Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00032

 

 

******* Хан Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2022/000501 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 430 204 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* ******* монголиа ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 45/19 тоот гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ байгуулсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасны дагуу гэрээт ШТС нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ******* ******* ХХК-ийн ХААН банк дахь 5028036836 тоот төгрөгийн дансанд бэлнээр төлөх буюу шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 286 803 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т гэрээт ШТС нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг төлнө гэж зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 286 803 000 төгрөг, алданги 143 401 500 төгрөг, нийт 430 204 500 төгрөг болж байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 46/19 тоот барьцааны гэрээ байгуулсан болно. Иймд ******* ******* монголиа ХХК-аас 430 204 500 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Чойбалсан 7 гудамж, 700 тоот хаягт байршилтай 215.3 м.кв талбайтай хувийн сууц, граж зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө /Ү-0614006673/, нэгж талбарын 2106012300 дугаартай 840 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Г-0614020588/-өөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтээр гарсан гэдгийг ойлгож байгаа боловч шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хориглосон зүйл байгаагүй. Өөрөөр хэлбэл шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тиймдээ ч манай нийлүүлсэн шатахууныг борлуулж дууссан гэдгээ өөрсдөө хэллээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдал ******* ******* монголиа ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэж үзэж байна. Нөгөө талаас хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр авсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээ нь хэзээ ч өмнө нь нэхэмжлэгч талдаа мэдэгдэж байгаагүй бөгөөд гэрээний үүргээ зориуд биелүүлэхгүй байсан шалтгаан эрэлхийлсний үүднээс шүүхэд маргаан гарснаас хойш нөхөж авсан байдал харагдаж байна. Тиймээс энэ гэрчилгээ нь давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэдгийг дангаараа нотлох боломжгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлээс иш татан алдангийн 40 хувиас татгалзах боломжтой гэсэн хэсгийг тайлбарлаж байгаа зэргийг харахад алдангийн 60 хувийг төлөхийг зөвшөөрч байна гэж логикийн хувьд ойлгогдож байна. Бид адилхан л ашгийн байгууллага байтал ашиг олох нь битгий хэл алдагдал руу ороод байгаа юм. Энэ алдагдлаа тооцож үзээд 40 хувиас татгалзах боломжтой юм гэж өмнөх шүүх хуралдаан дээр ярьж байсан боловч одоо нэгэнт эвлэрээгүй учраас өмнөх саналууд хүчингүй болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Манай компани нь 2016 онд Дорнод аймагт шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа ******* ******* ХХК-тай гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээг байгуулан хамтран ажиллаж ирсэн ба энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлсээр байсан. Улмаар гэрээний хугацаа 2019 онд дуусгавар болж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээг 2 жилийн хугацаагаар дахин байгуулсан. Дээрх гэрээг байгуулснаас хойш хэсэг хугацааны дараа буюу 2020 оны 01 дүгээр сард дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал үүссэнтэй холбоотойгоор Улсын комисс болон Дорнод аймгийн Онцгой комиссын зүгээс аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулан богиносгосон цагаар ажиллуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний 4.1 дэх хэсэгт ШТС нь 24 цагаар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон боловч дээрх нөхцөл байдлаас үүдэн энэхүү заалт хэрэгжих боломжгүй болсон нь манай компанийн эдийн засгийн байдалд маш том хүндрэл үзүүлж, улмаар гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлийг бууруулсан юм. Талуудын санхүүгийн ажилтнууд 2021 оны төгсгөлд тооцоо нийлэхэд манай компанийн зүгээс үндсэн төлбөр болох 286 803 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1 803 000 төгрөгийн талоноор тооцоо хийсэн тул дээрх мөнгийг хасаж, үлдэгдэл 285 000 000 төгрөгийг төлж барагдуулах болно. Харин гэрээний 10.3.1 дэх хэсэгт гэрээт шатахуун түгээх эрх мэдлээс хэтэрсэн нөхцөл байдал, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, газар хөрсний нуралт, аюулт болон халдварт өвчний тархалт зэргээс шалтгаалан үйл ажиллагаа зогсоосон, эсвэл шүүхийн болон Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон бол эдгээрийг энэхүү гэрээг зөрчсөн тооцохгүй гэж заасан. Иймд алданги 143 401 500 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шатахуун түгээх станцын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр хаагаад зогсоосон зүйл байхгүй боловч үйл ажиллагаа нь 24 цагаар ажиллах ёстой байгууллагыг богиносгосон цагаар ажиллуулсан байгаа. Хоёрдугаарт Засаг даргын болон онцгой комиссын шийдвэрүүд гарснаараа шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байгаа худалдан авагчдын тоо буурч, ингэснээр борлуулалт мөн буурна гэдэг нь илэрхий асуудал гэж бодож байна. Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон талаарх гэрчилгээг шүүхийн маргаан үүссэнээс хойш буюу сүүлд нөхөж авсан гэдэг тухайд хэзээ гаргуулж авсан гэдэгт дүгнэлт өгөөгүй харин энэ гэрээ өөрөө ковидын нөхцөлд хамаарах уу, үгүй юу гэдэгт л үнэлэлт өгөөд байгаа юм. Энэ гэрээ үйлчилж байх хугацаанд ковидын нөхцөл байдал үүссэн бол энэ нь давагдашгүй хүчин зүйл мөн эсэх дээр эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгөөд энэ бол давагдашгүй хүчин зүйл мөн юм гэдгийг тодорхойлсон байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийн хэмжээ нь үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг ба 232.8-д анзын хэмжээ нь хэт их байвал хэргийн нөхцөл байдлаас шалтгаалаад шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анзын хэмжээг 50 хувиас бууруулж шийдэх боломжтой гэсэн заалтыг үндэслэн, өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгч тал алдангийнхаа 40 хувиас татгалзах боломжтой байсан болон ковидын нөхцөл байдал, төлбөр төлөгчийн санхүүгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд анзын хэмжээг багасгаж өгнө үү. гэжээ. 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* монголиа ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45/19 дугаартай Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ-ний үүрэгт 372 843 900 /гурван зуун далан хоёр сая найман зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57 360 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* монголиа ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Чойбалсан 7 дугаар гудамж 700 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006673 дугаарт бүртгэлтэй, 000424393 дугаар гэрчилгээтэй, 215,3 м.кв талбай бүхий хувийн сууц гараж зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Чойбалсан 7 дугаар гудамж 700 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614020588 дугаарт бүртгэлтэй, 000569165 дугаар гэрчилгээтэй, 2106012300 нэгж талбарын дугаартай 840 мталбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 379 173 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* монголиа ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 092 369 /хоёр сая ерэн хоёр мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасны дагуу зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ******* ******* ХХК-ийн Хаан банкны 5028036836 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т гэрээт шатахуун түгээх станц нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг төлөх үүрэгтэй гэж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасныг үндэслэл болгож алдангийн хэмжээг 40 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас эвлэрэх санал гаргасны дагуу хэрэв эвлэрлийн гэрээ байгуулвал алдангийн 40 хувийг багасгах боломжтой гэж тайлбарлаж байсныг буруу ойлгож, эвлэрээгүй байхад алдангийн 40 хувийг шууд хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн алдангийг 50 хувиар тооцож 143 401 500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон 57 360 600 төгрөгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45/19 дугаартай Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ-ний 10.3.1-т Гэрээт шатахуун түгээх эрх мэдлээс хэтэрсэн нөхцөл байдал, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, газар хөрсний нуралт, аюулт болон халдварт өвчний таралт зэргээс шалгаалан үйл ажиллагаа зогсоосон эсвэл шүүхийн болон Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг зогсоосон бол эдгээрийг энэхүү гэрээг зөрчсөнд тооцохгүй. гэж заасан.Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал 2020 оны 01 дүгээр сард манай улсад тархаж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын болон Дорнод аймгийн онцгой комиссын удаа дараагийн шийдвэрээр аж ахуй нэгжүүдийг ажиллах цагийг богиносгох, хот хоорондын болон аймаг сумдын доторх хөдөлгөөнийг урт хугацаанд хязгаарлаж байсан зэрэг нь хариуцагч компанийн Дорнод аймгийн Хэрлэн, Баяндун, Халхгол, Дашбалбар сумдад үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болно.

Дээрх нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02/183 дугаар гэрчилгээг хариуцагч талд олгосон. Уг гэрчилгээний хүрээнд ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний алданги болох 143 401 500 төгрөгөөс 100 хувь чөлөөлөгдөх бүрэн үндэслэл юм. Гэвч анхан шатны шүүхээс дээх нөхцөлд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ... Бид анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоосон байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхээс хууль ёсны шийдвэр гаргасан. Өөрт олгогдсон эрхийн дагуу анзын хэмжээг их гэж үзэж шүүгчийн дотоод итгэлээр 40 хувь багасгаж шийдвэрлэсэн. ... Алдангийн 60 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Миний хувьд давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна. гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх яагаад 40 хувийг хасаж шийдвэрлэсэн бэ гэдэг асуудал яригдаж байна. ... Эвлэрэх юм бол 40 хувийг хасаж тооцох боломжтой гэж хэлж байсан. ... ******* ******* ХХК-иас авсан шатахууныг ******* Восток ******* ХХК нь худалдаалаад дуусчихсан байгаа. ... Татварын өртэй, компанийн баланс хасахтай гарсан гэх мэт зүйлийг ярьдаг. Гэхдээ энэ талаар баримт байдаггүй. Ганц Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан сертификатыг баримтаар гаргаж өгдөг. Энэ мөнгийг эргэлдүүлж байх боломжтой байна. Хуулийн үндэслэлийг шалгаж үзэхийг хүсч байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* монголиа ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 430 204 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай компани нь ******* ******* монголиа ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 45/19 тоот гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ байгуулсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасны дагуу гэрээт ШТС нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ******* ******* ХХК-ийн ХААН банк дахь 5028036836 тоот төгрөгийн дансанд бэлнээр төлөх буюу шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 286 803 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. ... гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т гэрээт ШТС нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг төлнө гэж зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 286 803 000 төгрөг, алданги 143 401 500 төгрөг, нийт 430 204 500 төгрөг болж байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 46/19 тоот барьцааны гэрээ байгуулсан болно. Иймд ******* ******* монголиа ХХК-аас 430 204 500 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Чойбалсан 7 гудамж, 700 тоот хаягт байршилтай 215.3 м.кв талбайтай хувийн сууц, граж зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө /Ү-0614006673/, нэгж талбарын 2106012300 дугаартай 840 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Г-0614020588/-өөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтээр гарсан гэдгийг ойлгож байгаа боловч шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хориглосон зүйл байгаагүй. ... цар тахлын нөхцөл байдал ******* ******* монголиа ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэж үзэж байна. Нөгөө талаас хэрэгт авагдсан 2022.4.21-ний өдөр авсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээ нь хэзээ ч өмнө нь нэхэмжлэгч талдаа мэдэгдэж байгаагүй бөгөөд гэрээний үүргээ зориуд биелүүлэхгүй байсан шалтгаан эрэлхийлсний үүднээс шүүхэд маргаан гарснаас хойш нөхөж авсан байдал харагдаж байна. Тиймээс энэ гэрчилгээ нь давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэдгийг дангаараа нотлох боломжгүй гэж үзэж байна. ... Бид адилхан л ашгийн байгууллага байтал ашиг олох нь битгий хэл алдагдал руу ороод байгаа. Энэ алдагдлаа тооцож үзээд 40 хувиас татгалзах боломжтой юм гэж өмнөх шүүх хуралдаан дээр ярьж байсан боловч одоо нэгэнт эвлэрээгүй учраас өмнөх саналууд хүчингүй болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэж,

Хариуцагч ******* ******* монголиа ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж байгаа үндэслэлээ: ... 2020 оны 01 дүгээр сард дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал үүссэнтэй холбоотойгоор Улсын комисс болон Дорнод аймгийн Онцгой комиссын зүгээс аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулан богиносгосон цагаар ажиллуулж эхэлсэн. ... Талуудын санхүүгийн ажилтнууд 2021 оны төгсгөлд тооцоо нийлэхэд манай компанийн зүгээс үндсэн төлбөр болох 286 803 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч 2022.01.14-ний өдөр 1 803 000 төгрөгийн талоноор тооцоо хийсэн тул дээрх мөнгийг хасаж, үлдэгдэл 285 000 000 төгрөгийг төлж барагдуулах болно. Харин гэрээний 10.3.1 дэх хэсэгт гэрээт шатахуун түгээх эрх мэдлээс хэтэрсэн нөхцөл байдал, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, газар хөрсний нуралт, аюулт болон халдварт өвчний тархалт зэргээс шалтгаалан үйл ажиллагаа зогсоосон, эсвэл шүүхийн болон Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон бол эдгээрийг энэхүү гэрээг зөрчсөнд тооцохгүй. гэж заасан. Иймд алданги 143 401 500 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. гэж тус тус тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тал: 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 17/22 тоот итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ******* ******* монголиа ХХК-ийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн А/88, 2019 оны 05 сарын 14-ний өдрийн А/95, 2021 оны 08 сарын 30-ны өдрийн А/90 дугаартай албан бичгүүд, 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 45/19 дугаартай Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ, мөн өдрийн 46/19 дугаартай Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000424393 дугаартай гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000569165 дугаартай гэрчилгээ, 2021 оны 05 сарын 03-ны өдрийн 51/21 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 06 сарын 23-ны өдрийн Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах 45/19 тоот гэрээний нэмэлт №02, мөн өдрийн Гэрээт шатахуун түгээх станцын 46/19 тоот Барьцааны гэрээний нэмэлт №02, ******* ******* ХХК-ийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 134/21, 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 169/21 дугаартай албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн даалгавар, ******* ******* ХХК-аас ******* ******* монголиа ХХК-ийн зээлээр авсан шатахууны тооцоо нийлсэн акт,  /1хх-ийн 5-34 тал/

Хариуцагч тал: ******* ******* монголиа ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Аймгийн болон Сумын Засаг дарга нараас тус компанид олгосон Тусгай зөвшөөрөл-үүд, Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс олгосон Тохирлын гэрчилгээ, ******* ******* монголиа ХХК-аас Бегастар ХХК болон Акума-Эрин ХХК, Бөмбөө уул ХХК, Дээшлэх нар ХХК, Дорны Арслан ХХК, Эрдэнэ билгүүдэй ХХК, Талын их шүтээн ХХК, Ган хэрлэн ХХК, Баянтүмэн сумын хүүхдийн цэцэрлэг, Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургууль, Дорнод политехник коллеж, Тал нутгийн хэрлэн ХХК, Дорнын дэвшил ХХК, Ванчүг цутгалт ХХК, Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын ИТХ, Дашбалбар сумын ОНӨААТТөв, Онон-Улз голын сав газрын захиргаа зэрэг компани, албан газруудтай байгуулсан гэрээнүүд, ДБЭХС ТӨХК-тай нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын падаанууд, Сод монгол групп ХХК-ийн Шатахуун тээвэрлэлтийн замын хуудас, Мон-суль ХХК-ийн шатахуун тослох материалын зарлагын падаанууд, ******* ******* монголиа ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 01, 02-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ******* ******* монголиа ХХК-ийн Хас банктай байгуулсан 2021 оны 1220033031 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, тус банктай байгуулсан 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 1220033031-01 тоот барьцааны гэрээ, хавсралтууд, мөн өдрийн 1220033031-02 тоот Ипотекийн гэрээ, хавсралтууд, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Шунхлай ХХК болон, Магнай трейд ХХК, ******* Баянгол ХХК, Ганга, Монсуль ХХК-уудын зарлагын падаанууд, 2022 оны 04 сарын13-ны өдрийн 02/183 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Шунхлай говь ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, Ирмүүнгранд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ковид-19 цар тахалтай холбоотойгоор Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссоос гаргасан захирамж, тогтоолуудын хуулбар, 2019 оны 03 сарын 22-ны өдрийн В-19/013 дугаартай Бетастар ХХК-тай байгуулсан Гэрээт борлуулагчийн борлуулалтын гэрээ, ******* ******* монголиа ХХК-ийн 2022 оны 03 сард борлуулсан материалын жагсаалт, ШТС-1, 2, 3, 4-ийн Борлуулалт 1, 2-р сар, 2022 оны 03 сарын Татварын төлбөрийн нэхэмжлэх тооцоо, ******* ******* монголиа ХХК-ийн 2022 оны 1, 2 дугаар сарын цалингийн хүснэгт, Бусад ШТС-аас худалдан авсан шатахууны тооцоо 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 03 сарын 24, Шунхлай ХХК-аас худалдан авсан шатахууны тооцоо, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 0301, 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 1177 дугаартай итгэмжлэлүүд, ******* ******* монголиа ХХК-ийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн А/25, 2022 оны 05 сарын 17-ны өдрийн А/36 тоот итгэмжлэлүүд, Лхамсүрэнгийн Түмэнбаатарын Төрийн болон Голомт, ХААН, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Содбаярын Ирмүүний ХААН болон Худалдаа хөгжлийн банк дахь хадгаламжийн дансны хуулганууд, бусад зарлагын болон нэхэмжлэх, Буйр амралтын газрыг нээхэд босгосон мөнгөн хөрөнгө, тус шүүхийн 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 138/ШШ2022/00440 дугаартай шийдвэр, ******* ******* монголиа ХХК-ийн өглөгийн бүртгэл, тус компанийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн А/13, 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 22/А-01, 2022 оны 01 сарын 17-ны өдрийн А/08, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн А/11 дугаартай албан бичгүүд зэрэг баримтуудыг шүүхэд тус тус нотлох баримтаар өгчээ. /1хх-ийн 56-163, 182-250 тал, 2хх-ийн 1-54, 64-84 тал/

2021 оны 05 сарын 03-ны өдрийн 51/21 дугаар Эрх шилжүүлэх гэрээ-гээр ******* Баянгол ХХК ******* ******* монголиа ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 46/19 тоот барьцааны гэрээний худалдагчийн эрх, үүргийг ******* ******* ХХК-д шилжүүлж, цаашид худалдагч гэж ойлгоно., худалдан авагч ******* ******* монголиа ХХК нь энэхүү гэрээний дагуу 46/19 тоот гэрээний худалдагчийн эрх, үүргийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд аливаа төлбөр тооцоо, үүрэг хариуцлагыг ******* ******* ХХК-ийн өмнө бүрэн хариуцна., гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс ******* Баянгол ХХК 46/19 тоот гэрээний худалдагчийн эрх, үүрэг, хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөнө., цаашид 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 51/21 тоот гэрээний худалдагч тал нь ******* ******* ХХК бөгөөд гэрээний бусад нөхцөл хэвээр байна. гэж талууд тохиролцсон байна.

Иймд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* ******* ХХК бөгөөд талууд энэ талаар маргаан гаргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45/19 дугаар Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ- ний 5.2.1-д ******* нь гэрээт ШТС-д чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн, тос тосолгооны материалаар тасралтгүй хангах бодлого баримтлах ба гэрээт ШТС-ын хэрэгцээ, санхүүгийн боломжийг харгалзан үнийг тухай бүх тохиролцож нийлүүлэх бөгөөд барьцаа хөрөнгийн үнэлгээ болох 200 000 000 /Хоёр зуун сая төгрөгөөс/ илүүгүй байх үүргийг, мөн гэрээний 5.2.2-т гэрээт ШТС нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ******* Баянгол ХХК-ийн ХААН банкин дахь 502 803 6836 тоот төгрөгийн дансанд бэлнээр төлөх буюу шилжүүлнэ., 5.2.3-т Гэрээт ШТС нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг *******-д төлнө. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээний үүргийн биелэлтийг биелүүлэхийг хариуцагч талаас шаардах эрхтэй. /1хх-ийн 15-16 тал/

Талуудын тайлбар болон Зээлээр авсан шатахууны тооцоо нийлсэн акт болон Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч ******* ******* монголиа ХХК нь нэхэмжлэгч талд 286 803 000 төгрөгийн шатахууны төлбөрийг барагдуулаагүй байгаа ба хариуцагч нь энэ талаар маргаагүй, гагцхүү алданги 143 401 500 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргасан байна. /1хх-ийн 28-34 тал/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасан.

Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45/19 дугаар Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ- ний 5.2.3-т хариуцагч талын гэрээний үүргийн хариуцлагыг заасан байх ба энэхүү заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцсэн байна.

Хариуцагч ******* ******* монголиа ХХК нь дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбоотой ШТС-ын үйл ажиллагааг цагаар хязгаарласан, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон /МХАҮТ-ын гэрчилгээг ирүүлсэн/ гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлээр алдангийн хэмжээг бууруулах боломжгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэсэн заалтыг баримтлан алдангийн хэмжээг 40 хувиар багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 57 360 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

Харин зохигчдын хооронд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 46/19 дугаар Барьцааны гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр 45/19 дугаар Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хариуцагч талын захирал Ц.Содбаярын өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг,Чойбалсан 7 дугаар гудамж, 700 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0614006673 дугаарт бүртгэлтэй, 000424393 дугаар гэрчилгээтэй, 215,3 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Чойбалсан 7 дугаар гудамж, 700 тоотод байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614020588 дугаарт бүртгэлтэй, 000569165 дугаар гэрчилгээтэй, 2106012300 нэгж талбарын дугаартай, 840 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан байх /1хх 19-24 тал/ ба шүүх дээрх гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хариуцагчийн төлөөлөгч Б.Солонгын алданги 143 401 500 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч ******* ******* монголиа ХХК-иас төлсөн 874 957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00501 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* монголиа ХХК-иас гэрээний үүрэгт 430 204 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. гэж, 3 дахь заалтын ... 2 092 369 /хоёр сая ерэн хоёр мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг ... гэснийг 2 379 173 /хоёр сая гурван зуун далан есөн мянга нэг зуун далан гурван/ төгрөгийг ... гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* восвок монголиа ХХК-ийн төлөөлөгч Б.Солонгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас төлсөн 444 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ******* монголиа ХХК-ийн төлөөлөгч Б.Солонгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874 957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ