Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00033

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2022/000585 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

214 м.кв талбай бүхий газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Силикатын 2-03б тоот буюу шинэ хаягжилтаар Силикатын 2-205а тоотод байршилтай 325 м.кв талбайтай газрын өмчлөгч юм. Уг газрыг 2005 онд өмчилж авсан. 2021 онд газар хаягийн өөрчлөлт гарч, хаягаа шинэчлэх, кадастрын зураг өөрчлөн шинээр хийлгэх болсон учир дээрх газартаа зураглал хийлгэсэн чинь миний газар дээр айлын газар давхацсан байсан. Уртнасангийнх буюу Силикатын 2-2 тоот айл миний өмчлөлийн газрын 214 м.кв газар дээр хашаагаа хатгачихаад байна. Энэ учрыг хэлж, газраа чөлөөлүүлэх талаараа уулзахад чөлөөлөхгүй гээд ойлголцохгүй байна. Газар давхцалтай байгаа асуудлаар улсын бүртгэлийн газар, газрын алба зэрэг байгууллагуудаар явж эхнээс шалгуулсан. Газрын албанаас таны газраас баруун талын айл 214 м.кв газар, зүүн талын айл 114 мкв газрыг тус тус зөвшөөрөлгүй ашиглаж байна. Та энэ асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Үүний үндсэн дээр Улсын бүртгэлийн газраас шалгуулахад таны анх авсан газар чинь байршилдаа хэвээрээ байна. Харин хэмжилт хийхээр хоёр талын чинь айл таны газар дээр давхацсан байна гэдэг хариу өгсөн. Зүүн талын айлын газартай маргахгүй. Учир нь эгч Бадамцоотой нэг газраа хуваагаад эзэмшиж байгаа юм. 2003 онд газар өмчлөх тухай асуудал эд явагдаж байх үед Бадамцоо, ******* нар нь газраа хувааж авахаар тохиролцоод бичиг баримтаа бүрдүүлэх ажлыг ******* гуай, харин эгч нь газрын хэмжилт хийлгэх, кадастрын зураг авах ажлыг хийлгэж 2005 онд тус тусдаа газрын гэрчилгээгээ гаргуулж авсан байдаг. Засаг даргын 2003 оны захирамж дээр *******, Бадамцоо хоёр силикатын 3-3 тоот газрыг хувааж авсан гэдэг нь харагдаж байдаг. Ингээд тусдаа гэрчилгээтэй болоод кадастрын зураг нь тус тусдаа зурагдсан байдаг. Газраа хувааж авсан учраас баруун, зүүн тал нь ялгаа байхгүй л болж байгаа юм. Шинэ хаягжилтаар хэмжилтээ хийлгэхэд газар давхацсан асуудал гарч ирж байгаа юм. ******* 2010 онд хүсэлтээ гаргаж 2011 онд газраа өмчилж авсан байдаг. Кадастрын солбицол өөрчлөгдөөгүй байж байхад газрын байршил өөрчлөгдөнө гэж байхгүй. Хаяг шинэчлэгдсэн ч газрын байршил өөрчлөгдөөгүй. Иймд *******гийн хууль бус эзэмшлээс 214 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус ойлгомжгүй байна гэж үзэж байна. Маргаан бүхий газар маань нэг эгнээний 4 газар байгаа бөгөөд нэхэмжлэгч нь дунд хоёр газрыг эгчтэйгээ хувааж авсан гэдэг нь үнэн. Гэрчээр оролцуулах гэж байсан Энхболд Бадамцоотой хамаатан юм билээ. Тухайн үед Бадамцоо, Толя нарыг газраа хувааж авч байхад нь тус тусдаа авахгүй яасан юм бэ гэдэг асуудлыг ярьж байсан юм билээ. Надад хэлэхдээ хоёр биеийнхээ газартай л маргаантай байх гэсэн юм ярьдаг. Нэхэмжлэл бичсэн байдлыг харахаар Болдоогийн газартай маргаантай юм шиг бичсэн байдаг. Ер нь нэхэмжлэгчийн газар Бадамцоо болон Болдоо хоёрын газартай л маргаантай байх боломжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл Уртнасангийн газартай ямар нэгэн маргаан үүсгэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Уртнасангийн газартай хөрш газар нь Бадамцоогийн газар болохоос Толягийн газартай хөрш газар биш. Тиймээс Уртнасангийн газар дээр давхцал орсон зүйл огт байхгүй. Улсын бүртгэлээс ирсэн кадастрын зураг дээр зөрчил гарсан зүйл байхгүй байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл нь сансрын зураглалаар зөрчил гарсан гэдэг. Гэвч хуульд сансрын зураглалаар хэмжээс хийдэг зохицуулалт байхгүй. Хаяг өөрчлөгдлөө гээд газар өөрчлөгдөнө гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол асуудал нь 10 жилийн өмнө Уртнасан газар авсан, 10 жилийн дараа Уртнасангийн газрыг хувааж авсан байдаг. Тийм учраас нэг газрыг хувааж авсан хүмүүс хоорондоо маргаан үүсгэх болохоос хил хязгаар давж очиж маргаан үүсгэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн газраас асуусан гэж хэллээ. Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ л олгодог болохоос биш кадастрын маргааныг шийдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикат 2 дугаар гудамж 205а тоот хаягт байршилтай 2106042952 нэгж талбарын дугаартай, 214 м.кв талбайтай газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие Ц.Урнасан энэ хаяг дээрээ 24 жил, гэр бүлийн хамт 1999 оноос өнөөг хүртэл амьдарч байна. Хууль ёсны өмчлөгч, анхан шатны шүүх хурлын шийдвэрээр ч үүнийг маань шүүх нотолж өгсөн.

Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцох хүсэлтээ шүүгчийн туслахад өгсөн. Тэр хүний хариуцлагагүй байдлаас болж анхан шатны шүүх хуралд биеэр оролцож чадаагүй. Надаас дараа нь хуралд оруулаагүй гээд уучлалт гуйсан. Энэ нь миний эрхийг санаатай, ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гомдолтой байна.

Би ардчилсан улсад амьдарч байгаа шүүхэд биеэр оролцож, өөрийн хууль ёсны өмчөө хамгаалж, гомдол гаргасан иргэн *******тай мэтгэлцэх нь миний үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэтэл энэ эрхийг маань шүүгчийн туслах Н.Энхнаран ноцтой зөрчиж хүсэлтээ бичгээр өгсөөр байтал шүүх хуралдаанд оролцуулсангүй.

Энэ Энхнаран гэдэг хүнд гомдолтой гэдгээ Тамгын газрын даргад бичгээр мэдэгдсэн, мөн Авилгатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгуулахаар хүсэлт өгсөн. Иргэн ******* бусад энэ хэрэгтэй холбоотой иргэн миний газар дээр давхардуулж олгосон Хэрлэн сумын газрын даамлууд Энхтуяа, Ууганцэцэг, Аймгийн барилга, хот байгуулалтын газрын дарга Алтантуяа нарын шударга бус үйлдлүүдийг шалгуулахаар аймгийн Авилгатай тэмцэх газарт гомдлоо өгсөн.

Мөн энэ шударга бус үйлдэлтэй санал нийлэхгүй. Манай төрийн албан хаагч нарт асуудал нь байгаа гэдгээ нуулгүй илэрхийлж, мөн иргэн *******д ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй байгааг Аймгийн барилга, хот байгуулалтын газрын дарга О.Дамдинбазар илэрхийлж, миний газрын гэрчилгээ, кадастрын зураглал, захирамжтай танилцаж таны энэ Үндсэн хуулиар олгогдсон газар өмчлөх эрхэд гагцхүү шүүхийн шийдвэрээс бусад хэн ч таны газрыг өмчлөх эрхгүй гэдгээ хэлсэн.

Иргэн ******* анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Силикатын 2-3б тоот буюу шинэ хаягжилтаар Силикатын 2 дугаар гудамжны 205а тоотод байршилтай 325 мк талбайтай газрын өмчлөгч юм гэж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл хуучин хаягжилт 2-3 тоот дээр А болон Б гэсэн 2 айл байна. Энэ хаяг дээр анхнаасаа л энэ 2 хамаатан гээд газраа хувааж гэрчилгээгээ 2005 онд авахдаа буюу хамаатан Бадамцоо 203а, ******* 203б байгаа. Гэтэл манайх хуучин хаягжилтаар Силикатын 2-2 тоот, Бадамцоо 2-3а, ******* 2-3б байна. Гэтэл хаа байсан айл давж надтай маргалдаад байгаа нь огт үндэслэлгүй байна.

Өөрийн цаад айл 2-4 Болдбаатар, наад айл эгч Бадамцоо нарын хүмүүстэй маргаан өдөөх атал айл давж хаягныхаа учрыг санаатай олохгүй маргаан үүсгээд байгаа нь Уртнасан намайг элэг барьж байгаа нь тэр. Мөн хаяг шинэчлэгдсэн ч үл хөдлөхийн байршил өөрчлөгдөх ёсгүй. 2019 онд Баделхан сайд, Засгийн газрын тогтоолоор хаяг шинэчлэгдсэн, хаяг гэдэг маань тоо үсгэнд л өөрчлөлт ордог байтал үл хөдлөх хөрөнгө болох газрын байршилд нь өөрчлөлт орох учиргүй.

Хаа байсан айл давж шинэ хаягжилт нэрээр газартайгаа өөрчлөгдөнө гэсэн учир байхгүй. Үүнийг зөрчиж кадастрын зураг, газрын гэрчилгээ авсан нь өөрөө хууль бус. Мөн Газрын тухай хуульд тухайн байсан айл дээр давхардуулж газар олгохыг хориглосон байдаг атал хаа байсан 2-3б байсан айлыг нааш шилжүүлж 2-2 хаяг дээр давхардуулж газар өгсөн нь хууль бус байна.

******* өмнө газраа өг гэж зодож байсан. 1 дүгээр багийн Засаг даргад өргөдөл өгөөд захиргааны арга хэмжээ авч мөнгөөр торгуулж байсан хүн. Үүндээ шаралхаад шүүх дээр бичиг баримтаа сүүлд хэн нэгний дэмжлэгтэйгээр бүрдүүлээд яваад байгаа гэдгийг эгч Бадамцоо нь хэлсэн. Энэ Толягийн гаргасан нэхэмжлэл надтай огт хамаагүй гэдгийг дахин хэлье. Хөрш Бадамцоо цаад айл Болдбаатар нартайгаа үнэхээр 2-3б тоотод байсан хүн юм бол тэр хоёртой ярилцаж гомдлоо гаргах хүн.

Энд бас үнэхээр *******гийн 2005 онд эгчтэйгээ хамт авсан дээрх хаяг дээр газрын гэрчилгээ, кадастрын зураглал хаана байна вэ. Яагаад хэзээ сүүлд 2022 оны 6 дугаар сарын 01-нд кадастраа, 16-нд газрын гэрчилгээгээ авсан бэ, хэн гэдэг албан тушаалтнууд дэмжээд байна вэ. Энд хэн сүүлд айлуудын голоор шинэ хаягжилт нэрийн дор хэн нэгэн хүн хууль зөрчин айлууд байсаар байтал давхардуулж оруулж ирсэн бэ. Өмнө огт захирамжгүй байсан хүнд хэн 2003 онд захирамж гаргаад өгөв. Үнэхээр тэр үедээ захирамжаа авч байсан бол өөрийн эзэмшлийн газраа мартаад 20 орчим жилийн дараа саналаа гэж үү.

Одоо байгаа Солонгын 2-3 тоот хэний нэр дээр байдаг вэ. *******гийн нэр дээр байдаг бол худалдаж авсан уу эсвэл өмчлөлөөр нэг удаа үнэгүй авсан уу. Өмчлөлөөр авсан бол яагаад нэг удаа авчихаад дахиж эгч Бадамцоогийн нэрээр үнэхээр 2-3б тоотод хамт авсан гэж үү тийм бол яагаад 2 удаа үнэгүй газар авах гээд байгаа вэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* намайг нотлох баримт хангалтгүй бүрдүүлсэн нотлоогүй гэх шалтгаанаар эсрэг тал руу гаргажээ. Энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрт хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн газрыг Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 469 дугаартай Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай захирамж /хаяг нь 1 дүгээр баг, Силикатын 2-2 тоот/ -аар анх өмчилж байсан нь тогтоогдож байна гэж шүүхийн шийдвэрт нотолсон мөртлөө эцсийн шийдвэрт шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг явуулсан боловч хариуцагч тал татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүний татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ гэх тайлбараар эсрэг тал руу гаргажээ.

Гэвч шүүх өөрсдөө газрын эзэмшигч гэдгийг маань тогтоож нотлосон мөртлөө татгалзлыг нотолж чадаагүй гэдэгтэй миний бие бүхэлд нь санал нийлэхгүй байна. Миний бие шүүх хуралд Н.Энхнарангийн буруугаас орж чадаагүй ч манай өмгөөлөгч надтай маргалдах үндэслэл байхгүй гэдгийг хэлсэн байгаа.

Нэхэмжлэгч ******* 2005 онд эгч Бадамцоогийн хамт газраа авч тус тусдаа гэрчилгээгээ салгуулж гаргаж авсан гэх. Гэтэл тэр үеийн он, дугаартай газрын гэрчилгээ, кадастрын зураглал нь хаана байгаа вэ. Яагаад дөнгөж сарын өмнө гаргуулсан бичиг баримттай байгаа вэ. Яагаад ийм нотолгоогүй зүйл дээр шүүх дэмжиж шийдвэр гаргав. Үүнтэй миний бие санал нийлэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гарсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна. гэжээ.

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд оруулсангүй гэж гомдолдоо дурджээ. Хэргийн материалыг хуралд орохын өмнө тодруулж уншиж танилцахад ******* оролцоно гэсэн хүсэлт гаргаагүй байсан. Итгэмжлэлээсээ татгалзсан хүсэлт ч байхгүй байсан учир Уртнасанг байлцуулахгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хурал хийсэн. З.Нямсүрэн төлөөлөгч Уртнасанд цагийг нь хэлээгүй, мэдээгүй байх боломжгүй. Хүрэлцэн ирэхийг нь хүлээж байгаад хурлаа хийсэн. Хэрэг шүүхэд нэлээн удсан, төлөөлөгчийн хувьд хийх ажиллагаануудаа хийлгэсэн гэж бодож байгаа.

Хаяг, байршилтай холбоотой маргаан байгаа учир ******* нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас материалаа магадлан шалгуулж зохих хариуг авч шүүхэд хандсан. Хаяг зөрчилтэй байна гэж хариуцагч тал маргаж тайлбарласан байсан болохоор Хэрлэн сумын газрын даамлыг асууж тодруулж өгөхийг шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлсэн.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Толя, Бадамцоо нар 2003 онд газраа өмчилж авсан. Бадамцоогийн газрын зэрэгцээ тус тусдаа гэрчилгээтэй газартай байна. Тэнд Бадамцоо гуайн хүүхдүүд дүү нартайгаа л эзэмшиж ашиглаж байсан газраа хувааж тус тусдаа гэрчилгээтэй болсон байдаг. Түүнээс хойш 7 жилийн дараа Уртнасан бас өөрийн газраа өмчилж авсан байна. 2010 оноос хойш зэрэгцэн байсаар байсан.

******* нь хилийн мал эмнэлгийн улсын байцаагч ажилтай болохоор хөдөө байнга амьдарч байсан ба тэтгэвэрт гараад хүүхдүүдтэйгээ байр сууцаар амьдарч байгаад газар дээрээ сууц барихаар төлөвлөсөн. Газрын албанаас шинэчилсэн бүртгэл хийгдэж байгаатай холбогдуулж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очоод хаяг байршил дээр асуудал үүссэнийг мэдсэн. Тэгээд хөөцөлдсөөр яваад эцэст нь шүүхэд хандсан.

Албан ёсны засаг захиргааны байгууллага нь харьяалагдах мэргэжлийн байгууллага нь баримт материалаа үндэслэж шалгаад тодорхойлж, тогтоож өгсөн л асуудал юм. Би ямар нэг ая тал харж, хууль бусаар хийлгэж аваагүй. Бадамцоо өөрийн өмчлөлийн газраа олон жил ашиглаж гэр бараагаа барьж амьдарч байгаа. Толя хөдөө ажиллаж амьдарч байсан тул өмчилсөн газраа ашиглаж байгаагүй болохоор хий хоосон хардаж байна. Эгчээсээ тусгаарлаж хамар хашаагаа ч бариагүй байсан. Одоо л ашиглах төлөвлөгөөтэй байтал энэ асуудал үүссэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 214 м.кв талбай бүхий газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1 тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... газрыг 2005 онд өмчилж авсан. 2021 онд хаягийн өөрчлөлт орж, хаягаа шинэчлэх, кадастрын зураг шинээр хийлгэх болж газартаа зураглал хийлгэхэд *******гийнх миний өмчлөлийн газрын 214 м.кв газар дээр хашаагаа хатгачихсан байна. Энэ учрыг хэлж, газраа чөлөөлүүлэх талаараа уулзахад чөлөөлөхгүй гээд ойлголцоогүй. Хаяг шинэчлэгдсэн ч газрын байршил өөрчлөгдөөгүй. Иймд миний 214 м.кв газрыг *******гийн хууль бус эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлж өгнө үү. ... гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ... нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ойлгомжгүй. *******г энэ хэргийн оролцогч биш гэж үзэж байна. *******гийн газартай хөрш газар нь Бадамцоогийн газар болохоос *******гийн газартай хөрш биш. *******гийн газар дээр давхцал огт байхгүй. Кадастрын зургаас харахад зөрчилтэй гэж харагдахгүй байна. Хаяг өөрчлөгдлөө гээд газар өөрчлөгдөнө гэсэн асуудал байхгүй. Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ л олгодог болохоос биш кадастрын маргааныг шийдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэж тус тус тайлбарладаг.

Хэрэгт Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 1/183 дугаар албан бичиг, 000680703 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 сарын 01-ний өдрийн *******гийн өмчлөх эрхийн кадастрын зураг, хариуцагч *******гаас З.Нямсүрэнд эрх олгосон итгэмжлэл, 000121439 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2010 оны 01 сарын 04-ний өдрийн *******гийн өмчилж байгаа газрын кадастрын зураг, 2017 оны 07 сарын 26-ны өдрийн Дорнод аймгийн Засаг даргын А/368 дугаар захирамж хавсралтын хамт, 2003 рны 11 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Засаг даргын 244 дугаар захирамж хавсралтын хамт, Н.Бадамцоогийн өмчилж байгаа газрын кадастрын зураг, 2016 оны 11 сарын 30-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 44 дугаар тогтоол хавсралтын хамт, 2008 оны 12 сарын 22-ны өдрийн Дорнод аймгийн Засаг даргын 469 дугаар захирамж /хавсралтын хамт/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна. /4-6, 13, 27-28, 33-36, 53, 56-59, 61-61-63/

 Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 2003 оны 11 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Засаг даргын 244 дугаар захирамжаар Силикатын 2-03б тоот буюу шинэ хаягжилтаар Силикатын 2-205а тоотод байршилтай 325 м.кв талбай газрыг өмчилж авсан, уг газарт 2021 оны 06 сарын 01-ний өдөр кадастрын зураг хийлгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, ... зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; ... хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ., 47 дугаар зүйлийн 47.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. гэж тус тус заасан.

Зохигчдын маргааны зүйл болж байгаа Силикатын 2-205а тоотод байршилтай 325 м.кв талбай бүхий газар нь хариуцагч *******гийн газартай давхацсан гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 000680703 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 1/183 дугаар албан бичиг зэрэг нотох баримтаар

тогтоогдохгүй байх бөгөөд маргааны зүйл байгаа газар давхацсан асуудалд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулаагүй гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2022/00585 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА