Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 201/МА2022/00031

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2022/000711 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Дорнод салбар,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус зээлийн гэрээний үүрэгт 13 136 562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******, ******* нар нь ХААН банкны Дорнод салбарын Чулуунхороот тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201743339884 тоот зээлийн гэрээ байгуулан 8 109 716.58 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 949 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201743339884 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 13 136 562 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэсний дагуу хариуцагч *******ийг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие ХААН банкны Дорнод салбараас нэхэмжилсэн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 13 136 562 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хариуцагч Боржигон овогтой Цогтсайханы Одгэрэлийн тайлбарыг зөвшөөрч байна. Миний бие нэхэмжилсэн мөнгөн дүнг өөрийн биеэр дангаараа сар бүр тогтсон мөнгөн дүнгээр ямар нэгэн хугацаа хэтрүүлэлгүйгээр нөхөн барагдуулах улмаар хаах хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Би дээрх зээлийг авч хэрэглэсэн нь үнэн. Зээл төлөх хугацаагаа хэтрүүлж тухайн байгууллагыг алдагдалд оруулж байгаадаа хүлцэл өчье. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.     

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие ам бүл одоогоор 3, 2 хүүхдийн хамт амьдарч байна. ******* би 2015 онд ...*******тай танилцаж, 2016 оны 3 сарын 28-ны өдөр албан ёсны гэр бүл болсон. 2016 оны 3 сарын 13-ны өдөр охин Б.Хувьзаяаг төрүүлсэн. Бидний гэр бүл 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаад 2018 оны 6 сараас гэр бүлийн тодорхой шалтгааны улмаас өрх тусгаарласан. Бид гэр бүл болон амьдарч байх хугацаанд буюу 2017 оны 12 сарын 28-ны өдөр ******* нь сумын Хаан банкны тооцооны төвөөс 800 000 төгрөгийн зээл авах үед нь миний бие гэр бүлийн хүний хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэхдээ миний данс руу нэг ч төгрөг ороогүй бөгөөд надад уг мөнгөнөөс нь авч хэрэглэсэн болон ямар нэгэн байдлаар хуваалцсан асуудал байхгүй. Миний хувьд *******ыг тухайн үед өөр ямар нэгэн зээлтэй эсэхийг мэдэхгүй байна. Иймд миний бие *******ын авсан зээл болох 800 000 төгрөгөөс төлөлцөхийг татгалзаж байна. Мөн иргэн ******* миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийн шаардлага 13 сая төгрөгийн зээлийн хамтрагч байгаагүй тул хэзээ, яаж, юунд хэрэглэснийг мэдэхгүй учир төлөхөөс татгалзаж байна. ******* миний бие 2018 оны 6 сараас *******тай хамтран амьдрахаа больсон. Одоо охиноо ганцаараа өсгөж байгаа болно. Иймд иргэн ******* миний хүсэлтийг хүлээн авч хянан хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 12 сарын 28-ны өдөр 800 000 төгрөг зээлэх гэрээнд гарын үсэг зурсан. Тэр чигтээ хамтран зээлдэгч болдог гэдгийг би мэдээгүй. Гэрээг бүрэн уншаагүй гарын үсэг зурсан. Тухайн үед энэ хүнтэй хамтран амьдарч байсан болохоор ийм зүйл болно ч гэж бодоогүй очоод гарын үсэг зурсан нь үнэн. Миний бие 800 000 төгрөгтэй холбоотой гэрээн дээр гарын үсэг зурсан учир үүнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 8 сая төгрөг зээлсэн тухай би мэдэхгүй. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201743339884 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******аас 6 568 281 /зургаан сая таван зуун жаран найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг, хариуцагч *******ээс 6 568 281 /зургаан сая таван зуун жаран найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 633 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 111 816.5 /нэг зуун арван нэгэн мянга найман зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан ХААН банк ХХК-ийн Дорнод салбарт олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Буд бид хоёр 2016 оноос 2018 оны 6 дугаар сар хүртэл хамт амьдарч гэр бүл болсон. Буд тэр үед Чулуунхороот сумын Төрийн банкинд теллер дараа нь Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Би 2017 онд оюутан болсон. Өмнө нь суманд манай эгчийн ажиллуулдаг караокед ажиллаж байгаад 2016 оны 3 сард төрөх байсан учир 2016 оноос ажилгүй байсан. Буд манай аавынд цуг амьдарч байсан учир Будын цалин орлогоос юу ч хэрэглэж байгаагүй.

2017 оны 12 дугаар сарын 28-нд Буд намайг дуудаж 800 000 төгрөгийн зээл авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гээд банкин дээр очоод гарын үсэг зуруулж байсан. Би 800 000 төгрөг авч байна гэж бодоод гарын үзэг зурсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа уншиж үзээгүй.

Банкны эдийн засагч надад ийм зээлийн үлдэгдэлтэй, нэмж аваад ийм зээлтэй болно. Та зөвшөөрч байвал бүх зээлийн төлөх үүрэг хүлээнэ гэдгийг хэлж ойлгуулаагүй. Би үүнд гомдолтой байна.

Буд ер нь миний амьдралаар ч тэр үр хүүхдийнхээ амьдралаар ч тоглож, өөрийн өр төлбөр дээр намайг залилж оруулсан байна. Бид гэрлэлтээ цуцлуулсан байгаа. Энэ асуудал банкны өр зээл төлөх асуудалд хамаагүй байдаг юм байна. Ийм хамааралгүй асуудалд оруулж байгаа юм чинь үүрэг хариуцлагыг нь ч сайн тайлбарлан ойлгуулж, гарцаагүй ямар ч хариуцлага хүлээхэд хамаагүй төлнө гэсэн баталгаа авахгүй, хэвлэж хувилсан баахан маягтанд л гарын үсэг зуруулж байвал зээлдэгчийн эрх үүрэг, хариуцлагаа ойлгосон эсэх нь хамаагүй гэж байгаа нь үнэхээр хүнд байдалд оруулж байна.

Шүүх зээлийг хэдийгээс эхэлж авсан юунд зарцуулсан, өмнөх 7,3 сая төгрөгийн хамтран зээлдэгч хэн болох нь тэр хүн бас яагаад бүрэн хариуцлагаас чөлөөлөгддөг талаар анхаардаггүй юм бол. Үүнд үнэхээр гомдолтой байна. Би 800 000 төгрөгийн зээлийн төлөлт дээр ядаж тал хувийг төлж болох байх. Гэхдээ би нэг ч төгрөг аваагүй болохоор хэцүү байна.

Иймд төлбөрийг бүрэн хариуцах үүргээс чөлөөлж бодит байдлаар шийдэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь зээлтэй байсан гэдгийг мэдээгүй. ... Намайг 800 000 төгрөг дээр хамтран зээлдэгчээр татан оролцуулсан гэж ойлгосон. Гэтэл өөр зээлийн хэмжээ яригдаад байгаа юм. ...Би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 13 136 562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* дийлэнх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Иргэн *******, ******* нар нь ХААН банкны Дорнод салбарын Чулуунхороот тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201743339884 тоот зээлийн гэрээ байгуулан 8 109 716.58 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 949 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201743339884 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 13 136 562 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэсний дагуу хариуцагч *******ийг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. гэж,

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргахдаа: Миний бие ХААН банкны Дорнод салбараас нэхэмжилсэн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 13 136 562 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хариуцагч *******ийн тайлбарыг зөвшөөрч байна. Миний бие нэхэмжилсэн мөнгөн дүнг өөрийн биеэр дангаараа сар бүр тогтсон мөнгөн дүнгээр ямар нэгэн хугацаа хэтрүүлэлгүйгээр нөхөн барагдуулах улмаар хаах хүсэлтэй байгааг хүлээн авна уу. Би дээрх зээлийг авч хэрэглэсэн нь үнэн. Зээл төлөх хугацаагаа хэтрүүлж тухайн байгууллагыг алдагдалд оруулж байгаадаа хүлцэл өчье. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэж,

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ: Миний бие ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдарч байна. ******* би 2015 онд ...*******тай танилцаж, 2016 оны 3 сарын 28-ны өдөр албан ёсны гэр бүл болсон. 2016 оны 3 сарын 13-ны өдөр охин Б.Хувьзаяаг төрүүлсэн. Бидний гэр бүл 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаад 2018 оны 6 сараас гэр бүлийн тодорхой шалтгааны улмаас өрх тусгаарласан. Бид гэр бүл болон амьдарч байх хугацаанд буюу 2017 оны 12 сарын 28-ны өдөр ******* нь сумын Хаан банкны тооцооны төвөөс 800 000 төгрөгийн зээл авах үед нь миний бие гэр бүлийн хүний хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. ... Мөн иргэн ******* миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийн шаардлага 13 сая төгрөгийн зээлийн хамтрагч байгаагүй тул хэзээ, яаж, юунд хэрэглэснийг мэдэхгүй учир төлөхөөс татгалзаж байна. ******* миний бие 2018 оны 6 сараас *******тай хамтран амьдрахаа больсон. Одоо охиноо ганцаараа өсгөж байгаа болно. ... Миний бие 800 000 төгрөгтэй холбоотой гэрээн дээр гарын үсэг зурсан учир үүнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 8 сая төгрөг зээлсэн тухай би мэдэхгүй. гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод аймгийн Чулуунхороот тооцооны төв, хариуцагч /зээлдэгч/ *******, ******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ЗГ/201743339884 дугаар Зээлийн гэрээ, БГХ201743339884 дугаартай Барьцааны гэрээ тус тус нотлох баримтаар авагдсан байна. /хх 8-12, 29-33 тал/

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201743339884 дугаар Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.1.1-д зээлийн үлдэгдэл: 7 309 716,58 /долоон сая гурван зуун есөн мянган долоон зуун арван зургаан зууны тавин найман/,

2.1.1.2-т олгох зээлийн хэмжээ: 800 000 МНТ /төгрөг/,

2.1.1.3-т нийт зээлийн хэмжээ: 8 109 716,58 /найман сая нэгэн зуун есөн мянган долоон зуун арван зургаан зууны тавин/ гэж тус тус тэмдэглэгдсэн байна. /хх 8-12 тал/

Хариуцагч ******* нь хариуцагч *******тай 2016 оны 3 сарын 28-ны өдөр хууль ёсны гэр бүл болж, 2016 оны 3 сарын 13-ны өдөр охин Б.Хувьзаяаг төрүүлсэн, хамт амьдарч байх хугацаанд буюу 2017 оны 12 сарын 28-ны өдөр ******* нь сумын Хаан банкны тооцооны төвөөс 800 000 төгрөгийн зээл авсан, бид 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад 2018 оны 6 сараас гэр бүлийн тодорхой шалтгааны улмаас өрх тусгаарласан. Миний бие 800 000 төгрөгтэй холбоотой гэрээн дээр гарын үсэг зурсан учир үүнийг төлөхийг зөвшөөрч байна. гэсэн тайлбар гаргасныг хариуцагч ******* үгүйсгэж маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч ******* нь би 2017 оны 12 сарын 28-ны өдөр авсан зээл 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, хариуцагч *******ын өмнө авсан зээлийг би мэдэхгүй, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй. гэж татгалзсан тайлбар гаргасныг нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбар нь нотлох баримтаар няцаагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагч *******ийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын нэг хувийг гардан авч, шүүхэд хариу тайлбар гаргасан үеэсээ эхлэн нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хариуцагчийн энэхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбарыг нотлох үүргийн хуваарилалтын зарчмын хувьд нотлох баримтаар үгүйсгэж, няцаах байсан, тухайлбал хариуцагч *******ын өмнө авсан зээлд хамтран хариуцагчаар хариуцагч ******* нь оролцож байсан эсэхийг нотлох баримтаар нотлох байсан байна. /Хариуцагчийн өмнө авсан зээлийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгөх гэх мэт/

Иймд энэ талаар гомдол гаргасан хариуцагч *******ийн гомдлыг хүлээн авч, хамтран зээлдэгчээр оролцож авсан 800 000 төгрөгийн зээлийн 50 хувийг хүүгийн хамт түүнээс гаргуулж, нэхэмжлэгч талд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбарын зээлийн бодолтын аргачлал нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байх тул ХААН банкны вэб сайтын зээлийн тооцоолуур-аар хариуцагч *******, ******* нарын авсан зээл 800 000 төгрөгийн 2017 оны 12 сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 сарын 28-ны /тооцоолуур хүүг сараар тооцсон/ өдрийг хүртэлх хугацааны хүү 429 063 төгрөг, нийт 1 229 063 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. /Хариуцагч тус бүрээс 614 532 төгрөг/

Иймд хариуцагч *******аас 12 742 030 төгрөг, хариуцагч *******ээс 614 532 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч талд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Мөн зохигчдын хооронд 2017 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ201743339884 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 2.1.7-д ... зээлийг ашиглах хугацаа 48 сар, ... зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолохоор талууд тус тус тохирч гэрээндээ заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбар нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 28-ны өдөр дууссан байхад 2022 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2017 оны 12 сарын 28-ны өдрийн ЗГ/201743339884 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэсэн шаардлага гаргасныг шүүх анхааралгүй, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 28-ны өдрийн ЗГ/201743339884 тоот зээлийн гэрээ-г цуцалсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2022/00711 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******аас 12 742 030 /арван хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга гучин төгрөг/ төгрөг, хариуцагч *******ээс 641 532 /зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуун гучин хоёр төгрөг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дорнод салбарт олгосугай. гэж,

2 дахь заалтын ... хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 111 816.5 /нэг зуун арван нэгэн мянга найман зуун арван зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан ХААН банк ХХК-ийн Дорнод салбарт олгосугай. гэснийг ... улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 19 086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******аас 218 822 төгрөгийг гаргуулж, 204 547 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 14 275 төгрөгийг улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ийн төлсөн 120 042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

 З.ЭНХЦЭЦЭГ