Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1296

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс                     

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 11-р байрны 23 тоотод оршин суух, ЖЖ78082602 регистрийн дугаартай, Хатгин овогт Гуугаагийн Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Өлзийт 1-2 тоотод оршин суух, ЖЯ77032363 регистрийн дугаартай, Хавхчин овогт Төмөрсүхийн Хишигтогтоход холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 775640 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 09 сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч Т.Хишигтогтох, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хэрлэн сумын 6-р баг “Шүр” худалдааны төвд “Хан-Оргил” нэртэй хүнсний бөөний дэлгүүр ажиллуулж худалдаа эрхэлдэг. Манай дэлгүүрээс Хишигтогтох нь 2016 оны 07 сарын 09-нд 775640 төгрөгийн хүнсний бараа зээлээр худалдаж авсан. Хишигтогтох өмнө нь манай дэлгүүрээс бараа зээлээр худалдаж аваад хугацаандаа өгдөг байсан. Гэтэл уг зээлсэн барааныхаа төлбөрийг төлөөгүй байхад нь “төлбөрөө өг” гэж хэлэхэд Хишигтогтох “07 сарын 22-23-ны хавьцаа ирээд төлсөн” гэж хэлэхэд нь “би аваагүй” гэдэг. Би “үнэхээр авсан бол юу гэж хүнээс илүү мөнгө нэхэж байх вэ дээ. Үүний дараа манай эгчээс бараа зээлж аваад өмнөх өрөө төлөх талаар эгч маань хэлэхэд надад өгсөн” гэж хэлсэн гэсэн. Тэр үед нь би Улаанбаатар хотод байсан. Энэ мэтчилэн худлаа ярьж зээлсэн барааныхаа үнийг өгөхгүйгээр завшиж байна. Тэр үед манай эгч зээл авахад нь өртэй байгаа талаар хэлэхэд “тийм тийм мэдэж байгаа” гэж хэлсэн гэсэн. Би Хишигтогтохоос мөнгө авсан бол дэвтэр дээрх бичилтийг дардаг, өгөөгүй учир дараагүй байгаа. Хишигтогтох 23-ны өдөр өгсөн гээд байгаа боловч би тэр өдөр 11 цагийн үед ирсэн, надтай хамт манай нөхөр, хамт ажилладаг Энхсайхан нар байсан. Тэд нар Хишигтогтохыг манай дэлгүүрт ирээгүйг мэднэ. Бид аймгийн баяр наадмын үеэр нэмэлтээр ажиллаж байсан. Хишигтогтох нь “авснаа сана” гээд байдаг. Энэ хүн өгсөн бол би юу гэж дэвтэртээ тэмдэглэхгүйгээр авах вэ дээ. Бид хоорондоо бараа зээлээр өгч авалцаад олон жил явсан. Би тухайн үед зарлагын падан хоёр хувь бичихэд Хишигтогтох бүгдийг нь аваад явчихсан. Иймээс 2016 оны 07 сарын 09-ний өдөр өгсөн барааны үнэ 775640 төгрөгөө аваагүй учир Хишигтогтохоос гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Т.Хишигтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Саяг-5 хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Шүр зах дээр үйл ажиллагаа явуулдаг Мөнхтуяагийн бөөний дэлгүүрээс олон жил бараа зээлээ худалдаж аваад төлбөрийг нь тооцдог байсан. 2016 оны 07 сарын 09-ний өдөр 775640 төгрөгийн бараа зээлээр худалдаж авсан үнэн. Мөнхтуяа надад 2 хувь падан бичдэг гэж байна. Энэ бол худлаа тухайн үед надад улаан шонхор тамхины цаасан дээр бичиж өгсөн. Баяр наадам байсан учир орлого сайн орсон. Авсан барааны төлбөрийг 07 сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдрийн 12 цагийн орчим /халуун өдөр байсан/ Мөнхтуяаг дэлгүүр дээрээ байхад нь очиж өгсөн. Би худалдагчаасаа задгай голдуу мөнгө аваад явж байсан. Би тооцоогоо голдуу банкаар данс руу хийчихдэг байсан юм. Тэр өдөр банкинд очиход хүн ихтэй байсан учир шууд дэлгүүр дээр нь очиж тооцоогоо хийсэн юм. Тэр үед дэлгүүрт нь хоёр, гурван хүн юм худалдаж аваад байж байсан. Би Мөнхтуяаг дуудаж тооцоогоо хийсэн. Би мөнгөө тус тусад нь тавиад хамгийн сүүлд 40 төгрөг тавьж тооцоо хийсэн. Би тухайн үед “өрөө дараарай” гэж хэлж байсан. Би тэр өдрийнхөө орлого зарлагыг өөрийнхөө дэвтэр дээр бичсэн. Мөнхтуяад зээлсэн барааны үнэ 775640 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Мөнхтуяагаас бараа зээлээр авахдаа өмнөх зээлээ төлж байж авдаг. Манай дэлгүүр олон сая төгрөгөнд эргэдэггүй, бид зээлсэн барааныхаа үнийг сард нь багтааж төлдөг. Манай дэлгүүр сар бүр тооцоо нийлдэг ямар нэгэн өр авлага байхгүй гэв.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судаад                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа нь хариуцагч Т.Хишигтогтоход холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 775640 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Т.Хишигтогтох нь нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн хүнсний бөөний дэлгүүрээс 2016 оны 07 сарын 09-ний өдөр 775640 төгрөгийн хүнсний бараа худалдаж авсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

            Харин хариуцагч Т.Хишигтогтох нь “2016 оны 07 сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн дэлгүүрт очиж барааны үнэ 775640 төгрөгийг буцаан төлсөн…” гэж, нэхэмжлэгч Г.Мөнхтуяа нь “… 23-ны өдрийн 11 цагийн орчим дэлгүүртээ ирсэн. Хишигтогтох манай дэлгүүрт ирээгүй, 775640 төгрөгийг надад өгөөгүй, би хүлээж аваагүй” гэж тус тус маргаж байна.

            Хэдийгээр хариуцагч Т.Хишигтогтох нь “нэхэмжлэгчид өөрт нь төлбөрийг бэлнээр төлсөн” гэдгээ шүүхэд ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэр, гэрч Д.Янжмаа, Б.Отгонбат нарын мэдүүлэг нотлоно гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгчид 775640 төгрөгийг төлсөн гэдгийг нотлож чадахгүй байна. 

            Хариуцагч Т.Хишигтогтох нь нэхэмжлэгч Г.Мөнхтуяад худалдан авсан барааны үнэ 775640 төгрөг төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

            Иймээс хариуцагч Т.Хишигтогтохоос худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 775640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгохоор шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Төмөрсүхийн Хишигтогтохоос 775640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гуугаагийн Мөнхтуяад олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хурамжинд урьдчилан төлсөн 23165.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хишигтогтохоос 23165.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгосугай.

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА