Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00578

 

“Аминлхам” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01309 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Аминлхам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Ирмүүн мальтимедиа ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 301 604 477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэржаргалын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Онон, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч "Аминлхам" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Баярцогт, А.Дэлгэржаргал нар худ ургын холбоотой байсан нь үнэн. А.Дэлгэржаргал бусдад төлөх өртэй тул мөнгө зээлүүлэх хүсэлт тавьсан. 2014 оны 06 сард Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 2014 оны 01 дүгээр сард арматур төмөр, цемент очиж аваад “Мөнхийн үсэг” ХХК, “Эко констракшн” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. 2016 оны 06 сараас хойш мөнгөө нэхэж байна. Гурван үндэслэлээр мөнгө өгөхгүй гэдэг. 1-рт ахаас нь гэр бүлээ цуцалсан, 2-рт мөнгө байхгүй, З-рт Засгийн газраас мөнгө орж ирэхгүй байна гэдэг. Талуудын тооцоо нийлсэн актаар 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 331 604 447 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүний 206 940 000 төгрөг нь 165 552 тонн арматурын үнэ, 117 950 800 төгрөг нь 807.88 тонн цементийн үнэ, 1 336 277 төгрөг нь таталт тавилтын үнэ, 5 377 400 төгрөг нь тээврийн зардал бөгөөд 30 000 000 төгрөгийг нь төлсөн. 301 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зарлагын баталгаа, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Ирмүүн мальтимедиа” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хоёр этгээдүүдийн хооронд ямар харилцаа үүссэн, А.Дэлгэржаргал ямар яриа хэлцэл хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хэзээ энэ зуулчлалын гэрээ хийгдсэн эсэх, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Иргэн С.Баярцогт цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо миний мөнгийг өгөхгүй байна гэж өргөдөл гаргасан байдаг. Энэ хөрөнгө "Аминлхам" ХХК-ийн хөрөнгө үү, С.Баярцогтын хөрөнгө үү аль нь болох нь тодорхойгүй. С.Баярцогт, А.Дэлгэржаргал нарын хооронд өглөг авлага болон ямар нэгэн харилцаа үүсээгүй. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01309 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Ирмүүн мальтимедиа" ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 301 604 477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Аминлхам" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 666 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсьн тэмдэгтийн хураамжид 1 666 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32016/04174 дугаар захирамжийг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/01309 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг хасч, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас төгрөгийг гэж давхардуулан бичсэнийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч А.Дэлгэржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэ хуульд заасан гэрээ, хэлцэл талуудын хооронд хийгдээгүй. Гэрээний тохиролцоо нотлогдсон байх ёстой бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй, зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй болох нь нотлогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч нэхэмжлэгч компаниас ямар нэг бараа материал, эд хөрөнгө хүлээн авч байгаагүй. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдэд бараа материал шилжүүлж өгсөн болохоо хуралдаанд хэлж хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй. 2 компанийн нягтлан-бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гарын үсгийн тайлалгүй баримт байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний эд хөрөнгөтэй байсан эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхийн зүгээс энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Мөн бараа, материалыг нэхэмжлэгчээс хүлээн авсан гуравдагч этгээдүүдийг хэрэгт гэрчээр асуулгах зайлшгүй шаардлагатай. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Цагдаагийн хэлтэст иргэн С.Баярцогт нь хариуцагч компанийг төлөөлж, захирал А.Дэлгэржаргал нь С.Баярцогт надаас их хэмжээний мөнгө зээлж авчихаад өгөхгүй байна, шалгаж өгнө үү хэмээн гомдлыг гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулийн этгээдээр нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад С.Баярцогт нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг ба хамааралгүй этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүх ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдож байгаа эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй учраас мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн 301 000 000 төгрөгийн төлбөрөөс 117 950 800 төгрөгийг төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж дээрх байдлаар хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болсон байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Аминлхам” ХХК  нь хариуцагч  “Ирмүүн Мальтимедиа” ХХКомпаниас зээл 301 604 447 төгрөг  гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох тооцооны үлдэгдлийн баталгаа буюу  2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Ирмүүн мальтимедиа” ХХКомпани нь 331 604 477 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн агуулга бүхий зохигчдын тооцоо нийлсэн баримтыг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж,  нотлоогүй байна. Уг бичмэл баримт нь нотлох баримтын шаардлага хангасан талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Тус баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.

 Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХКомпани нь зээл хүссэн боловч мөнгө байгаагүй тул нэхэмжлэгч “Аминлхам” ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авах авлага болох 206 940 000 төгрөгийн үнэ бүхий 165.552 тонн арматур төмөр, 117 950 800 төгрөгийн үнэ бүхий 807.88 тонн цементийг өгч, таталт тавилтын зардалд 1 336 277 төгрөг, тээврийн зардалд 5 377 400 төгрөг өгч, “Ирмүүн Мальтимедиа” ХХКомпани нь дээрх материалыг бусдад төлөх өрөндөө өгсөн бөгөөд 331 604 477 төгрөгийг буцааж өгөхөөр тохирсон тул мөнгийг шаардсан гэсэн агуулгатай нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар тодорхойлсон нь үндэслэлтэй байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул “шүүх гэрч асуугаагүй” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Үүнээс гадна зээлийн үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр 117 950 800 төгрөгийг хариуцахгүй гэж нэхэмжлэлээс хасуулахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 747 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА