Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2022/00034

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2022/000513 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон олох байсан орлогод нийт 24 327 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 871 400 төгрөг гаргуулах тухай тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЦОД ММ ХХК-ийн захирал Ц.Оюунчимэгтэй автомашин түрээслэх тухай гэрээний дагуу ажил гүйцэтгэхээр Хөлөнбуйр сум руу 2021.10.04-ний оройн 2030 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын 3-р баг, Ухаа хошуу гэх газарт явж байхад иргэн ******* нь Субару Форестор маркийн 85-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад миний жолоодож явсан Ниссан Кондор маркийн 62-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Энэ даруй цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгч, холбогдох журмын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн. Ингээд эрх бүхий албан тушаалтны 2021.10.08-ны өдрийн магадлагаагаар Субару Форестор маркийн 85-63 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа гарсан. Үүний дагуу жолооч *******т 2021.10.25-ны өдрийн шийтгэлийн хуудсаар үйлдсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7.51-д заасны дагуу 100 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж шийдсэн байна. Мөн эрх бүхий албан тушаалтны 2021.10.25-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар холбогдогч ******* нь бусдад учруулсан хохирлыг барагдуулаагүйг дурдаж, намайг учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж авах нь зүйтэй гэсний дагуу хохирлоо нэхэмжилж байна. Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар машиныхаа хохирлын хэмжээг тогтоолгоход 10 389 200 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үнэлгээ хийлгэхэд үйлчилгээний зардал 438 000 төгрөг тушаасан. Мөн би ЦОД ММ ХХК-ийн захирал Ц.Оюунчимэгтэй байгуулсан автомашин түрээслэх гэрээний дагуу үйлчилгээний төлбөр 13 500 000 төгрөгийн ашиг орлого олох байсан ба холбогдогч *******ийн буруутай үйл ажиллагаанаас болж хохироод байна. ******* нь Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, уг гомдлыг шүүх хэлэлцэж 2021.11.04-ний өдрийн 2021/ЗШ/366 шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан. Ингээд тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийгдэж, дүгнэлт, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Түмэнжаргал, Батбаяр, Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй 2021.12.20-ны өдөр шинжээчийн 07 тоот дүгнэлт гарч, уг хэргийн гэм буруугийн асуудлыг шийдсэн. Нэгэнт энэ асуудлын зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн учир хариуцагч *******ээс тээврийн хэрэгсэлд учруулсан, гэм хороос учирсан хохиролд 10 389 200 төгрөг, үнэлгээний зардал 438 000 төгрөг, автомашин түрээслэх тухай гэрээний дагуу олох ёстой байсан бодит орлого болох 13 500 000 төгрөг, нийт 24 327 200 төгрөгийг нэхэмжилж байна. Олох байсан орлого 13 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс 2 өдрийн ажлын хөлс болох 600 000 төгрөгөөр шаардлагаа багасгаж олох байсан орлогод 12 900 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэжээ.

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Учир нь сөрөг нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн агуулгаа хоёрдмол санаагаар, ойлгомжгүй байдлаар, мөн хохирогч нь би байтал өнөөдрийг болтол хохирлоо төлж барагдуулахгүй чирэгдэл учруулж байгаадаа санаа зовохгүй, цаг хугацаа өнгөрөөж хойш татахаар л гаргасан нэхэмжлэл байна гэж ойлголоо. ******* бол анхнаасаа уг зөрчлийн хэргийн талаараа маш сайн ойлгож мэдэж байгаа, өмгөөлөгчтэй, хэзээ яаж хэнд болон байгууллагуудад гомдол саналаа гаргах зэргээ анхнаасаа хийсээр ирсэн. Иймдээ ч холбогдогч ******* нь эрх бүхий албан тушаалтны 2021.10.08-ны өдрийн ...магадлагааны талаар гомдол санал гаргаагүй. Мөн 2021.10.20-ны өдрийн ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Улзын холбогдогчоос 2 дахь удаа авсан мэдүүлэгт ...үнэлгээтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байна уу гэж асуухад би тухайн үнэлгээний нарийн юмнуудыг мэдэхгүй байна. Гэхдээ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлыг даатгалын байгууллагаар барагдуулна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авагдахад татгалзах зүйл байхгүй... гэсэн тайлбар өгч, уншиж танилцан гарын үсгээ зурж, уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Холбогдогч ******* хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021.10.25-ны өдрийн 0184264 дугаартай шийтгэлийн хуудсаа 4 хоногийн дараа буюу 2021.10.29-ний өдөр хүлээн авч, гарын үсгээ зурсан байдаг. *******ийн санаа зорилгын дагуу зохих шатны байгууллагууд гомдол саналыг нь хүлээн авч, өөрөө ч гомдол саналаа гаргаж, эцсийн байдлаар өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас гэдгийг эцэслэн шийдвэрлээд байхад одоог хүртэл хохирогч намайг дээрх машинаараа орлого олж, өдөр тутмын эх үүсвэрээ болгодог эдийн засгаар минь давхар давхар хохироогоод байгаад дахин дахин гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь надаас бүгд 24 327 200 төгрөг нэхэмжилсэн байна. ******* нь замын цагдаа Ч.Улз болон бусад хүмүүстэй хуйвалдан намайг сөрөг урсгалд орж 10 289 200 төгрөгийн хохирол учруулсан гэж 100 000 төгрөгийн торгууль тавьсан. Би зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь өөрөө ирж мөргөчихөөд, А цэгийг өөрчилсөн. Намайг хилс хэргээр гүжирдэж байгаа. Би маш их гомдолтой байна. Энэ хүний хэлж буй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдээгүй учир энэ хэргийг шийдэх боломжгүй. Жолооны багш нараар хийлгэсэн гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, энэ дүгнэлтээ бид нарт танилцуулаагүй, Ганбаатарт танилцуулсан. Биднийг очиход та хоёр дахин шинжээч томилуулна гэсэн шүү дээ, би тогтоолоо андуураад биччихсэн юм аа наадах тогтоол чинь мэдээж хүчингүй гэж хэлсэн. Тэгсэн атлаа зөрчлийн хэргийг хаасан гэдэг. *******т хэрэг хаасан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Цэцэрлэгийн барилгыг барих гэж түрээсийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч хэлдэг. Иргэний хуулийн 318-д түрээсийн гэрээний тухай тодорхой заасан. Түрээсийн гэрээ нь хууль бус, хэлбэрийн шаардлага хангаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нь тодорхой зүйл байхгүй. 28 жил болсон тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээ хийхгүй. Тендерийн гэрээ нь ч байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шинжээчийн дүгнэлт нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тогтоолтой байгаа боловч ******* 18.2а-д өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150м багагүй зайд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлнэ гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй, жолооч ******* нь 11.3-д эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно, 18.3-д хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн дүрмийн заалт зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй... гэж нэхэмжлэгч, хариуцагч хоёрыг хоёуланг нь буруутгасан дүгнэлт гарчээ. ******* нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлүүлэхдээ зөвхөн гадна талаас нь зарим хэсгийг үнэлүүлэхэд 2 871 400 төгрөгийн эд хөрөнгө эвдэрсэн байсан. *******ийн хувьд уг хэрэгт буруугүй учир өөрийн машинд учирсан 2 871 400 төгрөгийн хохирлыг төлүүлнэ гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Өмгөөлөгч миний хувьд нэгэнт шинжээчийн дүгнэлт нь тогтоолгүй, гэм буруугийн асуудал эцэслэн шийдэгдээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзчих гэж үйлчлүүлэгчдээ хэлж байсан. *******ийн хувьд Ганбаатар шарваж орж ирээд намайг мөргөсөн, би ямар ч гэм буруугүй учир хохирлоо төлүүлнэ. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Н.Алтантуяа ...Нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж *******т хохирол учруулсан байна. Хариуцагчийн хэлснээр нэхэмжлэгч ******* нь эсрэг урсгалд орж Цэцэгийн машинд хохирол учруулсан. Хэргийн явцад А цэг, схем зургийг өөрчилж, хэргийг өөрт ашигтайгаар шийдүүлэх санаатай байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *******ыг буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлт гаргажээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон олох байсан орлогод 16 723 200 /арван зургаан сая долоон зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 004 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2 871 400 төгрөгийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 279 586 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 60 892 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 241 566 /хоёр зуун дөчин нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,... шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гарсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь энэ аваарын хэргийг үйлдэж цагдаагийн ахлах дэслэгч Ч.Улзтай хуйвалдаж намайг буруутгасан. Энэ талаар би шүүхэд хандаж, шүүх хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, А цэг өөрчилсөн, дээрх дутуу нотлох баримтыг нотлох шаардлагатай эрх бүхий албан тушаалтны магадлагаа эргэлзээтэй тул цагдаагийн байгууллагад ажилладаггүй шинжээч нарыг оролцуулж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан. Зөрчлийн хэргийн нотлох баримтад мөн ахлах дэслэгч Ч.Улз шалгаж, шүүхийн захирамжийн заалтыг биелүүлээгүй, өмгөөлөгч бид хоёрыг дуудаж, шийтгэвэр дүгнэлттэй танилцуулсан. Гэтэл Ч.Улз энэ хэргийг үнэн зөв бүх талаас нь шалгах ёстой атал бүр аймшигтай дордуулсан байсан.

Шинжээч томилох тогтоолоо өмгөөлөгч бид хоёрт анх танилцуулахдаа Б.Түмэнжаргал, П.Алтанчимэг, Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй шинжээч томиллоо гэж танилцуулсан. Бид хоёр ч танилцаад дээрх 3 шинжээч дүгнэлт гаргах юм байна гэж мэдсэн. Мөн Ганбаатар ч танилцуулсан байсан. Гэтэл 2021.12.20-ны 07 тоот дүгнэлт танилцуулахад өмнөх тогтоолд танилцуулсан шинжээч 3 хүний П.Алтанчимэг, Билгүүн нар нь байхгүй, огт тогтоолгүй Д.Хүрэлбаатар, Б.Батбаяр гэсэн хоёр хүн, шүүхийн тогтоолтой Б.Түмэнбаяр гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарчихсан байсан. Өмгөөлөгч та яагаад тогтоолгүй хоёр хүн оруулаад дүгнэлт гаргуулчихсан юм бэ гэж асуусан. Тэгэхэд Ч.Улз тогтоолоо хараад өө би андуураад өөр нэр биччихсэн байна. Та торгуулийн хуудас зөвшөөрөхгүй гэдгээ биччих, би тогтоолоо дахиж гаргуулъя, та хүсэлтээ бичээд явж бай, өмгөөлөгч та хоёрыг дахин дуудъя гэж хэлсэн. Түүнээс хойш утсаар нэг удаа дуудаад дахин надад мэдэгдээгүй. Харин ахлах дэслэгч Ч.Улз намайг утсаар орой болж байхад дуудчихаад, өөрөө мөрдөн байцаалт хийгээгүй, өөрийнхөө таньдаг, тогтоолд нэр нь ороогүй жолооны багш Д.Хүрэлбаатар, Д.Батбаяр хоёрыг оруулж намайг гэм буруутай гэж хууль бус дүгнэлт гаргуулсан. Энэ хууль бус дүгнэлтээр гэм бурууг шийдвэрлэсэн нотлох баримт хэрэгт гаргаж өгөөд, шүүх хуралд тогтоолд заагаагүй илт танил хоёр жолооны багшаар дүгнэлт гаргуулсан байна гэж өмгөөлөгч ярьж, няцаагаад байхад шүүгч нэг талыг барьж илт цагдаагийн хууль бус тогтоолыг хамгаалж ямар ч дүгнэлт өгөөгүй явдалд гомдолтой байна.

Ер нь анхан шатны шүүхийн шүүгч нар миний энэ хэрэгт бүх талаас нь, тал бүрээс нь ямар ч хүнд ойлгогдохоор нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж байгаа тайлбарт үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Шүүгч хүн хүний амьдралаар тоглохгүй, бодит байдлыг хүн бүхэнд ойлгомжтой талаас нь хэргийн байдалд дүгнэлт өгөх байтал цагдаагийн шалгасан хэрэгт бид оролцохгүй гэдэг байдлаар миний хэрэгт хандсан явдалд үнэхээр гомдолтой байна. Шүүгч хүн эрүүгийн хэрэг байна уу, иргэний хэрэг байна уу ялгаагүй төрийн хүний хувьд энэ хэрэг бодит байдалд нийцэж байна уу гэдгийг жирийн иргэнд ойлгомжтой үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэх ёстой байтал яг хэргээ босгож чадаагүй гэж үзэж байна.

... Шүүх энэ шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт өгөхгүй, нэг талыг барьж хэргийг шийдсэн явдалд би гомдолтой байна. Энэ шинжээчийн дүгнэлт илт хууль бус болохыг шүүгч Г.Жаргалтуяа, Т.Байгалмаа, Г.Уртнасан нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа, дээрх гурван шүүгч шинжээч томилох тогтоолд Б.Түмэнжаргал, П.Алтанцэцэг, Билгүүн гэсэн гурван хүн байгааг сайн мэдэж байгаа. Дээрх тогтоолыг манай өмгөөлөгч зөрчлийн хэргээс эх хувиар нь харж нотлох баримтаар шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан.

2021.12.20-ны өдрийн 07 тоот дүгнэлт нь Б.Түмэнжаргал, Б.Батбаяр, Д.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй гарч намайг гол буруутан болгосон. Мөн дүгнэлтэд Ганбаатар нь 18-ын 2.а өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150м багагүй зайд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлнэ гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж бид хоёрыг хоёуланг нь буруутгасан. Үүнд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд би гомдолтой байна.

... Үндсэн нэхэмжлэлийн хохирлын хэмжээг тогтоолгоход Вендо хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг миний хувьд хууль бус гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгах талаар шүүх хурал дээр нэг ч үг хэлээгүй байхад шүүх түүний нэхэмжлэлээс хасаж шийдэж байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн түрээсийн гэрээг ямар ч үндэслэлгүй байхад хангаж шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Вендо хөрөнгийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд учруулсан 10,389,200 төгрөгийн хохирол нь бодит байдалд нийцэхгүй байхад шүүх буруу дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь буруу гэж үзэж байна. Бодит байдал дээр ослын газар дээр нэхэмжлэгчийн машины эвдэрсэн зүйл цөөхөн байна гэж зөрчлийн хэргээс манай өмгөөлөгч нотлох баримтаар харуулсаар байтал энэ хэрэгт шүүгч буруу дүгнэлт өгсөн. Эрдэнэмандарваа ХХК-ийн оношилгоог үндэслэв. гэж хэрэгт байсаар байтал Вендо ХХК-ийн хохирлын үнэлгээг баримт болгож байгааг буруу гэж үзэж байна.

Энэ хэрэгт ямар ч сонирхолгүй хөндлөнгийн иргэдийн төлөөлөгч Н.Алтантуяа хэлэхдээ нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж *******т хохирол учруулсан байна. Хариуцагчийн хэлснээр нэхэмжлэгч ******* нь эсрэг урсгалд орж Цэцэгийн машинд хохирол учруулсан. Хэргийн явцад А цэг, схем зургийг өөрчилж, хэргийг өөрт ашигтайгаар шийдүүлэх санаатай байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *******ыг буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. Хууль сайн мэдэхгүй МУ-ын жирийн иргэн шүүх хуралд тангараг өргөж оролцохдоо энэ хэрэг хэнийх нь буруутай болохыг үнэн зөв дүгнэсэн байхад шүүгч нар шинжээчийн хууль бус тогтоолыг мэдсээр, тогтоолыг хүмүүс мөрдөн байцаагчийн гуйлтаар шинжээчийн дүгнэлт гаргасан байхад яагаад миний хэрэгт хайнга хандсан явдалд би үнэхээр гомдож бие муутай, настай хүний хувьд үнэхээр их шаналж байна.

Түрээсийн гэрээ нь хууль бус байгааг бид шүүх хурал дээр нотлох баримтыг нь харж хэлсээр байтал олох ёстой орлого байсан гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна. Дээрх түрээсийн гэрээ хийсэн компани хаанахын ямар компани болох нь ойлгомжгүй байна.

2022.05.17-ны өдөр Г.Жаргалтуяа шүүгчийн 138 тоот захирамжаар шинжээчийн дүгнэлтэд ... бусад эвдрэл гэмтэл нь ослын улмаас эвдэрч гэмтэх зүйлүүд мөн боловч ослын улмаас эвдэрч гэмтсэн гэж тогтоох боломжгүй байна гэж миний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Учир нь нөгөө илт хууль бус 2021.12.12-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтэд Цэцэг миний машины талаар өгсөн дүгнэлт биш, нэхэмжлэгч *******ын машины талаар гаргасан уг тээврийн хэрэгсэл нь 1993 онд үйлдвэрлэгдсэн 28 жил ашиглагдаж байгаа хөгшин тээврийн хэрэгсэл байна. Иймд бусад эвдрэл гэмтэл нь ослын улмаас эвдэрч гэмтэх зүйлүүд мөн боловч ослын улмаас гэмтсэн гэж тогтоох боломжгүй байна гэсэн нэхэмжлэгч Ганбаатарын машины дүгнэлтийг миний машины гэмтэл болгож шүүхийн захирамж гаргаж байгаа нь анхнаасаа нөгөө талд үйлчилж байна гэж сэтгэгдэл төрөхөөр байна.

Энэ хэрэгт хариуцагч Цэцэг миний буруу байхгүй, цагдаагийн бурууг тогтоогоогүй, гэм бурууг тогтоож байгаа шинжээчийн дүгнэлт нь илт хууль бус байна. Шүүгч илт хууль бус шинжээчийн дүгнэлт байхад түүнийг үндэслэж миний хүсэлтийг хангаагүй явдал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Вендо ХХК-ийн үнэлгээнд тохирохгүй, өөрөөр хэлбэл энэ үнэлгээнд нэхэмжлэгч Ганбаатарын машинд аваарын хэргээр ямар ч гэмтэл байхгүй, харин шинээр солих л эд анги байна. Дээрх эд анги нь 28 жил болсон машинд ослын улмаас гэмтсэн гэж тогтоох боломжгүй гэж дүгнэсэн.

Иймд хэргийн бодит байдлыг зөв талаас нь үнэлж энэ иргэний хэрэгт хэн нь буруутай болохыг илт хууль бус шинжээчийн дүгнэлтээр хэн нэгнийг буруутгаж болохгүй гэж үзэж байна. Мэргэн шүүгч та бүхэн хэргийг бүх талаас нь үнэн зөвөөр баримтаар хууль бус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бол миний буруу биш юм. Тэр хүн өөрөө ирж намайг мөргөсөн. Би эхлээд цагдаатай хамаарал бүхий хамаатан хүн юм байх гэж ойлгосон. ...Ганбаатар, Улз нар хуйвалдаж намайг гүтгэж байна. Би их гомдож байна. Би сэтгэл санаа, эд хөрөнгөөр их хохирч байна. Ганбаатарын машин 28 жил болсон машин байна лээ. Бяруу, бух хоёр мөргөлдөхөд хэн нь их гэмтэх нь тодорхой биздээ? Би үнэхээр их гомдолтой байна. Би буруу зүйл хийгээгүй. ... гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхээс дүгнэхдээ 07 тоот шинжээчийн дүгнэлтийг баримталсан байна. Үүн дээр Цэцэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж заасан. ... Зөрчлийн хэргийг хэлэлцэж дуусаагүй байхад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. ...Анх Түмэнжаргал, Алтанцэцэг, Билгүүн гэх хүмүүсийг шинжээчээр томилсон гэдэг тогтоолыг миний үйлчлүүлэгч бид хоёрт танилцуулсан. Бид хоёр гарын үсэг зурсан. Ингээд нэг их удахгүй шинжээчийн дүгнэлттэй танилцаарай гэж мэдэгдсэн. Биднийг очиход тогтоол дээр нэр нь байхгүй хоёр хүн шинжээчийн дүгнэлт гаргасан байсан. Энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм буруутайд тооцсон байдаг. ...Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээ нь эргэлзээтэй байна. Эвдэрсэн зүйл байхгүй солих ёстой байна гэж үзсэн байсан. Эвдэрсэн зүйлс нь ослын улмаас болсон эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байсан. ...Шүүх хэргийг бүх талаас нь хянаж үзээсэй гэж хүсч байна. Компанитай түрээсийн гэрээ байгуулсан гэж хэлж байгаа боловч хүчин төгөлдөр бус гэдгийг хэлэхийг хүсч байна. Сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой ярьсан. гэв.

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг явдал 1 жил гаруйн хугацаанд үргэлжлэн явж байна. Нямсүрэн өмгөөлөгч анхнаасаа л зөрчлийн хэргийг ярьсаар ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн энэ талаар л яриад байсан. Одоо бид иргэний асуудлыг хэлэлцэж байгаа. Анх ирсэн зөрчлийн хэрэг буцсан. Шинжээчийн дүгнэлтийг гаргах ёстой гэж үзсэн. Ингээд сүүлд 07 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг Ганбаатар, Цэцэг нарт танилцуулсан. Ингэхдээ Цэцэг нь өмгөөлөгч З.Нямсүрэнгийн хамт ирсэн байсан. 07 тоот дүгнэлттэй танилцаад зөвшөөрөхгүй байна гэж бичээд гарсан байсан. ... Олох ёстой орлогоос 7 000 000 төгрөгийг хасаж бодсон байгаа. Энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хохирлоос огт төлбөр төлөөгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр зөв байсан гэдгийг баталж өгнө гэж найдаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Ганбааатар нь хариуцагч *******т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 10 389 200 төгрөг, олох байсан орлогод 13 500 000 төгрөг, үнэлгээний зардал 438 000 төгрөг нийт 24 327 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Булган сумын 3-р баг, Ухаа хошуу гэх газарт 85-63 УНГ улсын дугаартай, Subaru Forester маркийн автомашиныг жолоодон явах үедээ *******ын жолоодож явсан Nissan Condor маркийн, 62-86 ДОР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх 7-16, 39-41/

Дорнод аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Ч.Улз 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0184264 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцагч *******т дээрх зам тээврийн осол гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад заасны дагуу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /хх - 6/

Хариуцагч уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ЗШ/366 дугаар шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна. /хх 113-117/

Зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааснаас хойш эрх бүхий албан тушаалтан Ч.Улз нь шинжээч томилж улмаар Б.Түмэнжаргал, Б.Батбаяр, Д.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй шинжээчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...Жолооч ******* нь хэрэгт авагдсан ослын схем зураглал, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 18.3-д Хэрвээ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг, ******* 18.2а-д өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м багагүй зайд холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч ******* нь 11.3 болон 18.3 дахь заалт зөрчснөөс осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй. ... гэсэн дүгнэлт гаргажээ.

Ингэснээр эрх бүхий албан тушаалтан Ч.Улз 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0000005 дугаартай шийтгэлийн хуудсаар *******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар 100 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан боловч уг шийтгэлийн хуудсанд ******* танилцсан хэсэгт гарын үсэг зурахаас татгалзан өөрийн гараар зөвшөөрөхгүй гэж бичжээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагч ******* нь эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсыг би зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй гэж тайлбарласнаас өөрөөр уг шийтгэлд гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчинтэй гэж үзнэ. /хх 54/

Дээрх зам тээврийн ослын улмаас буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Nissan Condor маркийн, 62-86 ДОР дугаартай автомашинд нийт 10 385 200 төгрөгийн эвдрэл учирсан болох нь Вендо ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №36115/ ДД№21179866 дугаар үнэлгээний тайлангаар, автомашины эвдрэлийн үнэлгээний хөлсөнд 438 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний баримтаар тогтоогдсон байна. /хх 18-27, 17/

Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЦОД ММ ХХК-тай автомашин түрээслэх тухай гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт сард 13 500 000 төгрөг авахаар тохиролцсоноос гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг авсан нь тогтоогджээ. /хх 27-30/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн олох байсан орлогод 13 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс 2 өдрийн ажлын хөлс болох 600 000 төгрөгөөр шаардлагаа багасгасан тул 12 900 000 төгрөгөөс нэхэмжлэгч *******ын авсан 7 000 000 төгрөгийг, мөн Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээгээр эд хөрөнгөд учирсан хохирлыг 10 385 200 төгрөг гэж үнэлгээ тогтоосон байхад 4 000 төгрөгөөр илүү буюу 10 389 200 төгрөг нэхэмжилснийг тус тус хасаж тооцсон нь зөв байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл болон түүний улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол /16 723 200 төгрөгийн хохирол учирсан/ учирсны хооронд шалтгаант холбоо байна.

Хариуцагч нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн учир анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... 2021.12.12-ны өдрийн 07 тоот шинжээчийн тогтоолгүй мөрдөн байцаагч Улзын гуйлтаар шинжээчийн дүгнэлт гаргасан Б.Батбаяр, Д.Хүрэлбаатар нарын жолооны багш нарын дүгнэлтэд Цэцэг миний машины талаар өгсөн дүгнэлт биш, нэхэмжлэгч *******ын машины талаар гаргасан уг тээврийн хэрэгсэл нь 1993 онд үйлдвэрлэгдсэн 28 жил ашиглагдаж байгаа хөгшин тээврийн хэрэгсэл байна. ...Энэ хэрэгт хариуцагч Цэцэг миний буруу байхгүй, цагдаагийн бурууг тогтоогоогүй, гэм бурууг тогтоож байгаа шинжээчийн дүгнэлт нь илт хууль бус байна. ...Нэхэмжлэлийн шаардлага нь Вендо ХХК-ийн үнэлгээнд тохирохгүй, өөрөөр хэлбэл энэ үнэлгээнд нэхэмжлэгч Ганбаатарын машинд аваарын хэргээр ямар ч гэмтэл байхгүй, харин шинээр солих л эд анги байна. ...Иймд хэргийн бодит байдлыг зөв талаас нь үнэлж энэ иргэний хэрэгт хэн нь буруутай болохыг илт хууль бус шинжээчийн дүгнэлтээр хэн нэгнийг буруутгаж болохгүй гэж үзэж байна. ... гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн Nissan Condor маркийн, 62-86 ДОР дугаартай автомашинд үүссэн эвдрэлийг Вендо ХХК-иар үнэлүүлж, үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь дээрх үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүхэд дахин үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Вендо ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээг 10 385 200 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул хариуцагчийн ... Ганбаатарын машинд аваарын хэргээр ямар ч гэмтэл байхгүй, харин шинээр солих л эд анги байна. гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн Б.Түмэнжаргал, Б.Батбаяр, Д.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтийг хууль бус үндэслэлгүй гэж тайлбарлаж, гомдолдоо дурдсан боловч энэ талаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч ******* нь Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 871 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх ...нэхэмжлэгч *******ын буруугаас зам тээврийн осол болсон гэдэг нь тогтоогдоогүй... гэдэг үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2022/000513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсугэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА