Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00579

 

Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 201/МА2017/00005 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Хишигтогтоход холбогдох,

Худалдах,худалдан авах гэрээний үүргийн биелэлт 775 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хэрлэн сумын 6-р баг Шүр худалдааны төвд Хан-Оргил нэртэй хүнсний бөөний дэлгүүр ажиллуулж худалдаа эрхэлдэг. Манай дэлгүүрээс Т.Хишигтогтох нь 2016 оны 07 дугаар сарын 09-нд 775640 төгрөгийн хүнсний бараа зээлээр худалдаж авсан. Хишигтогтох өмнө нь манай дэлгүүрээс бараа зээлээр худалдаж аваад хугацаандаа өгдөг байсан. Гэтэл уг зээлсэн барааныхаа төлбөрийг төлөөгүй байхад нь төлбөрөө өг гэж хэлэхэд Т.Хишигтогтох 07 сарын 22-23-ны хавьцаа ирээд төлсөн гэж хэлэхэд нь би аваагүй гэдэг. Би үнэхээр авсан бол юу гэж хүнээс илүү мөнгө нэхэж байх вэ дээ. Үүний дараа манай эгчээс бараа зээлж аваад өмнөх өрөө төлөх талаар эгч маань хэлэхэд надад өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэр үед нь би Улаанбаатар хотод байсан. Энэ мэтчилэн худлаа ярьж зээлсэн барааныхаа үнийг өгөхгүйгээр завшиж байна. Тэр үед манай эгч зээл авахад нь өртэй байгаа талаар хэлэхэд тийм тийм мэдэж байгаа гэж хэлсэн гэсэн.

Би Т.Хишигтогтохоос мөнгө авсан бол дэвтэр дээрх бичилтийг дардаг, өгөөгүй учир дараагүй байгаа. Т.Хишигтогтох 23-ны өдөр өгсөн гээд байгаа боловч би тэр өдөр 11 цагийн үед ирсэн, надтай хамт манай нөхөр, хамт ажилладаг н.Энхсайхан нар байсан. Тэд нар Т.Хишигтогтохыг манай дэлгүүрт ирээгүйг мэднэ. Бид аймгийн баяр наадмын үеэр нэмэлтээр ажиллаж байсан. Т.Хишигтогтох нь авснаа сана гээд байдаг. Энэ хүн өгсөн бол би юу гэж дэвтэртээ тэмдэглэхгүйгээр авах вэ дээ. Бид хоорондоо бараа зээлээр өгч авалцаад олон жил явсан. Би тухайн үед зарлагын падан хоёр хувь бичихэд Хишигтогтох бүгдийг нь аваад явчихсан. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн барааны үнэ 775 640 төгрөгөө аваагүй учир Т.Хишигтогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Хишигтогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Би Саяг-5 хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Шүр зах дээр үйл ажиллагаа явуулдаг Г.Мөнхтуяагийн бөөний дэлгүүрээс олон жил бараа зээлээр худалдаж аваад төлбөрийг нь тооцдог байсан. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 775 640 төгрөгийн бараа зээлээр худалдаж авсан нь үнэн. Г.Мөнхтуяа надад 2 хувь падан бичдэг гэж байна. Энэ бол худлаа тухайн үед надад улаан шонхор тамхины цаасан дээр бичиж өгсөн. Баяр наадам байсан учир орлого сайн орсон. Авсан барааны төлбөрийг 07 дугаар сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдрийн 12 цагийн орчим /халуун өдөр байсан/ Г.Мөнхтуяаг дэлгүүр дээрээ байхад нь очиж өгсөн. Би худалдагчаасаа задгай голдуу мөнгө аваад явж байсан. Би тооцоогоо голдуу банкаар данс руу хийчихдэг байсан юм. Тэр өдөр банкинд очиход хүн ихтэй байсан учир шууд дэлгүүр дээр нь очиж тооцоогоо хийсэн. Тэр үед дэлгүүрт нь хоёр, гурван хүн юм худалдаж аваад байж байсан. Би Г.Мөнхтуяаг дуудаж тооцоогоо хийсэн. Би мөнгөө тус тусад нь тавиад хамгийн сүүлд 40 төгрөг тавьж тооцоо хийсэн. Би тухайн үед өрөө дараарай гэж хэлж байсан. Би тэр өдрийнхөө орлого зарлагыг өөрийнхөө дэвтэр дээр бичсэн. Г.Мөнхтуяад зээлсэн барааны үнэ 775 640 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Г.Мөнхтуяагаас бараа зээлээр авахдаа өмнөх зээлээ төлж байж авдаг. Манай дэлгүүр олон сая төгрөгөнд эргэдэггүй, бид зээлсэн барааныхаа үнийг сард нь багтааж төлдөг. Манай дэлгүүр сар бүр тооцоо нийлдэг ямар нэгэн өр авлага байхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Төмөрсүхийн Хишигтогтохоос 775 640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гуугаагийн Мөнхтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хурамжинд урьдчилан төлсөн 23 165.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хишигтогтохоос 23 165.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгохоор шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 201/МА2017/00005 дугаар магадлалаар хариуцагч Т.Хишигтогтохын давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхтуяагийн Т.Хишигтогтохоос 775 640 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээж, ...” гэснийг “... үлдээсүгэй.” гэж өөрчлөн, “...хариуцагч Т.Хишигтогтохоос 23 165,36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгосугай.” гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Хишигтогтохоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 23 166 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие төрөх гээд бие зовиур шаналгаатай учир шүүх хуралд өмгөөлөгч З.Нямсүрэнг оролцуулах талаар ярьж тохирсон боловч тэрээр шүүх хуралдаанд ороогүй байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүх хуралд оролцоогүйг далимдуулан худлаа ярьж мөнгөө төлсөн мэт ойлголтыг шүүхэд өгсөн байна. Давж заалдах шатны шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийлгэх хуулийн шаардлага хангаагүй байхад Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргасан гээд нэхэмжлэгчийг буруутай гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заладах шатны шүүх нэг талыг буруутай гэж үзэж буруутган дүгнэлт хийснийг ойлгохгүй байна. Худал мэдүүлэг өгсөн гэрч гэх нөхөр, нягтлан-бодогч нараар мэдүүлэг өгүүлсэн. Нягтлан-бодогч хүн мөнгө өгчихөөд ямар ч баримт авахгүй байна гэж огт байхгүй. Мөнгө төлчихөөд хар дансанд бичигдсөн өрөө даруулахгүй байна гэж байхгүй. Гэтэл шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасныг хэрэглэж, дүгнэлт хийгээгүй гомдолтой байна. Зээлээр худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, тэр нь нотлогдсон. Хариуцагч төлбөр төлсөн гэх боловч энэ байдлаа нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Т.Хишигтогтохоос  худалдсан барааны үнэ 775 640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж,   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ.

 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн Дорнод аймгийн “Шүр” худалдааны төвд байрлах “Хан-Оргил“ хүнсний бөөний худалдааны дэлгүүрээс хариуцагч Т.Хишигтогтох нь 775 640 төгрөгийн хүнсний барааг худалдан авснаа маргаагүй, харин  үнийг төлсөн эсэх талаар зохигчид маргасан байна. Үүнээс гадна зохигчид нь 6 жилийн турш гэрээний харилцаатай байсан, хүнсний барааг худалдаж аваад үнийг төлснөөр дараагийн барааг авдаг байсан үйл баримтыг маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан агуулгад нийцээгүй ба давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг залруулахдаа хуулийг  буруу тайлбарласан байх тул зөвтгөж, дүгнэх боломжтой гэж үзэв.

Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээ болон зээлээр худалдах,худалдан авах гэрээг өөр хоорондоо ялгаатай, тус тусдаа бие даасан гэрээ болохыг зохицуулсан байна.  Худалдах, худалдан авах гэрээнд худалдах эд зүйлийн үнийг нэг дор, хэсэгчлэн, дараа төлөхийг тохирох эрх талуудад байдаг. Ийнхүү хэсэгчлэн эсхүл дараа төлөхөөр тохирох нь гэрээний агуулгыг өөрчлөхгүй бөгөөд энэ нь төлбөр төлөх журмыг тогтоож буй талуудын эрх юм. Харин үнийг дараа, эсхүл хэсэгчлэн төлөх учраас  талууд  хүү тогтоож, худалдах эд зүйлийн үнэ нэмэгдсэн байх нь зээлээр худалдах,худалдан авах гэрээний үндсэн шинж болдог. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь 775 640 төгрөгийн барааг худалдаж авсан, үнийг нь дараа төлөхөөр тохирсон байх ба ийнхүү дараа төлөх болсноор үнийг нэмэгдүүлсэн, хүү тооцсон агуулга байхгүй байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах,худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид нь барааг хүлээлгэн өгч, үнийг төлснөөр дараагийн барааг өгдөг байсан тогтсон харилцааг маргаагүй бөгөөд хариуцагч Т.Хишигтогтох нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 775 640 төгрөгийн хүнсний барааг авсан, дараа нь 07 дугаар сарын 23-ны өдөр 400 000 төгрөгийн бараа авсан байх тул өмнөх тооцоог хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид... эсхүл  гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгнө” гэж зааснаар хариуцагч нь гэрээнд заасан буюу хэлэлцэн тохирсоны дагуу үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг заалтыг өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг зөрчсөн тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна. 

Харин нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 201/МА2017/00005 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож ...гэснийг шийдвэрийг хүчингүй болгож гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 165,36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА