Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2022/00038

 

 *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2022/000563 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга *******т холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17 012 673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан ба тус сумын Засаг дарга ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 захирамжаар захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 138/ШШ2021/00540 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 11 916 858 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 201/МА2021/30 дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ...надад 13 933 068 төгрөг олгуулахаар өөрчлөлт оруулсан. Хариуцагч талаас энэхүү магадлалыг мөн эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ба 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00012 тоот тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Анхан шатны шүүх ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нь өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбож эрүүгийн хэргийн асуудлуудыг ярьж байна. Энэ эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болоогүй байгаа. Нэгэнт иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61.1.2-д зааснаар ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах хуулийн зохицуулалт өнөөдөр бүх хүмүүст эрх тэгш байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл цалин хөлсөө ч авч чадахгүй, ажилдаа ч эргэн орж чадахгүй хохирч байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш цалин олгогдоогүй ба өнөөдрийг хүртэл нийтдээ ажлын 222 хоног цалин хөлсгүй байна гэж тооцохоор цалингийн хэмжээ 1 сард 964 899 төгрөг болсон. Үүн дээр Засгийн газрын 382 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон улс төрийн албан хаагчид нэмэгдэл цалин хөлс олгох журмын дагуу үр дүнгийн нэмэгдэл, хөдөө орон нутагт ажилласан нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл гээд 3 төрлийн нэмэгдэл авах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед энэ хүний цалин хөлсийг бодохдоо 7-9 сар буюу нийт 3 сарын хугацааны цалинг бодсон бөгөөд үүн дээр үр дүнгийн урамшуулал, удаан жилийн нэмэгдлүүдийг тооцож бодоогүй байсан. Энэ нэмэгдлүүдийг бодохдоо ажлын 222 хоногийг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу өдрийн 66 033.50 төгрөгөөр бодохоор 14 659 437 төгрөг гарч байна. Үүн дээр Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг үндэслээд орон нутгийн нэмэгдэл 1 625 479 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2 709 132 төгрөг, үр дүнгийн урамшуулал 4 улирал өнгөрсөн гэж үзээд 1 841 492 төгрөг, нийтдээ 17 012 673 төгрөг болж байна. гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар хариу тайлбартаа: *******ийг ажлаас халах болсон шалтгаан нь тэрээр санхүүгийн хувьд маш ноцтой зөрчил гаргасан. Ажлаас халагдсаны дараа ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар шүүхэд хандаж байсан бөгөөд шат шатны шүүхүүд *******ийг санхүүгийн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ******* намайг *******ийг ажлаас нь халахдаа аймгийн Боловсролын газрын даргатай зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр *******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон. Би *******ийг ажлаас халах үедээ түүний гаргасан санхүүгийн зөрчлийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт мэдээлэл гаргасан бөгөөд АТГ-аас *******, нягтлан бодогч Болор-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар шүүхэд шилжүүлсэн байсан. Тус хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд *******ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. ******* нь тус шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүгийн ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн гуйсан байдаг. ******* нь өөрөө санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан тул эрсдэл хариуцлагаа өөрөө хүлээх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь 28.1 дэх зүйлээр давхар зүйлчлүүлэхгүй, 22.1 дэх заалтаар зүйлчлэхийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Ийм муухай үйлдэл хийчихээд байгаа нь харагдаад байхад би ажиллах ёстой гэдэг байдлаар хандаад байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу энэ зүйл заалтад хамаарах үндэслэлтэй байна. Мөн нөгөө талаас Шинээр батлагдан хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуульд шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш эсхүл 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд хандана гэж заасан. Гэтэл *******ийн хувьд өнөөдөр энэ байгууллагад хандаагүй шууд шүүхэд хандсан гэдгээ өөрөө ч хэлсэн. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангаагүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

- 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 659 437 төгрөгийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 353 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 14 659 437 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 876 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 231 247 төгрөг гаргуулан үүнээс 371 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод, 230 876 төгрөгийг нэхэмжлэгч *******т тус тус олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэглэх ёсгүй хууль буюу хүчингүй болсон хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 659 437 төгрөгийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн.

******* нь тус нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Хөдөлмөрийн хууль хүчингүйд тооцох тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хууль болон 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...*******ийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үүссэн ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавартай холбоотой хөдөлмөрийн маргаан байх тул шүүх дээрх хуулийг баримталж тус хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн... хэмээн тайлбарлаж 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй.

******* нь дээрх гомдлоо 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаанд гаргасан учир тус хэргийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар бус 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх учиртай. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт хуульд тусгагдаагүй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ дагуу хөдөлмөрийн маргааныг тус хуульд зааснаар бусад тохиолдолд заавал урьдчилан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах ёстой. Гэтэл ******* нь тус гомдлоо урьдчилан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд хандсан нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм.

3. ******* нь нэхэмжлэлээ Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга *******т холбогдуулан гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ...14 659 437 төгрөгийг Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож... шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагчаар татагдаагүй этгээд буюу Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх *******ийн гомдолтой хэргийг шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн. ...Хөдөлмөрийн тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх талаар заасан заалт байхгүй. ...Эхлээд заавал урьдчилан шийдвэрлүүлэх журам мөрдөгдөж эхэлсэн. Шууд шүүхэд хандах тохиолдлыг зааж өгсөн боловч мөн *******т хамааралгүй байна. ...Мөн иргэний хэрэгт *******ийг хариуцагчаар татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан ба мөнгөн төлбөрийг Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар заасан байна. Засаг дарга нь өөрөө Тамгын газар харъяалагддаг. Ер нь бол Тамгын газар хариуцагчаар татагдах ёстой газар мөн хэдий ч шууд хариуцагчаар өөрийн дураар татан оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Гомдлоо бүрэн дэмжиж байна. гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удаа дараалан янз бүрийн хурлаар ороод 2 жил орчим хугацаа өнгөрч байна. Батдэлгэр үнэхээр том толгойлж байна. Шийдвэр гүйцэтгэгчийг залгахаар утсаа ч авахгүй байна гэж сонссон. Надад сая дутуу дулимаг хэдэн төгрөг өгсөн. Би улсад 33 жил ажилласан хүн. Би нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх саналтай байгаа. Би саяхан тэтгэвэртээ гарсан. Гэхдээ сүүлийн хоёр жил ажилласан бол өшөө илүү тэтгэвэр тогтоогдох байсан гэж үзэж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...3 шатны шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр гарсан хэдий ч ******* ажилдаа буцаан томилогдож чадаагүй. 1999 оны хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байх үед ажлаас чөлөөлөгдөөд эргэж ажилдаа томилогдоогүй учраас хуучин хуулийг хэрэглэсэн байгаа. Нэгэнт ажилдаа эргэж орж чадаагүй учраас маргаан таслах комисст хандаагүй юм. ... Бид эхлээд 17 012 356 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу өдрийн цалинг тооцож бодож гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан байгаа. Магадлалын дагуу дундаж цалин хөлсийг тооцсон. Энэ бол алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаа. Хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас энэ байдлыг залруулж өгөхийг хүсч байна. Шүүхийн шийдвэр өөрөө хүчин төгөлдөр. Тиймээс *******ийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа этгээдээс цалин хөлсөө нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн үндсэн дүгнэлтийг зөв гэж үзэж байна. гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон нийт 17 012 673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч *******ийг   Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ******* нь үндэслэлгүй гэж үзэн Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 540 дугаар шийдвэрээр үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Гурванзагал сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. /хх 18-31/

Мөн хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хэлэлцэж 30 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулсан,

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 5-17/

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олговрыг олгоно. гэж заасан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. , мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх; үүрэгтэй байхаар тус тус зохицуулжээ.

Гэтэл шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч Гурванзагал сумын Засаг дарга ******* нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж одоог хүртэл нэхэмжлэгч *******ийг Гурванзагал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилоогүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй байх тул ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгч *******т 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв байна.

Шүүх Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 1 өдрийн дундаж цалин хөлсийг 66 033,5 төгрөгөөр тооцож, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны ажлын 222 хоног /нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг хассан/-оор тооцож 14 659 437 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 353 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: ...******* нь дээрх гомдлоо 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаад гаргасан учир тус хэргийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар бус 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх учиртай. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт хуульд тусгагдаагүй. ... ******* нь тус гомдлоо урьдчилан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд хандсан нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. ...14 659 437 төгрөгийг хариуцагчаар татагдаагүй этгээд буюу Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. гэжээ.

Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга ******* нь *******ийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөх үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөн хэрэгжиж байсан, мөн хэдийгээр хариуцагч нь Гурванзагал сумын Засаг дарга боловч түүний ажлын алба нь сумын Тамгын газар юм.

Иймд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14 659 437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна.

Иймээс хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга *******ийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2022/00563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД  С.ОЮУНТУНГАЛАГ

Ж.ДОЛГОРМАА