекийн зээл биш, бизнесийн зориулалттай зээл байна.

 

5.в. Хариуцагч Б.Б-ийн гаргасан 13,299,545 төгрөгөөс буцаан төлсөн 8,545,000 төгрөгийг хасч, зээлийн төлөлтийн хуваарийн дагуу тооцож үзвэл 3,000,000 төгрөг илүү төлөх шийдвэр гаргасан гэх гомдол нь тооцооллын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгтэй нийцэхгүй юм.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01991 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД